Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02119

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02119

 

 

Инноваци капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 11ий өдрийн 181/ШШ2017/02085 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Инноваци капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Гандолгор, Г.Гэсэржав нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 768 002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч А.Гандолгорын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Энхтуяа

Хариуцагч А.Гандолгорын өмгөөлөгч А.Зоригтбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Инноваци капитал ББСБ" ХХК нь А.Гандолгор, Г.Гэсэржав нартай 2016 оны 09 сарын 19-ний өдөр ЗГ2016/24 тоот зээлийн болон БГ2016/24 тоот барьцааны гэрээ тус тус байгуулж, 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 17 000 000 төгрөг зээлдүүлсэн. 2016 оны 10 болон 11 сард хуваарийн дагуу эргэн төлөлт хийж нийт 3 900 000 төгрөг төлснөөс үндсэн зээлд 2 231 083 төгрөг, хүүнд 1 668 917 төгрөгийг тус тус тооцсон. Уг тооцооллын хүүг гэрээний дагуу хөнгөлж хүүг 5 хувиар тооцсон. 2016 оны 12 сараас огт төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 14 768 916 төгрөг, хүү 5 700 802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 298 284 төгрөгийн хамт нийт 20 768 002 төгрөгийг хариуцагч А.Гандолгор, Г.Гэсэржав нараас гаргуулж өгнө гэжээ.

Хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Гандолгор, Г.Гэсэржав нараас 20 768 002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Инноваци капитал ББСБ" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Гандолгор, Г.Гэсэржав нараас 261 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Инноваци капитал ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Гандолгор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардсан нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байх бөгөөд шүүх хариуцагч нараас 20 768 002 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ уг төлбөрийг хариуцагч нар хэрхэн /тус бүр ямар хэмжээгээр/ хариуцах талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ч мөн хариуцагч нарын хүлээх мөнгөн төлбөрийн үүргийг тодорхойлоогүй байна. ИХШХШтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт "энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал" нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэхээр хуульчилсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүрэг шаардсан ба шүүх ИХШХШтХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасны дагуу хариуцагч нарын хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах ажиллагааг хийсний үндсэн дээр ИХШХШтХ-ийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргах ёстой. Гэвч шүүх ИХШХШтХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэг заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "Шийдвэр хууль ёсны ..." байх зарчмыг ноцтой зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх алдааг магадлалаар зөтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд А.Гандолгор миний биеийг оролцуулаагүй ба шүүх уг өдрийн шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүйн улмаас миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, хэргийн материалтай танилцах зэрэг эрхийг эдлэх боломжийг олгоогүй. Мөн хэргийн материалд нэхэмжлэгч байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авагдсан байдаг боловч уг тусгай зөвшөөрлийн хавсралтууд авагдаагүй нь нэхэмжлэгчийг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй болохыг нотолж байна. Учир нь тусгай зөвшөөрөл хавсралтуудын хамт хүчинтэй болох талаар уг тусгай зөвшөөрөлд тэмдэглэсэн байдаг. Гэтэл дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хариуцагч нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд ИХШХШтХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Инноваци капитал ББСБ ХХК нь хариуцагч А.Гандолгор, Г.Гэсэржав нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14 768 916 төгрөг, зээлийн хүү 5 700 802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 298 284 төгрөг, нийт 20 768 002 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 19ий өдөр ЗГ 2016/24 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Инноваци капитал ББСБ ХХК нь зээлдэгч А.Гандолгор, Г.Гэсэржав нарт 17 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

Мөн зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр БГ 2016/24 тоот Барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагч А.Гандолгор, Г.Гэсэржав нар нь барьцаалагч Инноваци капитал ББСБ ХХК-д буюу дээрх 17 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд А.Гандолгорын өмчлөлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх 77 дугаар байрны 56 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцааны нэг тал нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх учиртай бөгөөд нэхэмжлэгч Инноваци капитал ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар /хх-5/ тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь зээлдүүлэгч нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 3 900 000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй буюу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон зээл төлөх хуваарийг зөрчсөн болох нь мөн хэрэгт авагдсан бичгийн баримтаар /хх-15, 22/ тогтоогдсон тул зээлийн гэрээний 7.1.1-д зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн хугацааг 7 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол банк бус санхүүгийн байгууллага зээлийн гэрээг өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлахаар тохиролцсон, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Инноваци капитал ББСБ ХХК нь зээлдэгч нарын төлсөн 3 900 000 төгрөгийн 2 231 083 төгрөгийг үндсэн зээлд, 1 668 917 төгрөгийг зээлийн хүүд тооцож, тэдний үүргийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус зааснаар үндсэн зээл, гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт 20 768 002 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч А.Гандолгорт 2017 оны 07 дугаар сарын 4, Г.Гэсэржавт 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус тус гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тэдгээрт тайлбарлаж өгсөн байх боловч хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг  үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 11ий өдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч А.Гандолгор, Г.Гэсэржав нарт тэдгээрийн оршин суугаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 3В байрны 1 тоот хаягаар хүргүүлэхэд удаа дараа очиход эзгүй байсан улмаар утсаар мэдэгдсэн тухай шуудангийн хүргэгч тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан, түүнчлэн шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дах хэсэгт заасантай нийцсэн, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй байна.

 

Шүүхийн мэдэгдэх хуудаст нэхэмжлэгчийн нэрийг зөв тодорхойлж бичсэн, харин шуудангийн хаягт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн нь уг мэдэгдэх хуудсыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл биш. Иймд шүүх хуралдааны тов мэдэгдээгүйгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлага нь тодорхой байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан ажиллагаа нь заавал хийгдэх ажиллагаа биш тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Гандолгорын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11ий өдрийн 102/ШШ2017/02085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Гандолгорын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Гандолгорын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ