Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 740

 

 

 

 

 

 

 

 

 

  О.Бт холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Батхишиг,

            шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Ц.Бат-Өлзий,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С,

            иргэний нэхэмжлэгч Н.С, түүний өмгөөлөгч А.Ганбат,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгч Н.С, тэдгээрийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Бт холбогдох 17030000010053 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Оргодолын О.Б, Улаанбаатар хотод 1985 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамжны 1079 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧН85010579/;

 

О.Б нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчооноос Архангай аймаг руу салдаг замын уулзварын баруун хойд талын замд “Хьюндай Соната-5” загварын 13-41 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөнөөс замын эсрэг ургалд орж Н.Сэрээдарийн жолоодож явсан “Тоёота Марк-Х” загварын 33-82 УНР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд 3.780.000 төгрөгийн шууд хохирол, жолооч Н.С, зорчигч О.С, С.Рэнчинлхам, С.Аригун нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч С.Эн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас О.Батсуурийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Батсуурийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар О.Батсууриас 9.556.559 төгрөгийг 1 жилийн хугацаанд гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Сд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С нь хохирогчид учирсан хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт хураагдсан О.Батсуурийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангилалын 428640 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд автомашин жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, жолооч Н.С, зорчигч О.С, С.Рэнчинлхам, С.Аригун нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч С.Эн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн юм.

Өөрийн үйлдсэн хэрэг, гэм буруу, шүүхээс буруутгасан хэрэг, хохирлын асуудалд маргах зүйл байхгүй. Миний явж байсан замын зорчих хэсэгт гэнэт үхэр гарч ирээд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зам тээврийн осол гаргасан. Хэргийн дээрх нөхцөл байдлын хувьд талууд маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хор уршгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ял хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлийг тал бүрээс нь харгалзан үзэж ял оногдуулна” гэж заасан байна.

Анхан шатны шүүх надад ял оногдуулахдаа хуулийн дээрх заалтад бүрэн нийцүүлж ял шийтгээгүй. Хорих ял оноож, биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь надад хүндэдсэн гэж үзэж байна.

Миний хэрэгт дараах нөхцөл байдал байгаа. Мал амьтанд буюу хөндлөнгийн нөлөөллөөс болж эсрэг урсгалд орон анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт  хэрэг үйлдсэн, Н.С, О.С, Лхам, С.Аригун нарт хөнгөн гэмтэл учирсан боловч үүнд гэмт хэргийн шинж байхгүй. Эдгээр хүмүүсийн биед учирсан хөнгөн гэмтлээр ялыг хүндрүүлж үзэх үндэслэл байхгүй.

Хохирогч С.Эн биед хүнд гэмтэл учирсан боловч энэ хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, би хэрэг гарсан даруйд эмнэлэгт дуудлага өгч хэргийн нөхцлийг цагдаад мэдэгдэж, хохирогчид шүүхийн өмнөх шатанд 8.000.000 төгрөг өгч хохирол төлсөн. Цаашид гарах хохирол, хор уршгийг арилгахаа илэрхийлж байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн хохиролд 17.556.559 төгрөгөөр тогтоосныг зөвшөөрч, зөрүү 9.556.559 төгрөгийг төлсөн.

Хувийн байдлын хувьд ял шийтгүүлж байгаагүй, эгэл жирийн амьдарч байсан. Хүний өөрийн нийлсэн 6 хүүхдийг тэжээж явдаг. Эхнэр Хорол ажилгүй, гэрт байдаг. Би өөрөө хувийн машинаар тээвэр хийх, автомашинд засвар үйлчилгээ хийх, айраг цагаан идээ авч борлуулах гэх мэт ажил хийж амьдралаа залгуулдаг.

Уг хэрэгт ял хүндрүүлэх хуульд заасан үндэслэл байхгүй болно. Миний бие хохирогч Эрдэнэд дэлүү урагдсан, дэлүү авхуулсан хүнд гэмтэл учирсанд маш их харамсаж, цаашид гарах хохирлыг арилгахын төлөө явахаа илэрхийлж байна.

Иймд надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, тэнсэж өгөхийг хүсье.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хурал дээр хохирогчийн эмчилгээнд зарцуулсан бодит зардлын талаар нэхэмжлэх явцад эндүүрэл гарч эмчилгээний зардал дутуу нэхэмжлэгдсэн тул шүүгдэгчээс гүйцээн олгуулж өгнө үү. Хохирогчийн эмчилгээнд зарцуулсан бодит зардал 350.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд гарсан эмчилгээний зардлын нэхэмжлэлийн үлдэгдэл  2.746.068.52 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 6-ны өдрийн хооронд гарсан эмчилгээний зардал 1.092.387 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд гарсан эмчилгээний зардал. Дээрх эмчилгээний зардлаас 1.092.387 төгрөгийн зардал нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 435 тоот шийтгэх тогтоолд шүүгдэгчээс олгуулахаар болсон тул шийтгэх тогтоолд тусгагдаагүй үлдсэн 3.096.068.52 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Эмчилгээтэй холбоотой бүх зардал эх баримт, тооцоололтойгоо хавтас хэрэгт хавсрагдсан байгаа.

Мөн С.Эн эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан, ослын
улмаас хохирогчид үүссэн эрүүл мэндийн байдалтай холбоотой гарах зардлууд, цаашид
эрүүл мэндийн хувьд хэвийн аж төрөх шаардлагыг хангах асаргаа сувилгаа зардлуудын
нийлбэрийн мөнгөн дүнг цогц байдлаар шийдүүлэх хүсэлтийг үл харгалзан нэхэмжлэлийг
хангалгүй орхисон (хэсэгчлэн хангасан) нь үндэслэлгүй боллоо гэж үзэж байна. Тухайн
тайланд С.Э /хохирогч/-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын үнэлгээг одоо
мөрдөгдөж буй Монгол Улсын холбогдох хууль эрх зүйн хүрээнд, эдийн засаг, нийгмийн
өнөөгийн байдалд уялдуулан хийсэн болно. Цаашид хохирогч С.Э эрүүл мэндийн хувьд хэвийн аж төрөх нөхцөл байдлыг хангах, асаргаа сувилгаа шаардлагатай тул шүүхээс хангаагүй үнэлгээний үлдэгдэл төлбөр болох 26.767.928 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах.

Шүүгдэгч О.Бт оноосон 1 жилийн хорих ялыг хохирогчийн зүгээс ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байгаа тул ял шийтгэлийг нэмүүлэх саналтай байна. Шалтгаан нь хохирогч миний зүгээс О.Бтай учраа ололцох гэж нөхцөл байдлыг ойлгон хүлээцтэй хандаж, тохиролцохыг хичээж байсан боловч шүүгдэгчийн зүгээс 2017 оны 10 дугаар сараас хойш хохирол барагдуулах тал дээр хүчин чармайлт гаргаагүй, шүүгдэгчийн ар гэр байнга хэл амаар доромжлох зэрэг үйлдлүүд удаа дараа гаргаж байгаа тул О.Б нь хийсэн хэрэгтээ гэмшээгүй, хохирол барагдуулах талаар санаачлага гаргахгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурлаас өмнө гарсан эмчилгээний зардал 3.096.068.52 төгрөг, шүүхээс хангаагүй үнэлгээний үлдэгдэл төлбөр 26.767.928 төгрөг, нийт 29.863.996.52 төгрөгийг шүүгдэгч О.Батсууриас төлүүлэхээр шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү... О.Бт оногдуулах ялын талаар тусгайлан гаргах саналгүй.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Солонгийн гаргасан давж заалдах гомдолтой адил үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.” гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгч Н.С нарын өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хурал дээр хохирогчийн эмчилгээнд зарцуулагдсан бодит зардалд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эндүүрэн дутуу нэхэмжлэл гаргасан гэж миний үйлчилүүлэгч үзэж байгаа.Үүнийг задалвал 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны хооронд хохирогчийн эмчилгээний зардлын нэхэмжлэлийн үлдэгдэл 350.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 6-ны хооронд гарсан эмчилгээний зардал 2.746.068.52 төгрөг,  2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын12-ны өдрийн хооронд гарсан эмчилгээний зардал 1.092.387 төгрөг болсон.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2  дугаар зүйлийн 1.9, 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх заалтыг тус тус хэргэлэх боломжтой байхад хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн №1147 тоот захирамжийн дагуу “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хийсэн С.Эн эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан ослын улмаас хохирогчид үүссэн эрүүл мэндийн байдалтай холбоотой гарах зардлууд цаашид эрүүл мэндийн хувьд хэвийн аж төрөх шаардлагыг хангах асаргаа, сувилгааны зардлуудын нийлбэрийн мөнгөн дүнг цогц байдлаар шийдвэрлэх хүсэлтийг үл харгалзан нэхэмжлэлийг хангалгүй орхисон /хэсэгчилэн хангасан/ нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхээс О.Бд оноосон 1 жилийн хорих ялыг хохирогчийн зүгээс ял шийтгэл хөнгөдсөн гэж үзсэн. Хохирогчийн зүгээс О.Бтай учраа ололцох гэж нөхцөл байдлыг ойлгон хүлээцтэй хандаж тохиролцохийг хичээж байсан боловч шүүгдэгчийн зүгээс 2017 оны 10 дугаар сараас хойш хохирол барагдуулахгүй, шүүгдэгчийн ар гэр байнга хэл амаар доромжлох үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул О.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй, хохирол барагдуулах талаар санаачлага гаргахгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэх зүйтэй гэж үзэж байна. О.Бт оногдуулсан ялын талаар гаргах санал байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч О.Батсуурийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх шүүгдэгч О.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял оногдуулсан. Тэгэхээр О.Бт оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэхгүй байна. Хохирогч тал анхан шатны шүүх хуралдаанд 40.000.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэвч анхан шатны шүүхэд 12.000.000 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн. О.Б нь анх шүүх хуралдаанд орохдоо 8.000.000 төгрөгийг төлсөн байсан. Мөн анхан шатны шүүхийн тогтоолд заасан 9.000.000 төгрөгийг төлсөн. Нийт 17.000.515 төгрөгийг төлсөн. Хохирогч тал хохирлын баримтууд гаргаж өгөөд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх санал гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлэгт дэлүү үнэлүүлнэ гэх саналыг гаргасан. Шүүхээс үнэлгээ хийлгэх шинжээч томилж өгсөн. Гэтэл одоогийн байдлаар Монгол Улсад хүний дэлүү үнэлэх хууль зүйн орчин байхгүй. Үнэлгээг нь үзэхэд Англи, Америк зэрэг улсын жишиг байдлыг авч, шүүх хуралдаанд оролцсон. Шүүхийн хохиролд тооцож гаргасан шийдвэр буруу буюу үндэслэлгүй. Учир нь Монгол Улсад тухайн асуудлыг зохицуулах хууль зүйн орчин байхгүй. Хохирол буюу 9.000.000 төгрөгийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй гаргасан. Тухайн хохирлыг О.Б төлж барагдуулсан. Мөн О.Б нь 6 хүүхдээ тэжээж амьдардаг, анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч О.Батсуурийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл хугацаагаар тогтоосон, болгоомжгүй гэмт хэргийг шүүгдэгч анх удаа үйлдсэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо арилгасан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсвэл оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж болно” гэж зааснаар ялыг тэнсэж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гомдол нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Иймд дээрх байдлыг болон хувийн байдлыг нь харгалзан үзэж, тэнсэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Батхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх шүүгдэгч О.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

О.Б нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчооны замд “Хьюндай Соната-5” загварын 13-41 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж замын эсрэг урсгалд орсны улмаас Н.Сэрээдарийн жолоодож явсан “Toyota Mark-X” загварын 33-82 УНР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд 3.780.000 төгрөгийн шууд хохирол, жолооч Н.С, зорчигч О.С, С.Рэнчинлхам, С.Аригун нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч С.Эн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

- “Хьюндай Соната-5” загварын 13-41 УНВ улсын дугаартай автомашин замын эсрэг урсгалд “Toyota Mark-X” загварын 33-82 УНР улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байдалтай байсныг хэргийн газарт үзлэг хийн бэхжүүлсэн тэмдэглэл, ослын газарт хэмжилт хийсэн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-5-11/,

- Техникийн шинжээчийн №389 дугаар дүгнэлт /1-р хх-100/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С /1-р хх-21/, иргэний нэхэмжлэгч Н.С /1-р хх-28-29/ нарын мэдүүлгүүд,

- Хохирогч С.Эн биед дэлүүний урагдал, дэлүү авах мэс заслын дараах байдал, шуу, богтос ясны далд хугарал, духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10734 дүгээр дүгнэлт /1-р хх-46/,

- Хохирогч С.Эн биед дээрх гэмтлээс гадна цээжний битүү гэмтэл, уушигны няцрал, цээжний хөндий дэх хий хуралдалт, уушигны авчилт гэмтэл учирсан болохыг тогтоосон нэмэлт шинжилгээний №976 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-48-49/,

- Н.С, О.С, С.Рэнчинлхам, С.Аригун нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10820, 10808, 10807, 10809 дугаар дүгнэлтүүд /1-р хх-55, 58, 61, 64/,

- “Toyota Mark-X” загварын, 33-82 УНР улсын дугаартай автомашинд 4.350.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт /1-р хх-67-69/,

- О.Батсуурийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий гарчээ.  

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж үнэлэх боломжтой гэж үзлээ. 

 

Насанд хүрээгүй хохирогч С.Эн эмчилгээнд одоогийн байдлаар 6.102.454 төгрөг зарцуулсан талаарх баримтуудыг гаргаж өгсөн /1-р хх 215-242, 2-р хх 1-7, 67-72/ бөгөөд үүн дээр автомашинд учирсан 4.350.000 төгрөгийн хохирол /1-р хх-67-69/-ыг нэмж тооцвол шүүгдэгч О.Б нь хэрэгт цугларсан баримтаар нийт 10,452,454 төгрөгийг хохирогчид төлөх үндэслэлтэй байна. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 8.000.000 төгрөг /1-р хх 170, 171, 204, 205/, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд 9.556.559 төгрөг, нийт 17.556.559 төгрөгийг төлж, одоогоор баримтаар нэхэмжилсэн төлбөрийг барагдуулсан болно. Мөн шүүхийн тогтоолд хохирогчийн эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлэн тухай бүрд нь жич нэхэмжлэх эрхтэйг заажээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирсон хүний эд эрхтэн, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлж тооцох асуудлыг одоогоор Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор хуульчлан зохицуулаагүйн улмаас хохирогчид дэлүү авах мэс ажилбар хийгдэж эрхтэнээс нь хагацуулсны төлбөр, үүнтэй холбоотой сэтгэл санааны хохирлыг мөнгөөр илэрхийлж, шүүгдэгчээс гаргуулах боломжгүй тул “... Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө гарсан эмчилгээний зардал 3.096.068.52 төгрөг, шүүхээс хангаагүй үнэлгээний үлдэгдэл төлбөр 26.767.928 төгрөг, нийт 29.863.996.52 төгрөгийг гаргуулах ...” гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгч Н.С, тэдний өмгөөлөгч А.Ганбат нарын давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй хэдий боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчилсан байдаг. Гэтэл “Итгэлт-Эстимэйт” ХХК нь хүний эд эрхтэн, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлж, тооцох хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байхад гадны бусад улсуудын туршлагад үндэслэн дэлүүг үнэлсэн, шинжээчийн тусгай мэдлэгт хамааралгүй, хохирогчийн насны дээд хязгаарыг Монгол эрэгтэй хүний дундаж наслалттай харьцуулан ирээдүйд гарах зардлыг тооцоог гаргасан, “... МХҮХ-оос 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээ хийх загвар батлах, суурь үнийг тогтоох тухай тогтоол” гэгчийг баримтлан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлсэн зэрэг нь хуульд нийцэхгүй.

 

Нөгөө талаар “Итгэлт-Эстимэйт” ХХК болон үнэлгээчид нь даатгалын хохирол, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй атлаа мэргэшсэн чиглэлээс өөр шинжилгээнд оролцжээ. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээд, үнэлгээчид нь даатгалын харилцааны явцад даатгалын тохиолдол бий болоход даатгагч, даатгуулагчийн хооронд хохирол барагдуулах явцад үнэлгээ хийх, эсхүл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн улмаас хохирсон хүний эд эрхтэн, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлэх эрх олгогдсон, энэ чиглэлийн тусгай мэдлэг эзэмшсэн этгээд гэж үзэхгүй.

 

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарч байх тул анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал болохгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгч Н.С, тэдгээрийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч О.Б нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд  хохирогч С.Эн эмчилгээнд 9.556.559 төгрөг төлсөн болохыг магадлалд дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгч Н.С, тэдгээрийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч О.Б нь хохирогч С.Эн эмчилгээнд 9.556.559 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН