Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00260

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00260

 

 

А.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 183/ШШ2017/02076 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.Баттулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Оюунтуяад холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Мөнгөн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Жавзмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Хувцагаан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч А.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Мөнгөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

 А.Баттулга нь иргэн Ү.Мөнгөн, А.Сарантуяа болон Д.Оюунтуяа нарт зуучилж 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулсан. А.Баттулга, Д.Оюунтуяа болон түүний нөхөр гэсэн гурвалсан гэрээ байгуулж баталгаажуулсан болно. Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл буюу 6 сарын хугацаатай байгуулагдсан. 2012 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хүүгээ төлсөн ба үндсэн зээлийнхээ 9 000 000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад өгөөд үлдсэн 11 000 000 төгрөгийг үргэлжлүүлэн сар бүр 10 хувийн хүүг нь төлж гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон. Ингээд 2013 оны 3 дугаар сар хүртэл үндсэн зээл 11 000 000 төгрөгийн хүүг төлж ирсэн боловч түүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул мөнгөө нэхэж очиход зарах машин байна, авах хүн олж өгч туслаач гэсэн ба нэхэмжлэгч Э.Бямбажав гэгч залууг дагуулж очсон. Тэрээр уг машиныг худалдан авахаар болж, Төрийн банкнаас цалингийн зээл авах гэтэл 4 000 000 төгрөгөөс илүү өгөхгүй гэсэн тул Ү.Мөнгөн надаас 2 000 000 төгрөг нэмж зээлж аваад түүнээс Соната-6 маркийн автомашиныг 6 000 000 төгрөгөөр худалдан авсан. Уг мөнгөнөөс Д.Оюунтуяа тухайн өдөр буюу 2013 оны 3 дугаар сард 1 000 000 төгрөгийг хүүд төлсөн. Э.Бямбажавт 2 000 000 төгрөг зээлдүүлж, автомашиныг худалдан авахад нь тусалсан учраас уг 2 000 000 төгрөгөө буцааж өгөх хүртэл тус автомашиныг миний нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг авахыг хүсэхэд тэрээр хүлээн зөвшөөрч, миний нэр дээр уг гэрчилгээг гаргуулж авсан нь үнэн. Сүүлд Э.Бямбажав 2 000 000 төгрөгийг буцааж өгөөд өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авсан. Тухайн үед уг автомашины зах зээлийн үнэ 6 500 000 төгрөг байсан. Иймд хариуцагчаас үндсэн зээл 11 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 1-нээс 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх зээлийн хүү 20 900 000 төгрөг, нийт 31 900 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан 11 000 000 төгрөгийг 4 дүгээр сарын 10-ны дотор гэсэн хэсгийг манай эхнэр н.Сарантуяа тэмдэглэлийн дэвтэрт бичсэн бичиг байгаа, энэ бичгээр хүү төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзнэ. Гэхдээ бид 31 900 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр 17 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн дагуу 17 500 000 төгрөгийг гаргуулахад татгалзахгүй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Зээлийн гэрээгээр үндсэн зээлнээс 9 000 000 төгрөгийг л төлсөн, өөр мөнгө төлөөгүй, зээлийн гэрээний хугацаанд төлөх хүү 10 000 000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй, харин 34 400 000 төгрөгийг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, мөн машины мөнгө гэсэн баримт яриад байна. Энэ гарын үсэг миний гарын үсэг мөн боловч бичсэн зүйлийг нь бол мэдэхгүй. Өөрөө гэрээг сунгасан гэдгийг зөвшөөрөөд явж байсан, тиймээс үндсэн зээлд төлөгдөөгүй 11 000 000 төгрөг, хүү болох 6 500 000 төгрөг, нийт 17 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

  Хариуцагч Д.Оюунтуяа шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурьдсан мөнгийг хариуцагчийн нөхөр н.Билэгсайхан Бүгд найрамдах Солонгос улсаас худалдаа хийх зорилгоор зээлсэн нь үнэн бөгөөд тухайн үед зээлийн гэрээг 6 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд хүүг тохирсон хэмжээгээр нь төлж барагдуулсан, үндсэн төлбөрөөс 9 000 000 төгрөгийг болон Соната-6 маркийн машиныг тооцуулан нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хүргэн ах н.Мөнгөнд эзэмших эсэхээ шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх машиныг төлбөртөө тооцож хүргэн ахдаа шилжүүлсэн мөнгийг төлбөр, мөн манай гэрээс ирж авсан 4 000 000 төгрөг зэргийг үндсэн зээлээс хасч тооцоогүй. Тухайн үед Соната-6 машин нь 6 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан бөгөөд бэлнээр 4 000 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 1-нд 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг 20 000 000 төгрөгийг авсан гэдэг дээр бол маргахгүй. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэвч хариуцагч нь гэрээний үүргийг гүйцэтгэсэн байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү төлөх эсэх талаар бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн үүрэгт машин хүртэл тооцоод шилжүүлсэн байгаа нь нотлогдож байна. Тухайн үед Соната маркийн машин 8 000 000 - 10 000 000 төгрөг байсан. Нийт 34 400 000 төгрөгийг төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон учир нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Д.Оюунтуяагаас 11 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Баттулгад олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан давж заалдах гомдолдоо:

... 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Соната маркийн автомашиныг 8 000 000 төгрөгөөр тохирч н.Бямбажаваас 4 000 000 төгрөг авч, 4 000 000 төгрөгийг зээлд тооцож Ү.Мөнгөнд өгсөн, Ү.Мөнгөн нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан нь авто тээврийн газрын тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн маягтанд бүртгэгдсэн, ингэж тохирсоноор н.Бямбажаваас сүүлд нь 4 000 000 төгрөгөө авч, уг машиныг өгч авахаар тохиролцож өр хаагдсан байна. Нэхэмжлэгч А. Баттулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2012 оны 6 сараас 10 сар хүртэл зээлийн хүүгээ төлсөн ба үндсэн зээлээс 9 000 000 төгрөг гэрээний хугацаа дуусах үед төлж үлдэгдэл 11 000 000 төгрөгийг үргэлжлүүлэн сар бүр 10 хувийн хүү төлөхөөр тохирсон гэжээ. Тэрээр 2013 оны 3 сар хүртэл зээлийн хүүг төлж байсан боловч үүнээс хойш төлөөгүй гэж тайлбарласан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж хэлсэн тайлбар нь хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байна. Д.Оюунтуяа 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөгийн үнэтэй автомашинаа Ү.Мөнгөнд хүлээлгэн өгсөн. Д.Оюунтуяа хүлээлгэн өгсөн баримт байхад шүүх А.Баттулга, Д.Оюунтуяа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт тооцохоор шилжүүлсэн гэх үндэслэлгүй гэж нотлох баримтыг буруу үнэлж хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч үлдсэн мөнгөө төл гэж шаардахад машинаа 4 000 000 төгрөг, зээлд 4 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгааг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар зээлийн гэрээг сунгах талаар бичгийн гэрээ хийгээгүй ч гэсэн 2012 оны 11, 12 дүгээр саруудад 2 200 000 төгрөг, 2013 оны 1,2 дугаар саруудад 2 200 000 төгрөг бүгд 4 400 000 төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч болон хариуцагч нар хэн аль нь хэлдэг. Хэргийн зохиогчид бие биенээ танихгүй хүмүүс биш учраас хүүд 10 000 000 төгрөг, үндсэн зээлд 21 400 000 төгрөг төлсөн. Д.Оюунтуяа бүх эд хөрөнгөө зарж энэ зээлийг төлж барагдуулсан байхад огт танихгүй, мэдэхгүй гэрч гэх хүнээс худал мэдүүлэг авч, уг мэдүүлгийг үнэлж хуулийг буруу хэрэглэсэн байгааг зөвтгөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Баттулга нь хариуцагч Д.Оюунтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 17 500 000 төгрөг болгожээ.

 

Хариуцагч Д.Оюунтуяа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ... Ү.Мөнгөнд Соната-6 маркийн автомашиныг 8 000 000 төгрөгөөр тооцож өгснийг зээлийн гэрээний үүргээс хасаагүй, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэл заан маргасан байна.

 

Зохигчид 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Баттулга нь хариуцагч Д.Оюунтуяад 20 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн, уг зээлийн гэрээний дагуу хариуцагч 20 000 000 төгрөгийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй болно. /хх-ийн 7 тал/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул А.Баттулга нь хариуцагч Д.Оюунтуяагаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Оюунтуяа нь зээлийг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

 

Хариуцагч Д.Оюунтуяа нь нэхэмжлэгч А.Баттулгатай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт иргэн Ү.Мөнгөнд Соната-6 маркийн автомашиныг 8 000 000 төгрөгөөр тооцон хүлээлгэж өгсөн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч А.Баттулгад төлөх зээлийн өрийг иргэн Ү.Мөнгөн шилжүүлж авсан байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул зээлдэгч Д.Оюунтуяагийн Ү.Мөнгөнд өгсөн автомашины үнийг зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Д.Оюунтуяагийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 11 000 000 төгрөг, зээлийн хүүд 9 000 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул анхан шатны шүүх уг үнийн дүнгээр тооцож, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 11 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн зээлийн гэрээний үүргийг иргэн Ү.Мөнгөнд хүлээлгэн өгсөн байхад шүүх буруу шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 183/ШШ2017/02076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагааны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО