Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/01491

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/01491

 

 

ХХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01148 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ

Нэхэмжлэгч ХХХХ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхрын ХХ тоотын 2 өрөө орон сууц болон ХХ давхрын ХХ тоотын 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагатай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ

ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХХХ би 2014 оны 11 дүгээр сард эгч ХХХХтай хамт орон сууц худалдан авахаар судалж байгаад ХХХХХ, ХХХХ нарын зарах гэж байсан байрыг үзэж худалдан авахаар шийдсэн. ХХХХХ, ХХХХ нар нь энэ байрыг ХХХХ гэдэг хүн зарж байгаа юм, чи авахаар бол чамд метр квадратыг нь хямдаар бодож өгье гээд 2 байрыг 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж ХХХХтэй уулзахад би барилгын ажлынхаа хөлсөнд энэ байруудыг бартераар авч байгаа юм, барилгын компанитай нь та нар гэрээ байгуулна гээд ХХХХ ХХК дээр очсон боловч захирал нь байхгүй байсан. Тэгээд ХХХХ бидний дагуулж нотариат орж бид орон сууц бартер, хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн хэлцэл хийж ХХХХээс ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоотын 2 өрөө орон сууцыг ХХХХ, мөн барилгын ХХ давхарт ХХ тоот 1 өрөө орон сууцыг худалдан авахаар төлбөрийг тооцож нийт 80 000 000 төгрөгийг ХХХХ-д өгсөн. Түүнээс хойш сард 2-3 удаа ХХХХ дээр очиж барилгын ажлын явцын талаар асуухад болоогүй гэдэг байсан. Гэтэл 2016 оны 5 дугаар сард барилга ашиглалтад орсон байсан, би өөрийнхөө авах ёстой байранд очиж үзэхэд өөр айл авчихсан амьдарч байсан. Ингээд ХХХХтэй уулзаж чадахгүй болоод Цагдаагийн байгууллагад хандсан. Иймд ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоотын 2 өрөө орон сууц болон ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоотын 1 өрөө орон сууцыг ХХХХ, ХХХХ нар өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай эгч ХХХХ 2014 оны 11 дүгээр сард байр хайж байсан ба ХХХХХ, ХХХХ нар байр зарна гэхээр нь ХХХХ ХХК дээр очиж үзэхэд ХХХХ байрны цутгалтыг хариуцаж байгаа ба бартераар авсан байраа зарна гэсэн, анх очиж үзэхэд 10 давхар карказ байсан, 2015 оны 11 дүгээр сарын 3 дугаар улиралд ашиглалтад орно гэж хэлсэн. Би байр ашиглалтад орохоос өмнө хэд хэдэн удаа очиход ХХХХ байсан ба юу болж байгааг асуухад удахгүй ашиглалтад орно гэж хэлдэг байсан.Тэгээд 2016 оны 5 дугаар сард очиход 48 тоотод айл орсон байхаар нь ХХХХ ХХКдээр очиход ХХХХтэй хийсэн наймаа бол ХХХХтэйгээ уулз, бидэнд хамаагүй гэж хэлсэн. ХХХХийг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Одоо ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот 2 өрөө байр болон мөн байрны ХХ давхрын ХХ тоот 1 өрөө орон сууцны орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү, эхний 3500 ам долларыг өгөхөд ХХХХ дүүтэйгээ байсан. Мөн машины үнийг байрны мөнгөнд бодоод авсан, ХХХХ ямар ч мөнгө аваагүй байж бид хоёртой гэрээ хийхгүй байсан. Энэ гэрээнд мөнгийг 100 хувь төлсөн гэж бичсэн байгаа гэв.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өөрийн танил ХХХХ, ХХХХ нарт ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХХХ дүгээр байрны хоёр айлын орон сууцыг сайн таньдаг найдвартай хүнд Ланд круйзер 100 маркийн сайн машин оролцуулан үнийн зөрүүг тохироод зарна шүү гэж хэлсэн. Гэтэл ХХХХ, ХХХХ, Я.ХХХХХ нар ХХХХ, ХХХХ гэх хоёр хүнийг дагуулж ирээд танилцуулж энэ хоёр хүнд нөгөө 2 байраа өгчих, дараа нь хоёулаа нарийн юмаа ярина гэж ХХХХ хэлсэн. ХХХХын хүсэлтээр нотариат орж ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот 2 өрөө байрыг ХХХХд, мөн байрны ХХ давхрын ХХ тоот 2 өрөө байрыг ХХХХ нарт зарж үнэнд нь 80 000 000 төгрөг бэлнээр авлаа гэсэн хэлцэл бичгээр хийж өгөөд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр батлуулсан. ХХХХ, ХХХХ нар энэ хэлцэлд бичигдсэн 80 000 000 төгрөгөөс надад нэг ч төгрөг өгөөгүй, үүнийг нотариатч болон ХХХХ, ХХХХ, Я.ХХХХХ нар мэднэ. ХХХХ, ХХХХ нар 80 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж хуурамч хэлцэл хийлгэж авсныгаа ашиглан намайг гүтгэж, Баянзүрх дүүргийн цагдаад шалгуулсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ХХХХ, ХХХХ нар 80 000 000 төгрөгийг бэлнээр өгч байруудыг худалдан авсан гэх хэлцлүүдийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Би энэ 2 хүнээс мөнгө аваагүй, тухайн үед ланд-100 машин оролцуулан нэг байр зарна гэж ХХХХ-т хэлэхэд ХХХХ, ХХХХХ нарыг дагуулж ирэхээр нь ярилцаад байраа зарахаар болсон. Нэг метр квадратыг 1 200 000 төгрөгөөр 64 метр квадрат байрыг зарахаар амаар тохиролцсон. ХХХХ, ХХХХХ нар түр 2 машин байрны барьцаанд тавьж байя, энэ 2 хүнтэй уулзан гэрээ хийчих гэсэн. Тэгээд надад Форд, бенз маркийн авчирч өгсөн, орж ирсэн Ланд-100 машиныг 60 000 000 төгрөгөөр өгнө гэж байсан.Тэгээд ХХХХ, ХХХХ нарыг авчран гэрээ байгуулсан. Би ХХХХ, ХХХХ нараас мөнгө аваагүй, өгсөн мөнгөө ХХХХ, ХХХХХ нартай ярих ёстой. Энэ байрнууд миний өмчлөлд байхгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот болон ХХ давхарын ХХ тоот орон сууцнуудыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ХХХХ, ХХХХ нар давж заалдах гомдолдоо: ....Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууцыг худалдан авах, хариуцагч нь "ХХХХ" ХХК-аас ажлын хөлсөндөө тооцон авсан орон сууцнуудыг худалдах буюу ХХХХ-ын зарж байсан автомашинаар арилжиж солих гэсэн тус тусын хүсэл сонирхол байсан болох нь тогтоогдсон. Энэ нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсон төдийгүй нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй болно. "ХХХХ" ХХК болон ХХХХ нарын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 053, 054 дугаартай "Орон сууцны бартер хөрөнгө оруулалтын гэрээ"-гзэр үүссэн эрхээ шилжүүлж байгаагаа илэрхийлэн ХХХХ нь нотариатчаар баталгаажуулж, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ХХХХ, ХХХХ нартай хэлцлийг бичгээр байгуулсан, энэхүү гэрээгээр ХХХХ нь ХХХХ, ХХХХ нарын өмнө үүрэг хүлээсэн нь тогтоогдож, үүнийг хариуцагч үгүйсгээгүй, харин ч тайлбартаа "...энэ хэлцлүүдийг хүчингүй болгож өгнө үү" хэмээн хүссэн байдаг. Гэрч ХХХХ-ын худалдаж байсан 25 000 000 төгрөгийн үнэ бүхий "Форд эспедишн" маркийн 41-42УБЯ улсын дугаартай автомашин, 35 000 000 төгрөгийн үнэ бүхий "Бенз Е200" маркийн автомашин болон маргаан бүхий хоёр орон сууц бүгдийг ХХХХ хүлээн авсан болохыг, түүнийг захиран зарцуулах эрх бүхий болох нь хэрэгт авагдсан баримтаар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ талаар хариуцагчаас татгалзаж маргаагүй. ХХХХ нь "Бенз Е200" маркийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад улмаар ХХХХХ-д барьцаалан зээл авсан өөрөө унаж эзэмшиж байгаагаа мэдүүлдэг. Харин "Форд экспедишн" маркийн тээврийн хэрэгслийг ХХХХ-с хүлээн аваад жил гаран хугацаанд эзэмшиж байгаад засуулахаар засварын газарт орхиод өнөөдрийг хүртэл аваагүй болох нь "Эрч" авто сервисийн тодорхойлолт нэхэмжлэхээр тогтоогдож байна. ХХХХ нь дээрх автомашинуудыг өөрийнхөө мэдэлд авсан атлаа үнийг ХХХХд төлөөгүй бөгөөд машины үнэ болох 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас ХХХХд өгсөн талаар маргаагүй, харин ч нэмж 10 000 000 төгрөгийг бэлнээр тооцож авсан талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Маргаан бүхий орон сууцнууд өнөөдрийг хүртэл хэн нэгний өмчлөлд бүртгэгдээгүй байгаа нь тогтоогдсон. Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан нотариатч ХХХХ нь талуудад хууль тайлбарлан хэлцлийг батлахад шаардлагатай тооцоо нийлсэн актыг "ХХХХ" ХХК-аас авчруулан хэлцэлд хавсаргасны үндсэн дээр хэлцлийг баталсан гэдгээ мэдүүлдэг.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл: ХХХХ, ХХХХ нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ХХХХ-д байрны үнэ төлсөн болох нь тогтоогдож байгаа учир үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх нь үүссэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нар нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот болон ХХ давхарын ХХ тоот орон сууцнуудыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нартай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлцэл байгуулж, уг хэлцлээр ХХХХд ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот болон ХХ давхарын ХХ тоот 2 өрөө 33.8 мкв орон сууцыг 62 046 000 төгрөгөөр, ХХХХд ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот болон ХХ давхарын ХХ тоот 1 өрөө 39 м.кв орон сууцыг 67 006 000 төгрөгөөр зарахаар тус тус тохиролцсон, төлбөрийг тус бүрээс 100 хувь хүлээж авсан гэж бичсэн байна. / хэргийн 5,9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хэлцлийг зааж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ХХХХ нь ХХХХ ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 1-ний Орон сууцны бартар, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, уг гэрээгээр ХХХХ нь тус компаниас ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот болон ХХ давхарын ХХ тоот 2 өрөө 33.8 мкв орон сууцыг 62 046 000 төгрөгөөр, мөн байрны ХХ давхрын ХХ тоот 1 өрөө 39 мкв орон сууцыг 57 006 000 төгрөгөөр авахаар тохиролцож бичгийн гэрээ байгуулсан байна.

/хэргийн 4,10 дугаар тал/

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажих тухай заасан бөгөөд хариуцагч ХХХХ ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот болон ХХ давхарын ХХ тоот байрны өмчлөгч мөн болохыг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээг хэн аль тал нь шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар маргааны зүйл болж буй дээрх хоёр орон сууцны өмчлөгч ХХХХийн өмчлөлийн орон сууц байсныг нотлоогүй, түүнчлэн уг байдал нь хэргийн баримтаар тогдоогдоогүй байна.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/1849 тоот албан бичээс ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот хаягт байрлах орон сууц нь цахим мэдээллийн санд бүртгээгүй гэсэн бичгийн баримт хэрэгт авагдсан байна. / хэргийн 74 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байдаг.

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нар ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХ давхарт ХХ тоот болон ХХ давхарын ХХ тоот орон сууцыг уг байрыг захиран зарцуулах эрх бүхий этгээд буюу өмчлөгчөөс 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлцлийн үндсэн дээр худалдаж авсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан шаардлагаа нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Харин нэхэмжлэгч нар өөрт хохирол учирсан гэж үзсэн тохиолдолд хэлцэл хийсэн буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй болно.

 

Нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ... ХХХХ, ХХХХ нар гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн үндэслэл зааж байгаа боловч хариуцагч ХХХХ нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгч биш байх тул уг орон сууцыг нэхэмжлэгч нарыг гэрээний үндсэн дээр хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ХХХХ, ХХХХ нарын давж залдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО