| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2016/00031/И |
| Дугаар | 210/МА2017/01708 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2017/01708
| 2017 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 210/МА2017/01708 |
Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01934 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Боролзой ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25 245 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Геологийн төв лаборатори ТӨҮГ нь Боролзой ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр "Технологийн дээжинд лабораторийн туршилт гүйцэтгэх тухай гэрээ" байгуулан тус компанийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт орших "Хар чулуут"-ын бал чулууны ордын дээжинд 29 700 000 төгрөгийн технологи туршилтын ажил гүйцэтгэсэн байна. Гэтэл тус компани нь гэрээнд зааснаар 15 хувь болох 4 455 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 85 хувь болох 25 245 000 төгрөгийг шинжилгээний ажлын үр дүнг хүлээн авснаар төлөх ёстой байтал өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Боролзой ХХК-иас 25 245 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Геологийн төв лаборатори ТӨҮГ нь талуудын хооронд хийсэн хэлцлийн дагуу Дундговь аймгийн Бал чулууны ордын дээжийн тайлангаа өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. Төлбөрөө барагдуулж, тайлангаа аваач гэсэн байдлаар өнөөдрийг хүртэл хандаж байсан гэх байдлаа нэхэмжлэгч нотлоогүй. Учир нь ажил гүйцэтгэгч тал өнөөдрийг хүртэл гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боролзой ХХК-иас 25 245 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Боролзой ХХК-иас 204 174 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ-т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгчийн 2015.09.11-ний өдрийн 101/Ш332015/28682-р захирамжаар нэхэмжлэгч Теологийн төв лаборатори" нэхэмжлэлийн шаадлага татан авсныг баталсан. Нэхэмжлэгч ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлага татан авсан байхад анхан шатны шүүх мөн хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх заалтыг зөрчин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 244 тоот магадлалд зохигчдын хоорондын байгуулсан гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч "Боролзой" ХХК-д технологи шинжилгээний ажлын үр дүнг танилцуулсан, энэ тухай тайланг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон эсэх зэрэг нөхцөл байдлын талаар дүгнэснээр хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно..." хэмээн заажээ. Гэтэл анхан шатны шүүх, дээд шатны шүүхийнхээ энэ шаардлагыг үл хэрэгсэн ажил үүрэг гүйцэтгэсэн тухай нотлох баримт хэрэгт ирээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаа 100 хувь гүйцэтгэсэн хэмээн таавар төдий дүгнэлт өгч хариуцагчийг ажлын үр дүнтэй танилцах үүргийг хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж 25 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан. Нэхэмжлэгч тал ажлын үр дүнг танилцуулсан хэмээн тайлбарладаг боловч эхний үедээ танилцуулсан тухай акт бий" хэмээн мэдүүлж байгаад эцэстээ "улсын нууц учир ажлын тайланг танилцуулах боломжгүй" хэмээн мэдэгдсэн. Танилцуулсан гэх тайлан байгаа тухай шүүхэд мэдүүлдэг боловч түүнийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад, Төрийн нууц... танилцах эрхгүй хэмээн мэдэгдсээр байхад "танилцах эрхээ хэрэгжүүлээгүй" хэмээн хариуцагчийг буруутгасан хэт нэг талыг барьж хэрэг шийдвэрлэсний бодит нотолгоо юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл "шаардлагатай бол шүүхийн захирамжаар хэрэгт өгнө..." хэмээн нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжин нотлохоос илэрхий татгалзсан байхад шүүх "нотлогдсон" хэмээн үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаас гадуур хэрэг шийдвэрлэснийг нотолж байгаа юм. Төрийн нууцын жагсаалтад байгааг нотлоод, шүүхэд хүсэлт гаргаж шаардлагатай баримтаа хэрэгт ирүүлэх нь нэхэмжлэгчийн үүрэг. Ажил үүрэг гүйцэтгэсэн нотлох баримт шаардан давж заалдах болон анхан шатны шүүхэд хагас жил орчим маргаад байхад яагаад уг нотлох баримтыг "Шаардлагагүй" гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай бөгөөд шүүхийн шийдвэр бүх талаар энэ зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ нь хариуцагч Боролзой ХХК-д холбогдуулж ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл 25 245 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд Технологийн дээжинд лабораторийн туршилт гүйцэтгэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт байрлах Хар чулуутын бал чулууны ордын дээжинд технологийн туршилт шинжилгээний ажил гүйцэтгэн үр дүнгийн тайланг бэлтгэх, захиалагч Боролзой ХХК нь ажлын хөлс 29 700 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон ажил гүйцэтгэгч нь төлөгдөөгүй ажлын хөлсийг шаардах эрхтэй болохыг зөв дүгнэсэн байна.
Мөн шүүх ажлын үр дүнг захиалагч хүлээн авах, ажлын хөлс төлөх үүргийг зохицуулсан мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.2 дах хэсэгт заасныг гэрээний 4.2-т заасан талуудын тохиролцоог үндэслэн захиалагч тайлангийн үр дүнтэй урьдчилан танилцаж, гэрээний үнийг бүрэн төлсний дараа ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүргийг нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ нь хүлээсэн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасантай нийцсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэл, түүнийгээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар гаргаж ирүүлээгүй буюу гэрч Ш.Чимгээгийн ...туршилтын ажлын явцтай геологич Ц.Энхбат, захирал Д.Батбаяр нар танилцсан, ...технологийн ажлыг ашиггүй үр дүн гаргаж байна гэсэн асуудлыг дэвшүүлж байсан... гэх мэдүүлгийг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хариуцагч талд ...манайх гэрээний дагуу ажлын үйл явцын 50 хувьтай танилцуулах явцад тодорхой хэмжээнд баяжигдах эсэх үр дүн нь эхнээсээ гарч ирсэн учир түүнийг ашиггүй гэдгийг мэдээд санаатайгаар тайланг хүлээн авахгүйгээр төлбөрөөс зайлсхийх арга замыг хайсаар ирсэн... гэх тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Геологийн төв лаборатори ТӨҮГ нь хариуцагч эзгүй байгаа шалтгаанаар нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаснаар шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 101/шз2015/28682 дугаар захирамж гарсан байдаг ба уг захирамжид нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг заасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиалагч нь гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг төлснөөр технологийн туршилт шинжилгээний ажлын үр дүнгийн тайланг гүйцэтгэгчээс хүлээн авах боломжтой болох нь тогтоогдсон байх тул ажлын үр дүнг хүлээлгэн өгснөө нэхэмжлэгч нотлоогүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/01934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боролзой ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Н.БАТЗОРИГ