Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01883

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01883

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01318 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булбул ХХК, Экспресстрейд ХХКхолбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 500 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 395 244 786 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Мөнхзул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ганбат,

Хариуцагчийн өмгөөлөгч: В.Ганболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Булбул ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Т.Елемисийн үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшиж байсан Экспресстрейд ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11/08 дугаар албан бичгээр Төрийн банк ХХК-иас 1 тэрбум төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Төрийн банкны зээлийн ерөнхий хорооны хурлаар уг хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж Төрийн банк ХХК болон Экспресстрейд ХХК-ууд нь 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр №57 дугаар зээлийн гэрээ байгуулж, 975 000 000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлсэн. Гэвч Экспресстрейд ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Төрийн банк ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус зээлийн гэрээний үүрэгт 1 057 877 034 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2243 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрт Төрийн банк ХХК нь Экспресстрейд ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 57 тоот зээлийн гэрээ байгуулж, 975 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлүүлэхээр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 451.1, 451.2-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинжийг болон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна, Экспресстрейд ХХК-ийн данснаас Булбул ХХК-ийн 2418044270 дугаар дансанд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 47 минутад 400 000 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мөн 100 000 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Ийнхүү 975 000 000 төгрөгийн зээлийн 500 000 000 төгрөгийг бусдын /Булбул ХХК-ийн/ зээлийн төлбөрт шилжүүлсэн тул Төрийн банк нь 500 000 000 төгрөгийн зээлийн мөнгийг зээлдэгч Экспресстрейд ХХК-д шилжүүлээгүй буруутай тул шаардах эрхгүй, харин хариуцагч хүлээн авснаа зөвшөөрч байгаа 475 000 000 төгрөгийг олгогдсон өдрөөр гэрээнд тохирсон хүү тооцон хариуцуулах үндэстэй байна. Иймд үндсэн зээл 432 179 642 төгрөг, 96 500 309 төгрөгийн хүү бүгд 528 679 951 төгрөгийг Экспресстрейд ХХК-иас гаргуулж үлдэх 696 093 389 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Үүнийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн зээлд 432 179 642 төгрөг, хүү 96 500 309 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 680 092 төгрөг, бүгд 533 360 043 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг Булбул ХХК-д холбогдуулан жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх боломжтой байна гэж хариуцагч Экспресстрейд ХХК-иас 533 360 043 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 694 413 297 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төрийн банк-ны өөрийн эх үүсвэрийн 500 000 000 төгрөг нь Экспресстрейд ХХК-аар дамжиж, Булбул ХХК-ийн дансанд шилжсэнтэй холбоотойгоор банк нь зээлдэгч Экспресстрейд ХХК-иас 500 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гуравдагч этгээд Булбул ХХК-иас жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тул Төрийн банк ХХК нь Булбул ХХК-д холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 694 413 297 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3210 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энэхүү асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргасан боловч Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 218 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Төрийн банк ХХК-иас Экспресстрейд ХХК-тай байгуулсан 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 57 дугаар зээлийн гэрээний дагуу Экспресстрейд ХХК-д шилжүүлсэн 500 000 000 төгрөг нь тус компанийн эрх бүхий этгээдийн шилжүүлгээр /2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 400 000 000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 төгрөг/ Булбул ХХК-ийн дансанд шилжсэн. Төрийн банк ХХК нь тус мөнгийг зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд Экспресстрейд ХХК-иас гаргуулах үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн тул ямар нэгэн гэрээний үндсэн дээр бус бусад этгээдийн шилжүүлгээр дамжуулан хөрөнгийг бодитоор олж авсан Булбул ХХК-иас төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр Булбул ХХК, Экспресстрейд ХХК-иас 500 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Булбул ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаагаа баримтаар няцаан тайлбарлах нь: Төрийн банкны нэхэмжлэлд Булбул ХХК нь 500 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эрх бүхий этгээдийн шилжүүлгээр Булбул ХХК-ийн дансанд шилжсэн нь ямар нэгэн гэрээний үндсэн дээр бус бусад этгээдийн шилжүүлгээр дамжуулан хөрөнгийг бодитоор захиран зарцуулах эрхийг олж авсан Булбул ХХК-иас төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжилж байна гэжээ. Нэхэмжлэлийн агуулга ойлгомжгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн хэддүгээр дэд хэсэгт заасныг үндэслэл болгож шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй ба шаардлагаа нотлоогүй байна. 2011 онд Төрийн банкны удирдлага болон мэргэжлийн хүмүүсийн танай Булбул ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ, та Экспресс трейд ХХК-д гишүүнээр ороод авсан зээлээ хуваагаад хариуцах боломжтой гэж тавьсан санал, өгсөн зөвлөмжийн дагуу Экспресстрейд ХХК-д гишүүнээр бүртгүүлж, дараах нөхцлөөр буюу сарын 1,5 хувийн хүүтэй 400.0 сая төгрөгийг Т.Елемес миний бие хариуцах, 575.0 сая төгрөгийг Экспресс трейд ХХК-ийн нөгөө гишүүн Ш.Аззаяа хариуцахаар нийт 975.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдэн авах талаар банктай харилцан тохиролцсон. Гэтэл банкны Зээлийн ерөнхий хорооны хурлын 2011 оны 1 дүгээр сарын 18-ны 01 дугаартай шийдвэрт анх харилцан ярьж тохиролцсоноос тэс өөрөөр буюу: Экспресстрейд ХХК-ийн худалдан авах тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх болон Булбул ХХК-ийн зээлийг төлөхтэй холбогдуулан тоног төхөөрөмж худалдан авах урьдчилгаа төлбөрт 129.0 сая төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахад 471.0 сая төгрөг, Булбул ХХК-ийн зээлийг төлөхөд 400.0 сая төгрөгийг хэсэгчлэн олгох гэж шийдвэрлэсэн байсныг сүүлд мэдсэн. Банктай 2011 оны 1 дүгээр сарын 31-ний 57 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч банк зээлийг зориулалтын дагуу олгоогүй. Төрийн банк нь 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 47 минутад Экспресс трейд ХХК-д 400.0 сая төгрөгийн орлогын шилжүүлэг, 18 цаг 48 минутад Булбул ХХК-ийн зээлийн төлбөрт 400.0 сая төгрөгийн зарлагын гүйлгээ, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 07 минутад Экспресс трейд ХХК-д 100.0 төгрөгийн орлогын шилжүүлэг, 18 цаг 09 минутад Булбул ХХК-ийн зээлийн төлбөрт 100.0 төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус надад мэдэгдэхгүйгээр хийсэн байсан. Нийтдээ 500.0 сая төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр ажлын бус өдөр зээл, хүүгийн төлбөрт суутган төлүүлэх гүйлгээг банк дур мэдэн хийсэн нь дансны хуулгууд дахь огноо, цаг минутаар тогтоогддог. Энэ үйлдэл нь банк Иргэний хуулийн 451-ээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ... зээлдэгчид шилжүүлэх, мөн Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 8 дугаар сарын 11-ний 475/182 дугаар хамтарсан тушаал-аар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т заасан хугацаа хэтэрсэн ангиллын зээл, журмын 2.10-т заасан Тухайн зээлдүүлэгч нь зээл түүний хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байгуулах зэргээр төлүүлэхийг хориглоно, Экспресстрейд ХХК-тай байгуулсан 57 тоот зээлийн гэрээний 2.1.1, 2.1.5-д Зээлийн мөнгийг зөвхөн хөрөнгө оруулалтад зориулж ашиглана гэж заасныг тус тус зөрчиж 500.0 сая төгрөгийг зориулалтаар нь олголгүй Булбул ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн талаар хууль зөрчиж тооцсон зээл, хүүгийн төлбөрт шилжүүлэн төлүүлж бидний бизнес эрхэлж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан. Банк манай Булбул компанийн өмнөх зээл, хүүг дахин зээл олгож зээлээр зээл төлүүлэхийн тулд анхнаасаа бизнесийн үйл ажиллагааг нь дэмжинэ гэж харилцагчаа хууран мэхэлж нэмэлтээр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө барьцаалж, ажлыг нь хохироон байж олон хууль тогтоомж зөрчин банк өөрөө зээлийг зээлээр суутган төлсөн тул 500.0 сая төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй болохыг дээрх хууль, журам, гэрээний заалтууд баталж байна. Нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг нь 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэжээ. Гэтэл Төрийн банк нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд биш бөгөөд уг зүйлийг олж авсан этгээд нь ч Булбул ХХК биш, учир нь Булбул ХХК нь нэхэмжилж буй 500.0 төгрөгийг бодитоор захиран зарцуулах эрхийг олж аваагүй бөгөөд уг 500.0 сая төгрөгөөр анхнаасаа зээл төлүүлэх зорилгоор банк хүсэл зоригоо илэрхийлсэн зээлийн ерөнхий хорооны хурлын 2011 оны 1 дүгээр сарын 18-ны 01 дугаартай шийдвэртээ: Булбул ХХК-ийн зээлийг төлөхөд 400.0 сая төгрөгийг хэсэгчлэн олгох гэж заасны дагуу банк гаргасан шийдвэрээ баталгаажуулж, Булбул ХХК-ийн зээлийн /зарлагын гүйлгээ хийгддэггүй/ дансанд бэлэн бусаар 1-2 минутын дотор ажлын бус цагаар хоёр удаа гүйлгээ хийж суутган авсан нь дансны хуулгуудаар батлагдаж байгаа учраас Булбул ХХК 500.0 сая төгрөг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Төрийн банк нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4-т заасан Дараах тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй: 492.4.2 хөрөнгө шилжүүлсэн этгээд шударга бус хандаж нөгөө этгээдийнхээ үйлдэлд саад хийсэн болох /банк шийдвэр гаргаж 500.0 сая төгрөг олгосон, олгосон мөнгөө хөрөнгө оруулалтын зориулалтаар зарцуулахад нь саад хийж зээлийн төлбөрт суутган авсан/ нь дээр дурдсан баримтуудаар батлагдаж байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болно. Иргэн Т.Елемес миний бие нь нэхэмжлэлд дурдсанчлан Экспресстрейд ХХК-ийг үүсгэн байгуулагч биш болохыг нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримт болох Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны 2243 дугаар шийдвэрт хариуцагч Экспресстрейд ХХК-ийн төлөөлөгчийн Төрийн банкнаас Экспресстрейд ХХК-д тулган хүлээлгэсэн болзол болох бусдын төлөх найдваргүй зээлийг хаах зорилгоор шинэ зээлдэгчид олгосон зээлээсээ зөвхөн суутгаж авахын тулд манай компанийг шахаж хувь нийлүүлэгчээр Булбул ХХК-ийн захиралд Т.Елемесийг хамтран хувь нийлүүлэгчээр нэмж бүртгүүлж, өмч хөрөнгөнд маань хүртэл түүний нэрийг хүчээр оруулуулсан нь хууль бус төдийгүй олгосон зээлээсээ бидэнд мэдэгдэхгүй дураараа данс нээж түүгээрээ гүйлгээ хийж Булбул ХХК-ийн зээлийг төлсөн ... гэх тайлбараар няцааж байна. Банк 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банк, Экспресстрейд ХХК-ийн хоорондын 12 дугаартай, батлан даалтын гэрээ гэгчийг Экспресстрейд ХХК-ийн нэг гишүүн Т.Елемес миний оролцоогүйгээр байгуулж 3400033354 тоот тусгай данс нээж 270001 079.68 төгрөгийг тусгаарлан төвлөрүүлж энэ дүнгээс 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Булбул ХХК-ийн зээлийн дансанд 100.0 сая төгрөгийг 30 тоот зээлийн гэрээний зээлийн хүүнд төлсөн гэсэн утгатай гүйлгээг хийсэн байсан. Энэхүү хүчин төгөлдөр бус батлан даалтын гэрээнээс үүдэлтэйгээр Экспресстрейд ХХК-ийн хоёр гишүүн болох Ш.Аззаяа бидний хооронд үл ойлголцол үүсэж зөрчилдөх болсноор миний бие нь 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс Экспресстрейд ХХК-ийн гишүүнчлэлээс татгалзаж эрх, үүргээ Ш.Аззаяад шилжүүлсэн. Булбул ХХК нь 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Зоос банкнаас 3 удаа нийтдээ 1 800 000 000 төгрөгийг сарын 1,85 ба 2,1 хувийн хүүтэй зээлдэн авч Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцны барилга барьсан. Барилгын ажил хэвийн явагдаж зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан. 2008 оны сүүлээр дэлхийн эдийн засагт гарсан хямрал манай улсад нөлөөлж орон сууц борлогдохгүй болсноос зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Засгийн газраас орон сууцны санхүүгийн корпораци байгуулж банк, орон сууцны корпораци, барилгын компанийн хооронд гурвалсан гэрээ байгуулж орон сууцнуудаа борлуулж эхэлсэн. 2010 оны 6 дугаар сарын 11-ний байдлаар Булбул ХХК нь банканд 1 046 881 300 төгрөг төлсөн. Төрийн банк нь 2010 оны 6 дугаар сарын 14-ний 92 дугаартай, зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр 1 м.кв талбайг нь 1,150,000 төгрөгөөр борлогдож байсныг 900,000 төгрөгөөр 898,22 м.кв талбай бүхий 15 орон сууцыг 808 398 000 төгрөгөөр тооцож банкны өмчлөх бусад эд хөрөнгөнд хурааж авснаар зээлийн гэрээний үүргүүд дуусгавар болсон. Булбул ХХК нь банкны зээл, хүүгийн төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2 147 032 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2 810 476 411 төгрөг төлсөн. Булбул ХХК-ийн зээлийн гэрээний бүх үүрэг 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон байхад банк нь 2011 оны 3 дугаар сарын 11, 31-ний өдрүүдэд 500.0 сая төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт суутгах гүйлгээг хийж, дээр нь бас дахин 136.0 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж банк Чингэлтэй дүүргийн шүүхэд 2012 онд нэхэмжлэл гаргасан. Уг маргааны талаар шүүхэд хэрэг хэлэлцэх шатанд шүүгчийн захирамжийн дагуу Төрийн банк, Булбул ХХК-ийн хоорондын төлбөрийн талаар тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд Булбул ХХК нь зээл, зээлийн хүүгийн төлбөргүй болохыг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 20-ны 1101, Нийслэлийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний 712, Улсын дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны 721 дугаар хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдээр тогтоосон болно. Төрийн банк нь Экспресстрейд ХХК, Булбул ХХК-ийн зээлийн төлбөрийн талаарх маргааныг нэг мөр эцэслэн нэгтгэн шийдвэрлүүлэхээс санаатайгаар зайлсхийн шүүхэд тус тусад нь нэхэмжлэл гаргаж асуудлыг улам бүр ойлгомжгүй болгон 2011 оноос хойш шүүх, хууль сахиулах байгууллагад хариуцагч, сэжигтнээр холбогдуулан шалгуулж харилцагч биднийг маш их чирэгдүүлэн нэр төрийг минь гутаасаар ирлээ. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандаж гаргасан Төрийн банканд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэх ЧД1-19239 дугаартай Төрийн банкны гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс Булбул ХХК-ийн захирал Т.Елемес надад холбогдуулан гомдлыг шалгаж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2016 оны 01 дүгээр сарын 11-ний 218 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Банканд учруулсан хохирлын талаар гарсан гомдлыг нэгэнт өмнө нь эрүүгийн журмаар шалгаад хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол хүчин төгөлдөр байхад иргэний журмаар дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь бусдын эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд хуульд нийцэхгүй байна. Булбул ХХК-ийн Төрийн банктай байгуулсан зээлийн 24 ба 30 тоот зээлийн гэрээний үүргүүд 2010 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөр дуусгавар болсон гэдгийг тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байхад Төрийн банк нь Экспресстрейд ХХК-д 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр зээл олгохоор шийдвэрлэж, 3 дугаар сарын 11, 31-ний өдрүүдэд олгосон зээлийн дүнгээс Булбул ХХК-ийн 24 ба 30 тоот зээлийн гэрээний үүрэгт гэж 500 000 000 төгрөгийг хууль зөрчиж тооцон суутган төлүүлчхээд одоо түүнийг үндэслэлгүйгээр олж авсан гэж нэхэмжилж байгаа нь утгагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Банк ашгийн төлөө хэт улайрч манай компанийн бизнесийн нэр хүнд, миний хувийн нэр төрд олон жил халдаж бие, сэтгэл, эд хөрөнгөөр хохироож байна. Миний бие нь 2012 оноос хойш өвчний учир удаан хугацаанд гадаад улсад олон удаа явж эмчилгээ хийлгэж байсан учраас 2012 онд Төрийн банктай тооцоо нийлэх үед зээлийн хүүнд илүү төлсөн мөнгөө буцаан нэхэмжилж амжаагүй байсан юм. Иймээс холбогдох баримтуудыг бүрдүүлэн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байна. Дээр дурдсан нотлох баримтуудыг үндэслэн Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Экспресстрейд ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компанид холбогдуулан Төрийн банк ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх ба шүүхээс хариуцагчаар оролцуулах хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэнд дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Төрийн банк-ны нэхэмжлэлтэй Экспресстрейд ХХК-д холбогдох иргэний хэрэг 2012 оны 12-р сарын 13-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд болсон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж шүүхийн шийдвэр гарсан юм. Нэхэмжлэгч Төрийн банкнаас Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, магадлал гарсан билээ. Шүүхийн шийдвэр, магадлалын дагуу манай компани өр төлбөрөө, хүү, алдангийн хамт бүрэн төлж барагдуулж, барьцаалагдсан эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэн авсан болно. Иймд өмнө нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн өр төлбөрөө төлж барагдуулсан зээлийн гэрээний үүрэгт дахин нэхэмжлэл гаргасан байгааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Манай компани улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Төрийн банкны хууль бус үндэслэлгүй нэхэмжлэлээс болж тендерт оролцох бүх боломжоо алдаж хохирсон байгаа болно. Иймд уг хэрэг маргаанд хамааралгүй болох тухайг шүүхийн шийдвэрт тодорхой тусган шийдвэрлэж ажил үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Булбул ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Булбул ХХК нь зоос банкнаас 2007 оны 9 дүгээр сарын 21-ний 11 тоот зээлийн гэрээгээр 900 000 000 төгрөгийг жилийн 22,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 24 тоот зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөгийг, жилийн 25,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, 2008 оны 7 дугаар сарын 28-ны 30 тоот зээлийн гэрээгээр 700 000 000 төгрөгийг 25,20 хувийн хүүтэй, 23 сарын хугацаагаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдэн авсан. Зээлийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцны барилга барьсан. Барилгын ажил хэвийн явагдаж зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан. 2008 оны сүүлчээр дэлхийн эдийн засагт гарсан хямрал манай улсад нөлөөлж барьж ашиглалтад оруулсан орон сууц борлогдохгүй болсноос зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Эдийн засгийн хямралыг зээл авахаас өмнө урьдчилан тооцоолох боломжгүй байсан бөгөөд тухайн үед арилжааны бүх банк, барилгын компаниудыг бүхэлд нь хамарсан хүнд нөхцөл байдал /өнөөгийн манай улсын эдийн засгийн нөхцөл байдалтай ижил/ үүссэн байсан. Засгийн газар 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Барилгын салбарт үүссэн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, арилжааны банкнуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тухай 321 дугаартай тогтоол гаргаж орон сууцны санхүүгийн корпораци (ОССК)-ийг байгуулснаар банк, барилгын компани, ОССК-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж тус компани орон сууцнуудаа худалдан борлуулж эхэлсэн. Төрийн банк нь 2010 оны 1 дүгээр сарын 14-ний 62 тоот албан бичгээр МХАҮТ болон ОССК-д манай компанийн өмнө төлсөн зээл, хүү, үлдэгдэл зээл, хүүг тодорхойлж ОССК-тай хамтран ажиллахыг мэдэгдсэн. Мэдэгдлийн хариуд ОССК нь 2010 оны 4 дүгээр сарын 23-ны 5/475 тоот албан бичгээр 1 714 993 534 төгрөгийн зээлийг төлж барагдуулах шаардлагатайг мэдэгдсэн. Манай компани банк болон ОССК-аас хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн тулд орон сууцнуудыг ямар ч ашиггүй, үйл ажиллагааны зардлын алдагдалтайгаар худалдан борлуулж 2010 оны 6 дугаар сарын 11-ний байдлаар 1 046 881 300 төгрөгийн зээл, хүүг төлж барагдуулсан. Төрийн банк нь борлогдоогүй үлдсэн 15 орон сууцыг 2010 оны 6 дугаар сарын 14-ний 92 тоот Зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-гээр 1 м.кв талбайг нь 1 150 000 төгрөгөөр борлуулж байсныг 900 000 төгрөгт тооцож, 898.22 м.кв талбай орон сууцыг 808 398 000 төгрөгөөр бодож банкны өмчлөх бусад эд хөрөнгөнд хурааж авснаар нийтдээ 1 855 279 300 төгрөг төлөгдөж 24 ба 30 тоот зээлийн гэрээний үүргүүд дуусгавар болсон.

Өөрөөр хэлбэл шаардах эрх шилжүүлэх гэрээний дүнгээс 778 733 718 /1 046 881 300+808 398 000-1 076 545 882=1 076 545 882/ төгрөг илүү төлөгдсөн. Булбул ХХК-ийн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь Зоос банк-ийг татан буулгах үед чанаргүй /муу/ зээлийн ангилалтай байсан учир Зоос банк-ны эрх хүлээн авагчид хүү нь зогсоогдох байтал Төрийн банк сайн актив хөрөнгө гэж үзэн гэрээний үүргийн шаардах эрхийг шилжүүлэн авсан нь эхнээсээ ашиг хөөсөн шударга бус үйлдэл болсон нь харагдаж байна. Зоос банк болон Төрийн банк хооронд байгуулсан 2009 оны 11 дүгээр сарын 25-ны Шаардах эрх шилжүүлэх гэрээ-гээр Булбул ХХК-ийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны 24 тоот 2008 оны 7 дугаар сарын 28-ны 30 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн биелэлт буюу зээлийн хүүнд нийт 1 076 545 882 төгрөгийг Төрийн банканд шилжүүлж өгөхөөр заасан. Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний нөхцөлд 2007 оны 9 дүгээр сарын 21-ний 11 тоот зээлийн гэрээний талаар тусгагдаагүй, гэрээний үүрэг нь Төрийн банканд шилжээгүй байхад /ШЭШГэрээний хугацаа дууссанаас хойш 117 828 384 төгрөгийг 11 тоот гэрээний үүрэгт суутган төлүүлсэн нь үндэслэлгүй байна. Төрийн банк нь банкны өмчлөх бусад хөрөнгөнд шилжүүлэн авсан хөрөнгөө худалдан борлуулахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Т.Елемес миний нэр дээр 3400031558 тоот харилцах данс нээж, 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 556 856 700 төгрөгийн орлого авахуулж, улмаар худалдан борлуулсан дүнгээс банкны төлөх ёстой НӨАТ /нэмүү өртгийн алба татвар/-ыг Т.Елемес надаар төлүүлж хохироосон. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх гэсэн заалтыг зөрчиж 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд манай компанийн 2418044270 тоот байгууллагын харилцах дансанд орсон бусад орлогуудыг бүгдийг нь суутган авсан ба 543 294 300 төгрөгийг битүүмжилж байгаад зээл төлүүлсэн. 2011 онд зээлийн төлбөр төлөгдөөд дуусчихсан байхад компанийн харилцах дансанд шилжин орсон 71 854 865 төгрөгийг зээл, хүүний төлбөрт гэсэн утгатай гүйлгээ хийж дур мэдэн суутган авсан. Эдгээр бүх гүйлгээний дансны хуулгууд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 20-ны 1101 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлагдсан. Зээл төлөхөд гарсан хүндэтгэх шалтгааныг харгалзан үзэхийг тус компанийн дараагийн албан бичгүүд, ҮХХЭБГ, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагуудын албан бичгээр мэдэгдсээр байхад Төрийн банк хууль бус үйлдлээрээ тус компанийг 2010 онд 672 286 467 төгрөгийн, 2011 онд 78 095 029 төгрөгийн алдангид оруулсан нь Ньюбланс аудит ХХК-ийн 2010 оны 01 сарын 13-ны А5 тоот албан бичиг, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн аудитласан санхүүгийн тайлангийн дүгнэлтээр нотлогдсоныг мөн хэрэгт баримтаар хавсаргасан. Зээлийн гэрээний бүх үүрэг нь 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон байхад Төрийн банк нь 2011 оны 3 дугаар сарын 11, 31-ний өдрүүдэд 500 сая төгрөгийг Экспресстрейд ХХК-д олгосон зээлээс зээлийн хүүгийн төлбөрт суутгах орлого, зарлагын гүйлгээг ажлын бус цагаар хийсэн байсан. 2012 оны 3 дугаар сард 136,0 сая төгрөгийн зээлийн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг гаргуулна гэж манай компанид холбогдуулан Төрийн банк шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг маргааны талаар шүүхэд хэрэг хэлэлцэх шатанд шүүгчийн захирамжийн дагуу Төрийн банк, Булбул ХХК хоорондын төлбөрийн талаар тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд Булбул ХХК нь зээл, зээлийн хүүгийн төлбөргүй болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 20-ны 1101, Нийслэлийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний 712, Улсын дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны 721 дугаар хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдээр тогтоогдсон болно. Зээлийн төлбөрийг хорогдуулах гүйлгээг хийхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1. Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжид төлүүлнэ, 216.2 Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжид гүйцэтгэнэ, 216.3 Шаардлагууд нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд ижил нөхцөлтэй бол биелэх боломж багатай үүргийг тэргүүн ээлжид гүйцэтгэнэ, 216.4 Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн заалтуудыг банк зөрчиж хугацаа нь болсон зээлийн төлбөрийг үндсэн зээлээс тооцолгүй, хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүнд тооцон төлүүлж, 3 удаагийн зээлийн илүү хүнд нөхцөлтэй буюу өндөр хүүтэй зээл болох 24 ба 30 тоот зээлийн гэрээний үүрэг байхад бага хүүтэй 11 тоот зээлийн гэрээний хүүгийн төлбөр төлүүлсэн. Булбул ХХК нь 11, 24, 30 тоот зээлийн гэрээний үүрэгт 2010 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2 147 032 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2 810 476 411 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж банк өөрөө суутган төлүүлсэн 500 000 000 төгрөгийг оролцуулж тооцохгүйгээр хууль зөрчиж данснаас суутган илүү төлүүлсэн зээл, зээлийн хүү, НӨАТ-ын төлбөрийн дүнг зээлийн тооцоо нийлсэн акт болон бусад баримтад үндэслэн тооцвол: 11 тоот зээлийн гэрээний зээлийн хүүнд 117 828 384 төгрөг, 24 ба 30 тоот зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөрт 71 854 965 төгрөг, 24 ба 30 тоот зээлийн гэрээний зээлийн хүүнд 124 723 737 төгрөг буюу нийт 1314,404,986 төгрөг, банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөнд бүртгүүлсэн 808 398 000 төгрөгийн хөрөнгийг худалдан борлуулахдаа манай компанийн дансаар дамжуулж борлуулалт хийсний улмаас НӨАТ-т төлүүлж хохироосон 80 839 800 төгрөг нийт 395 244 786 төгрөгийн хохирлыг компанид учруулсан, Төрийн банк-наас дээрх хохирлыг нэхэмжилж байна. Түүнчлэн манай компанийн бизнесийг дэмжиж шинээр зээл олгоно гэж банкны удирдлагын зүгээс бидэнтэй харилцан тохирсон атлаа тус компанийн захирал Т.Елемес миний харилцах дансны зарлагын гүйлгээ хийх эрхийг хууль бусаар хязгаарлаж дээрх мөнгөн хөрөнгийг компанийн данснаас дур мэдэн суутган авч хохироосон. Төрийн банк нь Экспресстрейд ХХК, Булбул ХХК-ийн зээлийн төлбөрийн талаарх маргааныг нэг мөр эцэслэн нэгтгэн шийдвэрлүүлэхээс санаатайгаар зайлсхийн шүүхэд тус тусад нь нэхэмжлэл гаргаж асуудлыг улам бүр ойлгомжгүй болгон 2011 оноос хойш шүүх, хууль сахиулах байгууллагад хариуцагч, сэжигтнээр холбогдуулан шалгуулж харилцагч биднийг маш их чирэгдүүлж нэр төрийг минь гутаасаар ирлээ. Төрийн банк нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандаж Булбул ХХК-ийн захирал Т.Елемис надад холбогдуулан Төрийн банканд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэх ЧД1-19239 дугаартай гомдол гаргаснаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс уг гомдлыг шалгаж Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 218 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Банк нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар төр, засгаас хэрэгжүүлэхээр гаргасан уян хатан бодлогыг үл хэрэгсэж ашгийн төлөө хэт улайрч, бизнес эрхлэгчдийг дэмжих биш эсрэгээрээ дарамтад оруулж манай компанийн бизнесийн нэр хүнд, миний хувийн нэр төр удаа дараа халдаж бие, сэтгэл, эд хөрөнгөөр хохироож байна. Миний бие нь өвчний учир удаан хугацаанд гадаад улсад олон удаа явж эмчилгээ хийлгэсэн учраас Булбул ХХК-ийн зээл, хүүгийн төлбөрт хууль зөрчиж төлүүлсэн компанийн хөрөнгийг Төрийн банкнаас буцаан нэхэмжлэх боломж гараагүй байсан юм. Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 76 дугаар зүйлийн 76.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны 721 дугаар хүчин төгөлдөр болсноос хойш тоолон хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан болно. Иймд тус компанид учруулсан хөрөнгийн хохиролд 395 244 786 төгрөгийг Төрийн банк ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Төрийн банк ХХК нь Булбул ХХК болон Зоос банк-ны байгуулсан 2007 оны 9 дүгээр 21-ний өдрийн 900 000 000 төгрөгийн 11 тоот зээлийн гэрээ, 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 200 000 000 төгрөгийн 24 тоот зээлийн гэрээ, 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 700 000 000 төгрөгийн 30 тоот зээлийн гэрээний үүрэгт илүү төлбөр аваагүй бөгөөд тус компанид ямар нэгэн хохирол учруулаагүй, мөн эдгээр асуудлаар шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хариуцагч нараас 500 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, Төрийн банк ХХК-иас эд хөрөнгийн хохирол 395 244 786 төгрөг гаргуулахыг хүссэн Булбул ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк ХХК-ийн төлсөн 2 657 950 төгрөг, хариуцагч Булбул ХХК-иас төлсөн 2 134 174 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч "Төрийн банк" ХХК нь хариуцагч "Булбул" ХХК, "Экспресс трейд" ХХК-д холбогдуулан 500 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргах болсон учир нь Төрийн банкнаас 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Экспресс трейд" ХХК-тай байгуулсан 57 тоот зээлийн гэрээний дагуу 975 000 000 төгрөг олгосон үйл явдалтай холбоотой билээ. Тус зээлийн маргааныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2243 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, шийдвэрт Нийслэлийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2243 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт банк "Экспресстрейд" ХХК-ийн 3499003304 дугаар дансанд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 16 минутад 270 001 079.68 төгрөгийг зээлд, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 18 минутад 550 000 000 төгрөгийг зээлд, мөн 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 16 цаг 08 минутад зээлд 24 245 800 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг 07 минутад зээлд гэж 72 780 000 төгрөг тус тус орлогод шилжүүлсэн үүний дараа 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг 36 минутад зээлд 10 855 000 төгрөгийн орлого, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 40 минутад зээлд 47 118 120.32 төгрөгийн орлого, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг 09 минутад зээлд 101 898 000 төгрөг орлого, 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 23 минутад зээлд 68 100 079.68 төгрөгийн орлогод гүйлгээ хийгдсэн. Тус банкан дах "Булбул" ХХК-ийн 2418044270 дугаарын дансанд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 47 минутад "Экспресстрейд" ХХК-иас 400 000 000 төгрөгийн орлогын шилжүүлэг хийгдсэн. 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 07 минутад "Экпресстрейд" ХХК-иас 100 000 000 төгрөгийн орлогын шилжүүлэг хийгдсэн болох Төрийн банкны дансны хуулгуудаар нотлогдож байна" гэсэн байдаг. Үүнээс үзвэл Төрийн банк ХХК нь 975 000 000 төгрөгийн "Экспресстрейд" ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Мөн шүүхийн шийдвэрт "Экспресстрейд" ХХК-ийн 2011 оны 3 дугаар сарын 11, 31-ний өдрүүдийн 2 ширхэг бэлэн бус шилжүүлгийн баримтаар тус компанийн удирдлагууд гарын үсэг зурж тамга дарж гүйлгээ хийсэн байх хэдий ч маргаж байгаа 500 000 000 төгрөг зээлийн гэрээний 2.1-д заасан зээлдүүлэгчээс зээл олгох нөхцөл, 2.1.4 бэлэн бусаар, 2.1.5 "Экспресстрейд" ХХК-ийн хөрөнгө оруулалтын зориулалтаар олгох үүрэг биелэгдсэн гэх үндэслэлгүй, гэрээний мөнгийг зөвхөн хөрөнгө оруулалтад зориулж ашиглахаар заасныг тус тус зөрчин 500 000 000 төгрөгийн зээлийг бусдын төлбөрт шилжүүлж гүйлгээ хийсэн нь энэ хэмжээгээр гэрээгээр тохирсон үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болно. Иймд зээлдүүлэгч банк 500 000 000 төгрөгийн зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй буруутай тул шаардах эрхгүй байна" гэж дүгнэсэн байдаг. Дээрхээс үзвэл шүүх Төрийн банк-наас "Экспресстрейд" ХХК-ийн дансруу нийт 975 000 000 төгрөг орсон үүнээс 500 000 000 төгрөг нь "Булбул" ХХК-ийн дансанд шилжиж орсон болохыг тогтоогдсон бөгөөд ийнхүү 500 000 000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлсэн, мөн зарим мөнгийг албан ёсоор нээсэн зээлийн дансанд олгоогүй байх тул "зээлийн данс нээж зээлийг зориулалтын дагуу олгох" тухай хуулийн заалтыг зөрчсөн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг утгаар 500 000 000 төгрөгийн хэмжээний зээлийг олгоогүй байна гэж бичсэн байдаг. Энэхүү олгоогүй гэдэг нь "Төрийн банкнаас 975 000 000 төгрөгийг шилжүүлээгүй гэх утгаар биш зориулалтын дагуу ашиглах боломж олгогдоогүй тул буцаан шаардах эрхгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт билээ. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01318 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2243 дугаар Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрт "... зээлдүүлэгч Банк 500 000 000 төгрөгийн зээлийн мөнгийг шилжүүлээгүй буруутай тул шаардах эрхгүй ... " гэж, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 404 дугаар Нийслэлийн шүүхийн магадлалд "... зээлдүүлэгч банк 500 000 000 төгрөгийн зээлийн мөнгийг зээлдэгчид олгоогүй тул шаардах эрхгүй" гэж тус тус дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй". Үүнээс үзвэл зээлдэгч "Экспресстрейд" ХХК-д "Төрийн банк" ХХК нь мөнгө шилжүүлээгүй тул "Экспресстрейд" ХХК-иас шилжиж ирээгүй мөнгийг "Булбул" ХХК-д шилжүүлэх үндэслэлгүй" гэж өмнөх шүүхийн шийдвэрүүд дэх "зээл олгоогүй" буюу "зээлийн данс нээж зээлийг зориулалтын дагуу олгох" тухай хуулийн заалтыг зөрчсөн, зээлийг зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй гэснийг буруугаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2243 дугаар шийдвэрийг бүхэлд нь уншвал Төрийн банк нь нийт 975 000 000 төгрөг "Экспресстрейд" ХХК-ийн данс руу шилжүүлсэн бөгөөд үүнээс 500 000 000 төгрөг нь "Булбул" ХХК-ийн дансанд орсон гэх үйл баримт тогтоогдсон болох нь тодорхой байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүх 2243 дугаар шийдвэрээр банк "Экспресстрейд" ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 500 000 000 төгрөгийг нэхэмжлэхдээ хүүгийн хамт шаардах эрхгүй болохыг тогтоосон болохоос Төрийн банк-наас "Экспресстрейд" ХХК-ийн дансанд мөнгө ороогүй талаар үйл баримтыг тогтоогоогүй юм. Банкны зүгээс дээрх байдлаар "Экпресстрейд" ХХК-ийн эрх бүхий этгээдийн шилжүүлгээр дамжиж "Булбул" ХХК-ийн дансанд орсон 500 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан юм. Төрийн банк-ны 500 000 000 төгрөг нь "Экспресстрейд" ХХК-ийн дансаар дамжиж "Булбул" ХХК-ийн дансанд орсон үйл баримт дээрх, шүүхийн шийдвэр болох хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хариуцагч "Булбул" ХХК-ийн тайлбар зэргээр хангалттай нотлогддог. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй" гэснийг буруу тайлбарлаж хэрэглэн алдаа гаргасан тул үндсэн нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Булбул ХХК, Экспресстрейд ХХКхолбогдуулан 500 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Булбул ХХК нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас 395 244 786 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Төрийн банк ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Экспресстрейд ХХК-тай 57 тоот зээлийн гэрээ байгуулж, 975 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэхээр тохиролцсон, энэхүү зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2243 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр магадлалаар тус тус шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 48-65-р тал/

 

Дээрх маргааныг шүүх шийдвэрлэхдээ банк зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Экспресстрейд ХХК-д шилжүүлсэн, Экспресстрейд ХХК нь хоёр удаагийн гүйлгээгээр 500 000 000 төгрөгийг Булбул ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримтыг тогтоосон бөгөөд Төрийн банк ХХК, Экспресстрейд ХХК-ийн байгуулсан 57 тоот зээлийн гэрээний 475 000 000 төгрөгийг зээлийн зориулалтаар, 500 000 000 төгрөгийг зориулалт бусаар олгосон тул 500 000 000 төгрөгт холбогдох хэсгийг зээлийн гэрээний үүргийн дагуу шаардах эрхгүй талаар дүгнэж, энэ талаар Булбул ХХК-иас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй талаар заасан бөгөөд нэхэмжлэгч Төрийн банк ХХК, хариуцагч Булбул ХХК-ний хооронд үүрэг үүссэн гэх үндэслэлгүй. Улмаар Экспресстрейд ХХК-ийн дансаар дамжиж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас 500 000 000 төгрөг хариуцагч Булбул ХХК-ний дансанд орсон тул мөнгөн хөрөнгийг олж авсан хариуцагч Булбул ХХК-иас дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, хариуцагч Экспресстрейд ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасантай тус тус нийцнэ. 

 

Хариуцагч Булбул ХХК нь тайлбартаа өмнө нь Зоос банкнаас манай компанийн авсан зээлийн өрийг Төрийн банк ХХК нь шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Зоос банкнаас шилжүүлэн авсан бөгөөд 24 ба 30 тоот зээлийн гэрээний төлбөрт 500 000 000 төгрөгийг суутган авсан гэх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч Булбул ХХК-иас зээлийн өр, төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-тай байгуулсан зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээнд 500 000 000 төгрөгийг төлбөрт суутгасан байдал баримтаар нотлогдохгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч Төрийн банк ХХК-н нэхэмжлэлтэй Булбул ХХК-д холбогдох 11, 24, 30 тоот зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Чингэлтэй дүүргийн шүүх 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1101 дүгээр шийдвэрээр, Нийслэлийн шүүх 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 707 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүх 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 721 дүгээр тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдээр 24, 30 тоот гэрээний үүрэгт 500 000 000 төгрөгийг суутгасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /1-р хх-ийн 132, 142-150-р тал/

 

Хариуцагч Булбул ХХК нь Зоос банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндэслэлгүйгээр илүү төлсөн гэх 395 244 786 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас шаардсан боловч энэхүү сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч Булбул ХХК-иас 500 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, Экспресстрейд ХХК-д холбогдох нэхэмжлэл болон Төрийн банк ХХК-иас 395 244 786 төгрөг гаргуулах тухай хариуцагч Булбул ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 657 950 төгрөг, хариуцагч Булбул ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 134 174 төгрөгийг төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Булбул ХХК-иас 2 657 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ