Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/01997

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/01997

 

 

 

Л.Болдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01782 дугаар шийдвэртэй, Л.Болдын нэхэмжлэлтэй Б.Хурцад холбогдох нэр төр алдар хүндэд халдаж, тараасан мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, Р.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Базар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Хурц нь С1 телевизийн сурвалжлагч н.Мөнхбаясгалангийн хөтөлдөг Цэнзургүй яриа нэвтрүүлэгт болон Улсын Их Хурлын аюулгүй байдал гадаад бодлогын хорооны хуралдаанд оролцохдоо нэхэмжлэгчийг маш олон удаа шалгаж байсан, БНАСУ-ын Прокурорын газраас 300 000 ам.доллар нэхэмжилсэн бичиг ирж байсан, түүнээс болж Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсад 2 хүн цаазлуулсан гэж Л.Болдын иргэний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан. Иймд хариуцагч, Б.Хурцаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдаж, тараасан худал мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндийг сэргээлгэх хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт Б.Хурц нь С1 телевизийн сурвалжлагч Мөнхбаясгалангийн хөтөлдөг Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо Л.Болдын иргэний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан гээд хүмүүсийн хооронд нэгэн зүйлийн талаар ярьсан асуулт, хариултыг нэг бүрчлэн бичсэн байна. Нэхэмжлэлийг үзэхэд нэхэмжлэгч яг хэзээ С1 телевизээр гарсан нэвтрүүлэгт Б.Хурц оролцож Л.Болдын талаар хэрхэн ямар, ямар асуудлыг олон нийтэд мэдээлснээр түүний нэр төр, алдар хүндэд халдсан талаар нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагад тодорхой, ойлгомжтой дурдаагүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт байхаар хуульчилсан. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлээ ойлгомжгүй байдлаар гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа тодорхой болгосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын дагуу нотлох баримттай тайлбар гаргаж өгнө. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын гаргасан нэхэмжлэлд тодорхой дурдаагүй ойлгомжгүй шаардлагуудыг хариуцагч хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд Б.Хурц нь нэхэмжлэгч Л.Болдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг олон нийтэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан гэх үндэслэлгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн хуульд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Л.Болдын нэр төр, алдар хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Б.Хурцад даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдолдоо: Хэргийн оролцогч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт зааснаар ...хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой гэж хуульчилсан. Гэтэл тус хэргийн шүүх хуралдаан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал надад шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй бөгөөд харин 2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөө шүүх хуралдаан болох талаар бусдаас сонсоод шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулах хүсэлт гаргахад шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг маргааны талаар мэтгэлцэх боломжийг олгохгүйгээр шүүх хуралдааныг хуралдсан байдаг. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эхнэр Х.Бямбасүрэнгийи төрсөн ах Х.Нямдорж нас барж 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт буяны ажилд оролцож байсан бөгөөд нас барсны гэрчилгээг эрх бүхий байгууллагаас гаргаагүй байсан тул арга буюу Говь-Алтай аймгийн прокурорын газарт хүсэлт гарган тухайн газрын хариу мэдэгдэх хуудсыг хүсэлтэд хавсарган шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гарган хүргүүлсэн боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсэгт заасан эрхүүдийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх, шүүх хуралдааныг явуулж хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байгаа нь хариуцагчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй байдалд хүргэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.4заасан эрхийг минь хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарыг үндэслэсэн байх боловч уг хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгөхөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэргийн материалтай танилцаагүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх зарчим шүүхийн аль ч шатанд хэрэгжих ёстой боловч хэрэгт ач холбогдолтой материалуудтай танилцаагүй мэтгэлцэх зарчим адил тэгш хангагдаагүй байх үед хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн анхан шатны журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй нь хууль зөрчсөн үйлдлүүд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагчид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг болон хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Болд нь хариуцагч Б.Хурцад холбогдуулан нэр төр алдар хүндийг гутааж тараасан мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн учраас талуудын маргааны үйл баримтад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийг хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гэх талаарх албан бичиг БНАСУ-ын прокурорын газраас ирсэн талаар УИХ-ын байнгын хорооны хуралдаанд болон телевизийн ярилцлагын үеэр хариуцагч ярьсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин уг мэдээлэл үнэн зөв эсэх талаар маргажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бусдын нэр төр гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь БНАСУ-ын Төв прокурорын газраас Элчин сайдын яамаар дамжуулан 300 000 ам.доллартай холбоотой бичиг гаргуулах хүсэлтийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасныг анхан шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна. /хх-ийн 83-85 дугаар тал/ Тодруулбал, уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ ... хариуцагч тал дээрх баримтын хуулбарыг нэвтрүүлэг болон хуралдаанд үзүүлсэн нь үзлэгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд гадаад улсад байгаагаас өөрөө олж авах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй ... гэх дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, хуулбар баримтыг үзүүлсэн гэх нөхцөл байдал нь уг баримтыг өөрөө олж авах боломжгүй нотлох баримт биш байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах талаар бичгийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой журмыг тогтоосон бөгөөд хуулбар бичиг баримт нотариатаар гэрчлэгдээгүй, эсхүл эх хувь байхгүй тохиолдолд бичгийн нотлох баримтад тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй.

Хариуцагчийн дээрх хүсэлтэд зааж буй нотлох баримт нь талуудын маргааны зүйлд хамааралтай, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болно. Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосноор өөрөө олж авах боломжгүй нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалтай шүүх танилцуулаагүй, хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй. Тэрээр хэргийн материалтай танилцсан болох нь хэргийн 46 дугаар талд авагдсан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан баримт, 6 дугаар сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцсан гэх давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож байна. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйгээс хуралдаанд оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй. Түүнчлэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлээгүй ч утсаар мэдэгдэхэд за ойлголоо хэмээн хариулсан талаар шүүгчийн туслахын үйлдсэн 87 дугаар талд авагдсан баримтад тэмдэглэснээс үзэхэд хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсэн гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч оролцох боломжгүй тухайгаа мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 87, 89 дүгээр тал/ Уг хүсэлтэд эхнэр Х.Бямбасүрэнгийн ах Х.Нямдорж нас барсан, буяны ажилд оролцож байгаа болохоо дурдаж, өөрт байгаа боломжит материал буюу прокурорын газрын бичиг хавсарган ирүүлсэн байгаагаас үзэхэд төрөл садангийн хүн нас барсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч болно. Гэтэл хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж, баримт ирүүлсэн байхад түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хэргийн оролцогч, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасан зарчим зөрчигдсөн гэж үзнэ. Иймд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т нийцнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д \заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ