Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00116

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02125 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1968 дугаар магадлалтай,

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

Б.А-д холбогдох, 

Орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх, барьцаанд ашигласны 19.144.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Э.Баярбаатар, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, С.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.А-тэй 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот Ү-2203011345 улсын бүртгэлийн дугаартай 53.33 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А-гийн нэр дээр шилжүүлэх, Б.А- нь 20 хоног барьцаанд ашиглаж 8000 ам.долларын хамт үл маргах журмаар Л.Н-гийн нэр дээр буцааж шилжүүлэхээр хэлцэл хийсэн. Тус хэлцлийн дагуу өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Б.А-гийн нэр дээр шилжүүлсэн ба орон сууцаа өмчлөгч өөрөө ашиглаж ирсэн. Гэтэл Б.А- нь бичгээр хийсэн хэлцлээ зөрчиж дээрх 47 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч Л.Н-гийн нэр дээр шилжүүлсэнгүй. Л.Н- нь хэлцэлд заасан 20 хоногийн хугацаа дууссан өдрөөс эхлэн өөрийн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг буцааж шилжүүлэхийг байнга шаардаж байгаа боловч Б.А- нь амаар буцаан шилжүүлэх хугацаа зааж хойшлуулсаар 7 жил өнгөрлөө. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон. Л.Н- нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд хариуцагч орон сууцны гэрчилгээг барьцаалсан, олон жил өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа тул Б.Нарантуяа нь орон сууцны гэрчилгээний асуудлаар Монгол улсад удаа дараа ирж байсан. Энэ хугацаанд Б.А- нь Ж.Баттөмөр гэгчийн нэр дээр 2 удаа Л.Н-гийн зөвшөөрөлгүй шилжүүлж, буцаан авсан байсан. Орон сууцны гэрчилгээг шилжүүлээгүйгээс Л.Н-гийн хууль ёсны өмчлөх эрх зөрчигдөж үүнтэй холбогдуулан өөрийн хөрөнгөөс үр шим хүртэх, ашиг олох, барьцаалах, худалдах, бэлэглэх, гэрээслэх зэрэг олон эрх зөрчигдөж хохирч байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрчилгээг шилжүүлэхийг шаардахад Б.А- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хариу бичгээр орон сууцыг хууль ёсны өмчлөгч Л.Н-гийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буцаан шилжүүлэх боломжтой болохоо мэдэгдсэн. Тэрээр нэхэмжлэгчийн 2 өрөө орон сууцны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлснээ ашиглаж зээлийн барьцаанд тавьсан, бусдын нэр дээр шилжүүлж буцаан авсан зэрэг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний эрхийг хөндсөн ажиллагаа явуулсаар байна. Мөн хариуцагч Б.А-д холбогдуулан анх 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ам.долларын ханш 2.393 төгрөг буюу 8000 ам.доллар нь монгол төгрөгөөр 19.144.000 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэлд зааснаар Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот, 58.33 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн Ү-2203011345 дугаартай, 000105942 тоот гэрчилгээг Л.Н-гийн нэр дээр шилжүүлэх, Б.А-гээс нийт 19.144.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй, тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Талуудын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид орон сууц бэлэглэх гэрээ байгуулсан, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байна. Тийм болохоор хуулийн дагуу шилжүүлж авсан эд хөрөнгөө өмчлөгч Б.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02125 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-гээс 19.144.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Н-д олгож, нэхэмжлэгч Л.Н-гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011345 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот хаягт байршилтай 58.33 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.А-д даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн зохих данснаас илүү төлсөн 80.280 төгрөг, хариуцагч Б.А-гээс 323.870 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Н-д олгож, Хариуцагч Б.А- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1968 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.5, гэж нэмж, 95 дугаар зүйлийн 95.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гэснийг эрхийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323.870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна. Магадлалд “...ийм учраас шүүхээс энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн өмчлөх эрхийг нь нэхэмжлэгч Л.Н-д буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө нь өнөөдрийн байдлаар гуравдагч этгээд буюу И ББСБ-ийн барьцаанд бүртгэлтэй байгаа бөгөөд тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан байгаа болно. Гэтэл шүүхийн дээрх магадлалд тайлбарлахдаа барьцааны зүйлийг буцаан шилжүүлэх агуулгатай мэтээр тайлбарласан нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн магадлалд “...Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч, хариуцагчийн хоорондын орон сууцны өмчлөлийн болон гэрээний дагуу хүлээсэн төлбөр төлөх үүргийн асуудлыг шийдвэрлэсэн болохоос гуравдагч этгээдийн барьцааны эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй тул гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй болно” гэж дүгнэжээ. Орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн энэхүү магадлал нь цаашид барьцааны эрх болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахад гуравдагч этгээдийн эрхийг зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Н-, Б.А-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх, уг эд хөрөнгийг барьцаанд ашигласны төлбөрт 19.144.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “И ББСБ” ХХК оролцжээ.

Анхан шатны шүүх Л.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулсан байна.

Бид даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И ББСБ ХХК-ийн “орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь Б.А-гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Н-, хариуцагч Б.А- нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан “бэлэглэлийн гэрээ”-гээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 7 дугаар байр, 47 тоот хаягт байршилтай 58.33 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагчид бэлэглэж, уг гэрээг үндэслэн орон сууцны өмчлөх эрх хариуцагчийн өмчлөлд шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн нь тогтоогджээ.

Энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй, тухайлбал, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч нь хариуцагчид бодитоор бүрмөсөн шилжүүлэх хүсэл зориггүй, харин талуудын хооронд өөр буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар хариуцагч 20 хоног бусдад барьцаалах, хожим нь өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, ашигласны хариу төлбөрт 8.000 ам.доллар төлөх тохиролцоо байсан нь хэргийн баримтаар нотлогдсон байна.

Иймээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт оновчгүй, тухайн гэрээ мөн хуулийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд байгуулсан байдаг бол өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл дээрхитэй адил тухайн хэлцлээс үүсэх үр дагаваргүй байх боловч үүний цаана өөр хүсэл зориг илэрхийлэгдсэн халхавчлагдсан бодит хүчин төгөлдөр хэлцэл байдаг байна.

Иймээс хариуцагч хэлцлээр шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг  нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх үүргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүлээж, харин орон сууцыг хариу төлбөртэй бусдын барьцаанд тавих талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн хэлцэл хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 189 дүгээр зүлйийн 189.1-д зааснаар 8000 ам.доллар буюу 19.144.000 төгрөг төгрөгийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг оновчтой зөв сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Б.А- нь орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсний дараа бусдад дамжуулан барьцаалсан байх бөгөөд одоо И ББСБ ХХК-с 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авсан 82.000.000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

И ББСБ ХХК нь орон сууцны өмчлөх эрх Б.А-гийн нэр дээр бүртгэлтэй үед түүний тус байгууллагаас авсан зээлийн үүргийг хангуулахаар барьцаалсан байх бөгөөд гуравдагч этгээдийн хувьд барьцааны эрхийг хэлцлийн үндсэн дээр шударгаар олж авсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д “ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно”, 172.6-д “ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй.” гэж тус тус заасан байна.

Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд барьцааны эрх нь эд хөрөнгөд ногдуулсан үүрэг байдаг бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн явдал нь барьцаалагчийн эрхийг хөндөх учиргүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.А- нь гуравдагч этгээд И ББСБ ХХК-с авсан зээлийн үүргээ биелүүлээгүйгээс барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон нөхцөлд, барьцааны зүйлийн шинэ өмчлөгч нэхэмжлэгч Л.Н- нь тухайн зээлийг төлж орон сууцыг шилжүүлэн авч, өөрт учирсан хохирлоо Б.А-гээс шаардах эрхтэй болно.

 Дээр дурдснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь барьцааны эрх бүхий гуравдагч этгээд И ББСБ ХХК-ийн эрхийг зөрчөөгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1968 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гуравдагч этгээд нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 232.870 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ