Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/02180

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/02180

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02614 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

ХХХ-тай харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр ХХХХ нь 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлсэн боловч уг хугацаанд зээлээ эгүүлэн төлөөгүй. Дараа нь ажил бүтэхгүй байна, гэрээний хугацааг сунгая гээд манай найзын гэрт бичгээр зээлийн гэрээг үйлдсэн. ХХХХ зээлийн хүүг, алдангитай нь хамт төлнө гэж байнга хэлдэг байсан. Гэвч тэрээр 2 сарын зээлийн хүү 1 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд, хариуцагч ХХХХгаас зээлийн үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, хүү 6 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ХХХХ нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлснээ зөвшөөрч байгаа боловч тухайн үед зохигчид ямар нэг хүү, алдангийн талаар харилцан тохиролцоогүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байдаг. Гэрээ байгуулснаас хойш хариуцагчийн ажил, бизнест эрсдэл учирч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон талаар нэхэмжлэгчид тухай бүрд нь мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ шаардаж хариуцагчийн гэрт удаа дараа очиж хэрүүл маргаан үүсгэж байсан. 2016 оны зун хариуцагчийн гэрт очихдоо өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр урьдчилан бэлдсэн мөнгө хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн баримт дээр гарын үсэг зурахыг шаардаж, хэрэв татгалзвал цагдаад өгнө гэх зэргээр дарамталсан тул хариуцагч 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэсэн бичгийг хальт хараад гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгч тэмдэглэлийн дэвтэр дээр нөхөж зуруулсан баримтаа зээлийн гэрээ хэмээн 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан гэж нийт 11 500 000 төгрөг шаардаж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин 5 000 000 төгрөгийг зээлж авсан тул зээлийн төлбөрт өгсөн 1 000 000 төгрөгийг хасч, үлдэх 4 000 000 төгрөгийг төлөх боломжтой. Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХгаас 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч ХХХХгаас 78 950 төгрөгт гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д 2015 оны 4 дүгээр сарын 20-нд 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр амаар тохиролцож зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч ХХХХ 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчтай харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг зээлийн гэрээгээр ХХХХ 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, үүнээс тэрээр 2 сарын хүү болох 1 000 000 төгрөгийг буцаан төлөөд үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч хүү шаардах эрхээ нотлох үүднээс гэрээ байгуулахаар тохиролцож байсан болон хүсэл зоригоо харилцан илэрхийлж байсан бичмэл баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус баримтанд тусгагдсан мэдээллийг гэрээ байгуулснаас хойш хожим үйлдсэн, тусгагдсан мэдээллүүд нь нэгэн цаг хугацаанд бичигдээгүй талаар талууд тайлбарлаж байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийсэн хэллийг хийсэн гэж үзнэ гэж тус тус зохицуулжээ. Энэ нь хэлцэл хийх тухайн цаг хугацаанд хамаарах нөхцөл байдал юм гэж дүгнэсэн атлаа энэ агуулгаар зээлдэгч тал зээл авах хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн нь бичгийн хэлбэртэй байх хэлцлийн хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д 5 000 000 төгрөгийг амаар тохиролцон 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр талууд харилцан тохиролцож бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан ба мөн тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүүг тогтоосон. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасныг хангасан гэрээ байгуулсан байхад шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна. Иймд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02614 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 6 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 4 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү төлөхийг эс зөвшөөрөн маргажээ.

Талууд 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр амаар зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 5 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар зохигчид маргаагүй. Харин нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн гэж, хариуцагч гэрээг хожим дарамталж байгуулсан тул хүү төлөхгүй гэж тайлбар гаргасан.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хэргийн 3 дугаар талд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг бичгийн баримтаар нэхэмжлэгч ХХХХ 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч ХХХХ-д 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүүгийн хамт 6 655 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд гарын үсэг зуржээ.

Хариуцагч ХХХХ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хожим байгуулсан бичгийн гэрээг дарамталж байгуулсан гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлж өмнө нь байгуулсан зээлийн гэрээгээ хожимоо бичгийн хэлбэрт оруулж хүүгийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байх тул хариуцагчаас түүний хүлээн зөвшөөрсөн 6 655 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч дээрх бичгийн баримтаар зээлийн гэрээний хугацааг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан гэсэн тайлбар гаргаж, уг хугацааны хүүг нэхэмжилж байгаа боловч ...2016 оны 7 дугаар сарын 20 хүртэл сунгав гэсэн бичвэр нь зохигчдын гарын үсэг зурагдсаны дараа бичигдсэн байх тул уг бичвэрээр гэрээг сунгасан гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар ХХХХ нь үндсэн зээл, зээлийн хүүд 6 655 000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Харин талууд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 1 000 000 төгрөгийг буцаан төлсөн асуудлаар маргаагүй тул хариуцагчийн төлөх 6 655 000 төгрөгнөөс хасч тооцох нь зүйтэй болно.

 

Иймд, хариуцагч ХХХХгаас үлдэх 5 655 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02614 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХгаас 5 655 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 845 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн 2 дахь заалтын 78 950 төгрөг гэснийг 105 430 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ХХХХэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО