Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2076

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийг 9 дүгээр хороо, 46-13 тоотод оршин суух, Хар бүргэд овогт Аюушийн Баттулгын /РД:ОЮ67101631/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 39байрны 83 тоотод оршин суух, Гавилиу овогт Даваазаны Оюунтуяад /РД:ЧС71032007/ холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн  иргэний хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүххуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Мөнгөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа /ШТЭҮ-0576/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, шүүххуралдаанынарийнбичгийндарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            А.Баттулга миний бие иргэн Ү.Мөнгөн, А.Сарантуяа болон Д.Оюунтуяа нарт зуучилж 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Миний бие Д.Оюунтуяа түүний нөхөр гэсэн гурвалсан гэрээ байгуулж баталгаажуулсан болно. Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 5 дугаа сараас 11 дүгээр сар хүртэл буюу 6 сарын хугацаатай байгуулсан байсан. 2012 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хүүгээ төлсөн ба үндсэн зээлийнхээ 9 000 000 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад өгөөд үлдсэн 11 000 000 төгрөгийг үргэлжлүүлэн сар бүр 10 хувийн хүүг нь төлж гэрээний хугацаа сунгахаар тохиролцсон. Ингээд 2013 оны 3 дугаар сар хүртэл үндсэн зээл 11 000 000 төгрөгийн хүүг төлж ирсэн боловч түүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

            Иймд үндсэн зээл болох 11 000 000 төгрөгийг 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртлэх хүү болох 20 900 000 төгрөг, нийт 31 900 000 төгрөгийн хохирол учирсан байх тул дээрх төлбөрийг хариуцагч Д.Оюунтуяагаас гаргуулж бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Мөнгөн шүүххуралдаанд гаргасан тайлбартаа:

            А.Баттулга нь Д.Оюунтуяад 20 000 000 төгрөг зээлдүүлсэн. Гэрээний хугацаанд тэрээр 2012 оны 11 дүгээр сард 9 000 000 төгрөг төлсөн. Үлдэх 11 000 000 төгрөгийг төлөөгүй тул мөнгөө нэхэж очиход зарах машин байна, авах хүн олж өгч туслаач гэхэд нь би дүүтэйгээ хамт ажилладаг Э.Бямбажав гэгч залууг дагуулж очсон. Тэрээр уг машиныг худалдан авахаар болж, Төрийн банкнаас цалингийн зээл авах гэхэд 4 000 000 төгрөгөөс илүү өгөхгүй гэсэн тул надаас 2 000 000 төгрөг нэмж зээлж аваад түүнээс Соната-6 маркийн автомашиныг 6 000 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл энэ мөнгөнөөс Д.Оюунтуяа надад тухайн өдөр буюу 2013 оны 3 дугаар сард 1 000 000 төгрөгийг хүүнд гэж өгсөн, үндсэн мөнгөнд биш. Би Э.Бямбажавт 2 000 000 төгрөг зээлдүүлж, автомашиныг худалдан авахад нь тусалсан учраас уг 2 000 000 төгрөгөө буцааж өгөх хүртэл тус автомашиныг миний нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг авахыг хүсэхэд тэрээр хүлээн зөвшөөрч, миний нэр дээр уг гэрчилгээг гаргуулж авсан нь үнэн. Э.Бямбажав сүүлд 2 000 000 төгрөг надад буцааж өгөөд өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авсан. Тухайн үед уг автомашины зах зээлийн үнэ 6 500 000 төгрөг байсан. 2013 оны 3 дугаар сард зээлийн гэрээний хугацааг сунгах гэхэд Д.Оюунтуяа нь дүүтэйгээ ярилцаад БНСУ-аас оруулж ирсэн автомашинаар төлбөрөө бүрэн барагдуулна, гэрээний хугацааг сунгаад хэрэггүй гэж хэлээд зугтаад алга болсон. Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр БНСУ явсан байсан. 2013 оны 4 дүгээр сараас хойш огт уулзаагүй.Түүнийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгсөн. Ийнхүү түүнээс нийт үндсэн зээлд 9 000 000 төгрөг, хүүнд 1 000 000 төгрөгийг буцааж авсан ба үүнээс 2013 оны 3 дугаар сард өгсөн 1 000 000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож өгсөн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 11 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх зээлийн хүү /сард 10 хувиар тооцож/ 20 900 000 төгрөг нийт 31 900 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан “11 сая төгрөгийг 4 дүгээр сарын 10-ны дотор” гэсэн хэсгийг манай эхнэр Сарантуяа тэмдэглэлийн дэвтэрт бичсэн бичиг байгаа, энэ бичгээр хүү төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзнэ. Гэхдээ бид 31 900 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр 17 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн дагуу 17 500 000 төгрөгийг гаргуулахад татгалзахгүй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Зээлийн гэрээгээр үндсэн зээлнээс 9 000 000 төгрөгийг л төлсөн, өөр мөнгө төлөөгүй, зээлийн гэрээний хугацаанд төлөх хүү 10 000 000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй, харин 34 400 000 төгрөгийг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, мөн машины мөнгө гэсэн баримт яриад байна. Энэ гарын үсэг миний гарын үсэг мөн боловч бичсэн зүйлийг нь бол мэдэхгүй. Өөрөө гэрээг сунгасан гэдгийг зөвшөөрөөд явж байсан, тиймээс үндсэн зээлд төлөгдөөгүй 11 000 000 төгрөг, хүү болох 6 500 000 төгрөг, нийт 17 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Оюунтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд дурьдсан мөнгийг манай нөхөр Билэгсайхан БНСУ-аас худалдаа хийх зорилгоор зээлсэн нь үнэн бөгөөд тухайн үед зээлийн гэрээг 6 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн.2012 оны 5 сарын 28-нд дээрх зээлийг аваад манай нөхөр 2012 оны 8 сарын 15-ны өдөр нас барсан. Хэдийгээр нөхөр маань таалал төгссөн ч миний бие дээрх өрийг барагдуулахаар бүх чадлаараа хичээж байгаа зүйлсээ зарж борлуулж дарсан. Зээлийн гэрээний хугацаанд хүүг тохирсон хэмжээгээр нь төлж барагдуулсан, үндсэн төлбөрөөс 9 000 000 төгрөгийг болон Соната-6 маркийн машиныг тооцуулан нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хүргэн ах Мөнгөнд эзэмших эсэхээ шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх машиныг төлбөртөө тооцож хүргэн ахдаа шилжүүлсэнээ төлбөрөөс хасаж тооцоогүй, мөн манай гэрт ирж авсан 4 000 000 төгрөгөө ч үндсэн зээлээс хасаж тооцоогүйд маш их эргэлзэж байна.Тухайн үед нэхэмжлэгч тал нь намайг нөхрөө алдаад амьдралын хүнд нөхцөлд байгааг харгалзахгүйгээр хэл амаар доромжилж, элдвээр сүрдүүлсэн үг хэл хэлэх зэргээр сэтгэл санаагаар ихээхэн хүнд байдалд оруулж байсан тул бүх боломжоороор л төлбөрийг төлж байхдаа төлсөн мөнгөнийхөө баримтуудыг авч байгаагүй болно.Тухайн үед Соната-6 машин нь 6000000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Мөн бэлнээр өгсөн 4 сая төгрөгийг тооцоход нэхэмжлэгчид төлөх төлбөргүй юм. Зээлийн хүү тооцох хугацаа нь 6 сар байсан бөгөөд Иргэний хуульд хүү авах эрх нь зөвхөн бичгээр үйлдэгдсэн гэрээгээр л биелэгдэх боломжтой. Гэтэл зээлийн гэрээний хугацаанэгэнт дууссан, гэрээг сунгагдахаар гэрээнд тусгайлсан зохицуулалт байхгүй атал нэхэмжлэгч нь үргэлжлүүлэн хүү тооцсон нь хуульд нийцэхгүй байна.Мөн энэхүү гэрээний үндсэн зээлдэгч нь манай нөхөр асан бөгөөд тухайн үед Баттулга нь гэрээнд гарын үсгээ зурчих гэсэн учраас л миний бие гарын үсгээ зурсан. Ийнхүү зурахад миний хүсэл зориг огт байгаагүй болно. Тиймээс гэрээнээс маргаан бүхий асуудлыг би дангаараа хариуцах ёсгүй гэж үзэж байна.Одоо миний бие нь ажилгүй 3 хүүхдийн хамт эгчийнхээ гэрт амьдардаг бөгөөд нэхэмжлэгчид байгаа бүх хөрөнгөө зарж үрж нөхрийнхөө нэр хүндийг бодож өрийг нь төлж барагдуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 01-нд 10 дугаар сарын 01-ний хүртэл 20 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан, уг 20 000 000 төгрөгийг авсан гэдэг дээр бол маргахгүй. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэвч хариуцагч нь гэрээний үүргийг гүйцэтгэсэн байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүү төлөх талаар бичгээр гэрээ байгуулаагүй. Гэтэл нэхэмжлэгч сунгаагүй, хүү тооцоогүй гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн төлсөн бүх мөнгийг тооцоод байгааг зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн үүрэгт машин хүртэл тооцоод шилжүүлсэн байгаа нь нотлогдож байна. Тухайн үед Соната маркийн машин 8 000 000 -10 000 000 төгрөг байсан. Нийт 34 400 000 төгрөгийг төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон учир нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв .

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ  нь:

    

          Нэхэмжлэгч А.Баттулга нь хариуцагч Д.Оюунтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 17 500 000 төгрөгийг гаргуулахаар багасгажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч А.Баттулга, хариуцагч Д.Оюунтуяа нар нь 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй шилжүүлэхээр, алданги тооцохгүй байхаар харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 7-р хуудас/

Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, хэн аль нь гэрээг байгуулсан талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

Иргэнийхуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг Д.Оюунтуяа, хамтран зээлдэгч Ц.Билэгсайхан нарт шилжүүлсэн, тохирсон хугацаандаа мөнгөө буцааж төлөөгүй тул үндсэн зээл 11 000 000 төгрөг, хүүнд 6 500 000 төгрөгийг хариуцагч Д.Оюунтуяагаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, нийт зээлийн гэрээний үүрэгт 34 400 000 төгрөгийг буцаан өгсөн, мөн автомашиныг зээлийн үүрэгт тооцож шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хүүг төлж байсан, нийт 34 400 000 төгрөгийг төлсөн, хүү тооцохоор бичгээр гэрээ байгуулаагүй тул төлсөн мөнгө нь үндсэн зээлнээс хасагдаж үүрэг дуусгавар болсон гэж маргасан боловч зээлийн гэрээний үүрэгт 34 400 000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Мөн зээлийн гэрээний үүрэгт тооцож Соната маркийн автомашиныг шилжүүлсэн энэ нь хэрэгт авагдсан Ү.Мөнгөний гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно гэж тайлбарласан бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан дэвтрийн 62 дугаар хуудсанд “Соната 6 автомашиныг 8 000 000 төгрөгөөр худалдан авч өгөхөөр тохиролцож 4 000 000 төгрөгийг өрөнд суутгаж, 4 000 000 төгрөгийг бэлнээр авч, Мөнгөнд шилжүүлж өглөө. Авсан Мөнгөн, Өгсөн Оюунтуяа 2013 оны 3 дугаар сарын 27” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №3964 тоот шинжээчийн дүгнэлтэд “1.шинжилгээнд ирүүлсэн дөрвөлжин шугамтай дэвтэрийн зүүн дээд талдаа “62” гэж дугаарласан хуудсанд бичигдсэн баримтын баруун доод талд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд туршилтын загвараар ирүүлсэн Ү.Мөнгөний зурсан гэх гарын үсгийн загвартай тохирч байна” гэсэн байна. /хэргийн 187-р хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 62 дугаар хуудсанд зурагдсан гарын үсгийг өөрөө зурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч бичгийг бичээгүй, автомашиныг зээлийн төлбөрт тооцохоор тохиролцоогүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан дэвтрийн 62 дугаар хуудсанд байх дэвтэрт хариуцагч Д.Оюунтуяа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Мөнгөнд мөнгө шилжүүлэн өглөө гэсэн, гэрч нарын мэдүүлгээр автомашины мөнгийг эмэгтэй хүнд өгсөн гэж тайлбарласан боловч энэ нь нэхэмжлэгч А.Баттулга, хариуцагч Д.Оюунтуяа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт тооцохоор шилжүүлсэн гэх үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв. /хэргийн 202-203, 206-р хуудас/

            Иймд хариуцагч Д.Оюунтуяа нь 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан, харилцан тохиролцоод хүү төлөхөөр зөвшөөрсөн болох нь  хэрэгт авагдсан “одоо үндсэн мөнгө болох 11 000 000 төгрөгийг 10/IV-ны дотор (15/IV нь болохоор дахин сарын хүү нэмэгдэх учир 1 100 000) үлдсэн мөнгийг 15-ны дотор өгнө. Дүүтэйгээр ярилцана” гэснээр нотлогдоно гэж тайлбарласан, хариуцагч нь уг баримтыг бичсэн эсэх талаараа маргаагүй боловч хүлээн зөвшөөрч хүүнд мөнгө төлж байсныг баримтаар нотлоогүй, зээлийн гэрээний хугацааг сунгаагүй гэж маргаж байх тул талуудын хооронд гэрээний хугацааг сунгах, энэ хугацаанд хүү тогтоохоор харилцан тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 25-р хуудас/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ 5 сарын хүү тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу 5 сарын хүүг шаардах эрхтэй, 2013 оны 3 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх зээлийн хүүг шаардах эрхгүй байна.

Хариуцагч Д.Оюунтуяа нь 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу тооцоход үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлнээс 9 000 000 төгрөг, хүүнд 10 000 000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул хариуцагчийн буцаан төлсөн мөнгийг хасч үлдэх 11 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв. /30 000 000-10 000 000=20 000 000, 20 000 000-9 000 000=11 000 000 төгрөг/

Иймд хариуцагч Д.Оюунтуяагаас 11 000 000 төгрөгийг гаргуулж,нэхэмжлэгч А.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

           

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

 

     1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Д.Оюунтуяагаас 11 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Баттулгад олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ХУЛАН