Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02739

 

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02739

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Б -ын  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  С ХХК -д холбогдох

С ХХК-ийн Борлуулалт үйчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Д.А, Д.Э, хариуцагчийн төлөөлөгч Ө.Ж, Ц.Э, Ч.А, түүний өмгөөлөгч Ч.Н, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл  болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Миний бие Б.Б нь тус байгууллагад анх 2012 онд суурилуулалтын инженерээр ажилд орсон бөгөөд 2015 оны 01 дүгээр сараас ахлах ажилтан болсон.

 Шинээр удирдлага солигдоод удалгүй гэнэтхэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил тарсны дараа мэдэгдэх хуудас өгөхдөө маргаашнаас ажлаа хийхгүй байж болно гэхээр нь ажлаа хүлээлгэж өгөхөөр тойрох хуудасаа зуруулж эхэлсэн бөгөөд албан ёсоор 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Мэдэгдэлээс харахаар орон тоо цөөруүлсэн гэж бичсэн байгаа юмаа. Манай Суурилуулалт үйлчилгээний хэлтэсээс орон нутагтай нийлээд 24 хүн ажиллаж байсан бөгөөд үүнээс хэдийг нь яагаад цөөрүүлж байгаа тухай байхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Нэхэмжлэгч миний бие мэдэгдэлд заасан хугацаанд ажил үүргээ хэвийн хийж гүйцэтгэх естой гэж үзэж байгаа бөгөөд мэдэгдэл өгөнгүүтээ ажил хүлээж авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдэгдэлд заасан хугацаанд тушаалыг чинь өгнө гэсэн тайлбарыг хэлсэн.

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар Шийдэл суурилуулалтын хэлтэст 14 орон тоо гаргаж, 11 хүнийг шинээр ажилд авсан байна. Хэрэглэгчийн тусламж үйлчилгээний хэлтэст 15 орон тоо батлаад Э.М, Д.Э нарын 15 хүнийг хуучин ажилд нь үлдээсэн байна. Энэ бүхнээс үзэхэд Б.Быг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр өөр ажилд томилох бүрэн боломжтой байсан.

Намайг ажлаас халсан тушаалыг би 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч анх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандсан. Шүүгч С.Хишигбат нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Түүнээс хойш хувийн шалтгаанаар шүүхэд хандаагүй байж байгаад 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дахин шүүхэд хандсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан гэж үзэж байгаа. Техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний 2 орон тоо хоёулаа хасагдах ёстой байтал Б.Энхбат Техник тусламжийн хэсгийн ахлах инженерээр ажиллаж байгаа. Суурилуулалт үйлчилгээний хэлтэсийн орон тоо хасагдаагүй цомхотгосон байна. Суурилуулалтыг 2 хүн хийж байсныг 11 орон тоотой болгож өөрчилсөн, нийт 5 ахлах мэргэжилтэн байсныг 4 болгож өөрчилсөн байна. Хариуцагч байгууллага шүүхэд зориулж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байна.

Иймд Б.Быг Техник дуудлагын хэсгийн, ахлах мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд нь эрхэлж байсан техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол батлагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд Борлуулалт, үйлчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний орон тоог хасахаар шийдвэрлэсэн.

 Энэ талаар ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх..." гэж заасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Б.Б-д Мэдэгдэх хуудас гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Энэ хүү мэдэгдэх хуудсыг ажил олгогчийг төлөөлж, Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн миний бие гардуулж өгөхдөө ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажил үүргээ хэвээр гүйцэтгэж болно, мөн энэ хугацааны цалин хөлсийг компанийн зүгээс саадгүй олгох талаар тайлбарлаж хэлсэн.

 Үүний дагуу Б.Бод 2017 оны 1 дүгээр сард 1.274.818 төгрөг, 2 дугаар сард 260.043 төгрөгийн цалин хөлс, ажлаас халагдсаны тэтгэмжид 948.000 төгрөгийг тус тус олгож зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нэхэмжпэгчийн хэлж байгаачлан Б.Быг ажил хүлээлцэхийг шаардсан албадсан зүйл огт байхгүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж заасны дагуу Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б-98 дугаар тушаал гарч энэхүү тушаалаар Б.Бтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдэгдлийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.

Мөн тушаалаар түүний гүйцэтгэж байсан ажлыг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахыг холбогдох албанд даалгасан.

Б-98 тушаалыг нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудаст гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч Б.Б нь анх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасныг тус шүүхийн шүүгч С.Хишигбат нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна гээд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаж иргэний хэрэг үүсгээгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасньг зөрчиж, гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн гэж үзэж байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Скаймедиа корпораци ХХК-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд Борлуулалт үйлчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний 2 орон тоо хасагдсан. Энэ орон тоон дээр ажиллаж байсан Б.Б, Д.Энхбат хоёрын ажлын үзүүлэлтийг харьцуулан үзэж Д.Э-ыг Техник тусламжийн хэсгийн ахлах инженерийн ажилд шилжүүлэн ажиллуулсан.

Нэхэмжпэгч Б.Быг ажил хүлээлцэхийг албадсан шаардсан зүйлгүй. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.7.-ийн 6.7.1.6-аас 6.7.1.24-д заасны дагуу бүх алхамуудыг хийж хамгийн сүүлд би өөрөө гарын үсэг зурж баталгаажуулдаг энэ журмын дагуу явагдсан.

Иймд Б.Бын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                      ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

            Нэхэмжлэгч нь С ХХК-ийн Борлуулалт үйчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, орон тоо хасагдсан тул Б.Быг ажлаас чөлөөсөн гэж  маргажээ.

            С ХХК-ийн Борлуулалт үйчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.Быг тус “байгууллагын бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан” үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны  өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчийн тайлбар, тус байгууллагын Б-98 дугаартай тушаал, тус байгууллагын ТУЗ-ийн  2016 оны 12  дугаар  сарын  02-ны  өдрийн  22  дугаартай   “Бүтэц   зохион  байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаартай “ IT Технологийн газрын IP, Сүлжээ хөгжүүлэлтийн албаны чиг үүрэг, ажлын байрны нэршил, орон тоо , ажилтнуудын томилгоог батлах тухай” тушаал, түүний хавсралтууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус байгууллагын дүрэм, дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 25,29-31,34-52,53,54-р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Б.Быг “С ХХК бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгт өөрчлөлт орж, орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            Б.Б нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр  шүүхэд анх гаргасан байна.

            Ажил олгогч нь ажилтан Б.Бтой 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №032 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 49-52-р хуудас/

            * С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-1029 дугаартай тушаалаар Скаймедиа корпораци ХХК-иас С ХХК-д шилжин ажиллах ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах үед Б.Б нь Техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтэнээр ажиллаж байжээ./хх-ийн 32,33-р хуудас/ 

            **С ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А-353 дугаартай тушаалаар “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар Маркетингийн газар, Борлуулалт үйлчилгээний газар, технологийн газар, IP сүлжээний газар, санхүү төлөвлөлтийн газар гэсэн 5 газартай Бизнес хөгжлийн төв гэсэн нэг төвтэй байх,

            үүнээс Борлуулалт үйлчилгээний газар нь Байгууллагын биенесийн алба, Өрхийн бизнесийн алба, Хувь хэрэглэгчийн бизнесийн алба, Борлуулалтын сүлжээний алба гэсэн 4 албатай байх,

            үүнээс  Өрхийн бизнесийн албаны Борлуулалтын хэлтэс нь 10 орон тоотой, Суурилуулалт, үйлчилгээний хэлтэс нь 41 орон тоотой байхаар батлан ажиллаж байжээ. /хх-ийн 28,30-33-р хуудас/

            С ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар саргын 02-ны өдрийн 022 дугаартай тогтоолоор Скаймедиа Корпораци ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлаж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна./хх-ийн 29-р хуудас/

            ***Дээрх тогтоолын дагуу С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар IP Сүлжээ хөгжүүлэлтийн алба нь тус албаны захирал 1,  IP Сүлжээ төлөвлөлтийн хэлтэс нь 3 орон тоотой,  Шийдэл суурилуулалтын хэлтэс 11 орон тоотой, Хэрэглэгчийн тусламж үйлчилгээний хэлтэс 15 орон тоотой байхаар баталжээ. /хх-ийн 30,31-р хуудас/

            Өөрөөр хэлбэл Б.Бын ажиллаж байсан Өрхийн бизнесийн албаны Суурилуулалт үйлчилгээний хэлтэс нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  хэлтсийн менежер 1, гомдол шийдвэрлэх хэсгийн ахлах мэргэжилтэн 1, гомдол шийдвэрлэх мэргэжилтэн 4, Техник хяналтын хэсгийн ахлах мэргэжилтэн 1, техникийн оператор 8, Техник дуудлагын ахлах мэргэжилтэн 2, техникч 22, Суурилуулалтын хэсгийн ахлах мэргэжилтэн 2 , нийт 41  орон тоотой байсан  бол

            2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Шийдэл суурилуулалтын хэлтэс  11 орон тоотой /хэлтсийн менежер 1, шийдлийн инженер 3, сүлжээний инженер 7/, Хэрэглэгчийн тусламж, үйлчилгээний хэлтэс 15 орон тоотой /хяналтын ахлах мэргэжилтэн 1, хяналтын оператор 6, техник тусламжийн хэсгийн ахлах инженер 1, үйлчилгээний инженер 7/ болж  Техник дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтэний  орон  тоо  хасагдсан байна.

Ажил олгогч нь  ажилтан Б.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.- д “ орон тоо хасагдсан” үндэслэлээр ажлаас чөлөөлж, дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мөн хуулийн 40.5.-д заасны дагуу нэг сарын өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ тус байгууллагын  ТУЗ-ын тогтоолууд, мэдэгдэх хуудас болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 11,12,13,25,29,49-52-р хуудас/

            Ажил олгогч С ХХК  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т зааснаар ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон байна

С ХХК –ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар Өрхийн бизнесийн албаны Суурилуулалт үйлчилгээний хэлтэс 41 орон тоотой байсныг Хэрэглэгчийн тусламж үйлчилгээний хэлтэс /15 орон тоотой/, Шийдэл суурилуулалтын хэлтэс/11 орон тоотой/ нэртэй болгон салгаж тус байгууллагын бүтэц өөрчлөгдсөнөөр Борлуулалт үйчилгээний газрын  Өрхийн бизнесийн албаны Суурилуулалт үйлчилгээний хэлтэсийн Техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан болох нь зохигчийн тайлбар, Б-1029, А/03 дугаартай тушаалуудаар нотлогдож байна. /хх-ийн 30,32-р хуудас/

Ажил олгогч нь С ХХК –ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж орон тоо хасагдсан үндэслээр Б.Бтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан ” гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалдаг.

Ажил олгогч нь С ХХК –ийн Борлуулалт үйчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтан Б.Быг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Б.Бод 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг гардуулсан өгч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс тойрох хуудас зуруулж, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажил хүлээлцэн, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч  2017 оны 01 дүгээр сард 1.274.818 төгрөг, 2 дугаар сард 260.043 төгрөгийн цалин хөлс, ажлаас халагдсаны тэтгэмжид 948.000 төгрөгийг тус тус хүлээн авсан болох нь зохигчийн тайлбараар болон бусад баримтаар  тогтоогдож байна.

 Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д” Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр, хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэсэн байх бөгөөд ажилтан Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хийсэн хөдөлмөрийнхөө үр дүнд гэрээгээр тохирсон цалингаа бүрэн авсан талаар талууд маргаагүй болно. 

Мөн Скаймедиа Корпораци ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.7.д “Ажилтанг ажлаас чөлөөлөх үйл явц”-ыг нэг бүрчлэн тайлбарлан тусгажээ. Уг журамд зааснаар ажилтан Б.Быг дээрх дарааллын дагуу тойрох хуудсыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зуруулсан байх бөгөөд, ажил олгогч түүний компьютер, эд зүйлийг хураан авч түүнийг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн -р хуудас/

Иймд нь С ХХК –ийн Борлуулалт үйчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан нь С ХХК –ийн Борлуулалт үйчилгээний газрын Өрхийн бизнесийн албаны Техник, дуудлагын хэсгийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн 1165105733 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4, 119.7-д  зааснаар  шийдвэр  танилцуулан  сонсгож,  7  хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО