Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02063

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02063

 

 

Цагаанхуаран консалтинг ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02473 дугаар шийдвэртэй, Цагаанхуаран консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Оргилд холбогдох, 100 501 416 төгрөг гаргуулах тухай үндсэн болон жилийн 5 %-ийн хүүтэй зээлд хамруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Оргил, түүний өмгөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч Б.Оргил нь 2015 онд ашиглалтад орсон 432 айлын орон сууцны барилгаас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 1 м.кв талбайг 1 820 000 төгрөгөөр 58.2 м.кв талбайтай орон сууцыг нийт 105 924 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 31 777 200 төгрөгийг төлж, үлдэх 74 146 800 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төлөхөөр байсан боловч төлөөгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч тал орон сууцны үлдэгдэл төлбөрийг түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа 7 хоногийн дотор төлөх үүргээ биелээгүй. Тухайн үед манай компани Голомт банк ХХК, Капитал банк ХХК болон Худалдаа хөгжлийн банк ХХК-тай гэрээ байгуулж, мөнгөн хадгаламж, харилцах дансанд мөнгө байршуулах, орон сууц худалдан авах иргэдэд зээл олгохтой холбоотой үйл ажиллагаанд хамтран ажилладаг байсан боловч тус гэрээг байгуулж байх тэрхүү хугацаанд жилийн 5 %-ийн хүүтэй зээл хэрэгжиж эхлээгүй байсан. Хэрэгт авагдсан Капитал банк ХХК-ийн Харин хорин салбарын зээлийн хорооны хурлын шийдвэр хариуцагчид жилийн 5 %-ийн хүүтэй зээл олгох болсон гэсэн байсан тул манай компани үүнд итгэж, гэрчилгээг түүний нэр дээр гаргасан. Гэвч, Капитал банк ХХК-ийн зээлийн хорооны хурлын шийдвэр нь гэрээ байгуулагдсаны дараа гарсан байдаг бөгөөд төрөөс зээлийн санхүүжилтийг өгөөгүй гэсэн шалтгаанаар тухайн зээл бодитоор олгогдоогүй. Цагаанхуаран консалтинг ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага биш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд бид хариуцагч Б.Оргилд жилийн 5 %-ийн хүүтэй зээлд хамруулах ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Монгол банкнаас Капитал банк ХХК-д иргэдийг жилийн 5 %-ийн хүүтэй зээл олгож байгаа мэтээр төөрөгдүүлсэн, тухайн банк энэхүү зээлийг олгоогүй гэх асуудал бол орон сууц худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй, өнгөрсөн хугацаанд хариуцагчтай адил уг зээлд хамрагдаж чадаагүй бусад худалдан авагчид ипотекийн зээл буюу жилийн 8 %-ийн хүүтэй зээл авч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар 74 146 800 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэх талаар идэвхтэй арга хэмжээ аваагүй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар хэрэв захиалагч буюу хариуцагч тал төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.03 %-ийн алданги төлөх зохицуулалттай бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 12 412 174 төгрөгийн алданги бодогдсон.

Мөн Цагаанхуаран консалтинг ХХК болон Капитал банк ХХК нарын хооронд байгуулсан харилцах болох хадгаламжийн дансны үлдэгдэлд хүү тооцох, төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээнд зааснаар хэрэв хариуцагч тал 74 146 800 төгрөгийг хугацаандаа төлсөн бол хадгаламжийн хүүгийн орлогоос 13 942 442 төгрөгийг олж, компанийнхаа үйл ажиллагаанд зарцуулах байсан. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж, тухайн төслийг цаашид хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дээр дурдсан хэмжээний алдагдлыг хүлээсэн бөгөөд бид, алданги болон олох ёстой байсан орлогыг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа өдрөөс бус 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсон гэдгийг хариуцагч ойлгох хэрэгтэй, энэ хугацааны хохирлын нийт дүн 6 659 499 00 төгрөг байна. Иймд хариуцагч Б.Оргилоос орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлөх ёстой 74 146 800 төгрөг, алданги 12 412 174 төгрөг, олох ёстой байсан орлого 13 942 442 төгрөг, нийт 100 501 416 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууц худалдан авч байгаа иргэдэд жилийн 5 %-ийн хүүтэй зээлд хамруулах талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй, үүнийг зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой гэжээ.

 

Хариуцагч Б.Оргил шүүхэд гаргасан тайлбартаа: Цагаанхуаран консалтинг ХХК-аас 58.2 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч байхад тус компанийн борлуулалт хариуцсан менежер хэлэхдээ Капитал банк ХХК-ийн жилийн 5 %-ийн хүүтэй зээлд хамрагдах бүрэн боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл, би энэхүү байрыг сонгон авах болсон шалтгааны нэг бол жилийн 5 %-ийн хүүтэй зээлд хамрагдах явдал байсан бөгөөд анхнаасаа 8 %-ийн зээлд хамрагдах санхүүгийн боломжгүй байсан, энэ талаар нэхэмжлэгчийн ажилтан, удирдлагууд мэдэж байгаа, хэрэв ийм бага хүүтэй зээл олгодог банктай хамтран ажилладаггүй байсан бол уг компанийг сонгохгүй. Хэдийгээр хэрэгт гэрээ байгуулах үед жилийн 5 %-ийн хүүтэй зээл олгож байсан гэсэн баримт байхгүй боловч Капитал банк ХХК-ийн Хар хорин салбарын зээлийн хорооны хурлын шийдвэр, Монгол банкнаас тус банканд хүргүүлсэн албан тоотод тус тус дурдсанаар жилийн 5 %-ийн хүүтэй зээлийг олгож байсан болох нь тогтоогдоно. Орон сууцны төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаагүй, гагцхүү нэхэмжлэгч тал өөрсдөө жилийн 5 %-ийн хүүтэй зээл олгодог компанитай хамтарч ажилладаг гэж зар сурталчилгаа явуулж, худалдан авагч нарт ийм ойлголт төрүүлж байсан учраас тус компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, энэ талаар гэрчүүд адил мэдүүлэг өгсөн, хэрэв ийм зээлийг өгдөггүй байсан бол би уг орон сууцыг худалдан авахгүй байх байсан. Арилжааны банкнуудад хандаж, 8 %-ийн зээлд хамрагдах гэхээр миний нэр дээр орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан тул өгөхгүй гэж татгалздаг, зээлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байхад нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан тоот явуулж, гэрчилгээ гаргуулсан тул зээлд хамрагдаж чадаагүй. Талуудыг гэрээ, хэлэлцээр байгуулж байхад жилийн 5 %-ийн хүүтэй зээлд хамруулах ойлголтыг нэхэмжлэгч тал худалдан авагчдад төрүүлсэн тул бидний хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тусгайлан заагаагүй боловч гэрээний үүрэг бий болсон. Гэрээ байгуулах үед олгогдож байсан жилийн 5 %-ийн хүүтэй зээл зогссон тул иргэд үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч компани мэдсээр байж алданги болон хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК-нд жилийн 5 %-ийн хүүтэй зээлд хамруулах үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Оргилоос 80 352 887 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 148 529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Оргилын гаргасан нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК-нд холбогдох жилийн 5 %-ийн хүүтэй зээлд хамруулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 712 390 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 559 714 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 20 148 529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Алдангаас 6 206 087 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ... Гэвч, шүүхээс талуудын хооронд бий болсон үйл баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн төлбөл зохих алдангаас 50 хувь болох 6 206 087 төгрөгийг хасч шийдвэрлэв. Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу хэдийгээр хариуцагч тал 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 74 146 800 төгрөгийг төлөх үүргээ ямар ч нөхцөл байдалд биелүүлэх үүрэгтэй боловч энэ хүртэлх хугацаанд түүнд хүнд нөхцөл байдал үүссэн, жилийн 5 %-ийн хүүтэй зээл олгохоор Капитал банк ХХК-ийн зүгээс шийдвэр гаргасан боловч тус банк энэхүү зээлийг олгох журмын шаардлагыг хангаагүйгээс 2015 оны 9 дүгээр сараас зээлийн эх үүсвэрийг олгоогүй, Монгол банкнаас тус зээлтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан иргэдэд зээлийг өгөх эсэх талаар хэлэлцэж байсан болон тус зээлд хамрагдаж төлбөр төлөхийг нэхэмжлэгч тал хүлээн завшөөрч байсан зэргээс тус тус үзвэл үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчид үүргээ гүйцэтгэхтэй холбоотой харгалзан үзвэл зохих нөхцөл байдал байна. Зайлшгүй олох байсан орлого нийт 13 942 442 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: ... Гэтэл эдгээр гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, мөн 2.3, 2.4-т тус тус зааснаар тухайн банкнаас авсан иргэдийн орон сууцны зээлийг нэхэмжлэгчийн уг банкан дахь харилцах болон хадгаламжийн дансанд шилжүүлсэн тохиолдолд гэрээнд заасан хэмжээгээр хүү тооцохоор тохирсон ба нэгэнт Капитал банк ХХК-аас хариуцагч Б.Оргилд 74 100 000 төгрөгийн зээлийг олгоогүй учраас түүнд хүү бодогдохгүй, нөгөө талаар хариуцагч тал үлдэх төлбөр болох 74 146 800 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч энэхүү төлбөрийг дээр дурдсан банкнуудад заавал хадгалуулж, хүү авах нь тодорхойгүй, банкнаас уг төлбөрийг 6 сараас доошгүй хугацаанд хадгалуулсан тохиолдолд хүү тооцох болзлыг тусгасан байгаагаас гадна компанийн бусад үйл ажиллагаанд зарцуулахгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул үндэслэлгүй байна. гэсэн үндэслэлүүдийг дурдсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэсэн заалтыг хэрэглэсэн байна. Хуулийн дээрх заалт нь шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээ илт их байх гепотез хангагдаж байгаа тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг багасгах эрхийг олгосон. Цагаанхуаран консалтинг ХХК нь хариуцагч нараас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 558 хоногийн алданги (хоногт 22 244 төгрөг) 12 412 174 төгрөг нэхэмжилсэн.

Алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээний шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгтээ ... талуудын алдангийн талаарх гэрээний тохиролцоо нь хуульд нийцэж байна гэж дүгнэсэн. Хариуцагч нь нийт 74 146 800 төгрөгийг төлөх үүргийг гүйцэтгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн 12 412 174 төгрөг нь уг унийн дунгийн 16.7 %-д хүрч байна. Мөн талууд хоногт тооцох алдангийн хувь хэмжээг хуульд заасан дээд хязгаараас туйлын бага хувиар буюу 0.03%-иар тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх төлөгдөөгүй үнийн дүнгийн 16.7 хувьд хүрч байгаа алдангийн хэмжээг илт их хэмээн дүгнэж, алдангийг 50 хувиар багасгасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээ-д заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс алданги тооцох эрхтэй хэдий ч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс алдангийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь 141 хоног 22 244 төгрөг, 3 136 409 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг шүүх харгалзаагүй. Мөн шүүхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг авахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсоор байхад эрх нь зөрчигдсөн нэхэмжлэгч тал нь нийт 9 342 496 (6 206 087+3 136 409) төгрөгийн алдангийн хариуцлагыг хүлээж, гэрээний үүргээ зөрчсөн хариуцагч тал нь 6 206 087 төгрөгийн алдангийн хариуцлага хүлээх нь шударга бус байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хурал дээр Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулснаас хойш 30 хоногийн дотор талууд тооцоо нийлж, гэрээний үүрэг дуусгавар болсныг баталсан акт үйлдсэнээр түлхүүр хүлээлцэнэ. гэсэн заалтыг шинжлэн судлуулж, холбогдох тайлбарыг хийсэн. Гэрээний дээрх заалт болон гэрээний хавсралтад заасны дагуу хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр урьдчилгаа төлбөрөө төлснийхөө дараа 2016 оны 11 дүгээр сарын 13-ны дотор 70 %-ийн төлбөр 74 146 800 төгрөгийг төлөх байсан. Гэтэл тэрээр элдэв шалтаг тоочин 2016 оны 6 дугаар сард банкнаас зээл авахаар шийдвэр гаргуулсан. Хариуцагч нь шүүхийн өөрийн дүгнэснээр Иргэний хуулийн 215.1, 219.6 дахь хэсэгт зааснаар үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээх ёстой бөгөөд ямар ч нөхцөлд үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт ... хэргийн нөхцөл байдлыг харгалзан ... багасгаж болно." Шүүх алдангийг багасгахдаа дараах нөхцөл байдлыг харгалзсан болохоо дурдсан байдаг. Үүнд: ... хариуцагч тал 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 74 146 800 төгрөгийг төлөх үүргээ ямар ч нөхцөл байдалд биелүүлэх үүрэгтэй боловч энэ хүртэлх хугацаанд түүнд хүнд нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс алданги тооцсон байхад 2016 оны 11 дүгээр сарын 02-ны хүртэлх хугацаанд шүүх хуралдаан хүртэлх хугацаанд түүнд хүнд нөхцөл байдалд байсан гэсэн тайлбарыг шүүх хийж байгаа нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгч талын байр суурь бол ...хариуцагчид 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш зээлээ авахад ямар ч хүндрэл байгаагүй бөгөөд тэрээр 8 %-ийн хүүтэй зээлдээ хамрагдах гэж хүсэлтээ гаргаагүй, тэрээр хүсэлтээ гаргасан бол зээл нь шийдвэрлэгдэх байсан, алданги төлөх хариуцлага хүлээхгүй байсан. Жилийн 5 %-ийн хүүтэй зээл олгохоор Капитал банк ХХК-ийн зүгээс шийдвэр гаргасан боловч тус банк энэхүү зээлийг олгох журмын шаардлагыг хангаагүйгээс 2015 оны 9 дүгээр сараас зээлийн эх үүсвэрийг олгоогүй. Төрөөс иргэдэд 5 %-ийн хүүтэй ипотекийн зээлийн нөхцөлийг гарган 2016 оны 3 дугаар сараас 2016 оны 9 дүгээр cap хүртэл 6 сарын хугацаанд хэрэгжүүлж, 2016 оны 10 дугаар сард албан ёсоор санхүүжилтгүйн улмаас зогсоосон шийдвэр гаргасан. Мөн талуудын хооронд гэрээ байгуулах үед 5 %-ийн хүүтэй зээл байхгүй байсныг, хэрэгт авагдсан баримтаар нотолж, хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй болохыг шүүх дүгнэсэн атлаа уг нөхцөлийг үндэслэж алданги багасгасанд гомдолтой байна. Хариуцагч 5 %-иар зээлээ авах, 8 хувиар зээлээ авах нь байрны үнэд нөлөөлөхгүй бөгөөд хариуцагчаас 8 %-ийн зээлдээ хамрагдан хурдан төлбөрөө төлөхийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс шаардсан талаар тайлбарласан.

Зайлшгүй олох байсан орлого нийт 13 942 442 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн асуудлын тухайд: Хариуцагч Б.Оргил нь Капитал банк ХХК эсхүл өөр бусад арилжааны банканд 8 %-ийн хүүтэй, эсхүл бусад хүүгийн нөхцөлтэй ипотек барьцаалсан зээлийг авах бүрэн боломжтой байсан. Гэрээний 5.1-д зааснаар Голомт банкнаас зээлээ авах байсан боловч зээлийн шаардлага хангаагүй Капитал банк ХХК-д хандсан. Голомт банк ХХК-тай байгуулсан гэрээгээр тэрээр зээлийн шаардлага хийгээд зээлийн гэрээний холбогдох дансанд орсноор манай компани жилийн 13.8 %-ийн хүүтэй хугацаатай хадгалах байсан. Тэрээр Капитал банкнаас 5 хувиар бус 8 хувиар зээлээ авах хүсэлтээ 2016 оны 11 дүгээр сард гаргасан бол /зээлийн шаардлага хангах нь хариуцагчийн асуудал/ зээл шийдвэрлэгдэх бөгөөд бид жилийн 12.3 %-ийн хүүтэйгээр тус зээлийн мөнгийг хадгалах боломжтой байсан. Иргэний хуулиар хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцохоор хуульчилсан. Нэхэмжлэгч нь харин ийм хэмжээний орлого олох байсан гэдгээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хэрэгт Цагаанхуаран консалтинг ХХК нь Капитал банк ХХК-тай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №16/45 тоот Хамтран ажиллах гэрээ болон харилцагч бусад арилжааны банкнуудтай байгуулсан хадгаламжийн гэрээг нотлох баримтаар өгсөн болно. Тус гэрээний дагуу олох байсан хадгаламжийн хүүгийн орлогыг "хариуцагч нарын эс үйлдэхүйн улмаас буюу шууд шалтгаант холбоотойгоор" нэхэмжлэгч олоогүй хохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-ийн ... нэхэмжлэлийн шаардлагаас 20 148 529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Оргил давж заалдах гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийг хангаагүй нь хуульд нийцээгүй. Цагаанхуаран консалтинг ХХК-ийг 5 %-ийн ипотекийн зээлд хамруулах үүргийг даалгах гээгүй, харин ипотекийн зээлд хамруулах үүрэг хүлээлгэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан атал шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлаж хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг дутуу үнэлсэн, миний эрхийг болон гэр бүлийн гишүүдийн эрхийг хохироосон алдаа гаргасан буруу шийдвэр гэж үзэж байна. Анз болох 6 206 087 төгрөг төлүүлэх шийдвэр нь буруу бөгөөд ямар нэг байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүсгээгүй, нэхэмжлэгчийн санал болгосон барааг нөхцөлийн хамт зөвшөөрч гэрээ байгуулсан байдлыг харгалзаагүй, буруу дүгнэсэн нь анз хариуцуулах үндэслэл болсон гэж үзэж байна. Цагаанхуаран консалтинг ХХК байраа зарахдаа худалдах худалдан авах үндсэн гол нөхцөл болох ипотекийн зээлд хамруулна /хамтран ажилладаг банктай / гэсэн гол саналыг нээлттэй, олон нийтэд ил тод тавьж үүний дагуу гэрээ байгуулан байр худалдан авах гэрээ байгуулсан боловч Цагаанхуаран консалтинг ХХК , Капитал банк ХХК-ийн буруугаас болж зээл гараагүй нь өнөөдрийн маргаан үүсэх гол шалтгаан болсон байхад эдгээр байдалд зөв үнэлэлт өгч дүгнээгүй, улмаар миний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг би яав ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эрх ашиг минь маш ихээр хохирч байна. Гол амласан амлалтаа Цагаанхуаран консалтинг компани нь биелүүлээгүй тул тухайн байгууллагын буруу юм. Шүүх үүнийг үнэлээгүйд гомдолтой байна.

Шалтгааныг тодруулъя: Б.Оргил нь 2015 онд ашиглалтад орсон Цагаанхуаран консалтинг ХХК-ийн барьсан дахин төлөвлөлтийн байрнаас худалдаж авахаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тус байрны урьдчилгаа 30 хувийг төлөөд үлдэгдэл 70 хувийг барилгын компанийн хамтран ажилладаг банкнаас ипотекийн зээлд хамрагдаж төлөхөөр амаар тохиролцсон болно. Үүний дагуу Цагаанхуаран консалтинг ХХК-аас Капитал банк ХХК-д очиж ипотекийн зээлэнд хамрагдахад бүрдүүлэх материалаа өгөөрэй гэж хэлсэн тул холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хорооны хурлын шийдвэр гарсан боловч зээлийг олгохгүй байсаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн хорооны шийдвэрийг биелүүлэх боломжгүй талаар Цагаанхуаран консалтинг ХХК-д албан тоотоор мэдэгдсэн байна. Капитал банк ХХК-ийн зээлийн хорооны шийдвэрт ОСИЗээлийн 5 %-ийн санхүүжилт орж ирсний дараа үл хөрөнгийн гэрчилгээг харилцагч нарын нэр дээр гаргаж холбогдох зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж олголт хийгдэнэ. гэж, мөн орон сууц захиалгын гэрээний 2.4-т захиалагч нь орон сууцны нийт үнийг бүрэн төлснөөр гүйцэтгэгч нь өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэх ба үүнээс бусад тохиолдолд орон сууц орон сууц өмчлөх эрх гүйцэтгэгчид хадгалагдана, 3.2-т гэрээний нийт үнийг захиалагч нь Цагаанхуаран консалтинг ХХК-д бүрэн төлснөөр уг орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК нь зээлийн хорооны шийдвэр болон гэрээний холбогдох заалтыг зөрчиж эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Оргил, Б.Ундрал нарын нэр дээр шилжүүлэх тухай тодорхойлолтыг хүргүүлснээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Б.Оргил, Б.Ундрал нарын нэр дээр гарсны улмаас үлдэгдэл 70 %-ийн төлбөрийг бусад арилжааны банкны орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүрэг болох үлдэгдэл 70 хувийг төлөхөд бидний зүгээс буруугүй бөгөөд гагцхүү Цагаанхуаран консалтинг ХХК-тай хамтран ажилладаг Капитал банк ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК нь хариуцагч Б.Оргилд холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлөх 74 146 800 төгрөг, алданги 12 412 174 төгрөг, олох ёстой байсан орлого 13 942 442 төгрөг, нийт 100 501 416 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, жилийн 5 хувийн хүүтэй зээлд хамруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Цагаанхуаран консалтинг ХХК болон Б.Оргил нар нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 35/4 дугаар гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах, Цагаан Хуаран хотхоны В2 блок, 10 дугаар давхарт 58.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 105 924 000 төгрөгөөр тохирч, 2015 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулах, төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, түүний хавсралт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /х.х-ийн 9-10 дугаар тал/

 

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ болох талаарх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн ба түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлжээ. /х.х-ийн 12-13 дугаар тал/ Худалдагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичиг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Б.Оргил нь Цагаанхуаран консалтинг ХХК-д орон сууцны урьдчилгаа төлбөрт 31 824 000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч буюу захиалагч тал орон сууцны үлдэгдэл төлбөр болох 74 146 800 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй, үүргээ биелүүлээгүй байна. /х.х-ийн 11 дүгээр тал/

 

Тэрээр худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн тул гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой, хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

 

Хэрэгт авагдсан Капитал банк ХХК-ийн Хар хорин салбарын зээлийн хорооны хурлын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 049 тоот шийдвэрээр хариуцагч Б.Оргилд нийт 74 100 000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэсэн боловч тус банкны дэд захирал С.Дэлгэрцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ иргэдэд олгох зээлийн эх үүсвэрийг эрх бүхий байгууллагаас олгоогүй, тухайн зээлийг 2016 оны 9 дүгээр сараас эхлэн зогсоосноос Б.Оргилд 74 100 000 төгрөгийн зээл олгоогүй гэж тайлбарлажээ. /х.х-ийн 78, 79, 125-127 дугаар тал/

 

Хэргийн 35-36 дугаар талд авагдсан Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар Орон сууцны ипотекийн санхүүжүүлтийн журам батлах тухай тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжүүлтийн журмын 2 дугаар зүйлийн 2.1.2-т зааснаар зээлийн хүүг жилийн 8 хувийн нөхцөлтэй байхаар тогтоосон. Хариуцагч уг зээлд хамрагдахаар хүсэлт гаргаж байсан талаарх баримт хэрэгт байхгүй байна.

 

Хариуцагч Б.Оргил нь орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлж чадахгүй болсон шалтгаан нь Капитал банк ХХК-аас зээлийн эх үүсвэрийг эрх бүхий байгууллагаас олгоогүйтэй холбоотой байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар үүрэг биелүүлэх хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хариуцагчийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд үүргээ зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм. /х.х-ийн 39 дүгээр хуудас/

 

Тодруулбал, зохигчдын гэрээний 4.2 болон гэрээний хавсралтад зааснаар хариуцагч 74 146 800 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч ипотекийн 5 хувийн зээлийн шийдвэр, санхүүжилт саатсанаас хугацаа алдсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, Капитал банкны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/6076 тоот албан бичиг, Цагаанхуаран консалтинг ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02/110 тоот албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

Харин Капитал банк ХХК болон Цагаанхуаран консалтинг ХХК-ийн зүгээс захиалагч нарт Засгийн газраас хэрэгжүүлж байсан ипотекийн 5 хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжихгүй болсон талаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч тухайн өдрөөс хойш хариуцагч орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх арга хэмжээ аваагүй, үүргээ биелүүлээгүй гэм буруутай. Талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээний 6.1-д алдангийн талаар тохиролцсон тул нэхэмжлэгч алданги шаардсан нь үндэслэлтэй хэдий ч дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг багасгасныг буруутгах боломжгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 13 942 442 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. Учир нь банк хариуцагчид зээл олгоогүй, Цагаанхуаран консалтинг ХХК-ийн банкуудтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл бүрдээгүй, тухайн мөнгийг нэхэмжлэгч банканд буюу хадгаламжид байршуулж хүүгийн ашиг олох эсэх нь хэрэгт авагдсан эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, энэхүү хохирлыг үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой учирсан бодит хохирол гэж үзэх нь учир дутагдалтай.

 

Хариуцагч Б.Оргил нь нэхэмжлэгчээс орон сууцыг худалдан авах болсон үндэслэлээ жилийн 5 хувийн хүүтэй зээл олгож байсан учраас орон сууц захиалгын гэрээ байгуулсан, мөн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 74 146 800 төгрөгийг төлөх үүргийг биелүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарласан боловч тэрээр өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай нотолж чадаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны төлбөрийг 5 хувийн банкны зээлээр төлөх талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч энэ талаар ямар нэгэн үүрэг хүлээсэн болох талаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба зохигчдын гомдлыг хүлээн авах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 258 700 төгрөг, хариуцагчийн 184 450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ