Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2017/01054

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                    

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Г-т холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 15,276,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Болормаа, өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн төлөөлөгч Б.Батмөнх, өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд болон төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г- нь 2014 оны 10 сарын 27-ны өдөр С үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 7 тоот павилон түрээслэхээр харилцан тохиролцож Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 2014 оны 10 сарын 27-ны өдрөөс 2015 оны 10  сарын 27-ны өдөр хүртэл  нэг жилийн хугацаатайгаар, нэг сарын түрээсийн төлбөрийг 1,845,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. С ХХК нь түрээслэгч нартаа эдийн засгийн хүнд хэцүү үед түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлж 2015 оны 1 сараас 3 сар хүртэл,5 сараас 7 сар хүртэлх түрээсийн төлбөрийг 922,500 төгрөг болгосон бөгөөд 2016 оны 1 сараас 9 саруудын түрээсийн төлбөрийг 1,170,000 төгрөг болгон бууруулсан бол 10 дугаар сарын түрээсийн төлбөрийг 1,056,770 төгрөг болгон бууруулсан. Гэтэл түрээслэгч 2015 оны 8,9,11,12 сарууд болон 2016 оны 1 сараас 10 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох нийт 18,044,270 төгрөгийг төлөхөөс Гүйцэтгэх захирлын А-99 тоот тушаалаар 2,767,500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж нийт 15,276,770 төгрөгийг төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 10.3-т түрээслэгч ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаар цуцлах эрхтэй ба гэхдээ цуцлах тухай саналаа нэг сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээнэ гэж заасан байтал түрээслэгч Д.Г- нь нэг ч удаа гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийг бичгээр ирүүлж байгаагүй. Д.Г- нь гэрээгээ цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдээгүй, мөн өөрийн буруугаас түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.4-т заасан Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Түрээсийн гэрээний 6.1-д Түрээслэгч талаас энэхүү гэрээг чанд биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан дагуу хариуцлага тооцох, гэрээг цуцлах, үүссэн хохирлыг арилгуулах”, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу хариуцагч Д.Г-аас гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр болох 15,276,770 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагч Д.Г- шүүхэд болон төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг төлөх хугацааг гэрээний 4.3-д тодорхой зааж cap бүрийн 25-ны дотор Худалдаа хөгжлийн банкны 499127337 тоот дансанд төлөх, мөн гэрээний 4.5-д түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэг удаа 100.000 төгрөгөөр торгож давтан түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлахаар заасан. Түрээслэгчийн хувьд борлуулалт муутай байснаас шалтгаалан 2015 оны 08, 09 сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй тул гэрээг шууд цуцлах боломжтой байтал гэрээний 3.2-т зааснаар сунгасан мэтээр үзэж 2016 оны 1-10 сарын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Түрээслэгч гэрээний 10.1 дэх заалтын ямар нэгэн зөрчилгүй, түрээсийн гэрээний хамгийн гол нөхцөл болох түрээсийн төлбөртэй холбоотой зөрчилгүй байх шаардлагатай юм. С ХХК-иас 2015 оны 10  сарын 08-ны өдрийн 04/3725 тоот албан бичгээр 2015 оны 08, 09  сарын түрээсийн төлбөр 2.767.500 төгрөгийг төлөхийг мэдэгдэж түрээсийн төлбөрөө хугацаанд нь хийгээгүй тохиолдолд гэрээ цуцлахаар анхааруулж байсан. Иймд гэрээний 3.2-т заасны дагуу гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Г-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 15,276,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Г- 2015 оны 8, 9 сарын түрээсийн төлбөрийг 922,500 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч, түрээсийн гэрээний хугацааг сунгаагүй тул 2016 оны төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2.Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Г-тай Гар утасны худалдаа эрхлэх павилон ашиглах түрээсийн гэрээг 2014 оны 10 сарын 27-ны өдөр  байгуулж С үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 7 тоот павилоныг ажлын байрны зориулалтаар, 2014 оны 10 сарын 27-ны өдрөөс 2015 оны 10  сарын 27-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатайгаар, сарын түрээсийн төлбөрийг 1,845,000 төгрөгөөр харилцан тохиролцож байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан 042 дугаартай түрээсийн гэрээ /хх-ийн 6-9 талд/-гээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талууд  түрээсийн гэрээний хүчин төгөлдөр  байдал болон түрээсийн зүйлийг ашиглаж байсан үед хийгдсэн тооцооны талаар маргаагүй, харин түрээсийн зүйлийг ашиглаагүй хугацааны хөлсийг төлөх эсэх дээр маргажээ.

 

Түрээслүүлэгч нь түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлж 2015 оны 1 сараас 3 сар хүртэл, 5 сараас 7 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг 922,500 төгрөг, 2016 оны 1 сараас 9 саруудын түрээсийн төлбөрийг 1,170,000 төгрөг, 10 сарын түрээсийн төлбөрийг 1,056,770 төгрөг болгон бууруулсан талаар түрээслэгч маргахгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.2.Хэрэв талуудын аль нэг нь энэ гэрээний үйлчлэх хугацаанаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй, түрээслэгч гэрээний 10.1-т заасан дутагдал  доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд гэрээг дахин 12  сараар сунгасанд тооцно, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 1 дэх заалтанд гэрээний 9.2-т заасан албан ёсны бичгэн сануулгыг 2 буюу түүнээс дээш удаа авсан, түрээслэгч нь гэрээний долоо ба наймдугаар зүйлд заасныг зөрчин түрээсийн байрыг бусдад дамжуулан түрээсэлсэн, түрээслэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр гэрээг шилжүүлсэн, түрээслэгчийн үйлдэл нь компанийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон  бол түрээслэгч  гэрээг дангаараа цуцлах эрхтэй гэж тохиролцсон байна.

 

Түрээслүүлэгч С ХХК-ийн төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд “Түрээслэгч Д.Г-т 2015 оны 10 сарын 08-ны өдөр 04/3725 дугаартай “Мэдэгдэх хуудас”-нд 2015 оны 8, 9 сарын түрээсийн төлбөр 2,767,500 төгрөг, торгууль 100,000 төгрөг төлөх, түрээсийн гэрээний 4.5-р зүйлд заасны дагуу түрээслүүлэгч тал гэрээг дангаараа цуцлах үндэслэл бий болсныг сануулж, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн” гэх тайлбар гаргаж байгаа боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй /хх-ийн 12 талд/  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1‑т зааснаар нэхэмжлэлийн шаардлага,үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байна.

 

Түрээслүүлэгч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж түрээслэгчээс 2015 оны 11, 12 сар, 2016 оны 1 сараас 10 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 12,509,270 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Талууд түрээсийн гэрээний 10.3-т Түрээслэгч нь ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаараа цуцлах эрхтэй ба гэхдээ цуцлах тухай саналаа нэг сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээнэ. 2.5-д түрээслэгч нь гэрээний 2.3-д заасны дагуу Павилоныг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд 7 хоногийн дараа түрээслүүлэгч тал суллах арга хэмжээ авах бөгөөд үүнтэй холбоотой гарах асуудлыг түрээслэгч тал бүрэн хариуцана” гэж тохиролцсон түрээслэгч 2015 оны 8, 9 сарын төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн, түрээсийн гэрээг сунгасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 294 дүгээр 294.1.1.гэрээний хугацаа дууссан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Д.Г-аас 2015 оны 8 сарын түрээсийн төлбөрт  922,000 төгрөг, 9 сарын түрээсийн төлбөрт 1,845,000 төгрөг нийт 2,767,500 төгрөгийг гаргуулж С ХХК-нд олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 12,509,270 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 319 дугаар зүйлийн 319.1 дэх хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Д.Г-аас 2,767,500 /хоёр сая долоон зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,509,270 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 234,333 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 59,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ