Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00124

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01833 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1946 дугаар магадлалтай

Г.Бын нэхэмжлэлтэй,

“И” ХХК-д холбогдох

“Орон сууцны захиалгын гэрээ”-ний үүрэгт шилжүүлсэн 67 387 500 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 10 дугаар сард БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-тэй хамтран ажиллаж байхдаа түүний найз “И” ХХК-ийн удирдах албанд ажиллаж байсан Зау Журон /Zhao Juron/-той тохиролцож орон сууц захиалах гэрээ байгуулсан. Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь Зау Журон /Zhao Juron/-той найз тул м.кв-ын үнэлгээг багаар бодож өгсөн тул захиалгын гэрээг өөрийн нэр дээр хийгээгүй. Урьдчилгаа 40 000 000 төгрөгийг “И” ХХК-д бэлнээр төлж үлдэх төлбөр, алдангийг өөрийн “Хаан банк” ХХК-ийн 5172003032 тоот данснаас “И” ХХК-ийн 5003374557 тоот дансанд шилжүүлсэн. Уг орон сууцны гэрээг байгуулсан БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь удаан хугацаанд өвчтэй байсан бөгөөд Монголд ирж чадалгүй 2016 оны 3 дугаар сард нас барсан. Тэрээр амьддаа уг орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөх хүсэлтийг бичсэн. Тус орон сууцны төлбөрийг бүрэн төлөөд удаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгоогүй, талийгаачийн хүү М.Насанд олгосон байна. Иймд “И” ХХК-иас 67 387 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани БНХАУ-ын иргэн Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-тэй 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 410/69 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулахдаа гэрээний нийт үнийн дүн нь 102 700 000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа болох 38.9 хувь буюу 40 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 62 700 000 төгрөгийг 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч төлөлгүй удаа дараа нэхүүлсний эцэст 2016 оны 02, 10, 11 дүгээр саруудад төлсөн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр захиалагч Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ний хүү На Шун /Nashun/ /РД:152921197804260017/-д олгосон өвлөх эрхийн №16 тоот гэрчилгээг үндэслэн бид Р0006678 тоот паспортын дугаартай Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/ нь орон сууц захиалсан төлбөрийг бүрэн төлсөн тул гэрчилгээ гаргуулах тухай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3-197 тоотыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст тодорхойлсон. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Мэнг Кэ Буеэн /Meng Kebuyin/-ний хүү На Шун /Nashun/-ны нэр дээр гарсан бөгөөд өмчлөгчөөр На Шун /Nashun/ бүртгэгдсэн байна. Иймд Б.Баасанжав манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргах биш На Шун /Nashun/-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй тул жинхэнэ хариуцагчаар На Шун /Nashun/-ыг сольж өгнө үү. Өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд өмчийн эзэнд холбогдуулан гаргах боломжтой бөгөөд дээрх 410-69 тоот орон сууцны өмчлөгч нь манай компани биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Г.Б нь 67 387 500 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр “410-69 тоот байрны төлбөр” гэсэн утгатайгаар тус компанид шилжүүлж байсан. Орон сууцны захиалагч нь Мөнхбуян байсан бөгөөд түүнтэй гэрээ байгуулж, гэрээний харилцаа үүссэн. Улмаар орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж, захиалагч Мөнхбуянгийн хууль ёсны өв залгамжлагч Насангийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Иймд манай компаниас энэхүү төлбөрийг нэхэмжлэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01833 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч И ХХК-аас 67,387,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671,450 төгрөгөөс 494,887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 176,563 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1946 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар “И” ХХК-аас 67 387 500 /.../ төгрөг гаргуулж Г.Бд олгосугай” гэж, 2 дах заалтын “... буцаан” гэсний дараа “, хариуцагчаас 494 887 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай” гэж найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 494 887 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Даваасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01833 дугаар шүүхийн шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1946 дугаар магадлалтай иргэн Г.Бын нэхэмжлэлтэй, “И” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэгчийн төлсөн гэх 67 387 500 төгрөгийн төлбөрийг ямар ч үндэслэлгүйгээр олж авсан хэрэг биш бөгөөд үүнийхээ хариу төлбөрт барьж ашиглалтанд оруулсан Баянмонгол хорооллын 410-69 тоот орон сууцны гэрээний нэг тал болох Б.Мөнхбуянд /хууль ёсны өв залгамжлагч М.Насанд/ шилжүүлсэн байдаг. Хариуцагчийн хувьд иргэн Б.Мөнхбуянтай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 1.9-д “...төлбөрийг гүйцэтгэгч талд бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамт захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 5.2-т “Энэ гэрээ нь хууль ёсны өв залгамжлагчид нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасан үүрэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зарчмын хүрээнд л ажилласан.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн захиалагчтай байгуулсан гэрээг хүндэтгэхгүй, үүргийн гүйцэтгэлийг шууд бусад этгээдэд шилжүүлж болох мэтээр тайлбарласан нь шударга ёсонд нийцэхгүй дүгнэлт болсон. Түүнчлэн бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэсэн (нягтлан бодогч ажилтай) этгээдийг компанийнхаа захирлыг нас барсан нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэн үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг бүрдүүлэн өгч байгаа нь хуульд үл нийцнэ.

Шүүх хуулийг тайлбарлан шийдвэр гаргахдаа нотлох баримт, орон сууц захиалгаар бариулах гэрээний талуудын эрх үүрэгт дүгнэлт хийж, тал бүрээс нь тухайн хэргийн нөхцөл байдал, талуудын хооронд үүссэн харилцаа зэргийг ойлгон үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээс нь хэтэрсэн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн байна.

Хариуцагч хүлээн авсан төлбөрийн хүрээнд орон сууцыг гэрээ байгуулсан талд л шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан. Үүний дагуу л үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч тал орон сууцыг хүлээн авах эрх бүхий этгээд мөн бол орон сууц захиалсан талтай хувьчлан тохиролцож гэрээ байгуулах ёстой байсан. Энэхүү үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор гүйцэтгээгүй нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхэд хүргэх ёсгүй. Хариуцагч “И” ХХК-ийн хувьд энэхүү харилцаанд ямар ч хууль болон гэрээний үүргийг зөрчөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Орон сууцны барилгын компани нь энэ мэт иргэдийн хоорондоо хийсэн байж болзошгүй хэлцэл, тохироог нотлох үүрэггүй, тийм боломжгүй бөгөөд орон сууц захиалгын гэрээнд үндэслэн төлбөр төлөгдсөн баримтад тулгуурлан ажилладаг. Энэхүү хариуцлагаас өөрөөр нэмэлт хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Б.Мөнхбуян болон “И” ХХК-ийн хооронд хийгдсэн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үүргийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгүүлэгч Б.Мөнхбуян нь “Тиэн тэнгис” ХХК-ийи захирал, үүрэг гүйцэтгэгч Г.Б нь тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тиймээс ч санхүүгийн үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, зарлага, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг Г.Б хариуцдаг байсан. Хариуцагчийн зүгээс Г.Б болон Б.Мөнхбуян нарын хооронд ажил, албаны дээрх харилцаа байсан гэдгийг тогтоолгохоор Г.Бын нийгмийн даатгалын дэвтэр, лавлагааг гаргуулах, гэрчээр М.Насанг оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэрхүү баримтаар Г.Б нь “Тиэн тэнгис” ХХК, Б.Мөнхбуянгийн өмнөөс санхүүгийн ажлыг гардаж хэрэгжүүлдэг байсан гэдгийг тогтоох боломжтой.

Нэхэмжлэгч Г.Б “410-69 тоот”-ын төлбөр гэх утгатай төлбөрийг шилжүүлж гэрээний үүргийг хэрэгжүүлсэн. Хариуцагч “И” ХХК-ийн хувьд хэн үүргийг гүйцэтгэх нь төдийлөн чухал биш бөгөөд үүргийн гүйцэтгэл л чухал юм. Нэхэмжлэгч тал анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд 67 387 500 төгрөгийг БНХАУ-ын иргэн Б.Мөнхбуян болон “И” ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн дагуу төлсөн гэдгээ илэрхийлж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт ч энэ талаар дүгнэсэн байдаг.

Хэрэв Г.Б “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үүргийг биелүүлээгүй юм гэж маргаж байгаа бол Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн үр шимийг хүртсэн, хариу төлбөрт орон сууцыг авсан М.Насангаас 67 387 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой байна. Түүнээс биш энэхүү төлбөр, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг хариуцагч “И” ХХК хариуцах учиргүй.

Гурав. М.Насанг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бодитойгоор дүгнэх боломжийг хязгаарласан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны явцад хүсэлт гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан журмын дагуу хамтран хариуцагчаар М.Насанг татуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгч М.Насанг хариуцагчаар тодорхойлоогүй гэж үзсэн. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг буруу тодорхойлсон байж болох ч шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хамтран хариуцагчаар М.Насанг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бүрэн боломжтой байсан.

Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “И” ХХК-ийн захиргаанд найз Zhaо juron-д, Эрхэм найз Жиао Жү Рунь-д гэх /XX 5-7/ гэх баримтууд нь бүгд зохиомол, хуурамч баримтууд байна. Б.Мөнхбуянгийн гарын үсэг, бичгийн хэвтэй таардаггүй, хэзээ ч нөхөж бүрдүүлэх боломжтой баримтууд байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Б нь “И” ХХК-д холбогдуулан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний үүрэгт шилжүүлсэн 67 387 500 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ”-гээр гүйцэтгэгч “И” ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороооны нутаг дэвсгэрт баригдаж буй Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 2 дугаар орцны 69 тоот 2 өрөө орон сууцыг захиалагч Мөнхбуян /Meng Ke Bu Yin/-д өөрийн хөрөнгөөр барьж дуусган хүлээлгэж өгөх, захиалагч Мөнхбуян /Meng Ke Bu Yin/ орон сууцны үнэ 102 700 000 төгрөгийг гүйцэтгэгч талд бүрэн төлснөөр орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...дээрх орон сууцыг Мөнхбуян /Meng Ke Bu Yin/-гийн нэрээр захиалж, байрны төлбөрт 67 387 500 төгрөгийг төлсөн боловч Мөнхбуян /Meng Ke Bu Yin/ нь 2016 онд нас барж, гүйцэтгэгч “И” ХХК нь Мөнхбуян /Meng Ke Bu Yin/-гийн өв залгамжлагч Насан /Na Shun/-г орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. Иймд тус байрны төлбөрт төлсөн 67 387 500 төгрөгийг “И” ХХК-иас буцаан гаргуулна...” гэж  тайлбарлажээ.

Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 69 тоот орон сууцны төлбөрт 67 387 500 төгрөгийг Г.Баас төлсөн болох нь хэргийн 8-11 дүгээр талд авагдсан Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулагдаагүй, зохигчид гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэгчид орон сууцны үнийг төлөх үүрэг үүсээгүй, энэ үндэслэлээр хариуцагч нь Г.Бын төлсөн 67 387 500 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үйл баримтад нийцээгүй, хариуцагчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр захиалагч нь Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 69 тоот орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч Г.Б нь захиалагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж 69 тоот орон сууцны төлбөрийг төлсөн, гүйцэтгэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр зохигчийн хооронд үүрэг үүсээгүй, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1946 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/01833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Даваасүрэнгийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494 887 төгрөгийг шүүгчийн захирамжаар “И” ХХК-д буцаан олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД