Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 120/2016/0022/З |
Дугаар | 221/МА2018/0231 |
Огноо | 2018-04-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2018/0231
2018 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2018/0231 | Улаанбаатар хот |
“Ж о” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ж о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Б.М давж заалдах гомдолдоо:
“.... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх тухайд Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр анх мэдсэн мэтээр хэт нэг талыг барьж дүгнэлт гаргаж хэргийг шийдсэн байна.
“Ж о” ХХК-аас 2015 оны 06 дугаар 17-ны өдрийн №1/35 тоот хүсэлтийн хариуг тус компаний захирал Ала Мү Си иргэн Д.Х-д өгсөн бөгөөд уг албан бичигт “ ... таны гаргасан хусэлтийг манай компанийн зүгээс судлаж узээд ... Д-гийн өвөлжөөтэй танай өвөлжөө давхцал байна. Өмчийн маргаантай асуудал байгаа бол холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхийг зөвлөе’’ гэсэн байна. Энэ албан тоот бичигт дурьдсанаар бол “судлаж үзээд” гэж бичсэн байх тул мэдээгүй байна гэж шүүх дүгнэсэн нь утгагүй /хэт нэг талд үйлчилж үзсэн ч үзээгүй, мэдсэн ч мэдээгүй царайлж хэргийг шийдвэрлэсэн/ байна.
Нэхэмжлэгч өөрөө судалж үзээд газар эзэмших гэрчилгээ, захирамжийн талаар мэдсэн гэж нотлож байхад шүүх “мэдээгүй байсан байна” гээд байгаа нь дэндүү үндэслэлгүй шийдвэр. Миний газрын гэрчилгээ захирамж, хүсэлтийг Захирал Ала Мү Си \гадаад улсын иргэн\ уншиж ойлгоод иргэн Д.Х-д тамга, гарын үсэгтэй, монгол хэл дээр бичиж явуулсан албан бичиг нь эх хувиараа хавтаст хэрэгт байгаа нь хууль ёсны нотлох баримт мөн юм.
Шүүхийн шийдэр ямар ч үндэслэлгүй хууль бус хэт нэг талд үйлчилж гарсан байна.
“Ж о” ХХК-ийн өмгөөлөгч Б.М, санхүү эрхэлсэн захирал н.Б нар нь Б.М миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-тэй уулзаж улмаар хүсэлт, миний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл, хүсэлт мөн хавсралт газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг гол баримт бичгийг эх хувиар нь авч үлдээд танилцаж судлаад хариу албан бичигтээ “ирүүлсэн хүсэлтийг судлаад”гэж дүгнэж хариугаа ирүүлсэн. Нэхэмжлэгч тал энэ тухайгаа “... Э.Д, Б.М та 2 маргаанаа шийдвэрлүүл” гэж байгаа нь Э.Д-гийн газартай миний газар давхцсан гэж үзэж байсан үнэндээ бол бидний эд хөрөнгө давхцаагүй харин зэрэгцэж оршин буй учир сумын Засаг дарга, газрын даамал хянан үзэж газар эзэмших гэрчилгээг олгосон билээ. Ер нь бол давхцсан байсан бол Э.Д бид 2-ын хэн аль нь шүүхэд хандах байсан. “Ж о” ХХК нь өөрт олгогдоогүй эрхээр шаардлага гаргаж байгаа буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасанг үүргээр нотлож байна.
Тухайн үед надад хамаагүй гэсэн байтал нөхөн олговор нэхэх цагаар уурхайн эрх ашиг хохирч байгаа мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Ер нь бол хязгаар нутагт олон жил /төрсөн цагаасаа өнөөг хүртэл/ мал маллаж эцэг өвөгдийнхөө гал голомтыг сахиж суусан уугуул иргэн миний өмч хөрөнгө байсаар байхад яагаад миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг би ойлгохгүй байна. Үнэндээ зэрэгцээд байгаа эд хөрөнгө давхцаад байгаа эд хөрөнгө 2 өөр ойлголт.
Уурхай хохирч байна гэсэн яаж юугаараа хохирч байгааг би ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрт уурхайн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон, хөндөгдсөн талаараа нотолсон, тогтоосон зүйл алга байна. Харин ч хуулиар олгосон үүргээ хэрэгжүүлэхгүй байх арга хайж нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг гаргах ямар ч эрх “Ж о” ХХК-д байхгүй. Тэр өвөлжөөг миний гээд явах хүн надаас өөр байхгүй. Гурвантэс суманд ил цагаан олон жил миний манай гэр бүлийн хөрөнгө гэж явсан эд хөрөнгө өнөөдөр “Ж о” ХХК будлиан үүсгэж Э.Д-гийн хөрөнгө гээд байгааг ойлгохгүй байна. Иргэн Э.Д өөрөө давхцал байна гэж зарга үүсгээгүй харин ч шүүхэд тайлбараа өгөхдөө “би өөрийнхөө хөрөнгөнд нөхөн олговор авсан. Б.М-иин хөрөнгө байж байгаа ...” гэсэн байдаг.
“Ж о” ХХК нь иргэн Э.Д, Б.М нарын газар давхцсан байна гэж нэг үзээд болохгүй болхоор нь манай уурхайн газар дээр өвөлжөөний газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон нь хууль бус гэж янз бүрээр хэлж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус үндэслэлгүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн ... зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж заасан бөгөөд нөгөө талаар нэхэмжлэгч тал ямар ч баримт бичиггүй /гэрчилгээгүй/ хүмүүст нөхөн олговор олон зуун сая төгрөг тараасан тухайгаа өөрсдөө нотлож нэхэмжлэлдээ дурьдсан байхад олны өмнө ил цагаан байгаа миний хөрөнгийг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна.
Сумын засаг захиргаатай хамтарч нэрс гаргасан гэж худал мэдүүлж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хэрэгт тийм ямар ч баримт байхгүй ямар зорилгоор хийсэн нь мэдэгдэхгүй хэсэг хүний нэрс жагсаасан цаас гаргаж ирээд нөхөн олговор өгсөн нь өөрөө хууль бус үйлдэл улмаар хардалт, зарга үүсэх суурь болсон. Нэхэмжлэгч тал нэг бол бүгдийг мэдэж байсан эсвэл юу ч мэдээгүй, ойлгоогүй мэтээр шүүхэд худал мэдүүлж байгааг анхаарч үзнэ үү.
Мөн хэргийг шийдвэрлэхдээ намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь эрүүл мэндийн шалтгаанаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлсээр байхад намайг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэг ч хүн ирээгүй, ямар нэгэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлээгүй байхад, шүүх санаачлагаараа шүүх хуралдааныг хойшлуулсан.
Мөн өдрийн шүүх хуралдаанд Б.М биний бие Иргэнхий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч С.Отгонцэцэгийг манай итгэмжпэгдсэн төлөөлөгчтэй нэг ангийн хүүхэд гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзсан хүсэлтийг гаргахад шүүгч С.Отгонцэцэг “чи надаас татгалздаг хэн бэ, хэрвээ надаас татгалзлаа гэхэд би чиний энэ хэргийг 1000 километрийн цаана ч шилжүүлж хаяж чадна” гэж надаар тохуурхаж, миний хүсэлтийг шийдэлгүйгээр, тодорхойгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд дурдаагүй байсан учраас, тус шүүхийн Тамгийн газрын даргад “шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан боловч, өнөөдрийг хуртэл бичлэгийг ямар нэгэн шалтгаангүйгээр өгөхгүй байна.
Иймд “Ж о” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШШ2018/0001 дүгээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ж о” ХХК-аас “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газрын эзэмших эрх шилжүүлэх тухай” а/155 дугаар захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны а/155 дугаар захирамжаар иргэн Б.М-т эзэмшүүлсэн 1500 м.кв газар нь нэхэмжлэгч “Ж о” ХХК-д 2011 онд олгогдсон “уурхайн эдэлбэр” газартай давхцаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 625 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралт зураг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдох талбай нь ашигт малтмал хайж, ашиглахаас бусад, иргэн, аж ахуйн нэгжид “хувийн” болон “аж ахуйн” зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газартай давхцалгүй байх хуулийн шаардлага тавиагүй хэдий ч нэхэмжлэгч “Ж о” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон 43521.81 гектар талбай нь гуравдагч этгээд Б.М-т “өвөлжөөний” зориулалтаар эзэмшүүлсэн газартай бүхэлдээ давхацсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус тусын үйл ажиллагаа нэг газар дээр зэрэгцэн явах боломжгүй байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчмаар дүгнэв.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “... ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий ... /-гээс/ ашигт малтмал ялган авах, олборлох ... үйл ажиллагааг /ойлгох/”-оор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “ ... /нутгийн захиргааны байгууллага нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах”-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “... /ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ... ашиглах”-аар тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрхтэй, ашигт малтмал олборлохын тулд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “Ж о” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийн үүсэл нь анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1062 дугаар шийдвэрээр маргаан бүхий газарт тусгай зөвшөөрөл олгосноор үүссэн байтал түүнээс цаг хугацааны хойно буюу Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжаар иргэн Б.М-т 1500 м.кв газрыг нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцуулан эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч “Ж о” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа эрхлэх, энэ зорилгоор газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ... иргэн миний өмч хөрөнгө байсаар байхад яагаад миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг, мөн ... “Ж о” ХХК яаж хохирч байгааг ойлгохгүй байна ... нэхэмжлэгч тал ямар ч баримт бичиггүй /гэрчилгээгүй/ хүмүүст нөхөн олговор олон зуун сая төгрөг тараасан тухайгаа өөрсдөө нотолж нэхэмжлэлдээ дурдсан байхад олны өмнө ил цагаан байгаа миний хөрөнгийг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна ... ” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Ж о” ХХК-ийн захирал Ала Мү Сигээс “... “Зангат уул” ордын хүнд нөлөөлөх нөлөөллийн бүсийг 2500 м зайд буюу ... координат бүхий талбайд, харьяаллын бүсийг 3000-5000 м зайд буюу ... координат бүхий талбайд байхаар төслийн техник эдийн засгийн үндэслэл болон 2014 оны уулын ажлын төлөвлөгөөнд тогтоосон байна. Иймээс эдгээр нөлөөллийн бүсэд болон “Зангат уул” орчмын газарт амьдардаг айл өрхийн бүртгэл, судалгааг хийх хамтарсан ажлын хэсэг томилж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү ... ” гэх агуулга бүхий “Ажлын хэсэг томилуулах тухай” албан бичгийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангаамаад 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн, улмаар тус сумын Баясах багийн Засаг даргаас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 25 иргэний нэрс бүхий жагсаалтыг гаргасан, түүний дотор Б.М-ийн нэр ороогүй, мөн дээрх нэрсийн жагсаалтыг гаргаж өгсний дараа Гурвантэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн а/155 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.М-т маргаан бүхий 1500 м.кв газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн маргаан бүхий газарт байрлах малын саравчтай хашааг гуравдагч этгээдээс нөхөр Г.Ц өмч хувьчлалаар худалдаж авсан гэх боловч хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаар албан бичгээс үзвэл Б.М, Г.Ц нарт “Зүүн шар хад” гэх газарт байрших малын саравчтай чулуун хашаа /өвөлжөөний/-г өмч хувьчлалаар авсан, өмчлөх эрхтэй болох нь үгүйсгэгдэж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан “...захиргааны байгууллага маргаан бүхий актын талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, тус актын талаар нэхэмжлэгч мэдэж байсан гэдэг нь нотлогдохгүй, захиргааны байгууллагаас өөрийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн актыг мэдэгдсэнээр нэхэмжлэл гаргах хугацаа тоологдоно, захиргааны байгууллагаас өгсөн хариу албан бичгийг хүлээн аваад нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй ...” гэх агуулга бүхий дүгнэлт хийснийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Ж о” ХХК-аас 2015 оны ... 1/35 тоот хүсэлтийн хариуг компанийн захирал Ала Ми Сү иргэн Д.Х-д өгсөн бөгөөд уг албан бичигт “... таны гаргасан хүсэлтийг манай компани судалж үзээд ...” гэсэн. Тус албан бичигт “судалж үзээд” гэж бичсэнээс үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжийн талаар мэдсэн гэж үзэхээр байх тул тус компани нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ... гэтэл шүүх иргэний хэргийн шүүх дээр анх мэдсэн мэтээр нэг талыг барьж дүгнэж, хэргийг шийдвэрлэлээ ...” гэх гомдол, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь “Ж о” ХХК-ийн 2015 оны 1/35 дугаар албан бичиг[1]-т “судалж үзээд“ гэж бичсэнийг шүүх “тухайн үед гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжийн талаар нэхэмжлэгч мэдсэн байна” гэж таамгаар дүгнэх боломжгүй.
Түүнчлэн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Б.М-ээс “... миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х С.Отгонцэцэгтэй нэг ангид төгссөн, найз нөхдийн холбоотой тул хэргийг үнэн зөв шийдэхэд эргэлзээтэй байгаа тул шүүгч С.Отгонцэцэгээс татгалзаж байна” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд шүүгч Б.Сугиржавын “ ... Шүүгчээс татгалзаж байгаа бол хуульд заасан үндэслэлээ гаргаад нотлох баримтаа хавсаргаж, хүсэлтээ өөрчилж гаргах ёстой. Энэ хүсэлтээр шүүгчийн татгалзлыг шийдэхгүй ... энэ хуралд Д.Х оролцохгүй учраас С.Отгонцэцэг шүүгчид ямар ч хамааралгүй болно. Та өөрөө энэ хүсэлтээ засаад хууль зүйн үндэслэлийг нь гаргаад засаж өгч болно ... гэсэн асуултад хэргийн оролцогч Б.М “... энэ хүсэлтээ буцаагаад авъя. Хуулийн мэдлэггүй малчин болохоор мэдэхгүй байна ... /буцааж өгөв/ ...” гэж хариулсан болох нь 03 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Ийнхүү гуравдагч этгээд Б.М шүүгчээс татгалзах хүсэлтээ буцааж авсан, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг шийдвэрлээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүх “... шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгч, хариуцагч нарыг зайлшгүй оролцуулах шаардлагатай ... ” гэж үзэж хуралдааныг хойшлуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “шүүх хуралдааны явцад ... шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасантай нийцсэн байх тул гуравдагч этгээдийн “... мөн өдрийн шүүх хуралдаанд ... миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр С.Отгонцэцэгийг ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзсан байхад ... миний хүсэлтийг шийдэлгүйгээр, тодорхойгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн ... , ... 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэг ч хүн ирээгүй, ямар нэгэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлээгүй байхад, шүүх санаачлагаараа шүүх хуралдааныг хойшлуулсан ... ” гэх гомдлуудыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн хүчин төгөлдөр хууль нэг мөр дагаж мөрдөгдөх, хэрэглэгдэх зарчмын хүрээнд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191 дүгээр хуулийн хүчин төгөлдөр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох зориулалтаар эзэмших эрхтэй, уг харилцаанд Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүй ...” гэж дүгнэж, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн зүйл заалтуудыг тайлбарлан хэрэглэснийг, хавтаст хэрэгт анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэг хавсаргагдаагүй тул хуралдаан дээр яригдсан зүйл тэмдэглэлд тусгагдсан эсэхийг шалгах боломжгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс “... гуравдагч этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцуулан газар эзэмшүүлсний улмаас мөнгө нэхэмжилж, уурхайн талбайд газар ашиглах эрхийг зөрчиж байна ...” гэж , гуравдагч этгээдээс “... өвөлжөөний газар дээрээ хашаа саравч бүхий эд хөрөнгөтэй өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй ...” гэж маргасан энэхүү маргааны тухайд Ашигт малтмалын тухай хуулийн “ашигт малтмал ашиглах гэдгийг “газрын гадаргуу, түүний хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагааг ойлгох”-оор заасан зохицуулалт мөн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах талаарх нутгийн захиргааны байгууллагын үүрэгт хамаарах зохицуулалт, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэрт оршин буй ашигт малтмал ашиглах эрхийг заасан зохицуулалт тус тус хэрэглэгдэхээр байх тул шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг нэмж, “Газрын тухай хуулийн зүйл заалтуудыг хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын сарын 27-ны өдрийн 120/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус хасч, “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал