Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01732

 

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01732

 

МАГАДЛАЛ

 

 

Эдельвайсторг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01849 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Эдельвайсторг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Түвшинбаатард холбогдох

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх, ашиглалтын зардалд 15 330 542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ОХУ-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд орших 14 дүгээр байрыг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх "Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар"-тай байгуулсан №43/15-47 дугаар түрээсийн гэрээний дагуу эзэмшдэг. Гэрээний 1.1-т заасны дагуу манай компани байрны амины өрөө тасалгааг бусдад хөлслүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Харин уг байрны 23 тоотод Б.Түвшинбаатар нь 2012 оноос хойш амьдарч байгаа боловч байрны хөлс, цахилгаан, ус дулаан, байрны үндсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, байрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрээд байгаа тул уг байрны 23 тоотыг албадан чөлөөлж, 2012 оноос 2017 оны 02 дугаар cap хүртэлх ашиглалтын зардалд 15 330 642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч нарын хооронд эд хөрөнгө хөлслөх болон ямар нэгэн гэрээ байгаагүй. Оросын Холбооны Улсын хэрэг эрхлэх газартай байгуулсан гэрээ 2015 оноос хүчин төгөлдөр болсон. Хариуцагч тус байранд 1993 онд нүүж ирсэн, ах, эгч, гэр бүлийн бусад хүмүүстэй амьдардаг байсан бөгөөд тухайн үед Эрдэнэтийн гокийн Оюун-Эрдэнэ гэж хүний хамаатан садан гээд түрээсийн төлбөр авч байгаагүй харин ус, дулаанаа төлдөг байсан гэдэг. Оросын Холбооны Улс, нэхэмжлэгч нарын хооронд 1998 онд 64 айлыг түрээслэх гэрээ байгуулсан байдаг. 3108,89 м2 талбай түрээслэх гэрээтэй байсан бөгөөд 1 сарын 2176 доллор гэж тогтоосон байдаг. Нотлох баримтын шаардлага хангах 14 дүгээр байрны гэрчилгээ олдоогүй бөгөөд энэ дүүрэг дээр нилээн олон айл маргаантай байгаа. 1970 оны үед Орос болон Монголын хооронд гэрээ байгуулагдан Оросын иргэд суудаг байсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ 1 бүхэл гарч олгогдсон бөгөөд оршин суух 14 дүгээр байрны 6291,14 м2 талбай бүхий 5 давхар угсармал байрны гэрчилгээ олгов гэсэн байдаг. Үүнээс харахад 64 айл буюу тус байрны тал байрыг түрээслэх эрхтэй байсан байна. Ямар, ямар айлыг цааш дамжуулан түрээслэх эрхтэй вэ? гэдэг зүйл харагдахгүй байгаа бөгөөд түрээслэх болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй. Тухайн байранд нийт 129 айл байдгаас 64 айл нэхэмжлэгч компанид хамаардаг нь тодорхойгүй байгаа тул 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 02 дугаар сарын 01-ийг хүртэл цахилгаан дулааны мөнгө нэхэмжлэх эрхгүй этгээд.

Орон сууц нийтийн аж ахуйн албаны 2017 оны 03 дугаар сарын 03-ны гэрээнээс харахад хариуцагч байгууллага нь төрийн компанитай гэрээ байгуулаад эрх олж авч байна гэж харагдаж байна. Компанийн тухай хуульд заасны дагуу хариуцагч байгууллага тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Мөн орон сууцнаас албадан гаргах шаардлагын хувьд хөлслүүлэх эрхээ хуулийн дагуу олж авсан байх шаардлагатай бөгөөд хугацаа дуусаад сунгасан зүйл байдаг ч 126 айлын 64 айлын орон сууцыг түрээслэнэ гэсэн хэрнээ 64 айлд хариуцагчийн орон сууц багтаж байгааг нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106 дугаар зүйлийн 106.4, 492
дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 4
дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрны 23 тоот орон сууцнаас Б.Түвшинбаатарыг албадан гаргуулж, орон сууцыг чөлөөлж,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Түвшинбаатараас ашиглалтын зардал 15 330 642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргзний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Түвшинбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Эдельвайсторг" ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Ашиглалтын зардалд нэхэмжилсэн 15 330 642 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч Б.Түвшинбаатар ашиглалтын зардалд 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 450 000 төгрөг төлж байсан. Тэрнээс хойш огт төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч ашиглалтын зардлыг нэхэмжлэхдээ 2012 оны үеийн байрны төлбөр болох 251 000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн бөгөөд 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 2 сарын 25-ны өдөр хүртэлх 7 898 914 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх заалтыг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолд шударга эзэмшигч гэдэгт 90 дүгээр зүйлд заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно гэж тайлбарласан ба Б.Түвшинбаатар нь 1993 оноос хойш 14 дүгээр байрны 23 тоотод оршин суудаг хууль ёсоор эзэмшигч гэж ойлгож байх тул түүнийг шударга эзэмшигч гэж үзэхээр байна. Орон сууц хөлслөх зэрэг ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй ба 14 дүгээр байрны бүх оршин суугчид хэрэглээний төлбөрийг Эдельвайсторг ХХК-д төлдөг. Нэхэмжлэгч нь 23 тоотын эзэмшигч гэж тогтоогдохгүй байтал Б.Түвшинбаатарыг хэрэглээний төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсныг үндэслэн Эдельвайсторг ХХК-ийг хууль ёсны эзэмшигч гэж үзэж нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Эдельвайсторг ХХК нь хариуцагч Б.Түвшинбаатарт холбогдуулан БЗД-ийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрны 23 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, орон сууцны ашиглалтын зардалд 15 330 542 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Эдельвайсторг ХХК нь өөрийн эзэмшлий эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд өөрийгөө хууль ёсны эзэмшигч болохыг нотлох үүрэгтэйгээс гадна хариуцагч Б.Түвшинбаатарын эзэмшил хууль бус буюу хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгийг эзэмшиж байгаа нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Эдельвайсторг ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар Холбооны төрийн өмчит нэгдлийн газартай байгуулсан Түрээсийн гэрээний үндсэн дээр БЗД-ийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрны 3108,89 м.кв талбайг /хх8-15/ эзэмшдэг болох нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий 3108,89 м.кв талбайд 23 тоот орон сууц орж байгаа эсэх талаар хариуцагч маргаж байгаа тохиолдолд энэ байдлыг шүүх тодруулааагүй орхигдуулсан нь буруу байна.

 

Өөрөөр хэлбэл маргааны бүхий 23 тоот байрны эзэмшигч хэн болохыг тодорхойлох нь зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа орон сууцны ашиглалтын зардлыг хэрхэн тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг зардалд түрээсийн төлбөр орж байгаа эсэх нь хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хариуцагч хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр бусдын орон сууцыг эзэмшиж байсан үйл баримт тогтоогдвол орон сууц ашиглалтын зардлыг төлөхгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул орон сууцны ашиглалтын зардлын хэмжээ бодитой тогтоогдсон байх шаардлагатай болно.

 

Иймд хэрэгт ач холбогдох бүхий дээрх нөхцөл байдал тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01849 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Эдельвайсторг ХХК-ийн төлсөн 141 335 төгрөгийг, хариуцагч Б.Түвшинбаатарын төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ