Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0610/З |
Дугаар | 221/МА2018/0272 |
Огноо | 2018-05-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2018/0272
Д.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0132 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0132 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрын бүртгүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг...”-ийн судалгаанд хамруулалгүй орхигдуулан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд Д.Д-г хамруулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: “...1. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Д-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Богины амны 1 дүгээр гудамжинд орших 800 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад даалгах” тухай шаардлага гаргасан.
Улмаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44 8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаартай тушаалуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Д-г Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн судалгаанд хамруулалгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд хамруулахыг хариуцагчид даалгах” гэж өөрчлөн дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хууль зүйн үндэслэл нь шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7922 дугаартай захирамжаар шийдвэрлэж, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/13370 дугаартай албан бичгийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1152 дугаартай албан бичгээр ирүүлсэн судалгаа бөгөөд дээрх судалгааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.
Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгааг...” гаргуулах талаар тодорхой дурдаж дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл шүүгчийн захирамж, шүүхийн албан бичгийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 24 хуудас, 689 иргэдийг хамруулсан гэх судалгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон судалгаа бус зөвхөн иргэдийн судалгаа гэх байдлаар хийгдсэн судалгаа байхад анхан шатны шүүх дээрх хэрэгт хамааралгүй судалгаанд ач холбогдол өгч хууль зүйн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай уулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн.
2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаа”-г дүгнэж үзэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар байгуулагдсан Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгээс явуулсан судалгааг үндэслэн иргэнд газар ашиглуулах эрх олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэж байх тул уг судалгаа нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн, захиргааны актын шинжийг агуулсан байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээр тус судалгаанд хамрагдсан л бол газар ашиглуулах эрх үүсэх нөхцөл байдалтай гэж тодотгон дүгнэсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь судалгаанд чиглэгдэж, тус судалгаа нь газар ашиглуулах эрх үүсгэх эрх зүйн үр дагавартай байгаа нөхцөлд судалгаанд хамрагдахаар нэхэмжилж буй газрын байршил, түүний хүрээнд үүсэж буй бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцаж буй нөхцөл байдал зэргийг анхан шатны шүүх хэргийн хүрээнд бүхэлд нь авч үзэх зайлшгүй шаардлагатай байсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, эс өөрчилснөөс үл хамаарч маргаан бүхий газартай холбоотойгоор бусад иргэн аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгааг нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа тайлбарлаж санал хүсэлтээ илэрхийлсэн. Тодруулбал: Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр явагдсан шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт маргаан бүхий газар нь бусад иргэн, аж ахуй нэгжийн эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай эсэхийг шалгаж тодруулах гэх хүсэлтээ гаргаж байсан. Хариуцагчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр явагдсан шүүх хуралдаанд газрын давхцал бүхий хуулийн этгээдийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээ гаргаж байсан зэргээс тодорхой харж болно.
Дээрх байдалтай холбоотойгоор хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн маргаан бүхий газрын схем зураг дээрх зурагт нэхэмжлэгчийн маргаж буй газар нь иргэн Д.Э болон “У Т” ХХКомпаниудын ашиглаж буй газартай давхцалтай байгааг тодорхой харуулсан, мөн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн хаягийн бүртгэлийг харуулсан бичгийн баримтууд зэргээс иргэн Д.Э болон “У Т” ХХКомпаниудыг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах хангалттай үндэслэл бүрдсэн байгааг анхан шатны шүүх дүгнэж чадалгүй, хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлага түүний хүрээнд үүсэж буй маргаан бүхий асуудал нь иргэн Д.Э болон “У Т” ХХКомпаниудын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа нөхцөл байдлыг шүүх дүгнэж чадалгүй орхигдуулсан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж хангаж шийдвэрлэсэн. Уг хүсэлтэд давхцал бүхий нөхцөл байдлыг тодруулж давхцал байгаа бол тусгай мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах талаар тодорхой дурдсан. Хүсэлтийн дагуу хариуцагчийн зүгээс давхцал бүхий нөхцөл байдал байгаа тодорхой харуулсан схем зургийг шүүхэд гаргаж өгсөн болов ч давхцлын хэмжээг нарийвчлан тогтоох ажиллагааг шүүхийн зүгээс авч хэрэгжүүлж чадаагүй, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн арга хэмжээгээ бүрэн гүйцэд хэрэгжүүлэлгүй орхигдуулсан. Хэрэгт шинжээчээр нэр заан оролцуулах Барилга, хот байгуулалтын яамны Геодези зураг зүйн хүрээлэнгээс албан бичгийн дагуу нотлох баримт гаргуулах ажиллагаа явуулсан боловч дээрх баримтад давхцалын талаар тусгагдсан зүйл огтоос байхгүй.
Хэрэв анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, шинжээч томилж давхцалын хэмжээг нарийвчлан тогтоох ажиллагаа явуулсан бол тэр хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үр дагавар үүсэх боломжтой байгааг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.
4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас хамгийн олон жил тухайн газартаа буюу 1994 оноос өмнө амьдарч байсан нэг иргэнд хамаарна” гэж ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг иш татсан. Тэгсэн атлаа гэрч Д.Э /гуравдагч этгээд/ нэхэмжлэгч Д.Д нарыг дээрх үндэслэлд хамаарахгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль бус юм. Зүй нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс иргэн Д.Э болон нэхэмжлэгч Д.Д нарыг 1999 оноос хойш тусдаа хаяг байршилтай, тусдаа өрхийн ам бүлийн судалгаанд хамрагдсаар ирсэн талаарх бичгийн баримтууд гаргаж өгснийг шүүх дүгнэж чадалгүй хэт нэг талыг барьж хууль бус дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
5. Нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд гэрч Д.Э-ын нэхэмжлэлээр явагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн захиргааны хэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан боловч хэрэгт авагдсан болон дээрх хэргийн нотлох баримтуудад илтэд хууль бус дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болгосон. Гэрч Д.Э-ын зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч Д.Д-тэй гэр бүлийн гишүүн буюу нэг ам бүл гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд зөвхөн эмээ, садан төрлийн холбоотой гэдэг байдлаар тусгагдсан байдаг. Дээрх байдлыг дүгнэж үзээд хэргийн шийдвэрлэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэл бүхий хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.Д нь зээ хүү Д.Э-ынхоо нэрээр газар ашиглах эрх үүссэн байна гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх хэсгүүдэд “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байгааг анхан шатны ноцтой зөрчсөн.
Дээрх байдлуудад дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.4 дэх хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0132 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Д нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт холбогдуулан “Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаартай тушаалуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Д-г “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн судалгаанд хамруулалгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд хамруулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй газар нь Д.Э болон “У т” ХХК-ийн ашиглаж буй газартай хэсэгчлэн давхцалтай байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурджээ.
Гэтэл анхан шатны шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй хүн, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, холбогдох тайлбарыг авч тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа нөхцөл байдлыг дүгнэлгүй орхигдуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй газар нь бусад этгээдийн эзэмшил газартай хэрхэн давхацсан талаар нотлох баримтыг цуглуулах, нягтлан үзэх нь уг маргааныг нэг мөр хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд шаардлагатай бол шинжээч томилох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР