Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 01442

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/01442

Улаанбаатар хот

 

                         

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Эрдэнэчимэгийн Ариунтуяагийн нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 6 дугаар гудамж, 79 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦЖ84081202/

 

Хариуцагч: Айлчин овогтой, Гомбоцэрэнгийн Хосбаярт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан 95 дугаар байр, 404 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧИ77022847/

 

Үүргийн гүйцэтгэлд 33.820.454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганжаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Ариунтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие зарын дагуу Г.Хосбаяртай уулзаж, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах, үйлчилгээний зориулалттай 400 м.кв талбайтайг диско баарны зориулалтаар түрээслэхээр тохирсон. Ингээд уг талбайг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар 1 сарын 6.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж, гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад барьцаанд 6.000.000 төгрөгийг өгч, түрээсийн төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөгийг төлж, уг байранд засвар үйлчилгээ хийсэн. Үүнд: тааз нь сендвичээр хийсэн байсныг зориулалтын акустик хавтангаар хийсэн, 00 өрөөг өргөтгөсөн, гал тогооны өрөө хийсэн, баарны хэсэгт тек хийсэн, шаланд дорож хийсэн, цагаан атласан хөшиг хийсэн, тайз, карказ, зориулалтын тааз хийсэн гэх мэт зүйлс хийсэн. Уг газрын байрлал нь ашиг олох боломж муу байсан тул түрээсийн төлбөрийг багасгаж өгөх талаар түрээслүүлэгчид санал тавьсан боловч үр дүнд хүрээгүй тул гэрээг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цуцлаж, уг байранд хийсэн засвараас авч явах боломжой зүйлсийг авсан, харин салгаж болохгүй зүйлс барилгын материалын зардал 15.731.200 төгрөг, ажлын хөлс 7.500.000 төгрөг, хамгаалалтын албаны хөлс 1.000.000 төгрөг, ажилчдын цалин 2.000.000 төгрөг, холбооны зардал 169.150 төгрөг, засварын үеийн хоолны зардал 805.500 төгрөг, түрээсийн гэрээнд заасан барьцаа мөнгө 6.000.000 төгрөг, нийт 33.820.454 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үүсгэн байгуулсан “Ихэр сувд” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайхан дүүргийн 12 дугаар хороо, Сапоро үйлчилгээний төвийн баруун талд байрлах 400 м.кв талбайг Э.Ариунтуяа нь намайг өөр хүнд түрээслэх гэж байхад гуйсаар байгаад 5 жилийн хугацаатай, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Түрээслэгч Э.Ариунтуяа нь түрээсийн обьектыг хүлээн авсан цагаас эхлэн засвар хийхдээ зүй тогтолгүй, дизайнгүй, хямд өнгө үзэмж муутай хөшиг дрож, буйдан гэх мэт зүйлсээр тохижуулсан ба ашиг орлого олохгүй байна гэсэн шалтгаанаар түрээслэхээ болих талаар санал тавихад түрээсийн байрыг хуучин байдалд нь оруулах талаар анхааруулсан. Ингээд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаа тул гэрээгээ цуцлана гэсэн хүсэлийг хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцлаж, Э.Ариунтуяа нь түрээсийн байрнаас салгаж болох эд хогшлоо аваад явсан. Гэрээнд засвар хийж, зардлыг түрээслүүлэгч тал хариуцах талаар огт заагаагүй, энэ талаар ярьж тохироогүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй, Г.Хосбаярт холбогдох, үүргийн гүйцэтгэлд 33.820.454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Ариунтуяагийн “...түрээсийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цуцлагдсан тул түрээсийн байранд хийсэн засвар, үйлчилгээнээс салгаж болохгүй зүйлс болох барилгын материалын зардал 15.731.200 төгрөг, ажлын хөлс 7.500.000 төгрөг, хамгаалалтын албаны хөлс 1.000.000 төгрөг, ажилчдын цалин 2.000.000 төгрөг, холбооны зардал 169.150 төгрөг, засварын үеийн хоолны зардал 805.500 төгрөг, түрээсийн гэрээнд заасан барьцаа мөнгө 6.000.000 төгрөг, нийт 33.820.454 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Хосбаяр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ цуцлаад, салгаж авч явах боломжтой зүйлсээ аваад явсан, гэрээнд хийсэн засварын үнийг түрээслүүлэгч хариуцах талаар заагаагүй” гэсэн хариу тайлбар гаргаж, талууд маргажээ.

           

Э.Аринтуяа, Г.Хосбаяр нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах 400 м.кв талбайг диско баарны зориулалтаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар нэг сарын 6.000.000 төгрөгөөр Г.Хосбаяр нь Э.Ариунтуяад түрээслүүлэхээр тохиолцсон байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх талууд маргаагүй болно.

           

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Г.Хосбаяр нь гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах 400 м.кв талбай нь миний өмчлөлийн эд хөрөнгө биш, “Ихэр сувд” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэсэн тайлбарыг өгдөг ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар уг эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох нь нотлогдоогүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар “...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэсэн заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй болохыг талууд хүлээн зөвшөөрдөг тул 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г байгуулсан гэж дүгнэхээр байна.

            Нэхэмжлэгчийн “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцлаж, салгаж болох эд зүйлсээ аваад явсан” гэсэн тайлбар, хариуцагчийн “...Э.Ариунтуяагийн хүсэлтийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцлаж, тэрээр салгаж болох эд зүйлсээ түрээсийн байрнаас аваад явсан” гэсэн тайлбарыг үндэслэн талууд гэрээний 5.2-т “...гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, өөчлөлт оруулахыг хамтран шийдвэрлэсэн”, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т “хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцлана” гэж заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалсан байна.

           

1. Зохигчид “...хөлс төлөх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тооцохоор тохирсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд хөлслөгч Э.Ариунтуяа нь гэрээ байгуулсны нотолгоо болгож урьдчилгаа 6.000.000 төгрөгийн дэнчинг өгсөн, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 2 сарын хугацаанд эд хөрөнгө ашигласны хөлсөнд 12.000.000 төгрөг төлсөн” талаар маргаагүй тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т “гэрээг цуцлаж, үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол буцаан олгоно” гэж заасны дагуу хариуцагч Г.Хосбаяраас дэнчинд олгосон 6.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ариунтуяад олгох нь зүйтэй байна.

           

2. Эд хөрөнгө хөлслөгч Э.Ариунтуяа нь хөлслөн авсан эд хөрөнгийг өөрийн зардлаар засварлаж, сайжруулах талаар хөлслүүлэгч Г.Хосбаяртай тохирцолсон гэсэн тайлбар гаргадаг ба хөлслүүлэгч Г.Хосбаяр уг тайлбарыг үгүйсгэдэг хэдий боловч хэргийн үйл баримтаар хөлслүүлэгч Г.Хосбаяр нь билльярдын үйл ажиллагаа явуулдаг талбайг биско баарны зориулалтаар ашиглуулахаар тохирч, засвар хийх хугацаа олгож хөлс төлөх хугацааг 1 сараар хойшлуулсан нь зөвшөөрөл олгосон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.5-д зааснаар эд хөрөнгөд өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа хөлслүүлэгчээс шаардах эрхтэй юм.

           

Гэсэн хэдий боловч нэхэмжлэгчээс уг шаардлагаа нотлохоор шүүхэд ирүүлсэн “GrandKG ХХК болон М.Мөнхжин нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Гагнуурын ажлын гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Цахилгааны монтаж хийх ажлын гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Сантехникийн ажлын гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ажлын гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Засварын ажлын гэрээ” нь хөлслөгч Э.Ариунтуяагийн хөлслөн авсан эд хөрөнгийг засварлаж, сайжруулсантай хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй байна.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан Зарлагын баримтуудад хэн, юунд зориулж худалдан авалт хийсэн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгчийг “...засвар хийсэн салгаж болохгүй зүйлс барилгын материалын зардал 15.731.200 төгрөг, ажлын хөлс 7.500.000 төгрөг, хамгаалалтын албаны хөлс 1.000.000 төгрөг, ажилчдын цалин 2.000.000 төгрөг, холбооны зардал 169.150 төгрөг, засварын үеийн хоолны зардал 805.500 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбарыг нотлож чадаагүй байх тул 27.820.454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Хосбаяраас дэнчинд олгосон 6.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ариунтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хөлслөж авсан эд хөрөнгөд өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зардалд нийт 27.820.454 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Хосбаяраас 6.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ариунтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27.820.454 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ариунтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 327.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хосбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 110.095 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ариунтуяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД