Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00211

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01620 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1998 дугаар магадлалтай

Б.Бийн нэхэмжлэлтэй,

Хт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бэ би 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б-07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, Хт бүлгийн багшийн ажилд орсон. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тушаалаар надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас халсан юм. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2347 дугаар шийдвэрийн дагуу намайг ажилд эргүүлэн авсан боловч миний төрсөн ах Б.Пүрэвгалсанг нас барсан шалтгааныг далимдуулан шалтгаангүй, чөлөө зөвшөөрөлгүй, 14 хоног ажил тасалсан гэж 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 тушаалаар ажлаас халсан. Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн аль нэг заалтыг баримталдаг. Холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, анхнаасаа алдаатай тушаал гарсан. Байгууллагын дотоод журмын 7.9.11-т зааснаар ажлын байрыг эзэнгүй орхисон, үүний улмаас хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн, ажлын байрыг голсон гэсэн байдаг. Ажилтан нь ажил голсон, тасалснаар хүүхдийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа тухай баримтыг хариуцагч гаргаагүй бөгөөд тогтоогдохгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Б бүлгийн багшийн ажил албан тушаал эрхлэх талаар гэрээнд тусгагдсан тул В бүлгийн багш гэсэн өөр ажилд томилж, шүүхийн шийдвэр биелэгдээгүй. Мөн миний төрсөн ах 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зам тээврийн осолд орж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд 19-ний өдөр нас барсан бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан юм. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид шүүхийн шийдвэрийн дагуу Б.Бийг ажилдаа орохыг утсаар мэдэгдсэн боловч тэрээр ирэхгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж, дараах өргөдлийг бичиж чөлөө авсан. Өргөдөлд Б.Бэ миний бие нь шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс багшийн ажилд орохоор тохиролцлоо. Хувийн асуудлаар өөрийн хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл чөлөө авах хүсэлтэй байна гэсэн байна. Ингээд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Б.Бийг бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилсон. Тушаалын дагуу арга зүйч Г.Лхагважаргал, байгууллагын өмч хамгааллын байнгын зөвлөлийн гишүүд Б.Маралмаа, Д.Янжинлхам нар хамтран Ахлах В бүлгийг хүлээлгэн өгөхөөр ангид орсон боловч Б.Бэ багш Би энэ ангийг авахгүй, тушаалтай танилцаж гарын үсэг зурахгүй гээд гараад явсан. Энэ үед туслах багш А.Алтантуяа байсан бөгөөд энэ тухай комисс тэмдэглэл үйлдсэн байна. Багш Б.Бэ нь тэр даруй эрхлэгчийн өрөөнд орж ирээд Би энэ ангийг авахгүй, хуучин ангиа авна гэхэд эрхлэгч танай хуучин ангид одоо байгаа багшийг сонгон шалгаруулалтаар авсан бөгөөд хичээлийн жилийн эхнээс томилогдон ажиллаж байгаа. Адилхан 4 настай бүлэг тул ялгаа гарахгүй, ижилхэн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулсан тул танд хүндрэл учрахгүй, тэгээд ч багш хүн бол хүүхдийг ялгаварлан алагчлан үзэх ёс байхгүй хэмээн тайлбарласан боловч, тэгвэл би энэ ажлыг хийхгүй гээд эрхлэгчийн зүгээс энэ ажлыг хийхээс татгалзаж байгаагаа тайлбарлан мэдэгдэхийг хүсэхэд Б.Бэ багш Би ямар нэгэн юмтай танилцаж, гарын үсэг зурахгүй гээд гарч явсан байна. Үүнээс хойш багш Б.Бэ ажилдаа ирээгүй. Иймд түүнийг ажлаас нь чөлөөлсөн тушаал нь хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01620 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бийн нэхэмжлэлтэй, Хт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бэ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1998 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Нэхэмжлэгч Б.Бэ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Бэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01620 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 1998 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрүүдийн үндэслэх хэсэгт Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02347 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “... Б.Бийг Хийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж заасны дагуу ажил олгогч Б.Бийг “В” бүлгийн багшийн ажилд томилж тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасантай нийцэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02347 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хийн бүлгийн багшийн ажлын байран дээр томилсон. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлэхдээ хөдөлмөрийн гэрээнд заасан “Б” бүлгийг бус “В” бүлгийн багшийн албан тушаалд томилсон болохоос хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй. Учир нь миний бие ажлаас халагдахаас өмнөх гэрээнд “Б” бүлгийн багш байсан бол ажилд авах тушаалд “В” бүлгийн багшаар гэж зааснаас хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй. Үүнийг л хөдөлмөрийн гэрээ байгуулан баталгаажуулах дээрээ үл ойлголцсон. Үүнийг хоёр шатны шүүхээс анхаарч үзсэнгүй болно.

Мөн “... Б.Бэ нь 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэсэн ноцтой зөрчлийг гаргасан болох нь ахлах “В” бүлгийг хүлээлцэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл, Б.Бээс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэст гаргасан өргөдөл, ахлах “В” бүлгийн эцэг эхийн өргөдөл, Б.Бэтэй утсаар хийсэн ярилцлага, тушаал олгосон бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогджээ” гэжээ.

Ажил олгогч намайг ажилд авсан тушаал гаргаснаас нэхэмжлэгч надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсны дараа уг гэрээг үндэслэн ажилд авсан тушаал гарах ёстой атал тушаал гарсан гэнгүүт хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцсон гэж үзэх үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч миний бие хариуцагчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ажилд томилсон Б/05 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг бүрэн биелээгүй гэж үзээд дээд шатны байгууллагад өргөдөл гаргасан.

Ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан буюу эсвэл миний бие ажил үүргээ гүйцэтгээд эхэлсэн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон гэж үзэх үндэслэлтэй, мөн шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01620 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1998 тоот магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Б.Бэ нь Хт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Бэ нь Хт 2015 оноос бүлгийн багшаар ажилласан, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тушаалаар ажлаас халагдсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2347 дугаар шийдвэрээр 209 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоогдсон, Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/07 тушаалаар “...ажлын байрыг эзэнгүй орхиж, 14 хоног ажил тасалсан...” гэх үндэслэлээр ажил олгогч байгууллагын дотоод журмын 7.9.11., 7.9.14. дүгээр заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь тогтоогджээ.

Ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байгууллагын дотоод журмын 7.9. дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг тухайлан заасан байх бөгөөд 7.9.11.-т “ажлын байрыг эзэнгүй орхих, үүний улмаас хүүхдийн эрх, ашиг хөндөгдөх...” гэж, 7.9.14.-т “хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, чөлөө зөвшөөрөлгүй 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол” хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

Ажил олгогч 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Бэд ажил үүргийг нь хүлээлгэн өгөх явцад тэрээр В бүлгийг авахгүй, хуучин ажиллаж байсан Б бүлгийн багшаар ажиллана гэх үндэслэлээр ажлаа орхиж явсан, учир байдлыг тодруулахаар ажил олгогчоос удаа дараа утсаар залгасны үр дүнд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр холбогдож, төрсөн ах нь нас барж, гачигдал гарсан талаар мэдсэн бөгөөд үүнээс хойш холбоо бариагүй, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй үйл баримт тогтоогджээ.

Байгууллагын дотоод журмын 2.9.2.-т зааснаар ажилтны төрсөн эцэг, эх, гэр бүлийн гишүүд нас барах тохиолдолд ажлын 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно гэж, 2.6.-д багш, ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй болбол ажил эхлэхээс 1-2 цагийн өмнө буюу урьд өдөр нь цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэнэ, мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно гэж тус тус заасан байна.

Ажилтан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан гарсан талаар мэдэгдээгүй, чөлөө аваагүй тул ажил олгогч ажилтныг ажил тасалсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2347 дугаар шийдвэрээр Б.Бийг Хан-Уул дүүргийн 209 дүгээр  цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон, тус шийдвэрийг үндэслэн Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 тушаалаар “Ахлах В бүлгийн багш”-ийн ажилд томилсон байх тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ.

Ажилд томилсон тушаал гарснаас хойш ажилтан урьд эрхэлж байсан ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тул түүнтэй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, харин гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд гэрээг шинээр байгуулж болох юм. Иймд талуудын хооронд өмнө байгуулсан Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрт 209 дүгээр цэцэрлэгийн Б, эсхүл В бүлгийн багшаар эгүүлэн тогтоохоор тухайлан заагаагүй тул “...урьд багшилж байсан Б бүлгийн багшаар томилоогүй, В бүлгийн багшийн ажлыг хүлээлгэж өгсөн нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзнэ, ...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад ноцтой зөрчил гаргасан гэсэн, ...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол шийдвэр магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01620 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1998 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Бийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД