Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0241

 

 “Я” ХХК нарын нэр бүхий 10 компанийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0110 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц-ийн давж заалдах гомдлоор, “Я” ХХК нарын нэр бүхий 10 компанийн нэхэмжлэлтэй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр: “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Я” ХХК, “Э Г Б” ХХК, “Г” ХХК, “Ц” ХХК, “Д О” ХХК, “О” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “С Х” ХХК, “Г Ш” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “...Усны тухай хуулийн 11.1.4-т заасан Байгаль орчны яамнаас 2017 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдөд дүгнэлтээ хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 50 дугаар тогтоолыг гарснаас хойш 1 жилийн дараа дүгнэлтийг хүргүүлсэн байна. ...Мөн MNS 5140:2002 дугаартай Монгол Улсын стандарт дүгнэлт гэж..., зөвлөмж гэж... үүнийг хэлнэ гэж ялгаатай байна хэмжээн тайлбарлаж мэтгэлцсээр байтал, шүүх холбогдох төрийн байгууллагуудын санал, зөвлөмж, дүгнэлтүүдийг үндэслэн гаргасан эерэг нөлөөлөл бүхий тогтоол байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

....анхан шатны шүүх Засгийн газрын 119 тоот тогтоолоор баталсан журмыг хариуцагч тал дагаж мөрдөх ёстой байсан эсэх, уг журам болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 99 тоот тушаалын хавсралтаар баталсан аргачлалд зааснаар нөлөөллийн шинжилгээ хийх ёстой байсан эсэх, мөн 50 дугаар тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан эсэх зээргт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

...шүүх нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолыг захиргааны акт, эсхүл захиргааны хэм хэмжээний акт гэж янз бүрээр дүгнэсэн нь туйлын ойлгомжгүй бөгөөд энэхүү эргэлзээ бүхий дүгнэлт нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Я” ХХК нарын нэр бүхий 10 компанийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Б.Н нар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Э Г Б” ХХК, “Г” ХХК, “Ц” ХХК, “Д-О” ХХК, “Г Ш” ХХК-иудаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Б.Н нарт олгосон итгэмжлэлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.4-т заасан шаардлагыг хангахгүй байгаагийн улмаас нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөн оролцох ба хуулийн этгээдээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тохиолдолд итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангах учиртай.

Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч “Э Г Б” ХХК, “Г” ХХК-иудаас Ч.Д болон Б.Н нарт олгосон итгэмжлэлд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд гарын үсэг зурсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж заасныг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Э Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х Ж /H J/-г, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х К С /H K S/-г томилсон бүртгэлийг бүртгэсэн байх бөгөөд түүнээс хойш хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эрх олгосон “Э Г Б” ХХК-ийн итгэмжлэлд Г Л, “Г” ХХК-ийн итгэмжлэлд Ж С Х гэх хүмүүс гарын үсэг зурсан, тэдгээр нь тухайн хуулийн этгээдүүдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэйг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл болон мэддэг хэлээр бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргах эрхтэй бөгөөд монгол хэл мэдэхгүй гадаадын иргэний шүүхэд гарган өгч буй баримт нь тухайн иргэний эх хэл дээр үйлдэгдсэн хувь болон түүний баталгаат монгол хэлээр орчуулсан орчуулгын хамт хүчин төгөлдөр үнэлэгддэг.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Г Л, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ж С Х нар нь монгол хэл мэддэг эсэх, Б.Н, Ч.Д нарт олгосон итгэмжлэлийн учир холбогдол, үүсэх үр дагаврыг ойлгосон эсэх нь тодорхойгүй, уг итгэмжлэлийн баталгаат орчуулга хэрэгт авагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй байхад нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэх боломжгүй.

Мөн “Ц” ХХК, “Д-О” ХХК, “Г Ш” ХХК нараас Б.Н, Ч.Д нарт олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан боловч хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд хэн болох нь тодорхойгүйн улмаас итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаж байгаа гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр тухайн компаниудын үүсгэн байгуулагч нь нар нь итгэмжлэлд гарын үсэг зурсан байх боловч компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд болох гүйцэтгэх удирдлага томилсон эсэхийг тодруулах шаардлагатай байна.

Зүй нь анхан шатны шүүх хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд тодорхойгүй байгаа нөхцөлд бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа авч, нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй этгээд нэхэмжлэл гаргаж байгаа эсэхийг тодруулсны эцэст захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах байжээ.

Тэрчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагчаас маргаан бүхий 50 дугаар тогтоолыг гаргахдаа Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмыг баримтлах ёстой байсан” гэж маргаж байхад анхан шатны шүүхээс уг асуудалд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                  

 

            ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                                      Ц.САЙХАНТУЯА

            ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН