Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00119

 

“Төрийн банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01318 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1883 дугаар магадлалтай,                                                                                           

             “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             “Б” ХХК, “Э” ХХК-д холбогдох

             Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 500,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

395,244,786 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч В.Ганболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Т.Елемисийн үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшиж байсан “Э” ХХК нь 2010 оны 11 сарын 28-ны өдөр 11/08 дугаар албан бичгээр “Төрийн банк” ХХК-иас 1 тэрбум төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Төрийн банкны зээлийн ерөнхий хорооны хурлаар уг хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж “Төрийн банк” ХХК болон “Э” ХХК-ууд нь 2011 оны 01 сарын 31-ний өдөр 57 дугаар зээлийн гэрээ байгуулж, 975,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлсэн. Гэвч “Э” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул “Төрийн банк” ХХК нь 2012 оны 12 сарын 13-ны өдөр тус зээлийн гэрээний үүрэгт 1,057,877,034 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 сарын 13-ны өдрийн 2243 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрт “Төрийн банк” ХХК нь “Э” ХХК-тай 2011 оны 01 сарын 31-ний өдөр 57 тоот зээлийн гэрээ байгуулж, 975,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлүүлэхээр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 451.1, 451.2-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинжийг болон шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна, “Э” ХХК-ийн данснаас “Б” ХХК-ийн 2418044270 дугаар дансанд 2011 оны 03 сарын 11-ний өдөр 400,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, 2011 оны 03 сарын 31-ний өдөр мөн 100,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Ийнхүү 975,000,000 төгрөгийн зээлийн 500,000,000 төгрөгийг бусдын зээлийн төлбөрт шилжүүлсэн тул Төрийн банк нь 500,000,000 төгрөгийн зээлийн мөнгийг зээлдэгч “Э” ХХК-д шилжүүлээгүй буруутай тул шаардах эрхгүй, харин хариуцагч хүлээн авснаа зөвшөөрч байгаа 475,000,000 төгрөгийг олгогдсон өдрөөр гэрээнд тохирсон хүү тооцон хариуцуулах үндэстэй байна. Иймд үндсэн зээл 432,179,642 төгрөг, 96,500,309 төгрөгийн хүү бүгд 528,679,951 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж үлдэх 696,093,389 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Үүнийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн шүүхийн 2013 оны 05 сарын 27-ны өдрийн 404 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн зээлд 432,179,642 төгрөг, хүү 96,500,309 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,680,092 төгрөг, бүгд 533,360,043 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг “Б” ХХК-д холбогдуулан жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх боломжтой гэж хариуцагч “Э” ХХК-иас 533,360,043 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 694,413,297 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төрийн банкны өөрийн эх үүсвэрийн 500,000,000 төгрөг нь “Э” ХХК-аар дамжиж, “Б” ХХК-ийн дансанд шилжсэнтэй холбоотойгоор банк нь зээлдэгч “Э” ХХК-иас 500,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гуравдагч этгээд “Б” ХХК-иас жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тул “Төрийн банк” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан 2013 оны 06 сарын 20-ны өдөр 694,413,297 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2013 оны 06 сарын 27-ны өдрийн 3210 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Мөн 2015 оны 12 сарын 07-ны өдөр энэхүү асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргасан боловч Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 218 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. “Төрийн банк” ХХК-иас “Э” ХХК-тай байгуулсан 2011 оны 01 сарын 31-ний өдрийн 57 тоот зээлийн гэрээний дагуу “Э” ХХК-д шилжүүлсэн 500,000,000 төгрөг нь тус компанийн эрх бүхий этгээдийн шилжүүлгээр “Б” ХХК-ийн дансанд шилжсэн. “Төрийн банк” ХХК нь тус мөнгийг зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Э” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн тул ямар нэгэн гэрээний үндсэн дээр бус бусад этгээдийн шилжүүлгээр дамжуулан хөрөнгийг бодитоор олж авсан “Б” ХХК-иас төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр “Б” ХХК, “Э” ХХК-иас 500,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн  гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй  байгаагаа  баримтаар няцаан тайлбарлах нь: Төрийн банкны нэхэмжлэлд “Б” ХХК нь 500,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эрх бүхий этгээдийн шилжүүлгээр “Б” ХХК-ийн дансанд шилжсэн нь ямар нэгэн гэрээний үндсэн дээр бус бусад этгээдийн шилжүүлгээр дамжуулан хөрөнгийг бодитоор захиран зарцуулах эрхийг олж авсан “Б” ХХК-иас төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжилж байна гэжээ. Нэхэмжлэлийн агуулга ойлгомжгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн хэд дэх хэсэгт заасныг үндэслэл болгож шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй ба шаардлагаа нотлоогүй байна. 2011 онд Төрийн банкны удирдлага болон мэргэжлийн хүмүүсийн танай “Б” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ, та “Э” ХХК-д гишүүнээр ороод авсан зээлээ хуваагаад хариуцах боломжтой гэж тавьсан санал, өгсөн зөвлөмжийн дагуу “Э” ХХК-д гишүүнээр бүртгүүлж, дараах нөхцлөөр буюу сарын 1,5 хувийн хүүтэй 400.0 сая төгрөгийг Т.Елемес миний бие хариуцах, 575.0 сая төгрөгийг “Экспресс трейд” ХХК-ийн нөгөө гишүүн Ш.Аззаяа хариуцахаар нийт 975.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдэн авах талаар банктай харилцан тохиролцсон. Гэтэл банкны Зээлийн ерөнхий хорооны хурлын 2011 оны 01 сарын 18-ны 01 дугаартай шийдвэрт анх харилцан ярьж тохиролцсоноос тэс өөрөөр буюу “Э” ХХК-ийн худалдан авах тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх болон “Б” ХХК-ийн зээлийг төлөхтэй холбогдуулан тоног төхөөрөмж худалдан авах урьдчилгаа төлбөрт 129.0 сая төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахад 471.0 сая төгрөг, “Б” ХХК-ийн зээлийг төлөхөд 400.0 сая төгрөгийг хэсэгчлэн олгох гэж шийдвэрлэсэн байсныг сүүлд мэдсэн. Банктай 2011 оны 01 сарын 31-ний 57 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч банк зээлийг зориулалтын дагуу олгоогүй. Төрийн банк нь 2011 оны 03 сарын 11-ний өдөр “Экспресс трейд” ХХК-д 400.0 сая төгрөгийн орлогын шилжүүлэг, 18 цаг 48 минутад “Б” ХХК-ийн зээлийн төлбөрт 400.0 сая төгрөгийн зарлагын гүйлгээ, 2011 оны 03 сарын 31-ний өдрийн 18 цаг 07 минутад “Э” ХХК-д 100.0 төгрөгийн орлогын шилжүүлэг, 18 цаг 09 минутад “Б” ХХК-ийн зээлийн төлбөрт 100.0 төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус надад мэдэгдэхгүйгээр хийсэн байсан. Нийтдээ 500.0 сая төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр ажлын бус өдөр зээл, хүүгийн төлбөрт суутган төлүүлэх гүйлгээг банк дур мэдэн хийсэн нь дансны хуулгууд дахь огноо, цаг минутаар тогтоогддог. Энэ үйлдэл нь банк Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх, мөн Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 08 сарын 11-ний 475/182 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т заасан хугацаа хэтэрсэн ангиллын зээл, журмын 2.10-т заасан Тухайн зээлдүүлэгч нь зээл түүний хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байгуулах зэргээр төлүүлэхийг хориглоно, “Э” ХХК-тай байгуулсан 57 тоот зээлийн гэрээний 2.1.1, 2.1.5-д Зээлийн мөнгийг зөвхөн хөрөнгө оруулалтад зориулж ашиглана гэж заасныг тус тус зөрчиж 500.0 сая төгрөгийг зориулалтаар нь олголгүй “Б” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн талаар хууль зөрчиж тооцсон зээл, хүүгийн төлбөрт шилжүүлэн төлүүлж бидний бизнес эрхэлж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан. Банк манай “Б” компанийн өмнөх зээл, хүүг дахин зээл олгож зээлээр зээл төлүүлэхийн тулд анхнаасаа бизнесийн үйл ажиллагааг нь дэмжинэ гэж харилцагчаа хууран мэхэлж нэмэлтээр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө барьцаалж, ажлыг нь хохироон байж олон хууль тогтоомж зөрчин банк өөрөө зээлийг зээлээр суутган төлсөн тул 500.0 сая төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй болохыг дээрх хууль, журам, гэрээний заалтууд баталж байна. Нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг нь 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэжээ. Гэтэл Төрийн банк нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд биш бөгөөд уг зүйлийг олж авсан этгээд нь ч “Б” ХХК биш, учир нь “Б” ХХК нь нэхэмжилж буй 500.0 төгрөгийг бодитоор захиран зарцуулах эрхийг олж аваагүй бөгөөд уг мөнгийг анхнаасаа зээл төлүүлэх зорилгоор банк хүсэл зоригоо илэрхийлсэн зээлийн ерөнхий хорооны хурлын 2011 оны 01 сарын 18-ны 01 дугаар шийдвэртээ “Б” ХХК-ийн зээлийг төлөхөд 400.0 сая төгрөгийг хэсэгчлэн олгох гэж заасны дагуу банк гаргасан шийдвэрээ баталгаажуулж, “Б” ХХК-ийн зээлийн дансанд бэлэн бусаар 1-2 минутын дотор ажлын бус цагаар хоёр удаа гүйлгээ хийж суутган авсан нь дансны хуулгуудаар батлагдаж байгаа учраас “Б” ХХК 500.0 сая төгрөг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Төрийн банк нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4-т заасан Дараах тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй, 492.4.2 хөрөнгө шилжүүлсэн этгээд шударга бус хандаж нөгөө этгээдийнхээ үйлдэлд саад хийсэн болох нь дээр дурдсан баримтуудаар батлагдаж байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болно. Иргэн Т.Елемес миний бие нэхэмжлэлд дурдсанчлан “Э” ХХК-ийг үүсгэн байгуулагч биш болохыг нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримт болох Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 сарын 13-ны 2243 дугаар шийдвэрт хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгчийн Төрийн банкнаас “Э“ ХХК-д тулган хүлээлгэсэн болзол болох бусдын төлөх найдваргүй зээлийг хаах зорилгоор шинэ зээлдэгчид олгосон зээлээсээ зөвхөн суутгаж авахын тулд манай компанийг шахаж хувь нийлүүлэгчээр “Б” ХХК-ийн захиралд Т.Елемесийг хамтран хувь нийлүүлэгчээр нэмж бүртгүүлж, өмч хөрөнгөнд маань хүртэл түүний нэрийг хүчээр оруулуулсан нь хууль бус төдийгүй олгосон зээлээсээ бидэнд мэдэгдэхгүй дураараа данс нээж түүгээрээ гүйлгээ хийж “Б” ХХК-ийн зээлийг төлсөн гэх тайлбараар няцааж байна. Банк 2011 оны 02 сарын 15-ны өдөр Төрийн банк, “Э” ХХК-ийн хоорондын 12 дугаартай, батлан даалтын гэрээ гэгчийг “Э” ХХК-ийн нэг гишүүн Т.Елемес миний оролцоогүйгээр байгуулж тусгай данс нээж 270,001,079.68 төгрөгийг тусгаарлан төвлөрүүлж энэ дүнгээс 2011 оны 03 сарын 31-ний өдөр “Б” ХХК-ийн зээлийн дансанд 100.0 сая төгрөгийг 30 тоот зээлийн гэрээний хүүнд төлсөн гэсэн утгатай гүйлгээг хийсэн байсан. Энэхүү хүчин төгөлдөр бус батлан даалтын гэрээнээс үүдэлтэйгээр “Э” ХХК-ийн хоёр гишүүн болох Ш.Аззаяа бидний хооронд үл ойлголцол үүсэж зөрчилдөх болсноор миний бие нь 2011 оны 12 сарын 30-ны өдрөөс “Э” ХХК-ийн гишүүнчлэлээс татгалзаж эрх, үүргээ Ш.Аззаяад шилжүүлсэн. “Б” ХХК нь 2007 оны 09 сарын 21-ний өдрөөс 2008 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Зоос банкнаас 3 удаа нийтдээ 1,800,000,000 төгрөгийг сарын 1,85 ба 2,1 хувийн хүүтэй зээлдэн авч Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцны барилга барьсан. Барилгын ажил хэвийн явагдаж зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан. 2008 оны сүүлээр эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлж орон сууц борлогдохгүй болсноос зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Засгийн газраас орон сууцны санхүүгийн корпораци байгуулж банк, орон сууцны корпораци, барилгын компанийн хооронд гурвалсан гэрээ байгуулж орон сууцнуудаа борлуулж эхэлсэн. 2010 оны 06 сарын 11-ний байдлаар “Б” ХХК нь банканд 1,046,881,300 төгрөг төлсөн. Төрийн банк нь 2010 оны 06 сарын 14-ний 92 дугаартай, зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр 1 м.кв талбайг нь 1,150,000 төгрөгөөр борлогдож байсныг 900,000 төгрөгөөр 898,22 м.кв талбай бүхий 15 орон сууцыг 808,398,000 төгрөгөөр тооцож банкны өмчлөх бусад эд хөрөнгөнд хурааж авснаар зээлийн гэрээний үүргүүд дуусгавар болсон. “Б” ХХК нь банкны зээл, хүүгийн төлбөрт 2010 оны 12 сарын 31-ний байдлаар 2,147,032,000 төгрөг, 2011 оны 12 сарын 31-ний байдлаар 2,810,476,411 төгрөг төлсөн. “Б” ХХК-ийн зээлийн гэрээний бүх үүрэг 2010 оны 06 сарын 14-ний өдөр дуусгавар болсон байхад банк нь 2011 оны 03 сарын 11, 31-ний өдрүүдэд 500.0 сая төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт суутгах гүйлгээг хийж, дээр нь бас дахин 136.0 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж банк Чингэлтэй дүүргийн шүүхэд 2012 онд нэхэмжлэл гаргасан. Уг маргааны талаар шүүхэд хэрэг хэлэлцэх шатанд шүүгчийн захирамжийн дагуу Төрийн банк, “Б” ХХК-ийн хоорондын төлбөрийн талаар тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд “Б” ХХК нь зээл, зээлийн хүүгийн төлбөргүй болохыг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 сарын 20-ны 1101, Нийслэлийн шүүхийн 2012 оны 09 сарын 19-ний 712, Улсын дээд шүүхийн 2012 оны 11 сарын 27-ны 721 дугаар хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдээр тогтоосон болно. 2015 оны 12 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандаж гаргасан Төрийн банканд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэх Төрийн банкны гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс “Б” ХХК-ийн захирал Т.Елемес надад холбогдуулан гомдлыг шалгаж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2016 оны 01 сарын 11-ний 218 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Банканд учруулсан хохирлын талаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол хүчин төгөлдөр байхад иргэний журмаар дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй. “Б” ХХК-ийн Төрийн банктай байгуулсан зээлийн 24 ба 30 тоот гэрээний үүргүүд 2010 оны 06 сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон гэдгийг тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад Төрийн банк нь “Э” ХХК-д 2011 оны 01 сарын 18-ны өдөр зээл олгохоор шийдвэрлэж, 3 дугаар сарын 11, 31-ний өдрүүдэд олгосон зээлийн дүнгээс “Б” ХХК-ийн 24 ба 30 тоот зээлийн гэрээний үүрэгт 500,000,000 төгрөгийг хууль зөрчиж суутган төлүүлчхээд одоо түүнийг үндэслэлгүйгээр олж авсан гэж нэхэмжилж байгаа нь утгагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Банк ашгийн төлөө хэт улайрч манай компанийн бизнесийн нэр хүнд, миний хувийн нэр төрд олон жил халдаж бие, сэтгэл, эд хөрөнгөөр хохироож байна. Миний бие нь 2012 оноос хойш өвчний учир удаан хугацаанд гадаад улсад явж эмчилгээ хийлгэж байсан учраас 2012 онд Төрийн банктай тооцоо нийлэх үед зээлийн хүүнд илүү төлсөн мөнгөө буцаан нэхэмжилж амжаагүй. Иймээс холбогдох баримтуудыг бүрдүүлэн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байна. Иймд Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: Шүүхээс манай компанийг хариуцагчаар оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнд дараах тайлбарыг гаргаж байна. Төрийн банкны нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох иргэний хэрэг 2012 оны 12 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцэгдэж шийдвэр гарсан. Нэхэмжлэгч Төрийн банкнаас Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр, магадлалын дагуу манай компани өр төлбөрөө, хүү, алдангийн хамт бүрэн төлж барагдуулж, барьцаалагдсан эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэн авсан болно. Иймд өмнө нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн өр төлбөрөө төлж барагдуулсан зээлийн гэрээний үүрэгт дахин нэхэмжлэл гаргасан байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай компани улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Төрийн банкны хууль бус үндэслэлгүй нэхэмжлэлээс болж тендерт оролцох бүх боломжоо алдаж хохирсон. Иймд уг хэрэг маргаанд хамааралгүй болохыг шүүхийн шийдвэрт тодорхой тусган шийдвэрлэж ажил үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: “Б” ХХК нь Зоос банкнаас 2007 оны 09 сарын 21-ний 11 тоот зээлийн гэрээгээр 900,000,000 төгрөгийг жилийн 22,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, 2008 оны 06 сарын 25-ны өдөр 24 тоот зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг, жилийн 25,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, 2008 оны 07 сарын 28-ны 30 тоот зээлийн гэрээгээр 700,000,000 төгрөгийг 25,20 хувийн хүүтэй, 23 сарын хугацаагаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдэн авсан. Зээлийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцны барилга барьсан. Барилгын ажил хэвийн явагдаж зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан. 2008 оны сүүлчээр эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлж барьж ашиглалтад оруулсан орон сууц борлогдохгүй болсноос зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Эдийн засгийн хямралыг зээл авахаас өмнө урьдчилан тооцоолох боломжгүй байсан бөгөөд тухайн үед арилжааны бүх банк, барилгын компаниудыг бүхэлд нь хамарсан хүнд нөхцөл байдал үүссэн. Засгийн газар 2009 оны 10 сарын 14-ний өдөр Барилгын салбарт үүссэн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, арилжааны банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тухай 321 дугаартай тогтоол гаргаж орон сууцны санхүүгийн корпорацийг байгуулснаар банк, барилгын компани, ОССК-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж тус компани орон сууцнуудаа худалдан борлуулж эхэлсэн. Төрийн банк нь 2010 оны 01 сарын 14-ний 62 тоот албан бичгээр МХАҮТ болон ОССК-д манай компанийн өмнө төлсөн зээл, хүү, үлдэгдэл зээл, хүүг тодорхойлж ОССК-тай хамтран ажиллахыг мэдэгдсэн. Мэдэгдлийн хариуд ОССК нь 2010 оны 04 сарын 23-ны 5/475 тоот албан бичгээр 1,714,993,534 төгрөгийн зээлийг төлж барагдуулах шаардлагатайг мэдэгдсэн. Манай компани банк болон ОССК-аас хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн тулд орон сууцнуудыг ямар ч ашиггүй, үйл ажиллагааны зардлын алдагдалтайгаар худалдан борлуулж 2010 оны 06 сарын 11-ний байдлаар 1,046,881,300 төгрөгийн зээл, хүүг төлж барагдуулсан. Төрийн банк нь борлогдоогүй үлдсэн 15 орон сууцыг 2010 оны 06 сарын 14-ний 92 тоот Зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр 1 м.кв талбайг нь 1,150,000 төгрөгөөр борлуулж байсныг 900,000 төгрөгт тооцож, 898.22 м.кв талбай орон сууцыг 808,398,000 төгрөгөөр бодож банкны өмчлөх бусад эд хөрөнгөнд хурааж авснаар нийтдээ 1,855,279,300 төгрөг төлөгдөж 24 ба 30 тоот зээлийн гэрээний үүргүүд дуусгавар болсон.

Өөрөөр хэлбэл, шаардах эрх шилжүүлэх гэрээний дүнгээс 778,733,718 төгрөг илүү төлөгдсөн. “Б” ХХК-ийн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь Зоос банк-ийг татан буулгах үед чанаргүй зээлийн ангилалтай байсан учир Зоос банкны эрх хүлээн авагчид хүү нь зогсоогдох байтал Төрийн банк сайн актив хөрөнгө гэж үзэн гэрээний үүргийн шаардах эрхийг шилжүүлэн авсан нь эхнээсээ ашиг хөөсөн шударга бус үйлдэл болсон нь харагдаж байна. Зоос банк болон Төрийн банк хооронд байгуулсан 2009 оны 11 сарын 25-ны Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр “Б” ХХК-ийн 2008 оны 06 сарын 25-ны 24 тоот 2008 оны 07 сарын 28-ны 30 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн биелэлт буюу зээлийн хүүнд нийт 1,076,545,882 төгрөгийг Төрийн банканд шилжүүлж өгөхөөр заасан. Шаардах эрх шилжүүлэх гэрээний нөхцөлд 2007 оны 09 сарын 21-ний 11 тоот зээлийн гэрээний талаар тусгагдаагүй, гэрээний үүрэг нь Төрийн банканд шилжээгүй байхад ШЭШГэрээний хугацаа дууссанаас хойш 117,828,384 төгрөгийг 11 тоот гэрээний үүрэгт суутган төлүүлсэн нь үндэслэлгүй байна. Төрийн банк нь банкны өмчлөх бусад хөрөнгөнд шилжүүлэн авсан хөрөнгөө худалдан борлуулахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Т.Елемес миний нэр дээр 3400031558 тоот харилцах данс нээж, 2010 оны 06 сарын 21-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 556,856,700 төгрөгийн орлого авахуулж, улмаар худалдан борлуулсан дүнгээс банкны төлөх ёстой НӨАТ-ыг надаар төлүүлж хохироосон. Банкны тухай хуулийн 16.1.4-т харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх гэсэн заалтыг зөрчиж 2010 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд манай компанийн 2418044270 тоот байгууллагын харилцах дансанд орсон бусад орлогуудыг бүгдийг нь суутган авсан ба 543,294,300 төгрөгийг битүүмжилж байгаад зээл төлүүлсэн. 2011 онд зээлийн төлбөр төлөгдөөд дуусчихсан байхад компанийн харилцах дансанд шилжин орсон 71,854,865 төгрөгийг зээл, хүүний төлбөрт гэсэн утгатай гүйлгээ хийж дур мэдэн суутган авсан. Эдгээр бүх гүйлгээний дансны хуулгууд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 сарын 20-ны 1101 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлагдсан. Зээл төлөхөд гарсан хүндэтгэх шалтгааныг харгалзан үзэхийг тус компанийн дараагийн албан бичгүүд, ҮХХЭБГ, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагуудын албан бичгээр мэдэгдсээр байхад Төрийн банк хууль бус үйлдлээрээ тус компанийг 2010 онд 672,286,467 төгрөгийн, 2011 онд 78,095,029 төгрөгийн алдангид оруулсан нь “Ньюбланс аудит” ХХК-ийн 2010 оны 01 сарын 13-ны А5 тоот албан бичиг, 2012 оны 01 сарын 30-ны өдрийн аудитласан санхүүгийн тайлангийн дүгнэлтээр нотлогдсоныг мөн хэрэгт баримтаар хавсаргасан. Зээлийн гэрээний бүх үүрэг нь 2010 оны 06 сарын 14-ний өдөр дуусгавар болсон байхад Төрийн банк нь 2011 оны 03 сарын 11, 31-ний өдрүүдэд 500 сая төгрөгийг “Э” ХХК-д олгосон зээлээс зээлийн хүүгийн төлбөрт суутгах орлого, зарлагын гүйлгээг ажлын бус цагаар хийсэн байсан. 2012 оны 3 сард 136,0 сая төгрөгийн зээлийн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг гаргуулна гэж манай компанид холбогдуулан Төрийн банк шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг маргааны талаар шүүхэд хэрэг хэлэлцэх шатанд шүүгчийн захирамжийн дагуу Төрийн банк, “Б” ХХК хоорондын төлбөрийн талаар тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд “Б” ХХК нь зээл, зээлийн хүүгийн төлбөргүй болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 сарын 20-ны 1101, Нийслэлийн шүүхийн 2012 оны 09 сарын 19-ний 712, Улсын дээд шүүхийн 2012 оны 11 сарын 27-ны 721 дугаар хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдээр тогтоогдсон болно. Зээлийн төлбөрийг хорогдуулах гүйлгээг хийхдээ Иргэний хуулийн 216.1, 216.2, 216.3, 216.4 дэх заалтуудыг банк зөрчиж хугацаа нь болсон зээлийн төлбөрийг үндсэн зээлээс тооцолгүй, хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүнд тооцон төлүүлж, 3 удаагийн зээлийн илүү хүнд нөхцөлтэй буюу өндөр хүүтэй зээл болох 24 ба 30 тоот зээлийн гэрээний үүрэг байхад бага хүүтэй 11 тоот зээлийн гэрээний хүүгийн төлбөр төлүүлсэн. “Б” ХХК нь 11, 24, 30 тоот зээлийн гэрээний үүрэгт 2010 оны 12 сарын 31-ний байдлаар 2,147,032,000 төгрөг, 2011 оны 12 сарын 31-ний байдлаар 2,810,476,411 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж банк өөрөө суутган төлүүлсэн 500,000,000 төгрөгийг оролцуулж тооцохгүйгээр хууль зөрчиж данснаас суутган илүү төлүүлсэн зээл, зээлийн хүү, НӨАТ-ын төлбөрийн дүнг зээлийн тооцоо нийлсэн акт болон бусад баримтад үндэслэн тооцвол: 11 тоот зээлийн гэрээний зээлийн хүүнд 117,828,384 төгрөг, 24 ба 30 тоот зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөрт 71,854,965 төгрөг, 24 ба 30 тоот зээлийн гэрээний зээлийн хүүнд 124,723,737 төгрөг буюу нийт 1,314,404,986 төгрөг, банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөнд бүртгүүлсэн 808,398,000 төгрөгийн хөрөнгийг худалдан борлуулахдаа манай компанийн дансаар дамжуулж борлуулалт хийсний улмаас НӨАТ-т төлүүлж хохироосон 80,839,800 төгрөг нийт 395,244,786 төгрөгийн хохирлыг компанид учруулсан, Төрийн банкнаас дээрх хохирлыг нэхэмжилж байна. Түүнчлэн манай компанийн бизнесийг дэмжиж шинээр зээл олгоно гэж банкны удирдлагын зүгээс бидэнтэй харилцан тохирсон атлаа тус компанийн захирал Т.Елемес миний харилцах дансны зарлагын гүйлгээ хийх эрхийг хууль бусаар хязгаарлаж дээрх мөнгөн хөрөнгийг компанийн данснаас дур мэдэн суутган авч хохироосон. Төрийн банк нь 2015 оны 12 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандаж гомдол гаргаснаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс уг гомдлыг шалгаж 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 218 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Банк нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар төр, засгаас хэрэгжүүлэхээр гаргасан уян хатан бодлогыг үл хэрэгсэж ашгийн төлөө хэт улайрч, бизнес эрхлэгчдийг дэмжих биш эсрэгээрээ дарамтад оруулж манай компанийн бизнесийн нэр хүндэд халдаж байна. Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 76 дугаар зүйлийн 76.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 сарын 27-ны 721 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тоолон хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан болно. Иймд тус компанид учруулсан хөрөнгийн хохиролд 395,244,786 төгрөгийг “Төрийн банк” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-аас гаргасан хариу тайлбарт: “Төрийн банк” ХХК нь “Б” ХХК болон “Зоос банк”-ны байгуулсан 2007 оны 09 сарын 21-ний өдрийн 900,000,000 төгрөгийн 11 тоот зээлийн гэрээ, 2008 оны 06 сарын 25-ны өдрийн 200,000,000 төгрөгийн 24 тоот зээлийн гэрээ, 2008 оны 07 сарын 28-ны өдрийн 700,000,000 төгрөгийн 30 тоот зээлийн гэрээний үүрэгт илүү төлбөр аваагүй бөгөөд тус компанид ямар нэгэн хохирол учруулаагүй, мөн эдгээр асуудлаар шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01318 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хариуцагч нараас 500,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, “Төрийн банк” ХХК-иас эд хөрөнгийн хохирол 395,244,786 төгрөг гаргуулахыг хүссэн “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид “Төрийн банк” ХХК-ийн төлсөн 2,657,950 төгрөг, хариуцагч “Б” ХХК-иас төлсөн 2,134,174 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1883 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  6  дугаар  сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 500,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, “Э” ХХК-д холбогдох нэхэмжлэл болон “Төрийн банк” ХХК-иас 395,244,786 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөг, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,134,174 төгрөгийг төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 2,657,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1883 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 182/ШШ2018/01318 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1-д заасны дагуу мөн зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн харилцааг гэрээний бус эрх зүйн харилцаа гэж үзэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. “Б” ХХК-ийн 11, 24, 30 тоот зээлийн гэрээний үүргүүд 2010 оны 06 сарын 14-ний өдөр дуусгавар болсон байхад банк нь 2011 оны 03 сарын 11, 31-ний өдрүүдэд “Э” ХХК-д олгосон 975,000,000 төгрөгийн зээлээс:

-Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу...зээлдээ шилжүүлэх” гэж,

-Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 ”Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх” гэж,

-Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 08 сарын 11-ний 475/1 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т " хугацаа хэтэрсэн ангиллын зээл", мөн журмын 2.10-т “Тухайн зээлдүүлэгч нь зээл түүний хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байгуулах зэргээр төлүүлэхийг хориглоно” гэж,

-“Экспресс трейд” ХХК-тай байгуулсан 57 тоот зээлийн гэрээний 2.1.1, 2.1.5-д “Зээлийн мөнгийг зөвхөн хөрөнгө оруулалтад зориулж ашиглана” гэж тус тус заасныг “Төрийн банк” ХХК зөрчиж анхнаасаа зээл төлүүлэх зорилгоор тэрхүү хүсэл зоригоо илэрхийлэн Зээлийн ерөнхий хорооны хурлын 2011 оны 01 сарын 18-ны 01 дугаартай шийдвэртээ: "Б” ХХК-ийн зээлийг төлөхтэй холбогдуулан тоног төхөөрөмж худалдан авах урьдчилгаа төлбөрт 129.0 сая төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахад 471.0 сая төгрөг, “Б” ХХК-ийн зээлийг төлөхөд 400.0 сая төгрөгийг хэсэгчлэн олгох” гэсний дагуу банк гаргасан шийдвэрээ баталгаажуулж, “Б” ХХК-ийн зээлийн дансанд ажлын бус цагаар бэлэн бус 2 удаагийн гүйлгээгээр 500,000,000 төгрөгийг банк өөрөө суутган төлүүлсэн нь дансны хуулгууд түүнд үндэслэсэн тооцоо нийлсэн актаар батлагдана.

Дээрх шийдвэрүүд нь “Төрийн банк” ХХК-иас шүүхэд гаргасан “Б” ХХК-ийн зээлийн дансны хуулгууд, “Төрийн банк” ХХК болон “Б” ХХК-иуд хоорондоо тооцоо нийлж баталгаажуулсан актад үндэслэн гарсан хүчин төгөлдөр шийдвэр юм. Энэхүү тооцоо нийлсэн актаас харахад 500,000,000 төгрөг нь Төрийн банк өөрөө “Б” ХХК-ийн зээлийн төлбөрт илүү тооцож төлүүлсэн хөрөнгө байх ба “Б” ХХК-ийн харилцах дансанд шилжээгүй учраас “Б” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн магадлал бодит байдалтай нийцэхгүй байна. Гэтэл Төрийн банк нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд биш бөгөөд уг зүйлийг олж авсан этгээд нь ч “Б” ХХК биш, учир нь “Б” ХХК нь нэхэмжилж буй 500,000,000 төгрөгийг бодитоор захиран зарцуулах эрхийг олж аваагүй, манай оролцоогүйгээр “Төрийн банк” ХХК өөрийн гаргасан Зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн өөр этгээдэд олгосон зээлийн дүнгээс “Б” ХХК-д мэдэгдэхгүйгээр зээлийн төлбөрт нь хууль зөрчин суутган авсан болох нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 сарын 01-ний өдрийн 2243 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 05 сарын 27-ны 404 дүгээр магадлалаар тус тус тогтоогдсон тул “Б” ХХК-ийг 500,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хуулийг илтэд буруу хэрэглэж, тайлбарласан дүгнэлт хийсэн.

Төрийн банк нь “Б” ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээ болон нэхэмжилж буй 500,000,000 төгрөгтэй холбогдуулан 2012 оны 3 сард нэхэмжлэл гаргасан. Уг маргааны талаар анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэх шатанд шүүгчийн захирамжийн дагуу Төрийн банк ХХК, “Б” ХХК-ийн зээлийн хооронд төлбөрийн талаар тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд “Б” ХХК нь “Төрийн банк” ХХК-д зээл, зээлийн хүүгийн төлбөргүй болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 сарын 20-ны 1101 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 09 сарын 19-ний 712 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 11 сарын 27-ны 721 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон болно. Иймээс хуулийн 65.1.6, 117.1-д заасны дагуу шийдвэрлэх байсныг шүүх зөрчсөн.

Хоёр. Шүүх хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй тухайд. Магадлалын Хянавал хэсэгт  “Б” ХХК нь "Зоос" банкнаас манай компанийн авсан зээлийн өрийг "Төрийн банк” ХХК нь шаардах эрх шилжүүлэх гэрээгээр "Зоос” банкнаас шилжүүлэн авсан бөгөөд 24 ба 30 тоот зээлийн гэрээний төлбөрт 500,000,000 төгрөгийг суутган авсан гэх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч “Б” ХХК-иас зээлийн өр, төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгч “Төрийн банк”-тай байгуулсан зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээнд 500,000,000 төгрөгийг төлбөрт суутгасан байдал баримтаар нотлогдохгүй гэж зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр хөрөнгө шилжүүлсэн байхад 500,000,000 төгрөгийг суутган авсан гэх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй болно” гэсэн тэс хөндлөн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй ба энэхүү дүгнэлтийг дараах баримтаар няцааж байна.

“Б” ХХК нь Зоос банкнаас 2007 оны 09 сарын 21-ний 11 тоот зээлийн гэрээгээр 900,000,000 төгрөгийг жилийн 22,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, 2008 оны 06 сарын 25-ны өдөр 24 тоот зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг жилийн 25,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, 2008 оны 07 сарын 28-ны 30 тоот зээлийн гэрээгээр 700,000,000 төгрөгийг 25,20 хувийн хүүтэй, 23 сарын хугацаагаар, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдэн авсан. Зээлийн гэрээний хугацаанууд сунгагдаагүй. “Б” ХХК нь 3 удаагийн зээлийн нийт дүн 1,800,000,000 төгрөгийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 2010 оны 06 сарын 11-ний өдрийн байдлаар 1,046,881,300.00 төгрөг, 2010 оны 12 сарын 31-ний байдлаар 2,147,032,000 төгрөг, 2011 оны 12 сарын 31-ний байдлаар нийтдээ 2,810,476,411 төгрөг төлсөн.

            “Зоос банк” ХХК болон “Төрийн банк” ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 11 сарын 25-ны “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр “Б” ХХК-ийн 2008 оны 06 сарын 25-ны 24 тоот, 2008 оны 07 сарын 28-ны 30 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг болох зээл хүүгийн төлбөр нийт 1,076,545,882 төгрөгийг шаардах эрх Төрийн банкинд шилжсэн бөгөөд зээлийн 11 тоот гэрээний үүрэг Зоос банкны үед дуусгавар болсон байсан. “Төрийн банк” ХХК нь “Б” ХХК-ийн зээлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан 1 м.кв талбайг нь 1,150,000 төгрөгөөр борлуулж байсан орон сууцнаас 15 орон сууцыг 2010 оны 06 сарын 14-ний өдрийн 92 тоот “Зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр 1 м.кв талбайг нь 900,000 төгрөгт тооцож, 898,22 м.кв талбай орон сууцыг 808,398,000 төгрөгөөр бодож банкны өмчлөх бусад эд хөрөнгөд хурааж авснаар 1,855,279,300.00 төгрөг төлөгдөж 24 ба 30 тоот зээлийн гэрээний үүргүүд дуусгавар болсон нь хэрэгт авагдсан “Төрийн банк” ХХК ба “Б” ХХК-ийн тооцоо нийлсэн актаар батлагдана.

Магадлалд “...нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй "Б” ХХК-д холбогдох 11, 24, 30 тоот зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Чингэлтэй дүүргийн шүүх 2012 оны 07 сарын 20-ны 1101 өдрийн 1101 дүгээр шийдвэрээр, Нийслэлийн шүүх 2012 оны 09 сарын 19-ний өдрийн 707 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүх 2012 оны 11 сарын 27-ны өдрийн 721 дүгээр тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдээр 24, 30 тоот гэрээний үүрэгт 500,000,000 төгрөгийг суутгасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт нь илтэл ташаа, үндэслэлгүй дүгнэлт болсныг дараах баримтаар няцааж байна.

“Б” ХХК нь банкны зээл, хүүгийн төлбөрт 2011 оны 12 сарын 31-ний байдлаар нийт 2,810,476,411 төгрөг төлсөн. “Б” ХХК-ийн зээлийн гэрээний бүх үүрэг 2010 оны 06 сарын 14-ний өдөр дуусгавар болсон байхад “Төрийн банк” ХХК нь 2011 оны 03 сарын 11,31-ний өдрүүдэд 500.0 сая төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт суутгах гүйлгээг хийж улмаар дахин 136.0 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж Чингэлтэй дүүргийн шүүхэд 2012 онд нэхэмжлэл гаргасан. Уг маргааны талаар шүүгчийн захирамжийн дагуу “Төрийн банк” ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн зээлийн болон зээлдэгчийн харилцах дансны хуулгад үндэслэн талууд тооцоо нийлж актаар баталгаажуулсан бөгөөд “Б” ХХК нь зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэлгүй болохыг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 1101 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 712 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 721 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон болно. “Төрийн банк” ХХК-ийн тухайн үеийн ажиллагсдын хууль, журам зөрчиж гаргасан Зээлийн ерөнхий хорооны хурлын 2011 оны 01 дугаартай шийдвэрээс үүдэлтэй энэхүү буруутай үйлдлийг залруулах зорилгоор “Төрийн банк” ХХК-ийн дараагийн удирдлага нь Эрсдэлийн удирдлагын хорооны хурлын 2016 оны 16/04, 23/05 дугаартай 2 удаагийн шийдвэрээр дээрх 500,000,000 төгрөгтэй холбоотой програмд үүссэн өрийн асуудлыг банкны эрсдэлийн сангаас хорогдуулан хаахаар шийдвэрлэснийг хэрэгт баримтаар гаргуулж хавсаргасан болно.

Гурав. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд. Давж заалдах шатны шүүх ИХШХШ тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Магадлалд “Б ХХК нь “Зоос банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндэслэлгүйгээр төлсөн гэх 395,244,786 төгрөгийг “Төрийн банк” ХХК-иас шаардсан боловч энэхүү сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасантай нийцжээ” гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн агуулгад бодит дүгнэлт хийгээгүй. Банкны тухай хуулийн 16.1.4-т заасныг зөрчиж 2010 оны 06 сарын 17-ны өдрөөс 2010 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд манай компанийн 2418044270 тоот харилцах дансанд орсон бусад орлогуудыг бүгдийг нь суутган авсан ба 543,294,300 төгрөгийг битүүмжилж байгаад зээлийн төлбөрт суутгасан. 2011 онд зээлийн төлбөр бүрэн төлөгдөөд дуусчихсан байхад компанийн харилцах дансанд шилжин орсон 71,854,865 төгрөгийг зээл, хүүний төлбөрт гэсэн утгатай гүйлгээ хийж дур мэдэн суутган авсан. Эдгээр бүх гүйлгээний дансны хуулгууд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 1101 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлагдсан бөгөөд энэхүү маргаантай хэрэгт мөн баримтаар гаргаж өгсөн. “Төрийн банк” ХХК нь 2011 оны 03 сарын 11-ний өдрийн 18 цаг 47 минутад “Экспресс трейд” ХХК-д 400.0 сая төгрөгийн орлогын шилжүүлэг, 18 цаг 48 минутад “Б” ХХК-ийн зээлийн төлбөрт 400.0 сая төгрөгийн зарлагын гүйлгээ, 2011 оны 03 сарын 31-ний өдрийн 18 цаг 07 минутад “Экспресс трейд” ХХК-д 100.0 төгрөгийн орлогын шилжүүлэг, 18 цаг 09 минутад “Б” ХХК-ийн зээлийн төлбөрт 100.0 төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус надад мэдэгдэхгүйгээр хийсэн байсан. 2011 оны 02 сарын 15-ны өдөр Төрийн банк, “Экспресс трейд” ХХК-ийн хоорондын 12 дугаартай Батлан даалтын гэрээ гэгчийг “Экспресс трейд” ХХК-ийн нэг гишүүн Т.Елемес миний оролцоогүйгээр байгуулж 3400033354 тоот тусгай данс нээж 270,001,079.68 төгрөгийг тусгаарлан төвлөрүүлж энэ дүнгээс 2011 оны 03 сарын 31-ний өдөр “Б” ХХК-ийн зээлийн дансанд 100.0 сая төгрөгийг 30 тоот зээлийн гэрээний зээлийн хүүнд төлсөн гэсэн утгатай гүйлгээг хийсэн байсан. Энэхүү хүчин төгөлдөр бус “Батлан даалтын гэрээ”-нээс үүдэлтэйгээр “Экспресс трейд” ХХК-ийн хоёр гишүүн болох Ш.Аззаяа бидний хооронд үл ойлголцол үүсч зөрчилдөх болсноор миний бие нь 2011 оны 12 сарын 30-ны өдрөөс “Экспресс трейд” ХХК-ийн гишүүнчлэлээс татгалзаж эрх, үүргээ Ш.Аззаяад шилжүүлсэн. Төрийн банк нь “Экспресс трейд” ХХК, “Б” ХХК-ийн зээлийн төлбөрийн талаар маргааныг нэг мөр эцэслэн нэгтгэн шийдвэрлүүлэхээс санаатайгаар зайлсхийн шүүхэд тус тусд нь нэхэмжлэл гаргаж асуудлыг улам бүр ойлгомжгүй болгон 2011 оноос хойш шүүх, хууль сахиулах байгууллагад хариуцагч, сэжигтнээр холбогдуулан шалгуулж чирэгдэл учруулан манай компанийн нэр төрийг гутаасаар ирсэн.           

2015 оны 12 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гаргасан гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс “Б” ХХК-ийн захирал Т.Елемес надад холбогдуулан шалгаж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2016 оны 01 сарын 11-ний 218 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Банкинд учруулсан хохирлын талаар гарсан гомдлыг нэгэнт өмнө нь эрүүгийн журмаар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байхад иргэний журмаар дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Төрийн банк нь банкны өмчлөх бусад хөрөнгөнд шилжүүлэх авсан хөрөнгөө худалд борлуулахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Т.Елемес миний нэр дээр 3400031558 тоот харилцах данс нээж, 2010 оны 06 сарын 21-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 556,856,700.00 төгрөгийн орлого авахуулж, улмаар худалдан борлуулсан дүнгээс банкны төлөх ёстой НӨАТ-ыг тус компаниар төлүүлж хохирол учруулсан. Зээл төлөхөд гарсан хүндэтгэх шалтгааныг харгалзан үзэхийг хүссэн тус компанийн удаа дараагийн албан бичгүүд, ҮХХЭБГ, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагуудын албан бичгээр мэдэгдсээр байхад Төрийн банк хууль бус үйлдлээрээ тус компанийг 2010 онд 672,286,467 төгрөгийн, 2011 онд 78,095,029 төгрөгийн алдагдалд оруулсан нь “Ньюбаланс аудит” ХХК-ийн 2010 оны 01 сарын 13-ны А5 тоот албан бичиг, 2012 оны 01 сарын 30-ны Б44 тоот аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтээр нотлогдсон. “Б” ХХК нь 11, 24, 30 тоот зээлийн гэрээний үүрэгт 2011 оны 12 сарын 31-ний байдлаар нийтдээ 2,810,476,411.00 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж банк өөрө суутган төлүүлсэн 500,000,000.00 төгрөгийг оролцуулж тооцохгүйгээр хууль зөрчиж данснаас суутган илүү төлүүлсэн зээл, зээлийн хүү, НӨАТ-ын төлбөрийн дүнг зээлийн тооцоо нийлсэн акт болон бусад баримтад үндэслэн тооцож:

-11 тоот зээлийн гэрээний зээлийн хүүнд 117,828,384 төгрөг буюу “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний нөхцөлд 2007 оны 09 сарын 21-ний 11 тоот зээлийн гэрээний үүргийн талаар тусгагдаагүй, уг гэрээний үүрэг Төрийн банкинд шилжээгүй байхад гэрээний хугацаа дууссанаас хойш 117,828,384 төгрөгийг илүү суутгаж төлүүлсэн.

-24 ба 30 тоот зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөрт 71,854,965.00 төгрөг,

-24 ба 30 тоот зээлийн гэрээний зээлийн хүүнд 124,723,737.00 төгрөг буюу нийт 314,404,986.00 төгрөг,

-банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөнд бүртгүүлсэн 808,398,000.00 төгрөгийн хөрөнгийг худалдан борлуулахдаа манай компанийн дансаар дамжуулж борлуулалт хийсний улмаас НӨАТ-т төлүүлж 80,839,800.00 төгрөгийн гэм хор учруулсан.

Ийнхүү “Төрийн банк” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас “Б” ХХК-д учруулсан нийт 395,244,786 төгрөгийн хохирлыг “Төрийн банк” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх заалтын дагуу, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.5 дэх хэсэгт зааснаар хугацааг Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 сарын 27-ны өдрийн 721 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг НИХДЗШШ хянаж үзээгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр ИХШХШ тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1883 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/01318 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                              

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК  нь хариуцагч “Б” ХХК, “Э” ХХК-д холбогдуулан 500,000,000,00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас 395,244,786.00 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гарган маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Баянгол дүүргийн шүүхийн  2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2243 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр магадлалд заасан зээлийн гэрээний үүргийн шаардах эрхийн талаарх дүгнэлтийг нэхэмжлэлийн энэ шаардлагад хамааруулан буруу үндэслэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Төрийн банк” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 975,000,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалт олгосон 57 тоот зээлийн гэрээнээс үүссэн маргааныг Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2243 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр магадлалаар тус тус шийдвэрлэжээ. /I хх- 48-65/

Дээрх маргааныг шүүх шийдвэрлэхдээ банк зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг “Э” ХХК-д шилжүүлсэн, “Э” ХХК нь хоёр удаагийн гүйлгээгээр 500,000,000.00 төгрөгийг “Б” ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримтыг тогтоосон бөгөөд “Төрийн банк” ХХК, “Э” ХХК-ийн байгуулсан 57 тоот зээлийн гэрээний 475,000,000.00 төгрөгийг зээлийн зориулалтаар, 500,000,000.00 төгрөгийг зориулалт бусаар олгосон тул 500,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг зээлийн гэрээний үүргийн дагуу шаардах эрхгүй талаар дүгнэж, энэ талаар “Б” ХХК-иас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас 500,000,000.00 төгрөг “Э” ХХК-ийн дансаар дамжиж хариуцагч “Б” ХХК-ийн дансанд орсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд “Төрийн банк” ХХК, “Б” ХХК-ийн хооронд гэрээний үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар “Б” ХХК-иас дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, хариуцагч “Э” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т заасныг зөрчөөгүй байна.  

Хариуцагч “Б” ХХК “Зоос банк”-наас манай компанийн авсан зээлийн өрийг “Төрийн банк” ХХК нь шаардах эрх шилжүүлэх гэрээгээр “Зоос банк”-наас шилжүүлэн авсан бөгөөд 24, 30 тоот зээлийн гэрээний төлбөрт 500,000,000.00 төгрөгийг суутган авсан” гэж тайлбар гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох 11,24,30 тоот зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Чингэлтэй дүүргийн шүүх 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1101 дүгээр шийдвэрээр, Нийслэлийн шүүх 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 707 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүх 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 721 дүгээр тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 24,30 тоот гэрээний үүрэгт 500,000,000.00 төгрөгийг суутгасан гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцжээ. /Iхх -132,142-150/

“Зоос банк”-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндэслэлгүйгээр илүү төлсөн гэж 395,244,786.00 төгрөгийг “Төрийн банк” ХХК-иас шаардсан хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн  үндэслэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1883 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950.00 /хоёр сая зургаан зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН