Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01968

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01968

 

 

 

 

Л.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02125 дугаар шийдвэртэй, Л.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Б.Адъяасүрэнд холбогдох орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх, барьцаанд ашигласны 19 144 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал, Т.Хонгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Адъяасүрэнтэй 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот Ү-2203011345 улсын бүртгэлийн дугаартай 53.33 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Адъяасүрэнгийн нэр дээр шилжүүлэх, Б.Адъяасүрэн нь 20 хоног барьцаанд ашиглаж 8000 ам.долларын хамт үл маргах журмаар Л.Нарантуяагийн нэр дээр буцааж шилжүүлэхээр хэлцэл хийсэн. Тус хэлцлийн дагуу өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Б.Адъяасүрэнгийн нэр дээр шилжүүлсэн ба орон сууцаа өмчлөгч өөрөө ашиглаж ирсэн. Гэтэл Б.Адъяасүрэн нь бичгээр хийсэн хэлцлээ зөрчиж дээрх 47 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч Л.Нарантуяагийн нэр дээр шилжүүлсэнгүй. Л.Нарантуяа нь хэлцэлд заасан 20 хоногийн хугацаа дууссан өдрөөс эхлэн өөрийн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг буцааж шилжүүлэхийг байнга шаардаж байгаа боловч Б.Адъяасүрэн нь амаар буцаан шилжүүлэх хугацаа зааж хойшлуулсаар 7 жил өнгөрлөө. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон.

Л.Нарантуяа нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд хариуцагч орон сууцны гэрчилгээг барьцаалсан, олон жил өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа тул Б.Нарантуяа нь орон сууцны гэрчилгээний асуудлаар Монгол улсад удаа дараа ирж байсан. Энэ хугацаанд Б.Адъяасүрэн нь Ж.Баттөмөр гэгчийн нэр дээр 2 удаа Л.Нарантуяагийн зөвшөөрөлгүй шилжүүлж, буцаан авсан байсан. Орон сууцны гэрчилгээг шилжүүлээгүйгээс Л.Нарантуяагийн хууль ёсны өмчлөх эрх зөрчигдөж үүнтэй холбогдуулан өөрийн хөрөнгөөс үр шим хүртэх, ашиг олох, барьцаалах, худалдах, бэлэглэх, гэрээслэх зэрэг олон эрх зөрчигдөж хохирч байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрчилгээг шилжүүлэхийг шаардахад Б.Адъасүрэн нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хариу бичгээр орон сууцыг хууль ёсны өмчлөгч Л.Нарантуяагийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буцаан шилжүүлэх боломжтой болохоо мэдэгдсэн. Тэрээр нэхэмжлэгчийн 2 өрөө орон сууцны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлснээ ашиглаж зээлийн барьцаанд тавьсан, бусдын нэр дээр шилжүүлж буцаан авсан зэрэг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний эрхийг хөндсөн ажиллагаа явуулсаар байна. Мөн хариуцагч Б.Адъяасүрэнд холбогдуулан анх 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ам.долларын ханш 2.393 төгрөг буюу 8000 ам.доллар нь монгол төгрөгөөр 19 144 000 төгрөг болж байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэлд зааснаар Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот, 58.33 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн Ү-2203011345 дугаартай, 000105942 тоот гэрчилгээг Л.Нарантуяагийн нэр дээр шилжүүлэх, Б.Адъяасүрэнгээс нийт 19 144 000 төгрөгийг гаргуулж Л.Нарантуяад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Адъяасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй, тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байгаа. Талуудын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид орон сууц бэлэглэх гэрээ байгуулсан, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байна. Тийм болохоор хуулийн дагуу шилжүүлж авсан эд хөрөнгөө өмчлөгч Б.Адъяасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Адъяасүрэнгээс 19 144 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нарантуяад олгож, нэхэмжлэгч Л.Нарантуяагийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011345 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот хаягт байршилтай 58.33 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Адъяасүрэнд даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн зохих данснаас илүү төлсөн 80.280 төгрөг, хариуцагч Б.Адъяасүрэнгээс 323 870 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Нарантуяад олгож, Хариуцагч Б.Адъяасүрэн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив давж заалдах гомдолдоо: Илланай ББСБ ХХК нь 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Адъяасүрэнтэй 586 дугаар зээлийн гэрээг байгуулж түүнд 55 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 1,2 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Б.Адъяасүрэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 7-р байрны 47 тоот 58.33 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж мөн өдрөө 586 дугаар Барьцааны гэрээг байгуулан Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт барьцааны гэрээг бүртгүүлсэн. Илланай ББСБ ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 55 000 000 төгрөгийг иргэн Б.Адъяасүрэнд хүлээлгэн өгсөн гэвч өнөөдрийг хүртэл Б.Адъяасүрэн нь зээлээ төлөөгүй. Гэтэл Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болсон Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 7-р байрны 47 тоот 58,33 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрчилгээг өмчлөгч Б.Адъяасүрэнгээс Л.Нарантуяагийн нэр дээр шилжүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Л.Адъяасүрэн гаргасан нь "Илланай ББСБ" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг зөрчих нөхцөл байдал үүссэн. Иймээс Л.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Б.Адъяасүрэнд холбогдох иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхэд Илланай ББСБ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Илланай ББСБ ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Гэвч анхан шатны шүүх гуравдагч этгээдийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Л.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Б.Адъяасүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ оролцуулалгүй шийдвэрлэсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Учир нь Илланай ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив миний бие 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хурал хойшлуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч анхан шатны шүүх хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр ...Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Илланай ББСБ ХХК 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан , хуралдааны товыг мэдэгдсэн, өөр бусад төлөөлөгч оролцох боломжтой байсан гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүрэг тайлбарлах, хэргийн материал танилцуулах зэрэг хуулиар тогтоосон журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн болно. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв оновчтой сонгон хэрэглэж чадаагүйг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Нарантуяа нь хариуцагч Б.Адъяасүрэнд холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх, барьцаанд ашигласны 19 144 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Л.Нарантуяа Б.Адъяасүрэн нар нь 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот Ү-2203011345 улсын бүртгэлийн дугаартай 53.33 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Б.Адъяасүрэнгийн нэр дээр шилжүүлэх, Б.Адъяасүрэн нь 20 хоног барьцаанд ашиглаж 8000 ам.долларын хамт үл маргах журмаар Л.Нарантуяагийн нэр дээр буцааж шилжүүлэхээр хэлцэл хийсэн болон мөн өдөр дээрх орон сууцыг бэлэглэх гэрээ байгуулсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, хэлцэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 6, 10-11 дүгээр тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөв боловч талуудын маргаанд хамааралтай, зохих хуулийн зохицуулалтыг зөв, оновчтой хэрэглэж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, хэлцэл, хариуцагчийн зүгээс гарган өгч байсан баталгаа болон тэдний тайлбар зэргээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэх бэлэглэлийн гэрээ буюу Л.Нарантуяагаас Б.Адъяасүрэнд шилжүүлсэн маргааны зүйл болох 53.33 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн хэлцэл нь өөр хэлцлийг халхавчилсан агуулгатай хэлцэл гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Л.Нарантуяа нь Б.Адъяасүрэнд эд хөрөнгөө өмчлөгчийн нэгэн адил хариу төлбөргүйгээр бүрэн өмчлөлд нь шилжүүлэх хүсэл зориг агуулаагүй, харин 8000 ам.доллар авч хариуд нь 20 хоногийн хугацаанд эд хөрөнгөө ашиглах боломж олгосон болох нь талуудын хэн алины тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаар нотлогдож байна. Ийм учраас шүүхээс энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн өмчлөх эрхийг нь Л.Нарантуяад буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч нь орон сууцны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэхийг шаардсан байгаа нь өмчлөх эрхийг улсын бүртгэлээр буцаан шилжүүлэхтэй нэг агуулгатай буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдох учиртай. Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг баримталсан болон найруулгын өөрчлөлт оруулах нь зөв болно.

Түүнчлэн талууд хэргийн 10 дугаар талд авагдсан баримт болох хэлцлээр эд хөрөнгийг өмчлөлд нь түр шилжүүлж ашиглуулсны хариу төлбөрт 8000 ам.долларыг авах талаар тохиролцон байх тул шүүх хариуцагчаас 19 144 000 төгрөгийг Л.Нарантуяад гаргуулан олгосон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэжээ. Талууд гэрээ байгуулж, нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгө өмчлөх эрхээ ашиглуулсны хөлсөнд 8000 ам.доллар авахаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ зөрчөөгүй, хүчин төгөлдөр байх тул гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлэх ёстой. Шүүх нэхэмжлэгчийн 2 дах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ түүний шаардах эрхэд хамааралтай, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах ёстой байжээ.

Талууд 2011 онд хэлцэл хийснээс хойш тэд уг хэлцэлд зааснаар орон сууцыг буцаан шилжүүлэх болон төлбөртэй холбоотой асуудлаар хоорондоо харилцаж, маргаж, шаардаж нөгөө тал нь үүргээ биелүүлэх талаар баталгаа, бичиг баримт бичиж өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд /хх-ийн 12-14 дүгээр тал/ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

Харин гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь Илланай ББСБ ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар хэд хэдэн этгээдэд итгэмжлэл олгосон. /хх-109, 136 дугаар тал/ Итгэмжлэлээр томилогдсон нэг төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд бусад оролцогчид нь оролцох боломжтой. Хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч болох С.Отгонжаргал нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох баримт байхгүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуульд заасан журмын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна. /хх-ийн 148-149 дүгээр тал/

Шүүх зохих ёсоор хуралдааны товыг мэдэгдсэн тохиолдолд хэргийн оролцогчид өөрсдөө хуралдаанд оролцох, бодиттойгоор оролцох боломжгүй бол өөр этгээдийг төлөөлүүлэн оролцуулах эрх нь нээлттэй. Шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцох, бэлтгэх, нотлох баримтыг гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрх, үүрэг юм. Үүнд шүүх хөндлөнгөөс нөлөөлсөн, энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хуралдааны товыг лавлах, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан үүргээ хэргийн оролцогч өөрөө биелүүлээгүй, эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь шүүхийг буруутгах, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэх үндэслэл болохгүй тул гуравдагч этгээдийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч, хариуцагчийн хоорондын орон сууцны өмчлөлийн болон гэрээний дагуу хүлээсэн төлбөр төлөх үүргийн асуудлыг шийдвэрлэсэн болохоос гуравдагч этгээдийн барьцааны эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй тул гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.5, гэж нэмж, 95 дугаар зүйлийн 95.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэснийг эрхийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ