Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01733

 

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01733

 

 

МАГАДЛАЛ

Төсөл

2017.7.31 дугаар 1733

 

 

 

 

 

Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01054 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ганбаатарт холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 15 276 770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Намсрайжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганбаатар нь 2014 оны 10 сарын 27-ны өдөр Скайтел үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 7 тоот павилоныг 2014 оны 10 сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 сарын 27-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын 1 845 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулсан. Скайтел ХХК нь түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлж, 2015 оны 1 сараас 3 сар хүртэл, 5 сараас 7 сар хүртэлх түрээсийн төлбөрийг 922 500 төгрөг болгосон бөгөөд 2016 оны 1 сараас 9 саруудын түрээсийн төлбөрийг 1 170 000 төгрөг, 10 дугаар сарын түрээсийн төлбөрийг 1 056 770 төгрөг болгон бууруулсан. Түрээслэгч 2015 оны 8, 9, 11, 12 сарууд болон 2016 оны 1 сараас 10 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 18 044 270 төгрөгийг төлөхөөс гүйцэтгэх захирлын А-99 тоот тушаалаар 2 767 500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 10.3-т зааснаар Д.Ганбаатар нь гэрээгээ цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдээгүй, мөн өөрийн буруугаас түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.4-т зааснаар хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Иймд Д.Ганбаатараас түрээсийн төлбөр болох 15 276 770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх шаардлагыг биелүүлээгүй тул уг гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэдэг нь нотлогдож байна. Түрээслэгчийн хувьд борлуулалт муутай байснаас шалтгаалан 2015 оны 08, 09 сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй, гэрээг шууд цуцлах боломжтой байтал гэрээний 3.2-т зааснаар сунгасан мэтээр үзэж 2016 оны 1-10 сарын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Түрээсийн гэрээний хамгийн гол нөхцөл бол түрээсийн төлбөртэй холбоотой зөрчилгүй байх шаардлагатай юм. Скайтел ХХК-иас 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 04/3725 тоот албан бичгээр 2015 оны 08, 09 сарын түрээсийн төлбөр 2 767 500 төгрөгийг төлөхийг мэдэгдэж түрээсийн төлбөрөө хугацаанд хийгээгүй тохиолдолд гэрээ цуцлахаар анхааруулж байсан. Иймд гэрээний 3.2-т заасны дагуу гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дугаар зүйлийн 319.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ганбаатараас 2,767,500 /хоёр сая долоон зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,509,270 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 234,333 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганбаатараас 59.230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т , 10.1-т зааснаас үзэхэд гэрээний 2 тал гэрээний хугацаа буюу 2015 оны 10-р сарын 27-ны өдрөөс өмнө аль нэг талдаа гэрээ цуцлах санал гаргаагүй, түрээслэгч гэрээний 9.2-т заасан албан ёсны бичгэн сануулгыг 2 буюу түүнээс дээш удаа аваагүй бол түрээсийн гэрээ дахин 12 сараар сунгагдсанд тооцохоор харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг зааж өгсөн. Шүүхийн дүгнэлт хийсэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 04/3725 дугаартай нотлох баримтын шаардлага хангаагүй гэх "Мэдэгдэх хуудаст хариуцагч талыг 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 2 767 500 төгрөгийг төлөөгүй тул торгууль 100 000 төгрөгийн хамт төлөхийг мэдэгдсэн" албан бичиг байдаг. Уг албан бичгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй ч түрээслэгч тал хүлээн авснаасаа хойш түрээсийн төлбөр гэж 2015 оны 10-р сарын 19-ний өдөр 451 500 төгрөг, 471 500 төгрөг, 922 500 төгрөгөөр тус тус тушаасан үйлдэл байдаг. Хариуцагч тал 10 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр төлсөн талаар шүүх хуралдааны явцад маргаагүй зэрэг нь түрээсийн гэрээ 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Түрээсийн гэрээ сунгагдсан тул түрээсийн төлбөрт 12 509 270 төгрөг төлөх үүрэг үүссэнийг шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Мөн шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04/5165 дугаар "Анхааруулах мэдэгдэх хуудас болон 10 дугаар сарын 27-ны өдрийн 04/5244 дугаар "Гэрээ цуцлах тухай" албан бичгийг нотлох баримтаар өгсөн. Уг албан ёсны гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч талд хүргүүлснээр 042 дугаар гэрээг түрээслүүлэгч талын саналаар дангаар цуцлан түрээсийн гэрээний үүрэг зөрчсөний төлбөр нэхэмжилсэн. Харин хариуцагч тал 042 дугаар гэрээний 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар гэрээгээ цуцлах тухай саналыг түрээслүүлэгч талд дээрх хугацаанд ирүүлээгүй. Хариуцагчийн түрээсийн гэрээгээр хүлээн авсан талбайг ашиглаж байсан гэх "ирцийн бүртгэл"-ийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар ирцийн бүртгэл хийж байсан гэдгийг нотолж байхад шүүх уг нотлох баримтыг үнэлж үзээгүй байдаг. Түрээсийн гэрээгээр хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг хариуцагч талаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Уг нотлох баримтад хариуцагчийг төлөөлөн түүний гэр бүлийн хүн Б.Батмөнх гарын үсэг зурсныг, цахим үнэмлэхний хуулбарын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. "Скайтел-Теди төвөөс Мобиком-Теди төв рүү ордог хаалга нь түрээсийн гэрээ байгуулах гол зорилго биш бөгөөд хаалгыг хаасан нь түрээслэгч төлбөрөө төлөхгүй байх үндэслэл болохгүй. Гэтэл уг талбайг ашигласан байдал нь баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Д.Ганбаатарт холбогдуулан түрээсийн төлбөрт 15 276 770 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 2015 оны 8, 9 сарын түрээсийн төлбөрийг 922 500 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч, түрээсийн гэрээний хугацаа сунгагдаагүй тул үлдэх төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээ 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч Д.Ганбаатар нь түрээслүүлэгч Скайтел ХХК-ийн Скайтел Теди үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 7 тоот павилоныг гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэх зориулалтаар түрээслэх, сарын түрээсийн төлбөрт 1 845 000 төгрөг төлөх, түрээсийн гэрээний хугацааг 2014 оны 10 сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 сарын 27-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатайгаар харилцан тохиролцсон байна.

 

Талууд дээрх түрээсийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг талбайг түрээслэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрөө 2015 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд 922 500 төгрөгөөр тооцон авсан, түрээслэгч энэ хугацаанд сарын төлбөрт 922 500 төгрөг төлж байсан тул түрээсийн төлбөрийн хэмжээг талууд 922 500 төгрөг болгож өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин түрээсийн төлбөрийг талууд харилцан тохиролцож 1 170 000 төгрөг, 1 056 770 төгрөг, 1 845 000 төгрөг болгон тус тус өөрчилсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгч Скайтел ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 04/3725 тоот мэдэгдэх хуудсыг Д.Ганбаатарт хүргүүлжээ. /хх-ийн 12/

 

Хэрэгт авагдсан уг мэдэгдэх хуудас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй боловч хариуцагч хариу тайлбартаа дээрх мэдэгдэх хуудсыг авсан талаар маргаагүй тул зохигчдын тайлбараар Скайтел ХХК-иас 2015 оны 08, 09 сарын түрээсийн төлбөр 2 767 500 төгрөгийг төлөхийг мэдэгдэж түрээсийн төлбөрөө хугацаанд хийгээгүй тохиолдолд гэрээ цуцлахаар анхааруулж байсан нь нотлогдсон гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 3.2Хэрэв талуудын аль нэг нь энэ гэрээний үйлчлэх хугацаанаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй, түрээслэгч гэрээний 10.1-т заасан дутагдал доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд гэрээг дахин 12 сараар сунгасанд тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэж заасантай нийцжээ.

 

Түрээслэгч Д.Ганбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2 сарын түрээсийн төлбөрт 1 845 000 төгрөг төлсөнөөр Скайтел ХХК-иас ирүүлсэн мэдэгдэх хуудаст заасан үүргийн зөрчлийг арилгасан, Түрээсийн талбайд ашиглагдаж байсан эд хогшил хүлээлгэн өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн актад түрээсийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-наар тасалбар болгон цуцалсан талаар тусгагдсан байх тул түрээсийн гэрээний 3.2-т зааснаар гэрээг дахин 12 сараар сунгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх түрээслэгч 2015 оны 8, 9 сарын төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн, түрээсийн гэрээг сунгасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэж, улмаар Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан гэж үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

 

Дээрх байдлаар түрээсийн гэрээний хугацаа 12 сараар сунгагдсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч Скайтел ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 27-ноос 2016 оны 10 дугаар сарын 28 хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Харин талууд сарын түрээсийн төлбөрийг 922 500 төгрөг гэж өөрчилсөн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нийт 11 070 000 /12 х 922 500/ төгрөгийг хариуцагч Д.Ганбаатараас гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01054 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 2 767 500 гэснийг 11 070 000 гэж, 12 509 270 гэснийг 4 206 770 гэж, 2 дах заалтын 59 230 гэснийг 192 070 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ