Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/01881/и

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/01888

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

                

Хариуцагч: Э.Б-д холбогдох,  

  

Зээлийн гэрээний үүрэгт 17.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Э.Б-д 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай 10.000.000 төгрөгийг сар бүрийн 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн мөнгө хүүг хоногийн 0.5 хувийн алданги тооцож авахаар зээлдүүлсэн билээ. Э.Б сар бүрийн 07-нд хүү болох 500.000 төгрөгийг өгөх байсан ч өнөөдрийг хүртэл хүүг өгөөгүй, үндсэн мөнгөө ч төлөхгүй утсаа ч авахгүй алга болсон болно. Урьд нь хамаатан болох эгч Ж.Б-тай хамт хувийн орон сууц, газрын гэрчилгээг тавьж мөнгө аваад өгсөн билээ. Тэгээд ахиад эгчийн бичиг баримт таньд байгаа үүнийг барьцаалж 10.000.000 төгрөг зээлдүүлчих манайхан гэр бүл, ах дүүгээрээ нийлж мөнгөн эдлэл хийдэг гээд зарим эмээл хазаар, зүүлт авчирч үзүүлээд дүүрэгтээ гавъяа шагналтай, хүмүүс андахгүй гээд би өөрөө хариуцлагатай төлж барагдуулна гээд Э.Б авсан. Зээл, гэрээний дагуу төлөх ёстой хүү, алдангийн хамт төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг заан утсаа авахгүй, авахаар эмээл, хазаар, гоёл чимэглэл хийж байгаа одоо зараад өгнө гэсээр бүтэн жил гаруй хугацаа болж байна. Иймд Э.Б-ээс үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү сард 500.000 төгрөг 4 сар өгөөгүй гэрээний дагуу 2.000.000 төгрөг, алданги хоногийн 60.000 төгрөг бөгөөд 4 сараар 123 хоног гээд бодоход 7.380.000 төгрөг зээлийн гэрээний дагуу болж байна. Иймд Э.Бгээс зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.  

 

Хариуцагч Э.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Б.Н-тай 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд сар бүр 5 хувйн хүүтэй, үүрэг гүйцэтгээгүй хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулах үед надад 9.500.000 төгрөг бэлнээр олгож, 500.000 төгрөгийг эхний сарын хүү хэмээн суутгаж авсан. Ийнхүү гэрээ байгуулсны дараа миний бие 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийн хүүг дансаар шилжүүлсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөх боломж олдоогүй тул 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 8 хоногийн алданги, хүүгийн хамт 900.000 төгрөг бэлнээр олгосон болно. Ийнхүү зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл миний бие үндсэн зээлээс сар бүрийн 7-ны өдөр 500.000 төгрөг төлж нийт 4.500.000 төгрөгийг буцаан олгосон юм. Гэвч нэхэмжлэгч нь миний сар бүр төлсөн төлбөрийг зээлийн хүү гэж үзэн, надаас үндсэн зээлээ бүхэлд нь нэхэж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг үндсэн төлбөр 10.000.000 төгрөг төлөх өрөөнд орсон гэж ойлгуулан энэ өдөр 10.000.000 төгрөг дахин зээлдүүлж байгаа мэт шинэ гэрээ хийе хэмээн ятгаснаас би 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг зээлж авсан мэт хуурамч гэрээ хийсэн. Иймд миний бие нэхэмжлэгчээс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлэн авсан 9.500.000 төгрөгний зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжтой тул 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хуурамч гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгчээс 9.500.000 төгрөг зээлснээс нийт 4.500.000 төгрөг төлсөн, төлөх ёстой үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрнө гэж маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 10.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй нөхцлөөр зээлдүүлэх, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ /хх-4/.

                  

Нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн үндэслэлээ 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Н-тэй байгуулсан зээлийн гэрээнд заасан 40.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг хариуцагч Э.Б-д зээлдүүлсэн гэж тайлбарлаж, уг зээлийн гэрээ, Б.Н-ийн тайлбарыг шүүхэд нотлох баримтаар гаргасан /хх-41, 46/.

 

Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгчийн тайлбар, баримтад дурдсан байдлаар зээл авснаа маргаагүй, харин эхний сарын хүү 500.000 төгрөгийг суутган авч 9.500.000 төгрөг зээлдүүлсэн гэж маргаж байна.

 

Дээр дурдсан 2 зээлийн гэрээ, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ амаар байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагчид зээл шилжүүлсэн байх ба хариуцагч зээлээ төлөөгүйн улмаас зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу талуудад эрх, үүрэг үүссэн гэж үзэхгүй юм.

 

Зээлийн үнийн дүнгийн талаар талуудын маргаантай байх ба нэхэмжлэгч нь   зээлдүүлэгчийн хувьд хариуцагчид хэдэн төгрөг зээлдүүлснээ шүүхэд нотлох үүрэгтэй. Хариуцагч 500.000 төгрөгийн хүү суутган авсан гэж татгалзсаныг нэхэмжлэгч хүү суутгаж аваагүй гэж маргасан ч шүүхэд энэ талаарх нотлох баримт гаргаагүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч 9.500.000 төгрөгийн зээл олгосон байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан зээлээ буцаан төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрт нийт 4.500.000 төгрөг төлсөн гэж шүүхэд тайлбарласныг нэхэмжлэгч маргаагүй, харин уг төлбөрийг зээлийн хүүнд тооцож авсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба зохигчид зээлийн гэрээг амаар байгуулсан тул нэхэмжлэгчийг хүү авах эрхтэй гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Э.Б-ээс зээлд 4.500.000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэстэй.

 

Нэхэмжлэлд зээлийн хүүнд 2.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нөхцөлд хүү авах эрх алдах тухай хуулийн дээрх зохицуулалт болон анзын гэрээг бичгээр байгуулах тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, алданги шаардах эрхгүй байна.

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Э.Б-ээс зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг /9.500.000-4.500.000/ гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-ээс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-ээс 94.950  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д  олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА