Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00224

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01507 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1985 дугаар магадлалтай,

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д И ХХК-д холбогдох, 

Хууль бусаар хашаа барин ашиглаж байгаа хэсгийн газрыг чөлөөлүүлэх, тус компанийн нөөц орц гарцыг нээлттэй байлгахыг Д И ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-, хариуцагчийн өмгөөлөгч В.Б-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани А Т ХХК-ийн эрх залгамжлагчаар оролцож байгаа болно. Д И ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 тоот захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 840 метр квадрат газрыг агуулах аж ахуйн зориулалтаар 15 жил хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж гэрчилгээг авсан боловч гэрээгээр олгогдсон 840 метр квадрат газраасаа хэтрүүлэн А Т ХХК-ийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар хашаа барин ашиглаж байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар А Т ХХК-ийн эзэмшлийн газартай аль хэсэг нь давхардсан байгаа нь тодорхой байх бөгөөд орц гарцыг хаасан байгаа нь фото зураг болон шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна. Хашаа болон байшин барьсан газрыг чөлөөлж, орц гарцыг хаасан үйлдэл нь эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа тул орц гарцыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү. Газрын албанаас ирүүлсэн кадастрын зурагт зүүн урд өнцгөөр орц гарцыг төлөвлөсөн нь тодорхой харагдаж байх бөгөөд машин чөлөөтэй орж гарах үүднээс хашаа баригдсан хэсгийг зайлшгүй чөлөөлүүлэх шаардлагатай байна. Хариуцагч талаас нэхэмжлэл гаргасан үеэс хойш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Д И ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах тухай гэсэн гарчиг бүхий А Т ХХК-ийн холбогдох албан тушаалтантай уулзалт хийж, харилцан тохиролцсон тул эвийн журмаар шийдвэрлэх болсон гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01507 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П ХХК /РД:2078465/-ийн эзэмшлийн газрыг Д И ХХК /РД:2083086/-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, П ХХК-ийн нөөц орц газрыг нээлттэй байлгахыг Д И ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар Д И ХХК-аас шинжээчийн зардал 520.753 төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1985 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01507 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П ХХК-ийн эзэмшлийн газрын 787.2 м.кв талбайг Дэлгэр интернэшл ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, П ХХК-ийн эзэмшлийн талбайн зүүн урд зүгт байх нөөц орц гарцыг нээлттэй байлгахыг Дэлгэр интернэшл ХХК-д даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд "...П ХХК-ийн зүүн урд зүгт байх нөөц орц гарцыг нээлттэй байлгахыг Дэлгэр Интернэшл ХХК-д даалгасугай..." гэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь газар эзэмшигч, ашиглагчийн эрх үүргийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар Газрын нэгдмэл санд төрийн хяналтыг Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хянахаар хуульчилсан байна. Дээрх хяналтыг хэрэгжүүлэхдээ Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихаар зохицуулжээ. Зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон маргааны харьяалал нь Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.2-т зааснаар дээрх маргаан нь тухайн шатны Засаг дарга шийдвэрлэж, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлэхээр хуульчилсан. Дээрх нөхцөл байдлаас үзвэл хариуцагч нь зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж бусдын орц, гарцыг хаасан гэж үзвэл Нийслэл, дүүргийн Засаг даргаас газар чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгөхөөр хуульчилсан байхад шүүхээс тухайн шатны Засаг даргад хуулиар олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талын П ХХК-ийн нөөц орц гарцыг нээлттэй байлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т  зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульчилсан байхад энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ, Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар хариуцагчийн шүүхэд гаргасан үндсэн 3 нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрт Улсын тэмдэгтийн хураамжийг төлөх атал зөвхөн нэг нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамж төлсөн байхад 3 шаардлагыг бүхэлд нь хянан шиидвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож. анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д И ХХК-д холбогдуулан хууль бусаар хашаа барин ашиглаж байгаа хэсгийн газрыг чөлөөлүүлэх, тус компанийн нөөц орц, гарцыг нээлттэй байлгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хууль бусаар хашаа барин ашиглаж байгаа хэсгийн газрыг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, нөөц орц, газрыг нээлттэй байлгахыг Д И ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Б- давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д И ХХК-д холбогдуулан гаргасан нөөц орц, гарцыг нээлттэй байлгахыг даалгах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д И ХХК нь хууль бусаар хашаа барин ашиглаж байгаа хэсгийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-, хариуцагчийн төлөөлөгч Б.А нар гарын үсэг зурсан байх тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01507 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1985 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д И ХХК-д холбогдуулан гаргасан нөөц орц, гарцыг нээлттэй байлгахыг даалгах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д И ХХК нь хууль бусаар хашаа барин ашиглаж байгаа хэсгийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ