Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1849

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Монгол улсын хуулийн этгээд 5771099 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14-113 тоотод оршин байх “Эдельвайсторг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЧЮ84030471 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 14-23 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Өлзийн Түвшинбаатарт холбогдох,

2012 оноос 2017 оны 2 дугаар сар хүртэлх ашиглалтын зардал 15.330.642 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 14 дүгээр байрны 23 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани өөрийн дүрэмд заасан үндсэн зорилго, эрхлэх үйл ажиллагааны хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Нэхэмжлэгч нь компаний дүрэмд заасан энэхүү үйл ажиллагааны хүрээнд ОХУ-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд орших 14 дүгээр байрыг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар”-тай байгуулсан №43/15-47 дугаар түрээсийн гэрээний дагуу эзэмшдэг болно. Гэрээний 1.1-т “түрээслэгч нь тус ... үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн зорилго бүхий зориулалтаар ашиглаж болно”. Үүнд: албан өрөө тасалгааг-захиргааны зориулалтаар, амины өрөө тасалгааг-амьдрах зорилгоор, бусад өрөө тасалгааг-аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар ... “ гэж заасны дагуу манай компани нь байрны амины өрөө тасалгааг бусдад хөлслүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Харин уг байрны 23 тоотод хариуцагч болох Б.Түвшинбаатар нь 2012 оноос хойш амьдарч байгаа боловч байрны хөлс, цахилгаан, ус дулаан, байрны үндсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, байрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрээд байгаа юм. Уг байрны 23 тоот нь манай компаний хууль ёсны эзэмшлийн эд хөрөнгө боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Б.Түвшинбаатар нь саад учруулж, уг байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул ийнхүү шүүхийн журмаар хариуцагчийг уг орон сууцнаас албадан чөлөөлж, хариуцагчаас 2012 оноос 2017 оны 02 дугаар сар хүртэлх байрны хөлс, цэвэр ус, халуун ус, бохир ус, хог зөөвөр, усны суурь үнэ, дулааны суурь үнэ, талбайн хөлс, СӨХ, цэвэрлэгээ, харуул хамгаалалт сантехник, цахилгааны засвар үйлчилгээ 15.330.642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2012 оноос 2017 оны 02 дугаар  сар хүртэл байрны хөлс, халаалт зэрэг нийт 15.330.642 төгрөг нэхсэн бөгөөд нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч нарын хооронд эд хөрөнгө хөлслөх болон ямар нэгэн гэрээ байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2013 онд үүсгэн байгуулагдсан байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болно гэж заасан байсан. Нэхэмжлэлээ 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс шаардах эрхтэй байсан болов уу? Оросын холбооны улсын хэрэг эрхлэх газартай байгуулсан гэрээ 2015 оноос хүчин төгөлдөр байсан. 2012 оноос 2017 оныг хүртэл нэхэмжлэх эрхтэй юу гэвэл хариуцагч нь тус байранд 1993 онд нүүж ирсэн бөгөөд ах, эгч, гэр бүлийн бусад хүмүүстэй амьдардаг байсан бөгөөд тухайн үедээ Эрдэнэтийн гокийн Оюун-Эрдэнэ гэж хүний хамаатан садан гээд түрээсгүй, үнэгүй суудаг байсан гэдэг “Эдельвайсторг” ХХК нь гэрээгээ Орос улсад очиж байгуулаад тухайн үед Түвшинбаатараас талийгаачийн эхнэр Энхтуяагийн төрөл садан гэж явдаг байсан тул түрээсийн төлбөр  авч байгаагүй харин ус, дулаанаа төлдөг байсан гэдэг. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн гэрээ байхгүй бөгөөд Оросын холбооны улсын нэхэмжлэгч нарын хооронд түрээслэх гэрээ байгуулсан байдаг. 1998 онд 64 айлыг түрээслэх гэрээ байгуулсан байдаг. 3108,89 м2  талбай түрээслэх гэрээтэй байсан бөгөөд 1 сарын 2176 доллор гэж тогтоосон байдаг. Нотлох баримтын шаардлага хангах 14 дүгээр байрны гэрчилгээ олдоогүй бөгөөд энэ дүүрэг дээр нилээн олон айл маргаантай байгаа. 1970 оны үед Орос болон Монголын гэрээ байгуулагдан Оросын иргэд суудаг байсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ 1 бүхэл гарч олгогдсон бөгөөд оршин суух 14 дүгээр байрны 6291,14 м2 талбай бүхий 5 давхар угсармал байрны гэрчилгээ олгов гэсэн байдаг. Үүнээс харахад 64 айл буюу тус байрны тал байрыг түрээслэх эрхтэй байсан байна. Ямар ямар айлыг цааш дамжуулан түрээслэх эрхтэй вэ? гэдэг зүйл харагдахгүй байгаа бөгөөд түрээслэх болон үл хөдлөх эд хөрөнгийн  гэрчилгээ байхгүй байна. Тухайн үед маргаан гарсан үеэс хойш орон сууцны байрны түрээсээ төлөөгүй бөгөөд дулаан, ус зэргийг цуглуулж байгаад нэг төлдөг байна. Түрээсийн төлбөр төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг өгөхийн тулд хуулийн  дагуу өгөх ёстой. Тухайн байранд нийт 129 айл байдгаас 64 айл нэхэмжлэгч компанид хамаардаг нь тодорхойгүй байгаа тул 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 02 дугаар сарын 01-ийг хүртэл цахилгаан дулааны мөнгө нэхэмжлэх эрхгүй этгээд  юм. Өмнөх шүүх хурал дээр орон сууц нийтийн аж ахуйн алба гэсэн газрын гэрээг нотлох баримтаар өгсөн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 03-нд байгуулагдсан байсан. Гэрээнээс харахад хариуцагч байгууллага нь төрийн компанитай гэрээ байгуулаад эрх олж авч байна гэж харагдаж байна. Компанийн тухай хуульд заасны дагуу хариуцагч байгууллага  тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулах ёстой байсан байна. 14.5-д үйлчилгээ эрхлэх бол зөвшөөрөл авна гэсэн байдаг. Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хууль гэж байдаг бөгөөд тус хуулинд ангилалдаа орон сууцны цэвэр бохирын хангамж зэргийг хийнэ гэж тус хуулийн 12.5-д заасны дагуу татгазласан байна. Эдгээрээс харахад үндэслэл болсон хуульд нь тусгай зөвшөөрөл шаардсан байна. Гэтэл тусгай зөвшөөрөл шаардсан байхад хуулийн дагуу явагдсан уу? үгүй юу гэдэг байна. Тиймээ нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй зардлыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн орон сууцнаас албадан гаргах шаардлагатай  байгаа бөгөөд ИХШХШТХ-ийн  хөлслүүлэх эрхээ хуулийн дагуу олж авсан байх шаардлагатай бөгөөд хугацаа дуусаад сунгасан зүйл байдаг ч 126 айлын 64 айлын орон сууцыг түрээслэнэ гэсэн хэрнээ 64 айлд хариуцагчийн орон сууц багтаж байгааг нотлоогүй байж нэхэмжлэл  гаргаж байгааг нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

                                                                                                                                                   Нэхэмжлэгч “Эдельвайсторг” ХХК нь хариуцагч Б.Түвшинбаатарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 14 дүгээр байрны 23 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 2012 оноос 2017 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын зардал 15.330.642 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

                                                                                                                                                   Хариуцагч уг орон сууц болон ашиглалтын зардлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

                                                                                                                                                   Маргааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү2204008829 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 14 дүгээр байрны өмчлөгчөөр “Оросын Холбооны улс” бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байна. /х.х-ийн 7 дугаар тал/

                                                                                                                                                   Уг орон сууцны барилгын 3108,89 м.кв талбайг нэхэмжлэгч “Эдельвайсторг” ХХК нь түрээсийн гэрээгээр эзэмшдэг болох нь түрээслүүлэгч болох Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар” Холбооны төрийн өмчит нэгдлийг төлөөлж “Госзагрансобственность-ийн Алс Дорнодын бүс нутгийн Улс орнуудын төлөөлөгч Жилинский Сергей Станиславич, түрээслэгч Монгол улсын хуулийн этгээд “Эдельвайсторг” ХХК-ийг төлөөлж Б.Төмөр нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 43/15-47 тоот түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний хавсралт 1, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №43/15-47 тоот түрээсийн гэрээг шинэчлэх тухай 1, 2 дугаар хэлэлцээр, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 7, 9-15 дугаар тал/

                                                                                                                                                   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж мөн зүйлийн 106.4-т “энэ хуулийн 106.2 ... нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

                                                                                                                                                   Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ “... хэрэгт авагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь 3108,89 м.кв талбайг эзэмшдэг болохоос тухайн орон сууцны 23 тоотыг эзэмшдэг эсэх нь тогтоогдохгүй, тухайн орон сууцыг 1993 оноос тухайн орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа” гэж тайлбарлаж байх боловч татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйгээс гадна ашиглалтын зардалд  2013 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 450.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж байсан үйл баримтаас үзэхэд түүний татгалзал үндэслэлгүй байна.

                                                                                                                                                   Өөрөөр хэлбэл хариуцагч нь уг орон сууцыг хууль болон гэрээнд зааснаар эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

Иймд Оросын Холбооны улсын өмч болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 14 дүгээр байрны 23 тоотод хариуцагч Д.Түвшинбаатар нь 1993 оноос амьдарч байгаа боловч өмчлөгч болон уг байрыг түрээслэгч “Эдельвайсторг” ХХК-тай аливаа гэрээ, хэлцэл байгуулаагүй тэдний зохих зөвшөөрөлгүй эзэмшиж ашиглаж байх тул Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 14 дүгээр байрны 23 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оноос 2017 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны ашиглалтын зардал 15.330.642 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

                                                                                                                                                   Хэдийгээр нэхэмжлэгч Эдельвайсторг” ХХК нь “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төв” болон “Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар нэг”-т ашиглалтын төлбөрийн тооцоогүй байх боловч хариуцагч 2012 оноос 2017 оны 2 дугаар сарыг хүртэл хугацаанд 15.330.642 төгрөгийн ашиглалтын зардал төлөх үүрэгтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 5-6 дугаар тал/

                                                                                                                                                   Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106 дугаар зүйлийн 106.4, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 14 дүгээр байрны 23 тоот орон сууцнаас Б.Түвшинбаатарыг албадан гаргуулж, орон сууцыг чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Түвшинбаатараас ашиглалтын зардал 15.330.642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                                                                                   3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Түвшинбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эдельвайсторг” ХХК-нд  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ