Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00261

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00261

 

 

Б.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2017/02739 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Батболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Скайтел ХХК-д холбогдох

 

Скайтел ХХК-ийн борлуулалт үйлчилгээний газрын өрхийн бизнесийн албаны техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бадамханд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Алтантуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Жамбалсүрэн, Ц.Эрдэнэбат

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Нямцоож

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Батболд нь тус байгууллагад анх 2012 онд суурилуулалтын инженерээр ажилд орж, 2015 оны 1 дүгээр сараас ахлах ажилтан болсон. Хариуцагч байгууллага 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр мэдэгдэх хуудас өгөхдөө маргаашнаас ажлаа хийхгүй байж болно гэхээр нь тойрох хуудсаа зуруулж, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөнМэдэгдэлд орон тоо цөөрүүлсэн гэж бичсэн байдаг. Манай Суурилуулалт үйлчилгээний хэлтэст орон нутагт ажиллаж буй хүмүүстэй нийлээд 24 хүн ажиллаж байсан бөгөөд үүнээс хэдийг нь яагаад цөөрүүлсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч миний бие мэдэгдэлд заасан хугацаанд ажил үүргээ хэвийн хийж гүйцэтгэх естой гэж үзэж байгаа учир ажил хүлээж авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар шийдэл суурилуулалтын хэлтэст 14 орон тоо гаргаж, 11 хүнийг шинээр ажилд авсан байна. Хэрэглэгчийн тусламж үйлчилгээний хэлтэст 15 орон тоо батлаад Э.Мөнхцэцэг, Д.Энхбат нарын 15 хүнийг хуучин ажилд нь үлдээсэн байна. Энэ бүхнээс үзэхэд Б.Батболдыг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр өөр ажилд томилох бүрэн боломжтой байсан. Ажлаас халсан тушаалыг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд хандахад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан гэж байна.  Суурилуулалтын ажлыг 2 хүн хийж байсныг 11 орон тоотой болгож өөрчилсөн, нийт 5 ахлах мэргэжилтэн байсныг 4 болгож өөрчилсөн байна. Хариуцагч байгууллага шүүхэд зориулж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байна. Иймд Б.Батболдыг Техник дуудлагын хэсгийн, ахлах мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд нь эрхэлж байсан техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн, Ц.Эрдэнэбат, Ч.Агиймаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Скайтел ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоол батлагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд Борлуулалт, үйлчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний орон тоог хасахаар шийдвэрлэсэн. Энэ талаар ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Б.Батболдод мэдэгдэх хуудас гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Энэхүү мэдэгдэх хуудсыг ажил олгогчийг төлөөлж, хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн гардуулж өгөхдөө ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажил үүргээ хэвээр гүйцэтгэж болно, мөн энэ хугацааны цалин хөлсийг компанийн зүгээс саадгүй олгох талаар тайлбарлаж хэлсэн. Үүний дагуу Б.Батболдод 2017 оны 1 дүгээр сард 1 274 818 төгрөг, 2 дугаар сард 260 043 төгрөгийн цалин хөлс, ажлаас халагдсаны тэтгэмжид 948 000 төгрөгийг тус тус олгож зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б-98 дугаар тушаал гарч энэхүү тушаалаар Б.Батболдтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн мэдэгдлийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Мөн тушаалаар түүний гүйцэтгэж байсан ажлыг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулахыг холбогдох албанд даалгасан. Б-98 тушаалыг нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудаст гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Б.Батболд нь анх 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасныг тус шүүх 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасньг зөрчиж, гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж үзэж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Скаймедиа корпораци ХХК-ийн  бүтэц зохион байгуулалтын  өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд борлуулалт үйлчилгээний газрын өрхийн бизнесийн албаны техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний 2 орон тоо хасагдсан. Энэ орон тоон дээр ажиллаж байсан Б.Батболд, Д.Энхбат хоёрын ажлын үзүүлэлтийг харьцуулан үзэж Д.Энхбатыг Техник тусламжийн хэсгийн ахлах инженерийн ажилд шилжүүлэн ажиллуулсан. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.7-ийн 6.7.1.6-аас 6.7.1.24-д заасны дагуу бүх алхмуудыг хийж хамгийн сүүлд Ө.Жамбалсүрэн миний бие гарын үсэг зурж баталгаажуулдаг, энэ журмын дагуу ажил явагдсан. Иймд Б.Батболдын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан нь Скайтел ХХК ийн Борлуулалт үйлчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Батболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Батболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн 1165105733 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа давж заалдах гомдолдоо:

... Б.Батболдын ажиллаж байсан суурилуулалт үйлчилгээний хэлтэс нийт 41 орон тоотой байсныг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар ажлын байрны нэршил, орон тоо, томилгоог баталж, 26 ажилтныг ажлын байрны нэршлийг өөрчлөн хуучин ажлыг нь хийлгэж байгаад маргаж байхад анхан шатны шүүх үндэслэх нь хэсэгтээ огт дурдалгүй орхигдуулсан байна. Б.Батболдын ажиллаж байсан техник дуудлагын ахлах мэргэжилтний орон тоо 2 байсан атлаа энэ орон тоон дээр ажиллаж байсан Д.Энхбат техник тусламжийн хэсгийн ахлах инженер гэсэн ажлын орон тоо хасагдаагүй байна гэх тайлбарыг анхаарч үзээгүй орхигдуулсан. Техник дуудлага, техник тусламж гэх ажлын байрны нэршил нэг утга илэрхийлж байгаа. Хариуцагчийн төлөөлөгч Ч.Агиймаа шүүхэд гаргасан тайлбартаа Б.Батболдыг ажлаас цомхотгосон, цомхотгосон гэдэг үгийг 2 удаа хэлсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Хөдөлмөрийн дотоод журмын 5-д Б.Батболдыг ажлаас халсан, ажлын байрны тодорхойлолтуудаас ажилдаа хэвээр үлдсэн ажилтнууд хуучин ажлаа хийж байгаа нь нотлох баримтуудаар батлагдсаар байтал эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй, орхигдуулсан. Зөвхөн ажлын байрнуудын нэршлийг өөрчлөөд өмнө нь ажиллаж байсан 26 ажилтнууд хуучин хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа нь Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.1.1-д заасан тайлбартай нийцэхгүй байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3 дахь хэсэгт зааснаар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэх заалттай тохирч байгаа бөгөөд хуулийн энэхүү заалтын дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны едрийн 181/ШШ2017/02739 дугаартай шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Батболдын нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Скайтел ХХК-д холбогдуулан тус компанийн Борлуулалт, үйлчилгээний газрын өрхийн бизнесийн албаны техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... нэхэмжлэгч Б.Батболдын ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэж тайлбарласан байна.

 

Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б-98 дугаар тушаалаар Б.Батболдыг ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэжээ. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Скайтел ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/03 дугаар тушаалаар компанийн IT, Технологийн газрын IP, Сүлжээ хөгжүүлэлтийн албаны чиг үүрэг, ажлын байрны нэршил, орон тоо, ажилтнуудын томилгоог баталсан байх тул уг тушаалаар нэхэмжлэгч Б.Батболдын ажиллаж байсан техник, дуудлагын ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 29-31 тал/

 

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгохоор харилцан тохиролцсон, аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны орон тоог цөөрүүлсэн ... үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан тул хариуцагч Скайтел ХХК нь нэхэмжлэгч Б.Батболдод 2017 оны 1, 2 дугаар сарын цалин, ажлаас халагдсаны тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн байна гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... техник дуудлагын ахлах мэргэжилтний орон тоо хасагдаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа боловч уг давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгч Б.Батболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2017/02739 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Батболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО