Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01709

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01709

 

 

Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26ы өдрийн 102/ШШ2017/01213 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Энхбат, Д.Баярмаа нарт холбогдох

 

45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Б.Чинзориг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам

Хариуцагч нарын өмгөөлөгч Р.Чинбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 8-р сард С.Мягмарсүрэн, Б.Мангалжав нар надтай уулзаад блокны үйлдвэр байгуулах боломжийн санал тавьж, Д.Энхбат, Д.Баярмаа нарыг танилцуулсан бөгөөд тэд нартай ярилцаад Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м.кв болон 7000 м.кв газрыг 90 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Би газар авах хөрөнгийг гаргахаар ярилцсан бөгөөд 5000 м.кв газар нь Д.Баярмаагийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 7000 м.кв газрын зөвшөөрөл нь удахгүй гарна гэсэн. Ингээд урьдчилгаа 20 сая төгрөгийг 2008 оны 9-р сарын 16-нд нь Д.Баярмаад өгсөн. Бусад мөнгийг газрыг миний нэр дээр шилжүүлж баталгаажуулсны дараа өгөхөөр тохирсон. Гэтэл баримт бичиг нь гарахгүй байсан бөгөөд үүнийг хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Ингээд 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2009 оны 02.дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1 800 000 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 25 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн унаж явсан Ланд круйзер 100 маркийн машинаа 35 000 000 төгрөгт тооцож өгсөн. Мөн С.Мягмарсүрэн 10 500 000 төгрөгт тооцож өгсөн. Би нийт 71 500 000 төгрөгийг өгсөн. Үлдэх 3 500 000 төгрөгийг бичиг баримтыг гаргаж өгсний дараа өгөх байсан. Д.Энхбат, Д.Баярмаа нар нь бичиг баримт, газраа надад шилжүүлж өгөөгүй тул эрүүгийн хэрэгт шалгуулсан бөгөөд шалгагдаж байхдаа надад 27 500 000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэх 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Б.Чинзориг, Мангалжав, С.Мягмарсүрэн нар надтай уулзаад "Блокны үйлдвэр байгуулах гэсэн юм, газраа нийлүүлээч, хөрөнгө оруулъя, 40 хувийг та ззэмш, ашгаа хуваая" гэж ярьсан. 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр газар дзэр ирж үзсэн бөгөөд тухайн үед 5000 мв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Б.Чинзориг, Баярмаа нар хийсэн боловч Данхархансул ХХК-ийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед 20 000 000 төгрөг, Ниссан патрол машиныг оролцуулж үнэ тохирсон. Бид нар төлбөрөө шаардаж байгаад 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 02-ныг хүртэл цувуулж 36 500 000 төгрөг бэлнээр, 1997 оны Ланд круйзер 100 маркийн машин, Мягмарсүрэнгийн Исузу машиныг зэргийг авч 90 000 000 төгрөгний тооцоо дууссан. Үүнээс хойш 4 жил өнгөрсний дараа цагдаагаас дуудаж, бид хоёрт залилангийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд 2 удаа хэрэгсэхгүй болгосон. Чинзориг 2008 оны 09 дүгээр сарын 16-наас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадаагүй, Мягмарсүрэнгийн нэр дээр шилжүүлсэн газраа буцааж Баярмаад шилжүүлье, мөнгөө буцааж авъя гэсэн. Би цагдаад шалгуулж байхдаа 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чинзоригт баталгаа гаргаж өгсөн. Үүнээс хойш 28 500 000 төгрөгийг Чинзоригийн эхнэр Болормаагийн нэр дээрх данс руу 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Харин газрыг одоо болтол шилжүүлж өгөөгүй. Бид 2015 онд Мягмарсүрэнтэй холбогдож газрыг Баярмаагийн нэр дээр шилжүүлж өгөөч гэтэл, Данхар хар сул ХХК нь газрын төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар цуцлагдсан байсан. Чинзориг газрыг чинь буцааж өгье гэж хэлээд 28 500 000 төгрөг авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дэмбээгийн Энхбат, Дагвадоржийн Баярмаа нараас 44 000 000 төгрөг гаргуулж Бүрнээбазарын Чинзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсзгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 377 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бидний хооронд ганцхан 5000 м.кв газрыг шилжүүлсэн асуудал болсон нь гэрч С.Мягмарсүрэнгийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсоор байхад анхан шатны шүүхээс хоёр газрыг шилжүүлэхээр тохиролцсон мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримт болон үйл явдлыг мушгин гуйвуулж хэт нэг талын эрх ашигт үйлчилж ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэгч Б.Чинзоригоос 44 000 000 төгрөг авсан мэтээр шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Хариуцагч Д.Баярмаагийн нэр дээр байсан 5000 м.кв газрыг эхлээд нэхэмжлэгч Б.Чинзоригийн нэр дээр шилжүүлэхээр гэрээ хийсэн баримт нь хэргийн материалд нотлох баримтаар байдаг. Нэхэмжлэгч Б.Чинзоригийн өөрийнх нь хүсэлтээр уг газраа Данхархансул XXK руу шилжүүлсэн бөгөөд үүнийг гэрч С.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо хэлж байсан. Тэр хэлэхдээ "... бүх бичиг баримтыг Чинзоригийн нэр дээр бүрдүүлсэн байсан боловч Чинзориг өөрөө Данхархансул XXK руу шилжүүлье гэсэн газар нь миний нэр дээр байдаг боловч бүх юмыг Чинзориг ах мэддэг ..." гэх зэргээр хариулж энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад шүүгч ямар зорилгоор биднийг буруутгаж, хууль шүүхийн байгууллагыг хуурч мэхлэн будлиан үүсгэж байгаа нэхэмжлэгч Б.Чинзоригийн талд үйлчилж байгааг ойлгохгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Чинзориг нь хариуцагч Д.Энхбат, Д.Баярмаа нарт холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Чинзориг нь хариуцагч Д.Энхбат, Д.Баярмаа нартай харилцан тохирч Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 18629308860157 дугаар бүхий 5000 м.кв талбайтай Д.Баярмаагийн нэр дээрх эзэмших эрхтэй газрыг 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр, мөн 7000 м.кв газрыг тус тус шилжүүлэн авах, газар эзэмших эрхийн үнэд 90 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн Б.Мангалжавын өгсөн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 805 дугаар тогтоол зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлгээр тус тус нотлогдсон байна.

Хариуцагч тал ...тухайн үед 5000 мв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийсэн, 7000 мв газар эзэмших эрх шилжүүлэх талаар тохиролцоогүй... гэх /хх-ийн 58/ тайлбар гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Б.Чинзориг нь 2008 оны 9 дүгээр сарын 16-нд 20 000 000 төгрөг, 2009 оны 01-р сарын 02-нд 2 000 000 төгрөг, 2009 оны 02-р сарын 06-нд 2 000 000 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөг, 2009 оны 05-р сарын 2-нд 10 500 000 төгрөгийг тус тус бэлнээр, 2009 оны 07-р сарын 07-ны өдрийн Автомашин бэлэглэлийн гэрээгээр Тоёото Ланд круйзер 100 маркийн машиныг 35 000 000 төгрөгт тооцож нийт 71 500 000 төгрөгийг Д.Баярмаад шилжүүлсэн /хх-ийн 6-8, 11/ боловч хариуцагч Д.Баярмаа нь Данхархансул ХХК-тай 2008 оны 9-р сарын 11-нд Хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар нэхэмжлэгч Б.Чинзоригт шилжүүлэхээр тохиролцсон 5000 м.кв газрыг 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Данхархансул ХХК-тай гэрээ хийж шилжүүлсэн тул Б.Чинзориг, Д.Баярмаа нарын хооронд хийгдсэн гэрээнээс хариуцагч Д.Баярмаа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд талууд 2013 оны 4-р сарын 17-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл /хх-ийн 5/ хийсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч хариуцагчийг 71 500 000 төгрөгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, шаардлага гаргасан нь үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас 44 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байна.

 

Харин шүүх талуудын хооронд 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн байхад 2016 оны 09 дүгээр сарын 16, 2016 оны 09 дүгээр сарын 25-нд хийгдсэн мэтээр буруу дүгнэсэн байгааг дээрх байдлаар залруулан дүгнэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26ы өдрийн 102/ШШ2017/01213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Баярмаа, Д.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Баярмаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ