Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01946

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01946

 

 

 

 

Г.Баасанжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01833 дугаар шийдвэртэй, Г.Баасанжавын нэхэмжлэлтэй Их үйлсийн эрэлд ХХК-д холбогдох, орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 67 387 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Б.Мөнхболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2011 оны 10 дугаар сард БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-тэй хамтран ажиллаж байхдаа түүний найз Их үйлсийн эрэлд ХХК-ийн удирдах албанд ажиллаж байсан Зау Журон /Zhao Juron/-той тохиролцож орон сууц захиалах гэрээ байгуулсан. Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь Зау Журон /Zhao Juron/-той найз тул м.кв-ын үнэлгээг багаар бодож өгсөн тул захиалгын гэрээг өөрийн нэр дээр хийгээгүй. Урьдчилгаа 40 000 000 төгрөгийг Их үйлсийн эрэлд ХХК-д бэлнээр төлж үлдэх төлбөр, алдангийг өөрийн Хаан банк ХХК-ийн 5172003032 тоот данснаас Их үйлсийн эрэлд ХХК-ийн 5003374557 тоот дансанд шилжүүлсэн. Уг орон сууцны гэрээг байгуулсан БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь удаан хугацаанд өвчтэй байсан бөгөөд Монголд ирж чадалгүй 2016 оны 3 дугаар сард нас барсан. Тэрээр амьддаа уг орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөх хүсэлтийг бичсэн. Тус орон сууцны төлбөрийг бүрэн төлөөд удаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгоогүй, талийгаачийн хүү М.Насанд олгосон байна. Иймд Их үйлсийн Эрэлд ХХК-иас 67 387 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-тэй 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 410/69 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулахдаа гэрээний нийт үнийн дүн нь 102 700 000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа болох 38.9 хувь буюу 40 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 62 700 000 төгрөгийг 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч төлөлгүй удаа дараа нэхүүлсний эцэст 2016 оны 02, 10, 11 дүгээр саруудад төлсөн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр захиалагч Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ний хүү На Шун /Nashun/ /РД:152921197804260017/-д олгосон өвлөх эрхийн №16 тоот гэрчилгээг үндэслэн бид Р0006678 тоот паспортын дугаартай Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь орон сууц захиалсан төлбөрийг бүрэн төлсөн тул гэрчилгээ гаргуулах тухай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3-197 тоотыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст тодорхойлсон. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ний хүү На Шун /Nashun/-ны нэр дээр гарсан бөгөөд өмчлөгчөөр На Шун /Nashun/ бүртгэгдсэн байна. Иймд Б.Баасанжав манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргах биш На Шун /Nashun/-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй тул жинхэнэ хариуцагчаар На Шун /Nashun/-ыг сольж өгнө үү. Өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд өмчийн эзэнд холбогдуулан гаргах боломжтой бөгөөд дээрх 410-69 тоот орон сууцны өмчлөгч нь манай компани биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Их үйлсийн эрэлд ХХК-аас 67 387 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Баасанжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671 450 төгрөгөөс 494 887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 176 563 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Баасанжавд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Зоригтбаатар, Т.Дэлгэрбаяр нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улсын гудамж 410 дугаар байрны 69 тоотод орших 79 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцын худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн болох нь нотлогдохгүй, нэхэмжлэгч гэрээний үндсэн дээр хариуцагчид 67 387 500 төгрөг төлснөө нотлоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нэхэмжлэлээ өөрөө нотлох үүрэгтэй гэж дурджээ.

Г.Баасанжав БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-тэй хамтран ажиллаж байх хугацаандаа 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Их үйлсийн эрэлд ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан ба тус орон сууцыг хөнгөлөлттэй үнээр захиалан бариулахын тулд уг гэрээг БНХАУ-ын Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ийн нэрээр байгуулсан. Учир нь БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь тухайн үед Их үйлсийн эрэлд ХХК-ийн захиралтай найз байсан тул Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ийн нэрээр гэрээ байгуулагдсан тохиолдолд захиалгын хөнгөлөлт эдлэх боломжтой байсан юм.

Г.Баасанжав нь дээрх байдлаар 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ийн нэрээр Их үйлсийн эрэлд ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, урьдчилгаа 40 000 000 төгрөгийг төлсөн ба гэрээний хавсралтад уг урьдчилгаа төлбөрийг Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ төлсөн хэмээн баримт үйлдсэн. Улмаар Г.Баасанжав Их үйлсийн эрэлд ХХК-тай 2011 оны орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан тул уг орон сууцны төлбөрт 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12 700 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 4 687 500 төгрөг, нийт 67 387 500 төгрөгийг нэмж төлсөн ба дээрх төлбөрийг Их үйлсийн эрэлд ХХК хүлээн авсан. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд хэлцэл хийгдээгүй ба уг хэлцлийн дагуу нэхэмжлэгчийг 67 387 500 төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Г.Баасанжав дээрх 67 387 500 төгрөгийг төлөхдөө "410-69 тоот Баасанжав-с" гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан ба Их үйлсийн эрэлд ХХК-ийн зүгээс миний төлсөн дээрх 67 387 500 төгрөгийг бүрэн хүлээн авч гэрээний төлбөр тооцоог дуусгасан байтал шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Их үйлсийн эрэлд ХХК-д очиж уулзсан бөгөөд хариуцагчийн зүгээс хоногийн 0.05 хувийн алданги төлөх талаар санал гаргасан ба дээрх алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 4 687 500 төгрөгийг 410-69 тоот алданги гэх гүйлгээний утгатайгаар төлсөн.

Өөрөөр хэлбэл дээрх орон сууцанд Г.Баасанжав амьдарч, тус орон сууцны үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт төлж барагдуулсан болохыг хариуцагч мэдэж байсан атлаа өмчлөх эрхийн гэрчилгээг На Шун /Nashun/-ын нэр дээр гаргаж өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн тул уг байрны төлбөрт төлсөн 67 387 500 төгрөгийг хариуцагч Их үйлсийн эрэлд ХХК бүрэн хариуцах ёстой юм. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улсын гудамж 410 дугаар байрны 69 тоотод орших 79 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээг Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-тэй байгуулсан тохиолдолд уг орон сууцны төлбөрийг Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ бүрэн төлж барагдуулах ёстой атал 2011 оноос 2017 оны хүртэл хугацаанд Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ бус Г.Баасанжав миний бие уг орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Учир нь Г.Баасанжав Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улсын гудамж 410 дугаар байрны 69 тоотод орших 79 м.кв талбай 2 өрөе орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан хэмээн итгэж, дээрх орон сууцны төлбөрт 67 387 500 төгрөгийг төлсөн боловч 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус орон сууцны өмчлөгчөөр Насан бүртгэгдсэнээр Г.Баасанжав миний уг орон сууцны өмчлөгч болох боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан хэмээн итгэж төлбөрийг төлж барагдуулсан атал хариуцагчийн зүгээс уг орон сууцыг захиалан бариулах гэрээг БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-тэй байгуулсан хэмээн үзэж, өмчлөх эрхийн гэрчилгээг түүний хүү На Шун /Nashun/-ын нэр дээр гаргуулсан тул Иргэний хуулийн 492.1.1заасны дагуу орон сууцны төлбөрт төлсөн 67 387 500 төгрөгийг Их үйлсийн эрэлд ХХК-аас нэхэмжлэгч миний бие шаардах эрхтэй Гэвч анхан шатны шүүх хуулийг дээрх байдлаар тайлбарлан хэрэглээгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээрээ хариуцагч Их үйлсийн эрэлд ХХК-ийг 67 387 500 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг олгож байна.

Тухайлбал: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улсын гудамж 410 дугаар байрны 69 тоотод орших 79 м.кв талбай бүхий орон сууц нь нэхэмжлэгчээс төлсөн 67 387 500 төгрөгийн үр дүнд бий болсон хөрөнгө ба уг 67 387 500 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагч Их үйлсийн эрэлд ХХК-д төлж барагдуулсан. Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ болон На Шун /Nashun/-ын зүгээс хариуцагч Их үйлсийн эрэлд ХХК-д ямар нэгэн төлбөр төлж байгаагүй болно/

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2011 оны 410/69 тоот гэрээний үүрэгт 67 387 500 төгрөг нэхэмжлэгч төлсөн нь түүнийг тухайн гэрээний зүйлийг хариуцагчаас шаардах, өмчлөх эрхтэйг нотлохгүйн зэрэгцээ Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.Баасанжав нь БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ийн нэрийн өмнөөс мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ хэмээн дурдсан байна.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсгийн нэг урьдчилсан нөхцөл нь Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь Г.Баасанжаваар үүрэг гүйцэтгүүлэх буюу өрөө төлүүлэх хүсэл зориг байх ёстой.

Гэвч 2011 оны 410/69 тоот гэрээний төлбөрийн үүргийг хариуцагч Их үйлсийн эрэлд ХХК-д Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ийн нэрийн өмнөөс Г.Баасанжав төлж барагдуулах болсон талаарх илэрхийлсэн, мэдэгдсэн ямар нэгэн хүсэл зориг Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-д байгаагүй ба шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Г.Баасанжав Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь өөрийн үүргийг Г.Баасанжаваар гүйцэтгүүлэх бус харин ч 2011 оны 410/69 тоот гэрээнд заасан орон сууцыг Г.Баасанжавын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг хариуцагч Их үйлсийн эрэлд ХХК-д хүргүүлж байсан ба Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ээс 2016 оны 01 дүгээр сард гаргасан дээрх хүсэлтийг үгүйсгэх баримт болон татгалзлаа хариуцагч өөрөө нотолж чадаагүй.

Мөн Б.Мөнхбуянгийн 2016 оны 01 дүгээр сард Их үйлсийн эрэлд ХХК-д гаргасан 2011 оны 410/69 тоот гэрээнд заасан орон сууцыг Г.Баасанжавд шилжүүлэх тухай дээрх хүсэлтийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуул 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд шүүх хэт нэг талыг барьж өөрийн татгалзал, түүнийг нотлох үүргээ биелүүлээгүй хариуцагчийн талд шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчсөн. Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь өөрийн үүргийг Г.Баасанжаваар гүйцэтгүүлэх хүсэл зоригтой байх тохиолдолд Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ээс Г.Баасанжавд олгосон ямар нэгэн итгэмжлэл байх ёстой. Гэвч Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь өөрийн үүргийг гүйцэтгүүлэхээр Г.Баасанжавд ямар нэгэн итгэмжлэл олгоогүй ба ийнхүү олгосон талаар үйл баримт тогтоогдоогүй.

Мөн Г.Баасанжав нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 67 387 500 төгрөгийг хариуцагч Их үйлсийн эрэлд ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх заасны дагуу Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ийн нэрийн өмнөөс түүнийг үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Г.Баасанжав нь 2011 оны 410/69 тоот гэрээнд заасан орон сууцыг захиалсан байсан тул 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нас барсны дараа ч орон сууцны төлбөрийг төлж байсан юм. Өөрөөр хэлбэл Г.Баасанжав нь бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан бол Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нас барснаар миний бие тухайн үүргийг гүйцэтгэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй атал анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Г.Баасанжав нь Их үйлсийн эрэлд ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 67 387 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Их үйлсийн эрэлд ХХК болон Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нарын хооронд 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 410/69 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 410 дугаар байр 69 тоот орон сууцыг захиалахаар тохиролцож, төлбөр төлөх гэрээний үүрэг Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-д үүсэж, 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 40 000 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 03 дугаар сард Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь нас барснаас уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ түүний хүү На Шун /Nashun/-д олгогдсон зэрэг үйл баримтууд тогтоогдсон./хх-ийн 12, 56-57, 70 дугаар тал/

Дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэд 62 700 000 /30 000 000+20 000 000+12 700 000/ төгрөг, алдангид 4 687 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Баасанжав төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогджээ./хх-ийн 8-11 дүгээр тал/

Нэхэмжлэгч тухайн орон сууцыг өөрийн нэр дээр захиалсан гэж тооцон төлбөр төлж байсан гэж тайлбарласан ба хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг талийгаач буюу гэрээний нэг тал болох Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ийн хүү На Шун /Nashun/-д гаргуулсан ба уг орон сууцны өмчлөгч нь На Шун /Nashun/ байна.

Талуудын хооронд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулагдаагүй, гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй, нэхэмжлэгч орон сууцны үнийг болон алдангийн төлбөрийг төлөх гэрээний үүрэг хүлээгээгүй тул Ш.Баасанжавын тус байгууллагад төлсөн 67 387 500 төгрөгийн хэмжээгээр хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд болон хөрөнгө олж авсан этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн тал уг зүйлээ олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй болохыг заажээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан шаардах эрх нь гэрээний бус хуулийн дагуу үүсдэг харилцааны агуулгад хамаардаг учиртай.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Хэргийн баримтаар Б.Мөнхбуян нь Г.Баасанжаваар орон сууцны төлбөрөө төлүүлэх буюу үүрэг гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг бусдын нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн нэхэмжлэлийг хангах агуулга бүхийгомдол хууль зүйн үндэслэлтэй байх тул хүлээн авах боломжтой.

Иймээс, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 67 387 500 төгрөгийг Их үйлсийн эрэлд ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцэх юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг дүгнэж, алдааг залруулах боломжтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Их үйлсийн эрэлд ХХК-аас 67 387 500 /.../ төгрөг гаргуулж Г.Баасанжавд олгосугай гэж, 2 дах заалтын ... буцаан гэсний дараа , хариуцагчаас 494 887 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Баасанжавд олгосугай гэж найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 494 887 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ