Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/2017/00497/И

 

 

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01213

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, 2-р хэсэг, Ар зайсан, 103-р  байрны 8 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧМ70101872, Хэрээд овогтой Бүрнээбазарын Чинзоригийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, ЭТӨЧ, 29-р байрны 22 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр  ЧЖ69121970, Булган овогтой Дэмбээгийн Энхбат,  

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, ЭТӨЧ, 29-р байрны 22 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХК65021905, Хурд овогтой Дагвадоржийн Баярмаа нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 45 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам, хариуцагч Д.Энхбат, Д.Баярмаа, гэрч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.                             

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 8-р сард С.Мягмарсүрэн, Б.Мангалжав нар надтай уулзаад блокны үйлдвэр байгуулах боломжийн санал тавьсан. Тэгээд надтай гэр бүлийн хоёр Д.Энхбат, Д.Баярмаа нарыг танилцуулсан бөгөөд тэд нартай ярилцаад Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м.кв болон 7000 м.кв газрыг 90 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Би газар авах хөрөнгийг нь гаргахаар ярилцсан юм. 5000 м.кв газар нь Д.Баярмаагийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 7000 м.кв газрын зөвшөөрөл нь удахгүй гарна гэсэн. Ингээд урьдчилгаа 20 сая төгрөгийг 2008 оны 9-р сарын 16-нд  нь Д.Баярмаад өгсөн. Бусад мөнгийг газрыг миний нэр дээр шилжүүлж баталгаажуулсны дараа өгөхөөр тохирсон. Гэтэл баримт бичиг нь гарахгүй байсан бөгөөд үүнийг хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Ингээд  2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг,  2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1 800 000 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 25 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн унаж явсан Ланд круйзер 100 маркийн машинаа 35 000 000 төгрөгт тооцож өгсөн. Мөн С.Мягмарсүрэн 10 500 000 төгрөгт тооцож  өгсөн. Би нийт 71 500 000 төгрөгийг өгсөн, үлдэх 3 500 000 төгрөгийг бичиг баримтыг гаргаж өгсний дараа өгөх байсан. Д.Энхбат, Д.Баярмаа нар нь бичиг баримт, газраа надад шилжүүлж өгөөгүй тул эрүүгийн хэрэгт шалгуулсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа надад 27 500 000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэх 45 000 000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Д.Энхбат, Д.Баярмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Б.Чинзориг,  Мангалжав, С.Мягмарсүрэн нар надтай уулзаад “Блокны үйлдвэр байгуулах гэсэн юм, газраа нийлүүлээч, хөрөнгө оруулъя,  40 хувийг та эзэмш, ашгаа хуваая” гэж ярисан. 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр газар дээр ирж үзсэн, тухайн үед 5000 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Б.Чинзориг, Баярмаа нар хийсэн боловч дараа нь Данхархансул ХХК-ний нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед 20 000 000 төгрөг, Ниссан патрол машиныг оролцуулж үнэ тохирсон. Үлдэгдэл мөнгөө бичиг баримт гарсны дараа өгнө, харин хүчдэл татах, үл хөдлөх хөрөнгө барина, гэрчилгээ гарах, Засаг даргын захирамж гарахад тусалж өгөөч гэсэн. Тэгээд  3 сар өнгөрсөн боловч үл хөдлөх хөрөнгөө  бариагүй, газарт нь  манаач ч байхгүй байсан. Бид нар төлбөрөө шаардаж байгаад 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 02-ныг хүртэл цувуулж 36 500 000 төгрөг бэлнээр, 1997 оны Ланд круйзер 100 маркийн машин, Мягмарсүрэнгийн Исузу машиныг зэргийг авч  90 000 000 төгрөгний тооцоо дууссан. Үүнээс хойш 4 жил өнгөрсний дараа цагдаагаас дуудаж, бид 2-ыг залилангийн хэрэг үүсгэж шалгасан, 2 удаа хэрэгсэхгүй болгосон. Чинзориг 2008 оны 09 дүгээр сарын 16-наас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадаагүй, Мягмарсүрэнгийн нэр дээр шилжүүлсэн газраа буцааж Баярмаад шилжүүлье, мөнгөө буцааж авъя гэсэн. Би цагдаад шалгуулж байхдаа 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чинзоригт баталгаа гаргаж өгсөн. Үүнээс хойш 28 500 000 төгрөгийг Чинзоригийн эхнэр Болормаагийн нэр дээрх дансруу  4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Харин манай газрыг одоо болтол шилжүүлж өгдөөгүй. Бид 2015 онд Мягмарсүрэнтэй утсаар холбогдож газрыг Баярмаагийн нэр дээр шилжүүлж өгөөч гэтэл, Данхар хар сул ХХК нь газрын төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар цуцлагдсан байсан. Чинзориг нь “Газрыг чинь буцааж өгье гэж хэлээд 28 500 000 төгрөг авсан” тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Чинзориг нь Д.Энхбат, Д.Баярмаа нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 45 000 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 44 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б.Чинзориг нь бусадтай хамтран ажиллаж блокны үйлдвэр байгуулах зорилгоор Д.Энхбат, Д.Баярмаа нартай харилцан тохирч Д.Баярмаагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг нэгж талбарын 1862930886015 бүхий 5000 м.кв газрыг 2016 оны 9-р сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр, мөн 7000 м.кв газрыг тус шилжүүлэн авах, газрын үнэнд 90 000 000 төгрөгийг төлөхөөр тохирчээ.

 

Б.Чинзориг нь 2008 оны 9-р сарын 16-нд 20 000 000 төгрөг, 2009 оны 01-р сарын 02-нд 2 000 000 төгрөг, 2009 оны 02-р сарын 06-нд 2 000 000 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөг, 2009 оны 05-р сарын 2-нд 10 500 000 төгрөгийг тус тус бэлнээр, 2009 оны 07-р сарын 07-ны өдрийн “Автомашин бэлэглэлийн гэрээ”-гээр Тоёото Ланд круйзер 100 маркийн машиныг 35 000 000 төгрөгт тооцож нийт 71 500 000 төгрөгийг Д.Баярмаад шилжүүлсэн /хх 6-8, 11/ байна.

 

Харин Д.Баярмаа нь 2016 оны 9-р сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр тохирсон 5000 м.кв газрыг 2016 оны 9-р сарын 25-ны өдөр Данхархансул ХХК-тай гэрээ байгуулан түүний эзэмшилд шилжүүлсэн, Данхархансул ХХК нь газрын төлбөрийг төлөөгүйгээс газар эзэмших гэрээ цуцлагдсан, 7000 м.кв газар нь эзэмших эрхийн гэрчилгээгүйгээс Б.Чинзоригийн эзэмшилд шилжүүлээгүй нь зохигчийн тайлбар, гэрч С.Мягмаржавын “...би блокны үйлдвэртэй байсан, зуурмагийн үйлдвэр барихаар болж Чинзориг газраар хөрөнгө оруулахаар ярисан, тэр газрыг Энхбат, Баярмаа нараас авахаар болсон, гэтэл Чинзориг өөрийнхөө нэр дээр газраа аваагүй, миний Данхархансул компаний нэр дээр авсан, газрын төлбөрийг Чинзориг төлөхгүй байсан тул би 2011 он хүртэл төлөөд, 2012 онд төлбөр төлөөгүй гээд цуцлагдсан” гэсэн мэдүлгээр тус тус тогтоогджээ. 

 

Эдгээр нөхцөл байдлын улмаас талуудын хооронд маргаан гарч, нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 4-р сарын 17-ны өдөр “төлбөр барагдуулах тухай” хэлцэл /хх 5/ хийсэн, үүнээс хариуцагч нь 27 500 000 төгрөгийг төлсөн, харин үлдэх мөнгийг төлөөгүй талаар нэхэмжлэгч маргасан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...газар дээрээ барилга бариагүй, өөрөө хувь хүн дээр байж болохгүй учраас Данхархансул компаний нэр дээр шилжүүлж авсан, төлбөрт 28 500 000 төгрөг төлсөн” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн Д.Баярмаа нь Данхархансул ХХК-тай 2008 оны 9-р сарын 11-нд “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан /хх 19/ зэргээс дүгнэвэл, хариуцагч нар нь Б.Чинзоригоос 71 500 000 төгрөгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Хариуцагч нар нь 71 500 000 төгрөгөөс 27 500 000 төгрөг төлсөн тул 44 000 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дэмбээгийн Энхбат, Дагвадоржийн Баярмаа нараас 44 000 000 /дөчин дөрвөн сая/ төгрөг гаргуулж  Бүрнээбазарын Чинзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 377 950 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

       

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА