Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01710

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01710

 

 

Б.Наранцацралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31ий өдрийн 101/ШШ2017/01888 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Наранцацралын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Батсүрэнд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Б.Наранцацрал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Батсүрэнд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг сар бүрийн 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцож авахаар зээлдүүлсэн. Э.Батсүрэн сар бүрийн 07-нд хүү болох 500 000 төгрөгийг өгөх байсан ч өнөөдрийг хүртэл алга болсон. Зээл, гэрээний дагуу төлөх ёстой хүү, алдангийн хамт төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг заан бүтэн жил гаруй болж байна. Алданги хоногийн 60 000 төгрөг бөгөөд 4 сараар 123 хоногоор бодоход 7 380 000 төгрөг болж байна. Иймд Э.Батсүрэнгээс зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 2 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Наранцацралтай 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд сар бүр 5 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгээгүй хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулах үед надад 9 500 000 төгрөг бэлнээр олгож, 500 000 төгрөгийг эхний сарын хүү хэмээн суутгаж авсан. Ийнхүү гэрээ байгуулсны дараа 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөгийн хүүг дансаар шилжүүлсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөх боломж олдоогүй тул 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 8 хоногийн алданги, хүүгийн хамт 900 000 төгрөг бэлнээр олгосон. Ийнхүү зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл миний бие үндсэн зээлээс сар бүрийн 7-ны өдөр 500 000 төгрөг төлж нийт 4 500 000 төгрөгийг буцаан олгосон. Гэвч нэхэмжлэгч нь миний сар бүр төлсөн төлбөрийг зээлийн хүү гэж үзэн, надаас үндсэн зээлээ бүхэлд нь нэхэж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг үндсэн төлбөр 10 000 000 төгрөг төлөх өрөнд орсон гэж ойлгуулан 10 000 000 төгрөг дахин зээлдүүлж байгаа мэт шинэ гэрээ хийе хэмээн ятгаснаас би 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг зээлж авсан мэт хуурамч гэрээ хийсэн. Иймд миний бие нэхэмжлэгчээс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлэн авсан 9 500 000 төгрөгний зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжтой тул 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хуурамч гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Батсүрэнгээс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Наранцацралд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Батсүрэнгээс 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Наранцацралд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Тухайн үед 10 000 000 төгрөг зээлдэгчид шилжсэн болох нь Нямсүрэнгийн тодорхойлолтоор нотлогдоно. Ийнхүү зээлж авсан 10 000 000 төгрөгөө ямар байдлаар, хэдий хугацаанд төлөх талаараа 151 тоот гэрээний үргэлжлэл болгож, 2016 оны 1 сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээ хийгдэхээс өмнө 2015 оны 01 сарын 07-ны өдөр Э.Батсүрэнтэй 10 000 000 төгрөгийн асуудлаар тохиролцож байсан гар бичмэл нотлох баримтыг Ч.Оюунтуяа гэгчид холбогдох иргэний хэргээс нотлох баримтаар гаргуулъя гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх захирамжаараа уг нотлох баримтыг албан ёсоор авалгүй лавлагаанаас ав гэсэн хариу өгч, лавлагаа нь хуулбараар өгч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс шүүх үнэлээгүй байна. Батсүрэн анхнаасаа Нямсүрэнг хүүтэй зээлж авч байгааг мэдээд гуйж, хамт зээл авсан. Дараа нь зээлээ хэрхэн төлөх талаар баримт бичиж өгч байснаас харахад 4 500 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэж үзэх үндэслэл байна. Иймд Э.Батсүрэнг үндсэн зээлээс 4 500 000 төгрөгийг төлснөөр тооцож, 5 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь үндэслэлтэй дүгнэсэнгүй. Зөвхөн 2016 оны 01 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн, шүүхээр нотлох баримт шаардан гаргуулахаар өгсөн хүсэлтийг хангаагүй, энэ талаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Наранцацрал нь хариуцагч Э.Батсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 9 500 000 төгрөг зээлсэнээс 4 500 000 төгрөгийг буцаан төлсөн гэж маргажээ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй болохыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заажээ.

 

Нэхэмжлэгч талаас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргасныг шүүх хуралдаан даргалагч нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж баримтыг буцаан өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-ийн 51/

 

Гэтэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасныг зөрчиж, гаргасан нотлох баримтыг буцаан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан баримт болон түүний хүсэлтийн агуулгаас үзэхэд уг баримт нь зохигчийн хооронд үүссэн зээлийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогч нотлох баримтаа цуглуулж гаргах эрх-ийг бүрэн хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01888 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Наранцацрал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ