Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02118

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02118

 

 

Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 14ий өдрийн 181/ШШ2017/02106 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинд 17 749 154 төрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Болдбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын /цаашид ДБҮЭГ гэх/ ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан боловч захирлын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/129 тоот тушаалаар миний албан тушаалыг бууруулсан. Энэ хууль бус шийдвэрийн талаар 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 7607 дугаар шийдвэр гарч, Б.Болдбаатар миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны 73 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны 001/хт2016/00277 тоот тогтоолоор тус тус дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд ДБҮЭГ-ын захирлын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажил болох тус газрын Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилогдсон. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаалаар мөн л ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнөөр 2016 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүхийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэр гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний 1868 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хариуцагч ДБҮЭГ нь энэ магадлалд гомдол гаргаагүй. Иймээс шүүхийн 7607 дугаартай шийдвэрийг үндэслэн 2015.10.07-ны өдрөөс 2016.05.04-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацааны, мөн шүүхийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэрийг үндэслэн 2016.05.19-ний өдрөөс 2016.11.14-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацааны ажилгүй байсан цалинг сарын дундаж цалингийн хэмжээ болох 1 300 872 төгрөгөөр бодож нийт 16 105 960 төгрөг гаргуулж, мөн ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан өдрийг хүртэлх хугацаан дахь цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах шаардлага гаргасан.

ДБҮЭГ-ын захирлын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг албан тушаалд томилсон тул энэ хугацааны цалин болох 805 298 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 21 619 154 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрээр надад олгохоор заасан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 870 000 төгрөгийг олгосон учир үүнийг хасаад, үлдэх 17 749 154 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.Болдбаатарыг тус газрын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас бууруулж нягтлан бодогчийн албан тушаалд томилсон 2015 оны Б/129 дүгээр тушаалыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн 2016 оны 001/хт2016/0027 дугаар тогтоолоор уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Б/129 дүгээр тушаал гарсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд Б.Болдбаатар нь нягтлан бодогчийн ажил үүргээ гүйцэтгэлгүй ажил тасалсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах нь ажил таслах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан тушаалыг биелүүлэх явцдаа зөрчигдсөн гэж буй эрхээ шүүхээр сэргээлгэх боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь тухайн ажилтны хөдөлмөрийн үр дүнд тохирсон байх ёстой бөгөөд ажлын байрыг дур мэдэн орхин ажил үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн үр дүн байхгүй, нягтлан бодогчийн албан тушаалын үүргийг гүйцэтгэлгүй байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчмыг алдагдуулсан тул Б.Болдбаатарт 2015 оны 10 сараас 2016 оны 5 сар хүртэлх хугацааны цалин хөлс олгох боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17 749 154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож, Б.Болдбаатарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлж, бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Болдбаатар, хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-аас 21 619 154 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3 870 000 төгрөгийг гаргуулахаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Болдбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 480 төгрөгийг" улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 246 696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ДБҮЭГ-ын даргын 2015/08/19-ний Б/129 дүгээр тушаалаар Б.Болдбаатарыг Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас 2015/08/20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс нягтлан бодогчийн албан тушаалд томилж, түүний сарын цалинг 847 200 төгрөгөөр, мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийн нэмэгдлийг сарын цалингийн 15 хувиар тогтоосныг тэрээр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 7607 дугаар шийдвэр гарч, түүнийг Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон бөгөөд уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Шүүхийн эдгээр шийдвэрт дээрх Б/129 дүгээр тушаалын тооцооны нягтлан бодогчоор томилсон заалтыг хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл, 2015 оны 08 дугаар сарын 19-нөөс Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны 00277 дугаар тогтоол гарах хүртэл хугацаанд Б.Болдбаатарыг нягтлан бодогчоор ажиллуулах тухай тушаалын заалт болон сарын цалингийн хэмжээг тогтоосон заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нягтлан бодогчийн ажлын байрыг орхих эрх үүсэхгүй. Хөдөлмөрийн хуулийн 39, 119 дүгээр зүйл гэсэн ажлын байрыг орхих тухай 2 зохицуулалт байна. Б.Болдбаатарыг ажлаас халсан тухай шийдвэр гарснаас хойш түүнд 2015 оны 9 дүгээр сарын 4-нд 1/155 тушаалаар дахин сахилгын арга хэмжээ авсан бөгөөд 1 дэх заалтаар 2015 оны 8 дугаар сарын 21, 24, 25-нд ажил тасалсан тул "сануулах" шийтгэл ногдуулсан. Энэ тушаалтай холбогдуулж ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд тушаалыг мэдээгүй байх боломжгүй. Түүнчлэн А/77 тушаалаар Б.Болдбаатарт 2015 оны 8 дугаар сарын 29-нөөс 10 дугаар сарын 6 хүртэл амралт олгосон. Үүнд мөн гомдол гаргаагүй, мөнгийг авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан өдөр хүртэл 7 сарын хугацаанд тооцох ёстой. Болдбаатарын үндсэн цалин 1 037 700 төгрөг бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийн нэмэгдэл сарын цалингийн 15 хувь буюу 155 655 төгрөг, нийт 1 211 355 төгрөг. 7 сарын хугацаанд тооцооны нягтлан бодогчийн цалин (847 200+127 080=974 280х7 сар)= 6 819 960 байх ёстой байсан ба амралтын мөнгө 1 568 382 төгрөг нэмбэл нийт 8 388 342 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох ёстой байжээ. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр ...дээр дурдсан баримтаар нотлогдож байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Болдбаатарын нэхэмжилж буй 17 749 154 төгрөгөөс 8 388 342 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт холбогдуулж ажилгүй байсан хугацааны олговорт 17 749 154 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатарыг ажилд нь эгүүлэн тогтоосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7607 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 00716 дугаар шийдвэр тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч Б.Болдбаатар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажилд томилогдсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр олгохоор заасан 3 870 000 төгрөгийг хасч тооцсон нь зөв байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан сүүлийн 3 сарын цалингийн дунджийг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн хэмжээгээр тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болсоноос гадна хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны талаар маргаагүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14ий өдрийн 181/ШШ2017/02106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ