Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/01998

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/01998

 

 

Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01620 дугаар шийдвэртэй, Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагважаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Бат-Эрдэнэ би 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б-07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшийн ажилд орсон. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тушаалаар надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас халсан юм. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2347 дугаар шийдвэрийн дагуу намайг ажилд эргүүлэн авсан боловч миний төрсөн ах Б.Пүрэвгалсанг нас барсан шалтгааныг далимдуулан шалтгаангүй, чөлөө зөвшөөрөлгүй, 14 хоног ажил тасалсан гэж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 тушаалаар ажлаас халсан. Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн аль нэг заалтыг баримталдаг. Холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, анхнаасаа алдаатай тушаал гарсан. Байгууллагын дотоод журмын 7.9.11-т зааснаар ажлын байрыг эзэнгүй орхисон, үүний улмаас хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн, ажлын байрыг голсон гэсэн байдаг. Ажилтан нь ажил голсон, тасалснаар хүүхдийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа тухай баримтыг хариуцагч гаргаагүй бөгөөд тогтоогдохгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Б бүлгийн багшийн ажил албан тушаал эрхлэх талаар гэрээнд тусгагдсан тул В бүлгийн багш гэсэн өөр ажилд томилж, шүүхийн шийдвэр биелэгдээгүй. Мөн миний төрсөн ах 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зам тээврийн осолд орж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд 19-ний өдөр нас барсан бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан юм. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагважаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Бид шүүхийн шийдвэрийн дагуу Б.Бат-Эрдэнийг ажилдаа орохыг утсаар мэдэгдсэн боловч тэрээр ирэхгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж, дараах өргөдлийг бичиж чөлөө авсан. Өргөдөлд Б.Бат-Эрдэнэ миний бие нь шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс багшийн ажилд орохоор тохиролцлоо. Хувийн асуудлаар өөрийн хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл чөлөө авах хүсэлтэй байна гэсэн байна. Ингээд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Б.Бат-Эрдэнийг бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилсон. Тушаалын дагуу арга зүйч Г.Лхагважаргал, байгууллагын өмч хамгааллын байнгын зөвлөлийн гишүүд Б.Маралмаа, Д.Янжинлхам нар хамтран Ахлах В бүлгийг хүлээлгэн өгөхөөр ангид орсон боловч Б.Бат-Эрдэнэ багш Би энэ ангийг авахгүй, тушаалтай танилцаж гарын үсэг зурахгүй гээд гараад явсан. Энэ үед туслах багш А.Алтантуяа байсан бөгөөд энэ тухай комисс тэмдэглэл үйлдсэн байна. Багш Б.Бат-Эрдэнэ нь тэр даруй эрхлэгчийн өрөөнд орж ирээд Би энэ ангийг авахгүй, хуучин ангиа авна гэхэд эрхлэгч танай хуучин ангид одоо байгаа багшийг сонгон шалгаруулалтаар авсан бөгөөд хичээлийн жилийн эхнээс томилогдон ажиллаж байгаа. Адилхан 4 настай бүлэг тул ялгаа гарахгүй, ижилхэн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулсан тул танд хүндрэл учрахгүй, тэгээд ч багш хүн бол хүүхдийг ялгаварлан алагчлан үзэх ёс байхгүй хэмээн тайлбарласан боловч, тэгвэл би энэ ажлыг хийхгүй гээд эрхлэгчийн зүгээс энэ ажлыг хийхээс татгалзаж байгаагаа тайлбарлан мэдэгдэхийг хүсэхэд Б.Бат-Эрдэнэ багш Би ямар нэгэн юмтай танилцаж, гарын үсэг зурахгүй гээд гарч явсан байна. Үүнээс хойш багш Б.Бат-Эрдэнэ ажилдаа ирээгүй. Иймд түүнийг ажлаас нь чөлөөлсөн тушаал нь хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2347 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад ... Б.Бат-Эрдэнийг Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай гэж заасны дагуу ажил олгогч Б.Бат-Эрдэнийг В бүлгийн багшийн ажилд томилж тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасантай нийцэж байна гэжээ. Тус шийдвэрээр нэхэмжлэгч намайг урьд эрхлэж байсан ажил, албан тушаал болох Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлын байран дээр томилсон. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлэхдээ хөдөлмөрийн гэрээнд заасан Б бүлгийг бус В бүлгийн багшийн албан тушаалд томилсон. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал маань Б бүлгийн багш гээд хөдөлмөрийн гэрээнд тусгасан байтал анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн ... Б.Бат-Эрдэнэ нь З ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэсэн ноцтой зөрчлийг гаргасан болох нь ахлах В бүлгийг хүлээлцэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл, Б.Бат-Эрдэнээс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэст гаргасан өргөдөл, ахлах В бүлгийн эцэг, эхийн өргөдөл, Б.Бат-Эрдэнэтэй утсаар хийсэн ярилцлага, тушаал олгосон бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогджээ гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй. Нэхэмжлэгч миний бие хариуцагчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажилд томилсон Б/05 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг бүрэн биелээгүй гэж үзэж дээд шатны байгууллагад өргөдөл гаргасан. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байхад хөдөлмөрийн харилцаа үүссэн мэтээр тайлбарлан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон хариуцагчийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4-т заасны зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эсхийг анхаарч үзэлгүй хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь нь хариуцагч Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, удаа дараа ажлын байрыг эзэнгүй орхиж, ажлаа тасалсан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02347 дугаар шийдвэрээр Б.Бат-Эрдэнийг Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр нь хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 6-14 дүгээр тал/

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.-Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэдэг нь тогтоогдсон ба уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

Дээрх шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Ахлах В бүлгийн багшийн ажилд нь буцаан томилжээ. /хх-ийн 37 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаалд СӨБ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, байгууллагын дотоод журмын 7.9.11, 7.9.14-т заасан заалтыг үндэслэж удаа дараа ажлын байрыг эзэнгүй орхиж, чөлөө зөвшөөрөлгүй 14 хоног ажлаа тасалсан гэж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.. /хх-ийн 4 дүгээр тал/

Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн Б.Бат-Эрдэнэг багшийн ажилд эгүүлэн томилох тухай Б/05 дугаар тушаалыг нэхэмжлэгчид 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулж, Ахлах В бүлгийн багшийн ажлыг хүлээлгэн өгөхөд тэрээр ... урьд нь ажиллаж байсан Б бүлгийн багшийн ажилд эгүүлэн аваагүй гэх үндэслэлээр татгалзсан, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй талаарх үйл баримт нь тушаал олгосон бүртгэл, цагийн бүртгэл, ажил хүлээлгэж өгөх комиссын тэмдэглэл, эцэг эхийн өргөдөл, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон.

Б.Бат-Эрдэнэ нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.2-т ажлын байраа дур мэдэн эзэнгүй орхисон, ажлаа ямар нэгэн шалтгаангүй 3 хоног тасалсан..., байгууллагын дотоод журмын 7.9.11-д ажлын байрыг эзэнгүй орхих, үүний улмаас хүүхдийн эрх ашиг хөндөгдөх, 7.9.14-т хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, чөлөө зөвшөөрөлгүй 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэх ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан ажил хүлээлцэх тухай тэмдэглэл, Боловсролын хэлтэст гаргасан өргөдөл, эцэг, эхийн өргөдөл, утсаар хийсэн ярилцлага, тушаал олгосон бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байх тул энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ.

Иймд Б.Бат-Эрдэнэ нь удаа дараа ажлын байрыг эзэнгүй орхиж, чөлөө зөвшөөрөлгүй 14 хоног ажлаа тасалсан гэх үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь ... төрсөн ах нь гэнэт нас барсан хүндэтгэн үзэх шалтгааныг далимдуулж ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарласан боловч тэрээр өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хангалттай нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн байгууллагын дотоод журмын 2.5, 2.6, 2.8, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.2-т зааснаар ажилтан чөлөө авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмэлэгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ