Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01842

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01842

 

 

Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01686 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гор газ ХХК болон Э.Бат-Эрдэнэ, Б.Мөнхсайхан, Н.Буниа нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 71 300 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор 6 жилийн хорих ял, 71 сая төгрөгийн төлбөр, 300,000 төгрөгийн хөрөнгө хураах ял авсан. Э.Бат-Эрдэнэ, Ц.Эрдэнэчимэг, Б.Мөнхбат нарт холбогдох 346084 тоот эрүүгийн хэргийн 4 хавтаст хэргийн 1, 2 дугаар хавтаст хэрэгт нь банкнаас хуурамч баримт үйлдэн авсан мөнгийг Гор газ ХХК болон Гор газ ХХК-ийн эзэн Б.Мөнхсайхан үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлээс чөлөөлөхөд зориулсан баримтууд нотлох баримтаар авагдсан байдаг.

 

Гор газ ХХК-ийн авсан мөнгийг намайг төл гээд шүүхийн тогтоол гарсан учир би хуульд заагдсанаар төлж барагдуулах үүрэгтэй. Хэдийгээр хууль шүүхийн байгууллага надаар Гор газ ХХК-ийн авсан зарцуулсан мөнгийг төлүүлэхээр болсон ч би иргэнийхээ хувьд Гор газ ХХК-иас уг мөнгийг нэхэмжилж авах эрхтэй гэж үзэж байна. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хэргийн төв архиваас Гор газ ХХК болон Гор газ ХХК-ийн эзэн Б.Мөнхсайханы мөнгө авсан баримтуудыг хуулбарлан авах хүсэлт гаргахад хэрэгтэй танилцаж болно, харин надад материал хуулбарлаж өгөхгүй гэсэн учир Гор газ ХХК-тай холбоотой баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй болсон байна. Миний бие Гор газ ХХК-иас болж хохирсон учир шүүхийн шийтгэх тогтоолоор гарсан 71,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Гор газ ХХК-нийг үүсгэн байгуулсан болон анхны бүх хөрөнгө оруулалт нь Атлантик ХХК-ийн түрээсийн орлого болон Улаанбаатар хотын банкны зээлээр бий болсон байдаг. Улмаар Атлантик ХХК-ийн Гор газ ХХК-д зориулан шилжүүлсэн эд хөрөнгийн эх үүсвэрийг хууль бус аргаар бий болгосонд тооцон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Гор газ ХХК-д зарцуулсан 71,300,000 төгрөгийг Атлантик ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэчимэг нараас гаргуулахаар шийтгэх тогтоолд заагдсан байдаг.

 

Би хүнд авилга өгч, хууль бус зүйл хийж байгаагүй ба харин Гор газ ХХК-ийн нөхдүүд том, том прокуроруудтай ярьж тохиролцсон иргэн Ц.Эрдэнэчимэг надаар өөрийнхөө идэж ашигласан мөнгийг төлүүлэхээр шийдсэн. Нэгэнт шүүх намайг 71,300,000 төгрөгийг төл гэсэн учир би төлөх ёстой ба харин тэр 71,300,000 төгрөгийг идэж ашигласан Гор газ ХХК нь надад тэр мөнгийг төлөх ёстой. Иргэн Ц.Эрдэнэчимэг миний бие Гор газ ХХК-ийн 2003 онд үүсгэн байгуулсан баримтуудыг Улсын бүртгэлээс гаргуулах гэхэд надад өгөхгүй, дээр нь УБЕХ-ийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар зөвхөн шүүхээр дамжуулан уг баримтуудыг гаргуулан авахаар хуульчилсан байх юм гэжээ.

 

Иргэн Ц.Эрдэнэчимэг миний бие хуульд заагдсанаар өөрөө баримтаа гаргаж өгөх үүрэгтэй боловч би өөрөө олж авах ямар ч боломжгүй болохоор одоо би яаж нотлох баримтаа олж авах аргаа олохгүй байна. Төрийн байгууллага, банкны байгууллага надад өгөхгүй, шүүхэд хүсэлт гаргахад шүүх хэрэгт хамааралгүй, хүсэлтийг хангахгүй, давж заалдах эрхгүй гээд байх юм.

 

Иймд зальтай, хөрөнгөтэй хүмүүсээс болж хохирсон шууд хохирол 71,300,000 төгрөгийг Гор газ ХХК-иас гаргуулж өгнө үү. Эрүүгийн хэргийн төв архиваас татсан нотлох баримттай танилцвал Гор газ ХХК-ийн барилга нь Атлантик ХХК-ийн барилга, анхны бүх хөрөнгө оруулалт нь Атлантик ХХК-ийн зээлийн хөрөнгө болох нь тодорхой байх ба Н.Буниа, Б.Мөнхсайхан нар нь Атлантик ХХК-ийн хийн түлшний аж ахуй, эд хөрөнгийг авч үлдэхдээ Гор газ ХХК-ийг байгуулж амжаагүй иргэнээрээ хамтарч байсан байна.

 

Иймд нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхийнхээ хүрээнд Э.Бат-Эрдэнэ, Б.Мөнхсайхан, Н.Буниа нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж байна гэжээ.

 

Хариуцагч Гор газ ХХК болон Б.Мөнхсайхан, Н.Буниа, Э.Бат-Эрдэнэ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Гор газ компанийн хувьд, тухайн нэхэмжлэл гаргахдаа банкнаас авсан мөнгийг Гор газ компанийн авсан мөнгө гэж тайлбарлаж байгаагаар ойлгогддог. Гор газ компанийн авсан мөнгийг өмнөөс нь төлсөн юм шиг ярьдаг. Гэвч Гор газ компани нь байгуулагдсанаасаа хойш Улаанбаатар хотын банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй гэдэг нь Улаанбаатар хотын банкнаас ирсэн албан тоотноос харагддаг.

 

Түүнчлэн тус хэрэгт хариуцагчаар татагдсан Б.Мөнхсайхан Улаанбаатар хотын банкнаас 2003 оны 1 сарын 16-ны өдөр 30 сая төгрөг, хариуцагч Э.Бат-Эрдэнэ банкнаас 2003 оны 3 сарын 3-ны өдөр 200 сая төгрөг зээлсэн байдаг. Тухайн зээл авах үед Гор газ компани байгуулагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дурдаад байгаа шиг Гор газ ХХК-ийн зээл авсан мөнгийг төлсөн юм шиг ийм байдал байхгүй. Гор газ ХХК нь 2003 оны 3 сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдсан иргэн Н.Буниагийн 100 хувийн өмчлөлийн компани юм.

 

Үүнтэй холбоотой үүсгэн байгуулагдсан бичиг баримтуудыг шүүхэд нотлох баримт цуглуулах, талуудын хүсэлтээр гаргаж өгсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлагад Гор газ ХХК нь хамааралгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдаад байгаа 2007 оны 8 сарын 27-ны өдрийн Эрүүгийн 239 шийтгэх тогтоолд Гор газ компанийн зээлсэн мөнгө эсвэл эндээс авсан мөнгийг Ц.Эрдэнэчимэг төлсөн тухай нэг үг үсэг ч байхгүй.

 

Хариуцагч Б.Мөнхсайханы хувьд, нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн дурдаад байгаа 2003-аас 2007 оны хооронд ямар нэгэн харилцаа холбоо хамтарч бизнес эрхэлж байгаагүй. Нэгэнт нэхэмжлэгч Улаанбаатар банктай зээлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог учир үүнтэй холбогдуулж Б.Мөнхсайханы тайлбарыг хэлэх нь зүйтэй. Иргэн Б.Мөнхсайханы хувьд Улаанбаатар хотын банкнаас 2003 оны 1 сарын 16-ны өдөр 30 сая төгрөг зээлж 2005 оны 1 сарын 7-ны өдөр өөрөө төлж барагдуулсан байдаг.

 

Өөрөөр хэлбэл 30 сая төгрөгийг Ц.Эрдэнэчимэг гэдэг хүн төлөөгүй. Б.Мөнхсайхан нь Улаанбаатар хотын банкнаас авсан 2003 оны 1 сарын 16-ны өдрийн зээлтэй холбогдуулан 2004 оны 11 сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Энэ эвлэрлийн гэрээ барагдуулсан төлбөр тооцоо дууссан бүх баримт нь эрүүгийн хавтаст хэргээс шүүх нотлох баримт ажиллагааны дагуу хүрч ирсэн.

 

Эвлэрлийн гэрээ байгуулж гэрээний үүрэгт 75-09 дугаартай Мицубиши машиныг 3.5 сая төгрөг, 34-32 дугаартай Тоёота камри машиныг 500000 төгрөг, машиныг 5 сая төгрөгөөр тооцуулаад тэмдэглэл хөтөлсөн байгаа. Үлдэгдэл 18 сая төгрөгийг 2007 оны 1 сарын 7-ны өдөр төлж барагдуулаад 30 сая төгрөгийг төлчихсөн байгаа юм. Б.Мөнхсайханы хувьд Ц.Эрдэнэчимэгтэй холбогдуулж байгаа ганцхан зүйл бол зээлтэй холбоотой асуудал яригддаг. Дээрх баримтууд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй Улаанбаатар банкнаас авсан зээлээ өөрөө төлж барагдуулсан ийм зүйл байгаа.

 

Хариуцагч Н.Буниагийн хувьд, Гор газ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч юм. Энэ иргэн мөн нэхэмжлэгчтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, бизнес эрхэлж байгаагүй энэ хүнийг ямар учраас ингэж байгаа нь их ойлгомжгүй зүйл болчхоод байна. Н.Буниа гэдэг хүн өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хуулийн этгээд байгуулаад баялаг бүтээгээд 2003 оноос хойш 15 дах жилдээ ажиллаж байна. Хариуцагч Э.Бат-Эрдэнийн хувьд, нэхэмжлэгчийн төрсөн ах нь. Э.Бат-Эрдэнийн бичиж өгсөн тайлбар байгаа. Энэ тайлбартаа энэ зүйлтэй холбоотой асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь би гэсэн байна. Би гэдгээ өөрөө ч хэлдэг.

 

Ийм учраас үүнтэй холбоотой асуудлыг дэлгэрэнгүйгээр тайлбарлая гэсэн байна. Гор газ компанийн барилга нь Атлантик компанийн барилга, анхны хөрөнгө оруулалт нь Атлантик компанийн зээлийн хөрөнгө болох нь тодорхой мэтээр нэхэмжлэгч тайлбарлаад байна. Ийм зүйл огт байхгүй гэдгийг хэлсэн. Тодруулбал Атлантик компани нь хариуцагч Э.Бат-Эрдэнийн эзэмшлийн компани юм. Тухайн үед 2003 онд гүйцэтгэх захирлаар нь Ц.Эрдэнэчимэг гэдэг хүн ажиллаж байсан.

 

Өөрөөр хэлбэл Атлантик компани нь өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, барилга байгууламжгүй, тодорхой тоног төхөөрөмжгүй байж шууд Гор газ компанид шилжүүлэн өгсөн тийм зүйл байх боломжгүй гэж хариуцагч Э.Бат-Эрдэнэ хэлсэн. Атлантик компани нь 2003 оны 3 сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас 200 сая төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Ингэж зээл авахдаа иргэн Б.Мөнхсайханы 2003 оны 1 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийн 30 сая төгрөгийг хаачихсан юм.

 

Өөрөөр хэлбэл тухайн үед Э.Бат-Эрдэнэ, Б.Мөнхсайхан нар нь хамтарч ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой байсан. Э.Бат-Эрдэнэ нь банкнаас 200 сая төгрөг зээлэхдээ цуг бизнес хийе гээд ингэж мөнгө зээлэхдээ чиний 30 сая төгрөгийн зээлийг хаая дараа нь чи 30 сая төгрөгөө хийчхээрэй гээд энэ хоёр хамт Бээжин явсан байдаг. Явсан хойгуур нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан асуудал үүсээд Э.Бат-Эрдэнэ цаашаа зугтаагаад Б.Мөнхсайхан нь ирээд хаалгасан 30 сая төгрөгөө Э.Бат-Эрдэнийн өмнөөс банканд өгсөн. Үүнийг Э.Бат-Эрдэнэ мэдэж байгаа банкнаас ирсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрчлэгдэж байгаа.

 

Иймээс Атлантик компани, Э.Бат-Эрдэнэ болон Гор газ ХХК, Б.Мөнхсайхан нарын хооронд ямар нэгэн өр авлага тооцоо байхгүй гэдгийг хэлсэн. Ингээд дээрээс дүгнэхэд саяны дурдсан хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалсан эрх, эрх чөлөөнд ямар нэгэн байдлаар халдсан зүйл байхгүй байгаа. Ер нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хаанаас үүссэн талаар тайлбар гаргах нь зүйтэй гэж хариуцагч нар үзэж байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Бат-Эрдэнэтэй цуг Атлантик гээд компанид ажиллаж байсан.

 

Өөрөөр хэлбэл 2000 оноос 2006 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ингэж ажиллаж байх хугацаандаа Оросын Холбооны Улсын өмч болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2-р хороололд байрлах 24 айлын орон сууцыг түрээслэн ажиллуулдаг байсан. Ингэж хариуцагч Э.Бат-Эрдэнэ үйл ажиллагаа явуулж байхдаа нэхэмжлэгчтэй нийлэн энэ байраа Атлантик компанийн өмч хөрөнгө гээд хуурамчаар гэрчилгээ гаргуулаад бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар хариуцагч Э.Бат-Эрдэнэ нь бусдад учруулсан хохирлоо барагдуулж байгаа. Э.Бат-Эрдэнэ нь тухайн эрүүгийн шүүхийн тогтоолоор 200-аад сая төгрөгийн бусдад төлөх өр төлбөртэй үлдсэн. Харин нэхэмжлэгч 71,288,600 төгрөгийг барагдуулаагүй явж байгаа.

 

Энэ нь бол тухайн 23 иргэнээс авсан мөнгө, шийтгэх тогтоол дээр нэг бүрчлэн заасан байгаа. 23 иргэнд энэ бол манай компанийн өмч тийм учраас та нар түрээсэлж болно гэсэн байдлаар гэрчилгээ үзүүлээд мөнгийг нь аваад сүүлдээ нөгөө хүмүүс нь орж чадаагүй ийм байдлаар яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч нараас нэхэж байгаа мөнгө бол 23 иргэнээс залилж өөртөө давуу байдал бий болгож залилсан ийм баримтууд, мөнгө юм. Гэтэл энэ мөнгөө хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна.

 

Өөрөөр хэлбэр 23 иргэнтэй холбоотой асуудал 2007 оны Чингэлтэй дүүргийн шүүхийн 8 сарын 23-ны өдрийн 239 тоот шийтгэх тогтоол дээр байгаа. Түүнд нэг бүрчлэн тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан. Нэгэнт эрүүгийн шүүхийн шийдсэн асуудлын төлбөртэй холбоотой өөрөөс нь нэхэмжилсэн зүйлийг бусдаас гаргуулахтай холбогдсон ийм нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Өөрийг нь төл гээд шийдчихсэн байхад өөрийнхөө хариуцлагыг бусдаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж ингэж явж байгаа нь хариуцагч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа. Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх ёстой байтал энэ эрхийг нь ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Гор газ ХХК болон Э.Бат-Эрдэнэ, Б.Мөнхсайхан, Н.Буниа нарт холбогдох, гэм хорын хохиролд 71,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Эрдэнчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,500 төгрөгийн 514,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.16-ны өдрийн 101/ШШ2018/01686 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг 2018.5.06-ны өдөр Нийслэлийн шүүхэд Энхцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ариунаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаантай хурал давхацсан талаархи баримтаа гарган өгч хүсэлт гаргасныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм хорын маргаанд иргэдийн төлөөлөгч оролцуулахаар хуульчилжээ. Нэхэмжлэгч тал иргэдийн төлөөлөгчийг татгалзаагүй, оролцуулах хүсэлтэй байсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79, 85, 86-р зүйлд заагдсанаар иргэдийн төлөөлөгч заавал шүүх хуралд оролцуулах ба хэрэв шүүх хуралд ирээгүй бол 100.8-дахь хэсэгт заагдсанаар /Хэргийн зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна/ гэж заажээ. Нэхэмжлэгч тал нэгдүгээрт зөвшөөрөл өгөөгүй. Иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах хүсэлтэй байсан болно. Нэхэмжлэгч тал Цэрэндэжидийг гэрчээр асуулгах хүсэлт тавьсаныг шүүх хангаж тогтоол гаргасан. Гэтэл Цэрэндэжид нь хариуцагч талын хуульд заагдсан шаардлагыг хангасан итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн ба шүүх итгэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд Цэрэндэжид нь гэрч ч биш, хариуцагчийн төлөөлөгч ч биш болсон ба энд хуулийн ямар зохицуулалт байгааг нэхэмжлэгч тал огт ойлгоогүй. Иймд процессийн ноцтой зөрчилтэй шүүх хурал болсон ба энэ зөрчлийг давж заалдах болон хяналтын шатны шүүх засах боломжгүй учир зөрчилтэй гарсан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь хариуцагч Гор газ ХХК болон Э.Бат-Эрдэнэ, Б.Мөнхсайхан, Н.Буниа нарт холбогдуулан гэм хорын хохиролд 71 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж заасан бөгөөд 2018 оны 5 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй, иргэдийн төлөөлөгч Б.Энхнаранд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байна.

 

Тодруулбал, 2018 оны 4 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Энхнаран хүрэлцэн ирсэн бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулжээ. /хх-ийн 18-19-р тал/

Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг Ерөнхий шүүгч 2018 оны 5 сарын 3-ны өдөр хянан хэлэлцэж, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 20-21-р тал/ Улмаар анхан шатны шүүх Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Гор газ ХХК болон Э.Бат-Эрдэнэ, Б.Мөнхсайхан, Н.Буниа нарт холбогдох хэргийг 2018 оны 5 сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэхээр товлон зарлаж, шүүх хуралдааны товыг 2018 оны 5 сарын 14-ний өдөр зөвхөн нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна. /хх-ийн 22-р тал/

 

Шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгчид мэдэгдээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй байгаа нь шүүх эрх мэдлийн байгууллага ил тод, нээлттэй байх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих зарчимд нийцээгүй болно.

 

Иймд иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, анхан шатны шүүх энэ талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй, харин шүүх хуралдаад давхцсан, Н.Цэрэндэжид нь гэрч ч биш, хариуцагч ч биш гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3- нэхэмжлэгч төлөх аас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Т.ТУЯА

 

Г.ДАВААДОРЖ