Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01985

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01985

 

 

 

 

Петровис ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01507 дугаар шийдвэртэй, Петровис ХХК-ийн нэхэмжлэлтэй Дэлгэр интернэшнл ХХК-д холбогдох хууль бусаар хашаа барин ашиглаж байгаа хэсгийн газрыг чөлөөлүүлэх, тус компанийн нөөц орц гарцыг нээлттэй байлгахыг Дэлгэр интернэшнл ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүжин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компанийн зүгээс эрх залгамжлуулагч Ата трейд ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар Ата трейд ХХК-ийн эзэмшлийн газартай аль хэсэг нь давхардсан байгаа нь тодорхой байх бөгөөд орц гарцыг хаасан байгаа нь фото зураг болон шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. Хашаа болон байшин барьсан газрыг чөлөөлж, орц гарцыг хаасан үйлдэл нь эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа тул орц гарцыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү. Газрын албанаас ирүүлсэн кадастрын зурагт зүүн урд өнцгөөр орц гарцыг төлөвлөсөн нь тодорхой харагдаж байх бөгөөд машин чөлөөтэй орж гарах үүднээс хашаа баригдсан хэсгийг зайлшгүй чөлөөлүүлэх шаардлагатай байна. Хариуцагч талаас нэхэмжлэл гаргасан үеэс хойш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэгмид шүүхэд гаргасан тайлбартаа: Дэлгэр интернэшнл ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах тухай гэсэн гарчиг бүхий Ата трейд ХХК-ийн холбогдох албан тушаалтантай уулзалт хийж, харилцан тохиролцсон тул эвийн журмаар шийдвэрлэх болсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис ХХК /РД:2078465/-ийн эзэмшлийн газрыг Дэлгэр интернэшнл ХХК /РД:2083086/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Петровис ХХК-ийн нөөц орц газрыг нээлттэй байлгахыг Дэлгэр интернэшнл ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар Дэлгэр интернэшнл ХХК-аас шинжээчийн зардал 520 753 төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгч Петровис ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүжин давж заалдах гомдолдоо: Петровис ХХК-ийн ззэмшлийн газар дээр хууль бусаар хашаа барин ашиглаж байгаа хэсгийн газрыг чөлөөлүүлж, Петровис ХХК-ийн орц, гарцыг хааж бусдын эзэмшлийн зам талбайг хууль бусаар эзэмшиж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоолгож, тус компанийн орц, гарцыг нээлттэй байлгахыг Дэлгэр интернэйшнл ХХК-д үүрэг болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Петровис ХХК-ийн эзэмшлийн газар дээр хууль бусаар ашиглаж байгаа хэсгийг чөлөөлөх шаардлагыг хангасан боловч нөгөө шаардлагыг нь хангалгүй орхисон.

Уг шаардлага нь Петровис ХХК-ийн орц, гарцыг нээлттэй байлгахыг Дэлгэр интернэйшнл ХХК-д даалгах тухай бөгөөд уг шаардлага нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Шүүх шийдвэртээ Нийслэлийн газрын албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03-04/2776 дугаар албан албан бичгээр АТА трейд ХХК /Одоогоор Петровис ХХК/-ийн газрын баталгаат хэмжээг тогтоосон актад 19024 м.кв талбай бүхий газрын зүүн талд орц гарцтай байхаар төлөвлөсөн байгаа нь... гэж нотлох баримтыг дурдсан боловч Дэлгэр интернэшнл ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байгаа 776.8 м.кв талбай бүхий хэсэгт хамаарахгүй гэж буруу дүгнэсэн. Мөн дээр дурдсан нийслэлийн газрын албаны 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03-04/2776 дугаар албан албан бичиг, Газар зохион байгуулалт зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1/810 дугаар бичгийн хавсралт дахь зургуудад орц, гарц байсан нь тодорхой харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Петровис ХХК нь хариуцагч Дэлгэр интернэшнл ХХК-д холбогдуулан хууль бусаар хашаа барин ашиглаж байгаа хэсгийн газрыг чөлөөлүүлэх, тус компанийн нөөц орц гарцыг нээлттэй байлгахыг Дэлгэр интернэшнл ХХК-д даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Петровис ХХК нь 19024 м.кв газрыг модны үйлдвэрлэлийн, Дэлгэр интернэшнл ХХК нь 840 м.кв газрыг агуулах аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, газар баталгаажилтын хувийн хэрэг, төлбөрийн тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон./1хх-ийн 7-14, 2хх-ийн 12-16, 1хх-ийн 104-107, 139, 154 дүгээр тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дүгнэлтэд ... Дэлгэр интернэшнл ХХК нь 840 м.кв талбай бүхий газрыг эзэмших бөгөөд одоогоор 1 776.8 м.кв газрыг эзэмшиж ашиглаж байгаа нь тогтоосон хэмжээнээс 936.8 м.кв хэмжээгээр илүү. Дэлгэр интернэшнл ХХК-ийн эзэмшиж буй 1776.8 м.кв газар нь Петровис ХХК-ийн эзэмшлийн 19024 м.кв газартай 787.2 м.кв талбайгаар давхцалтай гэжээ.

Хариуцагч Дэлгэр интернэшнл ХХК нь тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн 1776.8 м.кв газрыг эзэмшиж ашиглахдаа нэхэмжлэгч Петровис ХХК-ийн эзэмшлийн газраас 787.2 м.кв талбайг эзэмшиж буй нь хэрэгт авагдсан дээрх дүгнэлт, түүний хавсралт болон кадастрын зураг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт нийцсэн болно.

Харин шүүх нэхэмжлэлийн нөөц орц гарцыг нээлттэй байлгахыг Дэлгэр интернэшл ХХК-д даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын маргаанд хамааралтай зохих хуулийн зохицуулалтыг зөв, оновчтой хэрэглээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Хэргийн 156 дугаар талд авагдсан Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Ата трейд ХХК болон Дэлгэр интернэшл ХХК-д хандсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10.3/015 тоот албан бичигт Уг барилга байгууламжийн анхны төлөвлөлтийн зураг төслөөр барилгын зүүн талаас ачааны автомашин нэвтрэн орох хаалганууд хийгдсэн бөгөөд ... туслах зам гарцыг Дэлгэр интернэшл ХХК-аас хаан хашаа барьж контейнер байрлуулсан нь ... холбогдох хууль дүрэм зөрчиж байх тул ... хуучин тээврийн хэрэгслийн зорчих зам гарцыг чөлөөлөх шаардлагатай гэж дүгнэсэн. Нийслэлийн газрын алба 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр кадастрын зургийг ирүүлэхдээ уг зурагт орц гарцтайгаар төлөвлөсөн талаар дурдсан. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хавсралт зураг зэргээс үзэхэд тухайн маргаж буй газрын зохих хэсгийн орц гарцыг хариуцагч хаасан гэж үзнэ.

Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар Дэлгэр интернэшл ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг эзэмшиж ашиглахдаа нөгөө талынхаа нийтийн эзэмшлийн зам руу гарах орц, гарцыг ашиглахад саад учруулахгүй байх үүрэгтэй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлбөл зохих нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын талбайн хэмжээг шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй орхигдуулсныг залруулж, метр квадратаар заасан агуулгаар өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01507 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис ХХК-ийн эзэмшлийн газрын 787.2 м.кв талбайг Дэлгэр интернэшл ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Петровис ХХК-ийн эзэмшлийн талбайн зүүн урд зүгт байх нөөц орц гарцыг нээлттэй байлгахыг Дэлгэр интернэшл ХХК-д даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ