Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/02614

 

2017 оны 08 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2017/02614 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо, *хороолол, * байр * тоотод оршин суух, 44 настай, эмэгтэй, Х овогт Л С /******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол * дүгээр байр, * тоотод оршин суух, 41 настай,  Н /******/ холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Сэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Л.Сэ миний бие 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Нтай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд Б.Н Л.Сээс 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Б.Н нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд зээлсэн мөнгөнөөс 2 сарын хүү болох 1 000 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Б.Нгаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, хүү 6 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.Сийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Нгаас 11 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун би дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч Б.Н нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч байх боловч тухайн өдөр зохигч нар ямар нэг хүү, алдангийн талаар харилцан тохиролцоогүй бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байдаг.

Гэрээ байгуулснаас хойш хариуцагчийн ажил бизнест нь эрсдэл учирч зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болж, нэхэмжлэгчид энэ тухайгаа мэдэгдэж байсан байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ шаардаж хариуцагчийн гэрт удаа дараа очиж хэрүүл маргаан хийж байсан бөгөөд 2016 оны зун хариуцагчийн гэрт очихдоо өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр урьдчилан бичсэн мөнгө хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн баримт дээр гарын үсэг зурахыг шаардаж, эс бөгөөс цагдаад хэлнэ гэх зэргээр дарамталсан тул хариуцагч арга буюу 5 000 000 төгрөг зээлдүүлсэн гэдэг үг өгүүлбэр байгааг хальт хараад л гарын үсгээ зурж нэхэмжлэгчийг явуулсан байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан тэмдэглэлийн дэвтэр дээр нөхөж зуруулсан баримтаа зээлийн гэрээ хэмээн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан гэж нийт 11 500 000 төгрөг шаардаж байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин нэгэнт 5 000 000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа учраас буцааж өгсөн 1 000 000 төгрөгөө хасаад 4 000 000 төгрөгийг нь төлж барагдуулахаа зөвшөөрч байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Сэ нь хариуцагч Э.Нд холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт 11 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч болно гэж маргаж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Н гэж тодорхойлсон байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Н гэдэг нь талуудын тайлбар, зохих баримтуудаар тогтоогдож байх бөгөөд эдгээр нь нэг хүн бөгөөд хоёр өөр хүн биш тул нэг хариуцагчийг нөгөө хариуцагчаар солих бодит үндэслэл байхгүй гэж үзэж шийдвэрлэв. Хариуцагч нь Э.Н гэдэг талаар зохигчид хэн аль нь маргаагүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан зээлийг гэрээний үүргийн дагуу гаргуулна гэжээ.

Зохигч талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлэх харилцаа бүхий гэрээ байгуулагдаж, гэрээний үүргийн дагуу тус мөнгийг шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд дээрх нөхцөлөөр зээлийн гэрээний үүрэг үүссэн, гэрээний дагуу 5 000 000 төгрөг шилжсэн байх тул үүссэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг шилжүүлэн зээлийн гэрээ хэрэгжсэн гэж үзнэ.

Дурдсан агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хэрэгжсэн байна. Зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд хэлбэрийн хувьд гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцон тогтоож амаар байгуулсан гэж үзнэ.

Зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөг зээлж авсан, тус төлбөрийн 1 000 000 төгрөгт холбогдох үүргээ гүйцэтгэсэн талаарх тайлбаруудтай зохигчид хэн аль нь маргаагүй байна.

Иймд гэрээний дагуу буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг зээлдэгч талд, зээлийн төлбөрийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.

Гэрээний дагуу шилжүүлэн авсан 5 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч тус зээлийн төлбөрт хүүнд 6 500 000 төгрөг гаргуулна гэж шаардаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт, Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэсэн зохицуулалтаар зээлийн гэрээ байгуулахдаа хүү тогтоож болох боловч хүү шаардах эрхээ хангахын тулд гэрээг бичгээр байгуулахаар зээлдүүлэгч талыг үүрэгжүүлсэн байна.

Зээлдүүлэгч хүү шаардах эрхээ эдлэхийн тулд гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй буюу хуулийн зохицуулалтыг мэдэхгүй байх нь үүдэн гарах эрсдэлийг бусдаас шаардах үндэслэл болохгүй. Гэрээг бичгээр байгуулах нь хуульд зааснаар гэрээ байгуулж буй талд хамаарах өөрийнхөө өмнө хүлээх үүрэг бөгөөд зөрчигдсөнөөс үүдэн гарах үр дагавар өөрт нь хамааралтай эрсдэл болох юм.

Энэ үндэслэлээр зээлдүүлэгч тал илүү хариуцлагатайгаар зээлийн харилцаанд оролцох үүрэгтэй.

Нэхэмжлэгч хүү шаардах эрхээ нотлох үүднээс гэрээ байгуулахаар тохиролцож байсан болон хүсэл зоригоо харилцан илэрхийлж байсан бичмэл баримтыг /х.х-ийн 3 дахь талд/ нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус баримтанд тусгагдсан мэдээллийг гэрээ байгуулснаас хойш хожим үйлдсэн, тусгагдсан мэдээллүүд нь нэгэн цаг хугацаанд бичигдээгүй талаар талууд тайлбарлаж байна.

Тус баримт нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх хүсэл зориг илэрхийлж байсан талаарх баримт байх бөгөөд харин 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх нөхцөл тохиролцон хүсэл зоригоо илэрхийлсэн бичгээр хийсэн зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэрээ хийснийг нотлох бичмэл нотлох баримт болон бичгээр хийсэн зээлийн гэрээ хоёр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай. Тодруулбал, амаар байгуулсан зээлийн гэрээг нотлох бичгийн нотлох баримт, бичгээр байгуулсан зээлийн гэрээ гэсэн ойлголтуудыг ялгаж ойлгох шаардлагатай.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт, энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж зохицуулжээ. Энэ нь хэлцэл хийх тухайн цаг хугацаанд хамаарах нөхцөл байдал юм.

Энэ агуулгаар, зээлдэгч тал хүүтэйгээр зээл авах хүсэл зоригоо илэрхийлж байснаа бичгээр илэрхийлсэн нь бичгийн хэлбэртэй байх хэлцлийн хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй бөгөөд зээлдэгч тухайн үед хүсэл зоригоо илэрхийлж байсан үйл баримтыг л нотолно гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хүү тогтоох хүсэл зориг илэрхийлэгдсэн боловч гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй тул зээлдүүлэгч тал хүү шаардах эрхгүй байна.

Гэрээний дагуу нийт шилжүүлсэн 5 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийн төлөлт хийсэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон үлдэх 4 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 1* зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Нгаас 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Сэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Э.Нгаас 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Сэд олгосугай.
  3. Хариуцагчийн тодорхой хөрөнгийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан тогтоогоогүй бөгөөд хуульд заасан журмаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН