Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1686

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч З.Баярмаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 12 тоотод оршин суух, Боржигон овогт Э /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, тоотод байрлах, “Г” ХХК /РД:.2763575/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б /РД:/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Цахар хараа овогт Н.Б /РД:

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Бодонгууд овогт М /РД:/ нарт холбогдох, 

 

71,300,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 123 дүгээр тогтоолоор 6 жилийн хорих ял, 71 сая төгрөгийн төлбөр, 300,000 төгрөгийн хөрөнгө хураах ял авсан.

Б, Э, М нарт холбогдох 123 тоот эрүүгийн хэргийн 4 хавтаст хэргийн 1, 2 дугаар хавтаст хэрэгт нь банкнаас хуурамч баримт үйлдэн авсан мөнгийг “Г” ХХК болон “Г” ХХК-ийн эзэн М үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлээс чөлөөлөхөд зориулсан баримтууд нотлох баримтаар авагдсан байдаг.

“Г” ХХК-ийн авсан мөнгийг намайг төл гээд шүүхийн тогтоол гарсан учир би хуульд заагдсанаар төлж барагдуулах үүрэгтэй.

Хэдийгээр хууль шүүхийн байгууллага надаар “Г” ХХК-ийн авсан зарцуулсан мөнгийг төлүүлэхээр болсон ч би иргэнийхээ хувьд “Г” ХХК-иас уг мөнгийг нэхэмжилж авах эрхтэй гэж үзэж байна.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хэргийн төв архиваас “Г” ХХК болон “Г” ХХК-ийн эзэн М-ийн мөнгө авсан баримтуудыг хуулбарлан авах хүсэлт гаргахад хэрэгтэй танилцаж болно, харин надад материал хуулбарлаж өгөхгүй гэсэн учир “Г” ХХК-тай холбоотой баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй болсон байна.

Миний бие “Г” ХХК-иас болж хохирсон учир шүүхийн шийтгэх тогтоолоор гарсан 71,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

“Г” ХХК-ийг үүсгэн байгуулсан болон анхны бүх хөрөнгө оруулалт нь “А” ХХК-ийн түрээсийн орлого болон Улаанбаатар хотын банкны зээлээр бий болсон байдаг.

Улмаар “А” ХХК-ийн “Г” ХХК-д зориулан шилжүүлсэн эд хөрөнгийн эх үүсвэрийг хууль бус аргаар бий болгосонд тооцон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж “Г” ХХК-д зарцуулсан 71,300,000 төгрөгийг “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э нараас гаргуулахаар шийтгэх тогтоолд заагдсан байдаг.

Би хүнд авилга өгч, хууль бус зүйл хийж байгаагүй ба харин “Г” ХХК-ийн нөхдүүд том, том прокуроруудтай ярьж тохиролцсон иргэн Э надаар өөрийнхөө идэж ашигласан мөнгийг төлүүлэхээр шийдсэн.

Нэгэнт шүүх намайг 71,300,000 төгрөгийг төл гэсэн учир би төлөх ёстой ба харин тэр 71,300,000 төгрөгийг идэж ашигласан “Г” ХХК нь надад тэр мөнгийг төлөх ёстой.

Иргэн Э миний бие “Г” ХХК-ийн 2003 онд үүсгэн байгуулсан баримтуудыг Улсын бүртгэлээс гаргуулах гэхэд надад өгөхгүй, дээр нь УБЕХ-ийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар зөвхөн шүүхээд дамжуулан уг баримтуудыг гаргуулан авахаар хуульчилсан байх юм.

Иргэн Э миний бие хуульд заагдсанаар өөрөө баримтаа гаргаж өгөх үүрэгтэй боловч би өөрөө олж авах ямар ч боломжгүй болохоор одоо би яаж нотлох баримтаа олж авах аргаа олохгүй байна.

Төрийн байгууллага, банкны байгууллага надад өгөхгүй, шүүхэд хүсэлт гаргахад шүүх хэрэгт хамааралгүй, хүсэлтийг хангахгүй, давж заалдах эрхгүй гээд байх юм.

Иймд зальтай, хөрөнгөтэй хүмүүсээс болж хохирсон шууд хохирол 71,300,000 төгрөгийг “Г” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Эрүүгийн хэргийн төв архиваас татсан нотлох баримттай танилцвал “Г” ХХК-ийн барилга нь “А” ХХК-ийн барилга, анхны бүх хөрөнгө оруулалт нь “А” ХХК-ийн зээлийн хөрөнгө болох нь тодорхой байх ба Б, М нар нь “А” ХХК-ийн хийн түлшний аж ахуй, эд хөрөнгийг авч үлдэхдээ “Г” ХХК-ийг байгуулж амжаагүй иргэнээрээ хамтарч байсан байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхийнхээ хүрээнд Б, М, Б нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж байна гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэн М-ийн Улаанбаатар хотын банкнаас 2003 оны 01 дүгээр сард 30,000,000 төгрөг зээлж, 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан зээлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан бололтой.

Гэтэл энэхүү зээлийн гэрэЭ-тэй “Г” ХХК нь ямар ч хамааралгүй юм. Учир нь “Г” ХХК нь 2003 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч хуулийн этгээд зээлийн гэрээ байгуулах үед үүсгэн байгуулагдаагүй байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэжээ. Гэтэл хариуцагчаар татагдсан “Г” ХХК нь нэхэмжлэгчийн эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан зүйл байхгүй юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Б, Э, М нарт холбогдох 123 тоот эрүүгийн хэргийн 4 дүгээр хавстаст хэргийн 1, 2 дугаар хавтаст хэрэгт нь банкнаас хуурамч баримт үйлдэн авсан мөнгийг “Г” ХХК болон “Г” ХХК-ийн эзэн М үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлээс чөлөөлөхөд зориулсан баримтууд нотлох баримтаар авагдсан байдаг” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үйл баримт нь 71,300,000 төгрөгт хамааралгүй юм. Учир нь иргэн М нь Улаанбаатар хотын банктай 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж гэрээний үүрэгт 1234 дугаар бүхий Мицубиши РВР маркийн 1994 онд үйлдвэрлэгдсэн өх өнгийн суудын автомашиныг 3,500,000 төгрөгт, 4321 дугаар бүхий Тоёота камри маркийн 1994 онд үйлдвэрлэгдсэн шаргал өнгийн автомашин 3,500,000 төгрөгт, 1111 дугаартай Ньюндай Атоз маркийн 1998 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн автомашин 5,000,000 төгрөгт тус тус тооцуулан үлдэгдэл 18,000,000 төгрөгийг 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх баримтууд нэхэмжлэгчийн шаардлагад хамааралгүй баримтууд юм.

Түүнчлэн Б 2003 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас зээл авсан байдаг. Энэхүү зээлд иргэн М нь хамааралгүй юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 239 тоот шийтгэх тогтоолоор Б нь Улаанбаатар хотын банкинд 166,248,000 төгрөгийг төлөх шийдвэр гарсан байдаг. Энэхүү төлөх төлбөрт нэхэмжлэгч нь мөн хамааралгүй байдаг.

Нэхэмжлэлд, “Г” ХХК-ийн авсан мөнгийг намайг төл гээд шүүхийн тогтоол гарсан учир би хуульд заагдсанаар төлж барагдуулах үүрэгтэй гэжээ.

Гэтэл 71,300,000 төгрөг нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 239 тоот шийтгэх тогтоолоор тодорхой тогтоогджээ.

Тодруулбал 239 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д Э-ээс 71,288,622 төгрөг гаргуулж, О-д 3,571,590 төгрөг, Н-д 3,529,000 төгрөг, А-д 3,029,000 төгрөг, Э-т 2,500,000 төгрөг, Ч-д 2,250,000 төгрөг, Б-д 2,998,810 төгрөг, Ч-д 3,026,000 төгрөг, Д-д 3,500,000 төгрөг, Э-д 3,000,000 төгрөг, Ц-д 3,026,400 төгрөг, О-т 3,580,350 төгрөг, Н-д 3,637,290 төгрөг, Б-т 3,500,000 төгрөг, Д-д 2,500,000 төгрөг, Ж-д 3,529,500 төгрөг, Д-т 3,334,182 төгрөг, Г-д 3,000,000 төгрөг, Т-д 2,500,000 төгрөг, Б-т 3,517,500 төгрөг, О-т 2,700,000 төгрөг, Д-т 3,000,000 төгрөг,Т-д 3,528,500 төгрөг, У-д 2,500,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, “Г” ХХК-ийн авсан мөнгийг нэхэмжлэгч нь төлж байгаа гэсэн зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргээс хохироосон иргэдэд нь шүүхээс хохирлыг барагдуулах шийдвэр гарсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар зааснаар “нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч төлөхөөр шийдвэрлэгдсэн шийдвэрийг өөр бусад этгээдүүдээр төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл нь Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчим алдагдаж бусдын хүлээх хариуцлагыг өөр этгээдээр хүлээлгэхээр гаргасан хууль бус нэхэмжлэл гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ тодорхойлохдоо 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 123 дүгээр тогтоолоор шийтгэгдсэн 71,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Гэтэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдгийг мөн дурдах нь зүйлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Э нь “Г” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ хамтран хариуцагчаар Б намайг холбогдуулан  хамтран хариуцагчаар татжээ.

Ийнхүү хамтран хариуцагчаар татсан явдал нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

“Г” ХХК-ийн барилга нь “А” ХХК-ийн барилга, анхны хөрөнгө оруулалт нь “А” ХХК-ийн зээлийн хөрөнгө болох нь тодорхой мэтээр тайлбарлажээ.

Гэтэл ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй. Тодруулбал миний эзэмшлийн “А” ХХК нь өөрийн гэсэн барилга, хөрөнгө байхгүй байсан. Ийм байтал “Г” ХХК-нд шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй.

“А” ХХК нь 2003 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Ийнхүү зээл авахдаа иргэн М-ийн 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас авсан 30,000,000 төгрөгийг хаасан.

Харин иргэн М нь 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын банктай эвлэрлийн гэрээ байгуулж 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “А” ХХК-ийн өмнөөс 30,000,000 төгрөгийг төлсөн.

Иймээс “А” ХХК-ийн зээлийн хөрөнгөөр “Г” ХХК үүсгэн байгуулагдаагүй юм. “Г” ХХК болон “А” ХХК-ийн хооронд ямар нэгэн төлбөр тооцоо, өр авлагын асуудал байхгүй гэдгийг тэмдэглье.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгө хаанаас үүссэн гэдгийг түүний төрсөн ах цуг шийтгэгдсэн этгээдийн хувьд хэлэх нь зүйтэй.

Хариуцагч миний бие 2000 оноос 2006 оны хооронд Оросын холбооны улсын өмч болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороололд байрлах 56 айлын орон сууцыг түрээслэж үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа явуулж байдаа өөрийн төрсөн дүү Э-тэй бүлэглэн түрээсийн байраа бусдад “А” ХХК-ийн болон өөрийн өмч гэж итгүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан.

Өнөөдрийг хүртэл хариуцагч би бусдад учруулсан хохирлоо барагдуулж явна. Харин Э нь дээрх орон сууцыг өөрийн компанийн өмч гэж итгүүлэн хохирогчдоос авсан 70 гаруй сая төгрөгөө өөрөө барагдуулалгүй бусад руу буруугаа чихэж яваад харамсаж байгаагаа илэрхийлье.

Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч бусдаас залилсан мөнгөө өөрөө л барагдуулах ёстой, түүнийг хариуцагч бид нар барагдуулан ёсгүй юм.

Шүүх хэргийг шударгаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М, Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Биднийг хамтран хариуцагчаар татуулж буй явдал нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь бид “А” ХХК-иас ямар нэгэн барилга, хийн түлшний тоног төхөөрөмж авч байгаагүй. Түүнчлэн “А” ХХК-ийн зээлийн хөрөнгөөр байгуулаагүй бөгөөд хариуцагч Б би 2003 онд өөрийн нэг сая төгрөгөөр “Г” ХХК-ийг үүсгэн байгуулсан юм.

Гэтэл хариуцагч бид нарын өөрийн хүч хөдөлмөрөөр үүсгэн байгуулж бүтээн босгож улс эх орондоо баялаг бүтээж буй аж ахуйн нэгж рүү дур зоргоороо халдсан хууль бус үйлдэл болж байна.

Э нь “А” ХХК-ийн Улаанбаатар хотын банкнаас 2003 оны 3 дугаар сарын 03-ны өдөр авсан зээлтэй холбоотой гэрээ зэргийг хавтаст хэрэгт цуглуулжээ.

Гэтэл энэхүү зээлд нэхэмжлэгч нь ямар ч хамааралгүй, “А” ХХК-ийн захирал Б тухайн зээлд хамааралтай этгээд гэдэг нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 239 тоот шийтгэх тогтоолоор 166,248,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкинд төлөх шийдвэрээр нотлогдоно.

Хариуцагч М би Улаанбаатар хотын банкнаас 2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авсан 30,000,000 төгрөгийн зээлийг “А” ХХК нь 2003 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөгийн зээл авахдаа хаасныг 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “А” ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэлд 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Өөрөөр хэлбэл, “А” ХХК болон М нарын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй.

Иймд бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК болон М, Б, Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Г” компанийн хувьд, тухайн нэхэмжлэл гаргахдаа банкнаас авсан мөнгийг “Г” компанийн авсан мөнгө гэж тайлбарлаж байгаагаар ойлгогддог. “Г” компанийн авсан мөнгийг өмнөөс нь төлсөн юм шиг ярьдаг. Гэвч “Г” компани нь байгуулагдснаасаа хойш Улаанбаатар хотын банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй гэдэг нь Улаанбаатар хотын банкнаас ирсэн албан тоотноос харагддаг. Түүнчлэн тус хэрэгт хариуцагчаар татагдсан М Улаанбаатар хотын банкнаас 2003 оны 1 сарын 16-ны өдөр 30 сая төгрөг, хариуцагч Б банкнаас 2003 оны 3 сарын 3-ны өдөр 200 сая төгрөг зээлсэн байдаг. Тухайн зээл авах үед “Г” компани байгуулагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дурдаад байгаа шиг “Г” ХХК-ийн зээл авсан мөнгийг төлсөн юм шиг ийм байдал байхгүй. “Г” ХХК нь 2003 оны 3 сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдсан иргэн Б-ийн 100 хувийн өмчлөлийн компани юм. Үүнтэй холбоотой үүсгэн байгуулагдсан бичиг баримтуудыг шүүхэд нотлох баримт цуглуулах, талуудын хүсэлтээр гаргаж өгсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлагад “Г” ХХК нь хамааралгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдаад байгаа 2007 оны 8 сарын 27-ны өдрийн Эрүүгийн 239 шийтгэх тогтоолд “Г” компанийн зээлсэн мөнгө эсвэл эндээс авсан мөнгийг Э төлсөн тухай нэг үг үсэг ч байхгүй.

Хариуцагч М-ийн хувьд, нэхэмжлэгч Э-тэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн дурдаад байгаа 2003-аас 2007 оны хооронд ямар нэгэн харилцаа холбоо хамтарч бизнес эрхэлж байгаагүй. Нэгэнт нэхэмжлэгч Улаанбаатар банктай зээлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог учир үүнтэй холбогдуулж М-ийн тайлбарыг хэлэх нь зүйтэй. Иргэн М-ийн хувьд Улаанбаатар хотын банкнаас 2003 оны 1 сарын 16-ны өдөр 30 сая төгрөг зээлж 2005 оны 1 сарын 7-ны өдөр өөрөө төлж барагдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл 30 сая төгрөгийг Э гэдэг хүн төлөөгүй. М нь Улаанбаатар хотын банкнаас авсан 2003 оны 1 сарын 16-ны өдрийн зээлтэй холбогдуулан 2004 оны 11 сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Энэ эвлэрлийн гэрээ барагдуулсан төлбөр тооцоо дууссан бүх баримт нь эрүүгийн хавтаст хэргээс шүүх нотлох баримт ажиллагааны дагуу хүрч ирсэн. Эвлэрлийн гэрээ байгуулж гэрээний үүрэгт 4561 дугаартай Мицубиши машиныг 3.5 сая төгрөг, 4321 дугаартай Тоёота камри машиныг  500000 төгрөг, машиныг 5 сая төгрөгөөр тооцуулаад тэмдэглэл хөтөлсөн байгаа. Үлдэгдэл 18 сая төгрөгийг 2007 оны 1 сарын 7-ны өдөр төлж барагдуулаад 30 сая төгрөгийг төлчихсөн байгаа юм. М-ийн хувьд Э-тэй холбогдуулж байгаа ганцхан зүйл бол зээлтэй холбоотой асуудал яригддаг. Дээрх баримтууд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй Улаанбаатар банкнаас авсан зээлээ өөрөө төлж барагдуулсан ийм зүйл байгаа.

Хариуцагч Б-ийн хувьд, “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч юм. Энэ иргэн мөн нэхэмжлэгчтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, бизнес эрхэлж байгаагүй энэ хүнийг ямар учраас ингэж байгаа нь их ойлгомжгүй зүйл болчихоод байна. Б гэдэг хүн өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хуулийн этгээд байгуулаад баялаг бүтээгээд 2003 оноос хойш 15 дах жилдээ ажиллаж байна.

Хариуцагч Б-ийн хувьд, нэхэмжлэгчийн төрсөн ах нь. Б-ийн бичиж өгсөн тайлбар байгаа. Энэ тайлбартаа энэ зүйлтэй холбоотой асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь би гэсэн байна. Би гэдгээ өөрөө ч хэлдэг. Ийм учраас үүнтэй холбоотой асуудлыг дэлгэрэнгүйгээр тайлбарлья гэсэн байна. “Г” компанийн барилга нь “А” компанийн барилга, анхны хөрөнгө оруулалт нь “А” компанийн зээлийн хөрөнгө болох нь тодорхой мэтээр нэхэмжлэгч тайлбарлаад байна. Ийм зүйл огт байхгүй гэдгийг хэлсэн. Тодруулбал “А” компани нь хариуцагч Б-ийн эзэмшлийн компани юм. Тухайн үед 2003 онд гүйцэтгэх захирлаар нь Э гэдэг хүн ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл “А” компани нь өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, барилга байгууламжгүй, тодорхой тоног төхөөрөмжгүй байж шууд “Г” компанид шилжүүлэн өгсөн тийм зүйл байх боломжгүй гэж хариуцагч Б хэлсэн. “А” компани нь 2003 оны 3 сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас 200 сая төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Ингэж зээл авахдаа иргэн М-ийн 2003 оны 1 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийн 30 сая төгрөгийг хаачихсан юм. Өөрөөр хэлбэл тухайн үед Б М нар нь хамтарч ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой байсан. Б нь банкнаас 200 сая төгрөг зээлэхдээ цуг бизнес хийе гээд ингэж мөнгө зээлэхдээ чиний 30 сая төгрөгийн зээлийг хаая дараа нь чи 30 сая төгрөгөө хийчихээрэй гээд энэ хоёр хамт Бээжин явсан байдаг. Явсан хойгуур нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан асуудал үүсээд Б цаашаа зугтаагаад М нь ирээд хаалгасан 30 сая төгрөгөө Б-ийн өмнөөс банкинд өгсөн. Үүнийг Б мэдэж байгаа банкнаас ирсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрчлэгдэж байгаа. Иймээс А компани, Б болон “Г” ХХК, М нарын хооронд ямар нэгэн өр авлага тооцоо байхгүй гэдгийг хэлсэн. Ингээд дээрээс дүгнэхэд саяны дурдсан хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалсан эрх, эрх чөлөөнд ямар нэгэн байдлаар халдсан зүйл байхгүй байгаа.

Ер нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хаанаас үүссэн талаар тайлбар гаргах нь зүйтэй гэж хариуцагч нар үзэж байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагч Б-тэй цуг “А” гээд компанид ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл 2000 оноос 2006 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ингэж ажиллаж байх хугацаандаа Оросын холбооны улсын өмч болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2-р хороололд байрлах 24 айлын орон сууцыг түрээслэн ажиллуулдаг байсан. Ингэж хариуцагч Б үйл ажиллагаа явуулж байхдаа нэхэмжлэгчтэй нийлэн энэ байраа А компанийн өмч хөрөнгө гээд  хуурамчаар гэрчилгээ гаргуулаад бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар хариуцагч Б нь бусдад учруулсан хохирлоо барагдуулж байгаа. Б нь тухайн эрүүгийн шүүхийн тогтоолоор 200-аад сая төгрөгийн бусдад төлөх өр төлбөртэй үлдсэн. Харин нэхэмжлэгч 71.288.600 төгрөгийг барагдуулаагүй явж байгаа. Энэ нь бол тухайн 23 иргэнээс авсан мөнгө, шийтгэх тогтоол дээр нэг бүрчилэн заасан байгаа. 23 иргэнд энэ бол манай компанийн өмч тийм учраас та нар түрээслэж болно гэсэн байдлаар гэрчилгээ үзүүлээд мөнгийг нь аваад сүүлдээ нөгөө хүмүүс нь орж чадаагүй ийм байдлаар яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч нараас нэхэж байгаа мөнгө бол 23 иргэнээс залилаж өөртөө давуу байдал бий болгож залилсан ийм баримтууд, мөнгө юм. Гэтэл энэ мөнгөө хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэр 23 иргэнтэй холбоотой асуудал 2007 оны Чингэлтэй дүүргийн шүүхийн 12 сарын 13-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоол дээр байгаа. Түүнд нэг бүрчлэн тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан. Нэгэнт эрүүгийн шүүхийн шийдсэн асуудлын төлбөртэй холбоотой өөрөөс нь нэхэмжилсэн зүйлийг бусдаас гаргуулахтай холбогдсон ийм нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Өөрийг нь төл гээд шийдчихсэн байхад өөрийнхөө хариуцлагыг бусдаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж ингэж явж байгаа нь хариуцагч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа. Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх ёстой байтал энэ эрхийг нь ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э нь хариуцагч “Г” ХХК болон Б, М, Б нарт холбогдуулан, гэм хорын хохиролд 71,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчид эс зөвшөөрч, талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь “Г” ХХК-ийн авсан мөнгийг төлөх шийдвэрийг шүүх гаргасан, “Г” ХХК-иас болж хохирсон учир шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 71,300,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна, “Г” ХХК-ийн барилга нь “А” ХХК-ийн барилга, анхны бүх хөрөнгө оруулалт нь “А” ХХК-ийн зээлийн хөрөнгө ба Б, М нар нь “А” ХХК-ийн түлшний аж ахуй, эд хөрөнгийг авч үлдэхдээ “Г” ХХК-ийг байгуулж амжаагүй иргэнээрээ хамтарч байсан хэмжээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 123 дүгээр шийтгэх тогтоолоор Б, Э нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, бусдад он их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар Бд 300,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил хорих ял, Эт 300,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял тус тус шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б-эс 237,536,622 төгрөг гаргуулж, 166,248,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкинд, 71,288,622 төгрөгийг нэр бүхий 23 хохирогчид Э-ээс 71,288,622 төгрөгийг гаргуулж, дээрх нэр бүхий 23 хохирогчид тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн, холбогдох гэмт хэргийн тухайд нэхэмжлэгч Э нь шунахайн сэдэлтээр Б-тэй бүлгээр болон ганцаараа 2001-2005 оны хооронд ОХУ-ын өмч болох Баянгол дүүргийн нутагт байрлах 24 айлын орон сууцыг өөрийн өмч хөрөнгө мэтээр нэр бүхий 23 иргэнд итгүүлэн тэднээс 28,500 ам доллар буюу 34,186,825 төгрөг, 108,390,420 төгрөгийг авч бүгд 142,577,245 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон байв.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тусгагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 123 дүгээр шийтгэх тогтоолын агуулгыг дурдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагч “Г” ХХК болон Б, М, Б нар нь нэхэмжлэгч Э-г хохироосон, гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл, шалтгаан холбоо хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүх хуралдааныг хойшлуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэгч Э өөрийн биеэр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцохгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурьдаж байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар хэргийн оролцогч нь өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй, биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх зохьцуулалттай.

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь заалтыг нэхэмжлэгч Эт тайлбарлан өгч, саналыг асуухад тэрээр төлөөлөгч Э -ээс татгалзахгүй, өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ийн эрх зүйн байдал хэвээр хадгалагдана.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдлаа шүүх хуралдаан давхацсан гэж тайлбарлан энэ талаарх баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүндэтгэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд төлөөлөх итгэмжлэлд тавигдах шаардлага, агуулгыг тусгайлан хуульчлаагүй боловч, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу нөгөө тал эрх хэрэгжүүлэх агуулгаар хүсэл зоригийн илэрхийлэл буюу “хэлцлийн” шинжийг агуулах тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт болон 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар агуулга, зорилгыг тайлбарлах боломжтой.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрх нь итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх ба мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасан хүрээнд, 63.3 дахь хэсэгт зааснаар “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.” байна.

Иймд шүүх хурал давхацсан буюу төлөөлүүлөгчийн эрх, ашиг сонирхолоос бусад этгээдийн болон өөрийн эрх, ашиг сонирхлыг илүүд үзэх нь түүнийг “шүүхэд төлөөлөх эрхээ хэрэгжүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан” болохгүй буюу “шүүх хурал давхацсан” гэсэн үндэслэлийг ажил үүргийн хүрээнд өмгөөлөгч хэрэгжүүлж байгааг шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд адилтган үзэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар, хариуцагч “Г” ХХК болон Б, М, Б нарт холбогдох, гэм хорын хохиролд 71,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 514,500 төгрөгийн 514,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 123456798 дугаар данснаас гаргуулж, нэхэмжлэгч Э-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА

 

               ШҮҮГЧИД                                                                 З.БАЯРМАА

 

                                                                                                   Э.ЭНЭБИШ