Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1782

 

                                                                   

 

                                                                                        

      

 

 

 

 

2018 оны 7 сарын 30 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01782                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х холбогдох,

Нэр төр алдар хүндэд халдаж, тараасан мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х нь С1 телевизийн сурвалжлагч Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цэрзургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо Л.Бын иргэний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан. Үүнд: “Тэр өдөр яг юу болсон гэдэг нь чухал байх. Эрдэнэбат дарга бид хоёрын дундын нэг найз байдаг. Тэгээд тэр хүний тухай хоёр үг солих гээд орсон чинь Лу.Б сууж байсан. Тэгээд сайн уу, сайн, юу байна, юмгүй гээд хоёр гурван өгүүлбэр яриад эхэлж байтал Аан өмнө Лу-тай би бас хоёр гурав хоногийн өмнө ярьсан юм байна. Лу.Б “чи яагаад намайг хоёр хүний аминд хүрсэн гэж гүтгэж байгаа юм бэ гэхэд би хоёр хүний аминд хүрсэн мэтээр яриад байна, наад чинь ямар учиртай юм гэхэд, Лу тэгэхэд өөдөөс “Зүгээр шдээ, яг ийм үед жоохон ПР хийж байж, тэр хоёр хүнд би яамнаас мөнгө гаргаж авах гээд байгаа юм” гэсэн байхгүй юу Лу.Б" гэж, Юун мөнгө гэсэн чинь “Тэтгэлэг өгүүлэх гээд байгаа юм”. Тэгээд намайг хутгадаг нь яаж байгаа юм чи гэсэн чинь “Харин тийм ээ, Б надаас хагас дутуу юм сонсонгуутаа түрүүлж гараад өчигдөр Байнгын хорооны хуралдаанаас өмнө гараад орилчихсон байналээ” гэж, “Л.Б надад өөрөө тэгдэг байхгүй юу”. Тэгэхээр би “та хоёр битгий балайраад бай. Одоо боль гэсэн юм. “Чи одоо ийм хөгийн юм дандаа хийж явдагаа боль. Чиний Батлан хамгаалах яам дээрх асуудлууд чинь худлаа юу, гадаад явдлын яам дээрх асуудлууд чинь худлаа юу, чи АТГ-д байхад л тэр 13 оноос хойш л ийм асуудалд орсон хүн байхгүй юу наад чинь. Эд нар бол том бүтэцтэй өөрсдөө мафи байхгүй юу. Энэ олон сэтгүүл, энэ олон телевиз, сонин, сэтгүүл, сайт, энэ олон хөлсний одоо нөгөө жиргэдэг барьдаг улсуудыг тэр чигээр нь ажиллуулж байгаа. Бараг л одоо 16,17 оны сонгуулийн хэмжээнд ажиллуулж байгаа байхгүй юу. Сэтгүүлчийн “Хойд Солонгосоос тийм бичиг ирээгүй гэсэн. Та байнгын хороон дээр бол Л.Б гишүүнийг Хойд Солонгос улстай зэвсэгийн наймаа хийгээд баригдаад “300 доллараа төл өө” гэсэн бичиг ирсэн гэсэн” гэх асуултад хариулахдаа Ер нь бол өнөөдөр гэнэт үүссэн асуудал биш шүү дээ. Энэ чинь 13 оны л онгоцны сэлбэгийг зэвсгийн наймаа гэж үндэслэлээр яриад л одоо тэр бичлэг байгаа шүү дээ гэж, 10:56 цагаас “Тэр үед одоо намайг АТГ-т даргаар ажиллаж байхад Хойд Солонгос улсын хүмүүс ирээд, байнга ирж уулзаад “Энэ Л.Боос 300,000 доллар авч өг өө, энэ хүн 300,000 мянган доллар авчихсан” гэсэн, тэгээд ер нь бол Д генерал Л.Б авсан гэдгийг хэлсэн юм. Тэгээд прокурорын шатандаа, ямар шатандаа байдаг юм алга болсон. Замхарсан энэ хэрэг. Хэрэгсэхгүй л болгочихсон. Л.Бтой холбоотой юмнууд хэрэгсэхгүй болсон шүү дээ. Прокурор тэгээд л замхруулсан. Энэ байна 2000, сая энэ бол одоо ТЕГ нууц бүртгэлтэй юм юу ч байхгүй. Хойд Солонгосын элчин сайдын яамны хүн надад гараараа өгсөн. Та туслаад өгөөч ээ, бид нар одоо энэ нөхрөөс 300,000 доллараа авъя гэсэн. Тэгээд би энийг нь шууд энэ чигээр нь ямар нэгэн бүртгэлгүй АТГ-д энэ оны 06 сарын яалаа даа. Энэ байна л даа. Солонгосын одоо Ерөнхий прокурорын газраас ирсэн бичиг. Энэний орчуулга байна. Орчуулган дээр юу гэж байна вэ гэхээр “БНАСУ-ын Прокурорын газар нь АТГ-т хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд 2010-2015 оны өр авлагатай холбоотой асуудлаар дараах мэдээллийг хүргүүлж байна. Төв прокурорын газар нь манай холбогдох компани болон танай улсын сэлбэгийн компанийн хооронд онгоцны сэлбэгийн арилжаа хийх явцад үүссэн 1.5 сая долларын авлагатай холбоотой асуудлыг шийдэх явцад Батлан хамгаалахын сайд байсан Лу.Б 300,000 доллар залилсан гэх материал байсныг мэдэгдэж байна" энэ бичиг ингээд ирсэн гэж Л.Бын нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан. Иргэний хуулийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж, 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байна. Иймд хариуцагч, иргэн Б.Хаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдаж, тараасан худал мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэхийг хүссэн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 сарын 15-ны өдөр УИХ-ын аюулгүй байдал гадаад бодлогын хорооны хуралдаан дээр  хариуцагчийн хэлсэн үг, 2017 оны 11 сарын 20-ны өдөр хариуцагчийн С1 олон нийтийн телевизийн цензургүй яриа нэвтрүүлэгт орж нэхэмжлэгчийн тухай хэлсэн зүйлүүд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан худал маш олон мэдээллийг тараасан учраас сэргээлгэхээр  шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УИХ-ын байнгын хорооны хуралдаанд орсон зүйлтэй холбоотой шаардлагаа тодруулсан. Гадаад бодлого аюулгүй байдлын хорооны хуралдаан дээр түүнийг элчин сайдаар томилох эсэхтэй холбогдуулж Б.Хын зүгээс Л.Б АТГ-т маш олон удаа шалгагдаж байсан гэж хэлсэн. Түүнийг хойд Солонгост зэвсэг зарах гэж байгаад 300.000 ам доллар авсан гэж хэлсэн нь Эрүүгийн хуульд заасан Зэвсгийн наймааны гэмт хэрэг үйлдэхэд завдсан зүйлд гүтгэсэн хэрэг байсан. Үүнийг тодруулж хэлэхдээ хойт Солонгос улсын прокурорын газраас таниас 300.000 ам доллар нэхэмжилсэн бичиг ирсэн. Зэвсгийн наймааны улмаас гэх байдлаар хэлсэн. Таниас болж 2 хүн хойд Солонгос улсад цаазлуулсан. Тэр нь Зэвсгийн наймаа гэж хэлж байгаатай нь холбоотой байсан байх. Таниас болж найзын чинь хүүхдүүд асуудалд орсон. Та БХЯ-ны сайд байхдаа хууль зөрчиж техникийн шаардлагагүйгээр орон сууц барьсан. Маш олон тендерүүд таны гэрээс үзлэг нэгжлэгээр илэрсэн гэх мэт зүйлийг хэлсэн. Дараа нь энэ асуудал олон нийтэд маш их хүрч олон нийтийн анхаарал татсан учраас С1 телевизийн цензургүй ярилцлага гэсэн нэвтрүүлэг болсон. Тухайн нэвтрүүлэг дээр Б.Х нь Л.Бын талаар ярьсан зүйлүүдийг гол болгож асууж тодруулсан. Үнэхээр ийм зүйл болсон юм уу гэхээр өмнөх байр сууриа дэмжиж байсан. Хойд Солонгос улсад зэвсэг зарах гэж байсан. Үүнээс болж 300.000 ам.доллар төлөх ёстой, манайд бичиг ирүүлж нэхэмжилж байгаа, бичиг нь надад байна. Энэ бол ил тод асуудал гэх байдлаар ярьсан. Мөн үүнээс болж 2 хүн цаазлуулсан. Түүнтэй холбоотой нэр төр, алдар хүндэд халдсан асуудал гэвэл хойд Солонгос улсад 2 хүн цаазлуулсан чинь худлаа юу гэж хэлэхэд Л.Б өдөр болгон хойд Солонгос улсад хүн цаазлуулдаг юм чинь ямар хамаатай юм гэж над руу харж инээсэн гэж байгаа. Энэ нь нэр төр алдар хүндэд халдсан гэж үзэж байна. Үргэлжлүүлж ярихдаа сошиал медиа, фэйсбүүк твитерээр маш олон хүн хөлсөлж жиргээдэг, эд нар чинь том бүтэцтэй мафи гэх байдлаар хэлсэн. Сонгуулийн үед ажиллуулж байгаа мэтээр байнгын ийм хүмүүс ажиллуулдаг гэх байдлаар нэр төр, алдар хүндэд халдаж байна. Мөн Б.Х би Л.Бтой уулзаж энэ асуудал худлаа юу гэх байдлаар ярихад Л.Б би пи аар хийж байгаад мөнгө олох гэж байгаа гэсэн. Юугаар пи аар хийж мөнгө олох гэж байгаа юм бэ гэхэд хойд Солонгос улсын нас барсан хүмүүсийн ар гэрт нь тэтгэлэг авч өгөх гэж пи аар хийсэн гэж хэлсэн. Энэ мөн адил нэр төр алдар, хүндэд халдсан худал мэдээлэл байсан. Яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж тогтоолгож нэр төр, алдар хүндээ сэргээлгэхийг хүссэн гэхээр яригдаж байгаа асуудал маш ноцтой, гэмт хэргийн шинжтэй зүйлүүдэд гүтгэсэн. Энэ асуудлыг жирийн нэг иргэн биш АТГ-ын дэд дарга байсан, ТЕГ-ын дарга байсан хүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярихад иргэд ийм нууц мэдээллүүдэд мэдэж байсан байна. Өөрийнхөө мэдэж байсан баттай, ноцтой зүйлүүдийг нийгэмд дэлгэлээ. Энэ үнэн зүйл гэж нийтэд ойлголт төрүүлэхээр байсан. Ийм учраас Л.Бын нэр төр, алдар хүндэд маш ноцтой хохирол учруулж байгаа хэрэг болсон. Хариуцагч түүний төлөөлөгч хуульч нарын зүгээс өөрийнхөө ярьсан зүйлийг үнэн зөв бодит байдалд нийцэж байгаа гэдгийг нотлохоор ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Энэ ярьсан зүйлүүд худлаа байгаа гэдгийг нотолж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хойд Солонгос улс Л.Боос 300.000 ам доллар нэхэмжилсэн бичиг ирсэн гэсэн. Бичгийг хойд Солонгосын прокурорын газраас авхуулья гэдэг хүсэлт гаргасан нь энэ асуудал байхгүй худлаа гэдгийг харуулж байна. 2017 оны 11 сарын 20-ны өдөр С1 цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо надад ийм бичиг байгаа. Хойд Солонгос улсаас ирсэн орчуулга дээрээ ийм байгаа гэж агуулгыг нь уншаад камер татаж үзүүлээд байсан. Камерт юу гэж бичээстэй байгаа нь харагдаагүй. Б.Х гэж хүн 300.000 ам долларыг хойд Солонгос улсаас Л.Б гэж хүнээс нэхэмжилж байгаа бичгийг надад байгаа мэтээр олон нийтэд маш буруу ойлголт төрүүлсэн ч өөрт нь байгаагүй. Хэрэв бичиг байсан бол гаргаж өгөх байсан. Байхгүй зүйлийг байгаа юм шиг зохиож ярьсан. Түүнийг хойд Солонгос улсаас гаргуулахаар ямар ч үндэслэлгүй хүсэлт гаргасан. Хэрвээ ярьсан зүйлүүд нь үнэн бодиттой байсан бол өөрөө монгол орчуулгатай нь хамт өгөх байсан. Тийм учраас Б.Хын ярьсан зүйлүүд худлаа, бодит үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. Ямар зорилгоор хэлэлцсэн гэхээр өөрийг нь Солонгос улсад элчин сайдаар томилох асуудал дээр эсрэг байр суурьтай байсны улмаас гүтгэх, нэр төр, алдар хүндэд халдах зорилготой байсан байна Нэр төр алдар хүнд сэргээлгэх нэхэмжлэл гаргаж байгаа болохоор хариуцагч өөрийнхөө хэлсэн зүйлийг бодит байдалд нийцэж байгаа гэдгийг нотлох үүрэгтэй ч нотлоогүй, баримт ирүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Бид нотлох баримт болгож ярьсан зүйлийн бичлэгийг шүүхэд нотлох баримтаар өгч, үзлэг хийлгэсэн. Хариуцагчийн төлөөлөгчөөс үзлэг дээр алдаатай, буруу хийгдсэн гэсэн талаар хүсэлт гаргаагүй тул хууль ёсны нотлох баримт болж байгаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт Б.Х нь С1 телевизийн сурвалжлагч Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо Л.Бын иргэний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан гээд хүмүүсийн хооронд нэгэн зүйлийн талаар ярьсан асуулт, хариултыг нэг бүрчлэн бичсэн байна. Нэхэмжлэлийг үзэхэд нэхэмжлэгч яг хэзээ С1 телевизээр гарсан нэвтрүүлэгт Б.Х оролцоод Л.Бын талаар хэрхэн ямар, ямар асуудлыг олон нийтэд мэдээлснээр түүний нэр төр, алдар хүндэд халдсан талаар нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагад тодорхой, ойлгомжтой дурдаагүй байна. Нэг үгээр хэлбэл ямар ч утга найруулгын хувьд авцалдаагүй, уншихад ямар асуудал яригдаад, хүний нэр төр, алдар хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4 нэхэмжлэлийн бүрдүүлбэрт “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” байхаар хуульчилсан. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлээ ойлгомжгүй байдлаар гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн үндэслэл болон шаардлагаа тодорхой болгосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын дагуу нотлох баримттай тайлбар гаргаж өгнө. Харин нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.Базарын гаргасан нэхэмжлэлд тодорхой дурьдаагүй ойлгомжгүй шаардлагуудыг хариуцагч хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд Б.Х нь нэхэмжлэгч Л.Бын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг олон нийтэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан гэх үндэслэлгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн хуульд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 65.1.11-д заасныг зөрчсөн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу Л.Б түүний төлөөлөгч А.Базарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                

Л.Б нь Б.Хад холбогдуулан нэр төр алдар хүндэд халдаж, тараасан мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ өөрт байхгүй баримтыг байгаа мэтээр ярьж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр хүндэд нь халдсан гэж тайлбарласан ба хариуцагч нь яг хэзээ С1 телевизээр гарсан нэвтрүүлэгт Б.Х оролцоод Л.Бын талаар хэрхэн ямар асуудлыг олон нийтэд мэдээлснээр түүний нэр төр, алдар хүндэд халдсан талаар нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагад тодорхой, ойлгомжтой дурдаагүй, уншихад ямар асуудал яригдаад байгаа нь ойлгомжгүй, утга найруулгын хувьд авцалдаагүй, хүний нэр төр, алдар хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй гэж мэтгэлцэв.

 

Хариуцагч Б.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болон 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С1 олон нийтийн телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэг дээр  Л.Б АТГ-т маш олон удаа шалгагдаж байсан, хойд Солонгост зэвсэг зарах гэж байгаад 300.000 ам доллар авсан, хойд Солонгос улсын прокурорын газраас 300.000 ам доллар нэхэмжилсэн бичиг ирсэн, нэхэмжлэгчээс болж 2 хүн хойд Солонгос улсад цаазлуулсан, найзынх нь хүүхдүүд асуудалд орсон, Батлан хамгаалах яамны сайд байхдаа хууль зөрчиж техникийн шаардлагагүйгээр орон сууц бариулсан талаар мэдээлсэн үйл баримт тогтоогдож байна. 

 

Б.Х нь Л.Бын талаар хийсэн мэдээллийнхээ үнэн, зөвийг нотлох үүрэгтэй ба мэдээллээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хариуцагч нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байна.

 

Нэр төр гэдэг нь тухайн хүний буюу нэхэмжлэгчийн хувийн болон ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар өгч буй үнэлэмжийг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг хариуцагч нь зөрчсөн буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан мэдээ тараасан болох нь нэхэмжлэл, үзлэгийн тэмдэглэл зэргийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 497 дугаар зүйлийн 497.1-д иргэний нэр, нэр төр, хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг болон эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Бусдын нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан явдал нь хариуцлага хүлээх үндэслэл болох бөгөөд гутаасан мэдээ тараасан этгээд болох хариуцагч Б.Х нь Л.Бын талаархи мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул уг мэдээний эсрэг няцаалт хийхийг хариуцагчид үүрэг болгосноор нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээн тогтоох юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Бын нэр төр, алдар хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Б.Хад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бын нэр төр, алдар хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Б.Хад даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                   ШҮҮГЧИД                                        Ж.СЭМЖИД

 

                                                                            Д.ХУЛАН