Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/02211

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/02211

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01442 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-т холбогдох

 

Дэнчин болон засварын зардалд 33.820.454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ нь зарын дагуу ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХ төвийн баруун жигүүрт байрлах, үйлчилгээний зориулалттай 400 м.кв талбай бүхий байрыг түрээслүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ХХХ-тай очиж уулзсан. Улмаар уг талбайг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар 1 сарын түрээсийн төлбөрийг 6.000.000 төгрөг байхаар тохиролцож, гэрээ байгуулсан. Гэрээ анх байгуулахад барьцаанд 6.000.000 төгрөгийг өгч, түрээсийн төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

6.000.000 төгрөгийг тус тус төлсөн. ХХХХ байрыг чөлөөлж өгөөд 1 сарын засвар хийх хугацаа өгч, энэ хугацааны түрээсийн төлбөрийг аваагүй. ХХХХ 2016 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 15 хүртэл тус байранд засвар хийж дуусаад үйл ажиллагаагаа эхэлсэн. Уг байрны тааз нь сендвичээр хийсэн байсныг зориулалтын акустик хавтангаар сольсон, 00 өрөөг өргөтгөсөн, гал тогооны өрөө хийсэн, баарны хэсэгт тек хийсэн, шаланд дорож дэвссэн, цагаан атласан хөшиг татсан, тайз, карказ, зориулалтын тааз, гадна талын хаяг реклам, 33 ширхэг буйдан, хөгжим өсгөгч, гал тогооны хэрэгсэл, ширээ, сандал гэх мэт баар ажиллуулахад хэрэг болох бүх зүйлсийг хийсэн. Мөн тус байрны бүх цахилгааныг монтажлах, тоолуур, дохиоллын систем суулгуулах зэрэг зардал гарснаас гадна үйл ажиллагаа явуулж байх үед гарсан хэрэглээний зардал их байсан. Үүнээс гадна уг газрын байрлал нь ашиг олох боломж муу, тухайн бүсэд амьжиргааны түвшний доогуур орлоготой хүмүүс цуглардаг, хүмүүс ордоггүй зэргээс шалтгаалан үйл ажиллагаагаа явуулснаас хойш 2017 оны 2 дугаар сарын 1 хүртэл хугацаанд 1.000.000 гаруй төгрөгийн ашиг олсон. Улмаар цаашид энэ байдлаар ажиллах ямар ч боломжгүй гэдгээ мэдээд түрээслэгчид түрээсийн төлбөрийг багасгаж өгөх талаар санал тавьсан боловч үр дүнд хүрээгүй тул гэрээг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр цуцалсан. ХХХХ уг байранд хийсэн дотор талынхаа тохижилтыг бусдад зараад гаргасан зардлаа олж авахыг зөвшөөрсөн боловч худалдаж авах хүн олдоогүй. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус байрыг ХХХХ өөр хүнд түрээслүүлсэн тул нэхэмжлэгч арга буюу хийсэн засвараас салган авах боломжой зүйлсийг бүгдийг нь авсан. Харин салгаж болохгүй зүйлс болох барилгын материалын зардал 15.731.200 төгрөг, ажлын хөлс 7.500.000 төгрөг, хамгаалалтын албаны хөлс 1.000.000 төгрөг, ажилчдын цалин 2.000.000 төгрөг, холбооны зардал 169.150 төгрөг, засварын үеийн хоолны зардал 805.500 төгрөг, түрээсийн гэрээнд заасан барьцаа мөнгө 6.000.000 төгрөг, нийт 33.820.454 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ХХХХын үүсгэн байгуулсан ХХХ ХХК-ийн эзэмшлийн ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХ төвийн баруун жигүүрт байрлах, үйлчилгээний төвийн баруун талд байрлах 400 м.кв талбайг өөр хүнд түрээслэх гэж байхад ХХХХ нь гуйсаар байгаад 5 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Талууд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан түрээслэгч уг байрыг диско баарны зориулалтаар ашиглаж, нэг сарын 6.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Түрээслэгч ХХХХ нь түрээсийн обьектыг хүлээн авсан цагаас эхлэн засвар хийхдээ зүй тогтолгүй, дизайнгүй, хямд өнгө үзэмж муутай хөшиг дрож, буйдан гэх мэт зүйлсээр тохижуулсан ба ашиг орлого олохгүй байна гэсэн шалтгаанаар түрээслэхээ болих талаар санал тавихад түрээсийн байрыг хуучин байдалд нь оруулах талаар анхааруулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д заасан үүргээ түрээслэгч тал зөрчиж үндсэн байдлыг муутгаж, өөрчилсөнд манай зүгээс ч гомдолтой байна. ХХХХ түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаа тул гэрээгээ цуцлана гэсэн хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцлаж, ХХХХ нь түрээсийн байрнаас салгаж болох эд хогшлоо аваад явсан. Завсар хийх төлбөрийг түрээслүүлэгч тал хариуцах талаар огт тохиролцоогүй бөгөөд энэ талаар гэрээнд тусгасан зүйл байхгүй. Харин түрээслэгч тал гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарсан эвдрэл, гэмтлийг засварлах, буцаан хуучин байдалд нь оруулахад ХХХХаас бага бус хэмжээний зардал гарсан. Тэрээр нэхэмжлэгчийг засвар хийхэд нь зориулж байрыг чөлөөлж, дотор нь байсан 7 ширхэг биллиардны ширээг өөрийн зардлаар зөөвөрлөхөд зарцуулсан 1.200.000 төгрөг, түрээсийн хугацааны дутуу төлсөн ашиглалтын зардал, засварын зардал, 2 сарын олох ёстой байсан орлого зэргээ тооцон тэдгээрийн нийт үнийн дүнгээр бус зөвхөн барьцаа 6.000.000 төгрөгийг суутган авсан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХаас 6.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27.820.454 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 327.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 110.095 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөд өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн атлаа миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болох засварын үйл явцыг зургаар баримтжуулсан баримт, Төрийн банкны зээлийн гэрээ, тэтгэвэрийн зээлийн гэрээ, найз ХХХ-өөс мөнгө зээлсэн зээлийн гэрээ, обьектэд хийсэн засварын ажил болох барилгын материалын 15.731.200 төгрөг, ажлын хөлс 7.500.000 төгрөг, хамгаалалтын албаны хөлс 1.000.000 төгрөг, ажилчдын цалин 2.000.000 төгрөг, холбооны зардал 169.150 төгрөг, засварын үеийн хоолны зардал 805.500 төгрөг, нийт 27.820.454 төгрөгийн баримтыг сайтар шалган үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн тул дахин хянуулах хүсэлтэй байна. Иймд, тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон 27.820.454 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ...Талууд шүүхийн хэлэлцүүлэгт "Түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг газарт бүртгүүлнэ гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж хариулснаас үүдэн шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Талууд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах аливаа хүсэлт, санал гаргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хүчин төгөлдөр, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан "Түрээсийн гэрээ" гэж дүгнэх үндэслэлтэй. Гэтэл уг гэрээг "Эд хөрөнгө хөлслөх гэрээ" гэж дүгнэн Иргэний хуулийн 288.2.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдааг гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйл нь тусдаа улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө биш бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээслэхэд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймээс түрээсийн гэрээний заалтын дагуу түрээслүүлэгчийн зүгээс барьцааны мөнгийг суутган тооцсон асуудлыг орхигдуулж, шаардлагатай нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн байна. Түрээсийн зүйл буюу 400 мкв талбай нь тусдаа улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө биш болохыг нотлох баримтаар гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Түрээсийн гэрээний 3.6 дахь хэсэгт заасан "Түрээсийн гэрээг цуцлах үед түрээслэж авсан ажлын байр, талбай, тоног төхөөрөмж, анх хүлээлцсэнээс чанарын хувьд муудаж эвдэрсэн байвал түрээслэгч өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж өгөх буюу эсвэл уг сэргээн босголтонд шаардагдах хөрөнгийг үл маргах журмаар гаргах үүрэгтэй" гэж, 3.8 дахь хэсэгт заасан "Түрээслэгч ямар нэгэн шалтгаанаар /өөрийн хүсэлт, санхүүгийн боломж г.м/ түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага бий болсон бол хөрөнгө оруулж буй эд хөрөнгийн үл хөдлөх зүйлийг үлдээж эргэлтийн хөрөнгийг буцаан авах эрхтэй ба түрээслэсэн талбайг эвдрэл гэмтэлгүй түрээслэгч талд хүлээлгэж өгнө" гэж тус тус заасныг удирдлага болгон түрээсийн хугацааны дутуу төлсөн ашиглалтын зардал, түрээсийн байрыг засварлаж янзлахад гарсан зардал болон хоёр сарын хугацааны олох байсан орлого зэргээ тооцон нийт дүнгээр биш зөвхөн 6.000.000 төгрөгийн барьцаа мөнгийг суутган авсан тухайгаа хариу тайлбартаа маш тодорхой оруулсаар байтал энэ талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлээгүй байна. Учир нь түрээслэхээс өмнөх, түрээслэсний дараа, түрээсийн гэрээ цуцлагдсаны дараа г.м түрээсийн байрны бүхий л үеийн фото зургийг баримтаар гаргаж өгсөн болно. Шаардлагатай бол санхүүгийн баримт нэмэлтээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Дээр дурдсан үндэслэлүүдийг нягтлан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

  Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХ-т холбогдуулж түрээсийн гэрээ цуцлагдсантай холбогдуулан дэнчингийн 6.000.000 төгрөг, эд хөрөнгөнд засвар хийхэд гарсан зардалд 27.820.454 төгрөг, нийт 33.820.454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ ... гэрээ цуцлагдсаны дараа түрээслэгч салгаж авах боломжтой бүх зүйлээ авсан, гэрээнд завсар хийх зардлыг түрээслүүлэгч тал хариуцах талаар заагаагүй, түрээслэгчийн төлөх ашиглалтын зардал болон бусад зардалд барьцаа болох 6.000.000 төгрөгийг суутган авсан гэж тайлбарлажээ.  

Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч ХХХХ нь ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ төвийн баруун жигүүрт байрлах 400 м.кв талбайг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18 хүртэлх хугацаагаар, нэг сарын 6.000.000 төгрөгийн төлбөртэйгөөр нэхэмжлэгч ХХХХд түрээслэхээр тохиролцсон байна.

Гэрээний агуулгаас үзэхэд түрээслэгч нь түрээсийн байранд аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилготой байсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт болсон байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар 318.4 дэх хэсэгт заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд, түрээсийн гэрээний зүйл болох 400 м.кв талбай бүхий обьект нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгө биш, Саппоро үйлчилгээний төвийн нэг хэсэг гэдгийг зохигчид хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн тул уг түрээсийн гэрээг заавал Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар-т бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд, талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд талуудад түрээсийн гэрээний дагуу шаардах эрх, үүрэг үүснэ.

Талууд түрээсийн обьектоос салгаж үл болох засан сайжруулалтын зардлын талаар маргаж байгаа бөгөөд түрээслэгч тал Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д ... талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг ... түрээслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ-ний 3.3-т Үйлчилгээний дэвшилтэт хэлбэр нэвтрүүлэх, ажлын байрны зохион байгуулалт сайжруулалтыг сайжруулах, барилгын дотор, гадна тохижилт, барилга байгууламжийн урсгал засвар, харуул хамгаалалт, галын аюулгүй байдлыг хангах, орчны цэвэрлэгээ зэргийг түрээслэгч эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагын дагуу тогтоосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх бөгөөд энэ ажилтай холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна гэж зааснаас үзэхэд түрээслэгч тал түрээсийн зүйлд хийсэн салгаж болохгүй засаж сайжруулалтын зардлыг түрээслүүлэгчээс шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл талууд хуульд зааснаас өөрөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 289.2.5-д заасан үндэслэлээр эд хөрөнгийг засаж сайжруулахад гарсан зардлыг түрээслэгчид олгох боломжгүй юм.

Зохигчид дэнчингийн мөнгө болох 6.000.000 төгрөгийг өгсөн, авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч гэрээ цуцлагдсан тул дэнчинг буцаан авах ёстой гэж, хариуцагч түрээслэгчийн төлөх ашиглалтын зардал болон бусад зардалд дэнчинг суутган авсан гэж тус тус маргажээ.

  Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол буцаан олгоно гэж заасны дагуу зохигчид үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулахаар тохиролцоогүй, түрээслэгч түрээсийн хугацаанд ашиглалтын зардал төлөөгүй, тухайн эд хөрөнгөнд хохирол учруулсан, эвдсэн, гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01442 шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн ...287 дугаар зүйлийн 287.1 гэснийг Иргэний хуулийн ...318 дугаар зүйлийн 318.5 гэж өөрчлөн, уг заалтаас ...294 дүгээр зүйлийн 294.1.3 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.060 төгрөг, хариуцагч ХХХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

                                                          Ц.ИЧИНХОРЛОО