Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02249

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02249

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01619 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

120 700 000 төгрөг гаргуулах, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн,

2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу оруулсан хөрөнгө 150 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие 2013 онд ХХХ-аас цувуулж авсаар 150 000 000 төгрөгийг зээлсэн. Улмаар 2013 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэл нийт 270 700 000 төгрөгийг ХХХХ-д эргүүлэн төлсөн. ХХХ-аас 150 00 000 төгрөгийг зээлэхдээ ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд хүү, алдангийн талаар тохирч гарын үсэг зурсан зүйл байхгүй. Иймд, ХХХХ-д үндэслэлгүйгээр төлсөн 120 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулсан болон тайлбартаа:

... Нэхэмжлэгч нь 2013 онд ХХХ-аас 150 000 000 төгрөг зээлэхээр амаар тохиролцоо хийсэн.. Ингэхдээ мөнгийг бөөнөөр аваагүй ба ХХХ тус мөнгийг 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Харин ХХХ нь 2013 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд ХХХХ-д нийт 271 700 000 төгрөгийг буцаан дараах байдлаар төлсөн. 2013 онд 5 000 000 төгрөг, 2014 онд 30 200 000 төгрөг, 2015 онд 48 000 000 төгрөг, 2016 онд 173 000 000 төгрөг, бэлнээр 15 500 000 төгрөг, бүгд 271 700 000 төгрөг буцаан төлсөн байна. Гэтэл ХХХ нь 2015 оны 1 сард ХХХаас 150 000 000 төгрөг нэхэж шахалтанд оруулан Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. ХХХ нь ХХХд 150 000 000 төгрөг зээлдүүлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн хүү тохироогүй тул хүү нэхэмжлэх эрхгүй. Иймээс талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны зээлээ халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж үзэж байна. Мөнгө зээлүүлж эхэлснээс хойш 2 жилийн дараа тус гэрээг байгуулсан бөгөөд 150 000 000 төгрөг нь Хамтран ажиллах гэрээ-ний үндсэн хөрөнгө оруулалт биш юм. Иймд 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр ХХХ, ХХХ нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Хариуцагч ХХХ бүх баримтаа шүүж үзсэнээр 150 000 000 төгрөг биш, 103 400 000 төгрөгийг авсан гэдгийг олж мэдсэн ба баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс өөрөөр ХХХ-аас мөнгө аваагүй бөгөөд харин 4 удаагийн гүйлгээгээр ХХХХ-д 271 700 000 төгрөгийг буцаан төлсөн. Хэдийгээр 103 400 000 төгрөгийг авсан байгаа боловч 150 000 000 төгрөг авсан гэж хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасантай маргахгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тохиролцоогүй атлаа зээлийн хүү, Хамтран ажиллах гэрээ-ний ашигт тооцон 270 700 000 төгрөг авсан байна. Хамтран ажиллах гэрээ-г нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, тодорхой үр дүнд хүрэх зорилго байгаагүй, гэрээ хэрэгжээгүй бөгөөд ХХХ сүрдүүлсний улмаас байгуулсан. Мөн ХХХ-д өгөх ёстой 42 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хас банкнаас 126 000 ам долларыг жилд 13,2 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан байсан бөгөөд ХХХ нь намайг мөнгөтэй байгааг мэдэн 150 000 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сараас эхлэн зээлэхдээ би авто засварын газар ажиллуулдаг ба уг засварын газраа өргөтгөж гаднаас машин оруулж ирнэ, тиймээс зээлээ найдвартай төлнө, хамтран ажиллаж ашгаа хуваасан ч болно гэсэн. Би түүний явуулж байгаа үйл ажиллагааг нь мэдэж байсан учир итгээд 150 000 000 төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь миний данс руу хааяа мөнгө хийсээр 2 жил болоход 25 000 000 төгрөг төлсөн байсан. Би банкнаас өндөр хүүтэй долларын зээл аваад зээлийн хүүгээ ч төлж чадахгүй байдалд орсон тул ХХХтай тооцоо нийлж, одоо үлдсэн мөнгөө шаардсан. Гэтэл ХХХ одоо өгөх боломжгүй байна, хамтран ажиллая гээд гуйгаад байсан тул 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулж, гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Тус гэрээний 1-д хамтран ажиллах чиглэл, хамтын үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал, гэрээний хугацаа зэргийн талаар тохиролцсон. Мөн гэрээний 3.1-д Хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал олсон орлого, өр авлага, бусад зүйлс нь талуудын дараах өмчлөлд байна. Б талаас А талд цэвэр ашгийн 30 хувийг олгоно гэж заасан. "Хамтран ажиллах гэрээ" нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй. Тэрээр надаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоор хамтран ажиллая гэж гэрээ байгуулан, хууран мэхэлсэн гэж үзэж байна. Тиймээс ХХХ надаас биш, би түүнээс мөнгө авах ёстой. ХХХ нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн "Хамтран ажиллах гэрээ"-ний 3.1-д заасан цэвэр ашгийн 30 хувийг өгч байснаа хөрөнгө оруулсан 150 000 000 төгрөгийг төлсөн гэж эндүүрч байна. Тиймээс гэрээний ашиг гэж өгсөн мөнгөө буцаан шаардах үндэслэлгүй. Миний бие 150 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч бид хоорондоо хүү төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Миний данс руу шилжүүлсэн мөнгөнөөс ХХХ-д 40 298 000 төгрөгийг нь шилжүүлсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Талууд 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Тус гэрээг талууд өөрсдийн хүсэлт зоригийн дагуу байгуулсан, миний зүгээс шахаж шаардсан зүйл байхгүй, харин тэрээр өөрөө гуйгаад байсан тул би арга буюу зөвшөөрсөн. "Хамтран ажиллах гэрээ"-ний хугацаа нь дуусаагүй байгаа бөгөөд гэрээний дагуу 30 хувийн ашгийг ХХХ надад өгч байсан. Харин тэрээр үндсэн хөрөнгө оруулалт болох 150 000 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд, миний оруулсан хөрөнгө оруулалт болох 150 000 000 төгрөгийг ХХХаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Учир нь талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү төлөх асуудал байхгүй. Мөн зээлийн мөнгийг шилжүүлэн авсны дараа хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн ба уг гэрээ хэрэгжээгүй тул ашиг, орлого хуваах асуудал яригдахгүй. Тиймээс ХХХХ-ын ХХХХ-д төлсөн 270 700 000 төгрөгийг зээлийн гэрээний хүү болон Хамтран ажиллах гэрээ-ний ашиг гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд, үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч ХХХ-аас 40 202 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80 498 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар харуицагч ХХХы нэхэмжлэгч ХХХд холбогдуулан гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний дагуу оруулсан хөрөнгө болох 150 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 669 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ-аас 1 266 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХд олгож, хариуцагч ХХХы сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 907 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

... Тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүх зээлийн гэрээ байгуулсанд тооцсон атлаа үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд зохигчдын хооронд үүрэг үүссэн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогддог. Анх ХХХ нь 2013 онд мөнгө зээлээд эгүүлэн төлөөгүй ба дараа нь "хамтран ажиллаж ашгаа хуваая" хэмээн ХХХХ-д итгэл төрүүлэн гэрээ хийсэн, мөн ХХХы дүү болон танил хүмүүсээс нь ХХХаар дамжуулан мөнгө зээлж аваад тус зээлсэн мөнгөө ч хугацаандаа төлдөггүй байсан.

ХХХ нь нуруу нь татсан гэсэн оношоор мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан эмч ХХХ гэгчээс 80 000 000 төгрөгийг зээлж аваад өгөөгүй тул ХХХ цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. ХХХ яллагдагчаар татагдан байцаагдаж байхдаа ХХХгоос авсан мөнгөө ХХХХ-д өрөндөө өгсөн гэж худал мэдүүлсэн байсан. Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад ирэхээр эрүүгийн хариуцлагаас айж, иргэний шүүхэд хандсан гэж үзэж байна. ХХХгоос авсан мөнгөө ХХХХ-д өгөөгүй, харин ч ХХХаар дамжуулан бусдаас их хэмжээний мөнгө зээлээд түүнийгээ төлөөгүй болох нь эрүүгийн хэргээс хуулбарлан авсан нотлох баримтуудаар нотлогддог. ХХХ-өөс 102 313 000 төгрөгийг зээлж аваад ХХХ-аар дамжуулан өгсөн байна. Гэтэл шүүх ХХХ-д 40 298 000 төгрөг өгсөн гэж хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ХХХХ-ын эхнэр ХХХ нь .... 2013 онд ХХХ-аас 150 000 000 төгрөг зээлж авсан гэсэн байцаалтыг эрүүгийн 201625022682 дугаар хэрэгт 2016 оны 11 сарын 22-нд өгсөн байдаг. ХХХ нэг барьцааны хөрөнгөөр олон хүнээс их хэмжээний мөнгө зээлж, тэднийг хохироосон. Үүний нэг жишээ бол ХХХтай Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан явдал юм. Энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш бөгөөд ХХХХ-ын өөрийнх нь хүсэл зоригын үүднээс хийгдсэн хэлцэл юм. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг нэхэмжлэгч нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх нь тус гэрээг хүчин төгөлдөр бусд яагаад тооцсон нь ойлгомжгүй байна. Шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХХХыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар зохигч талууд 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусд тооцсон нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01619 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч ХХХ хариуцагч ХХХХ-д холбогдуулан 120 700 000 төгрөг гаргуулах, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагчид зээлийн гэрээний дагуу 270 700 000 төгрөг төлснөөс илүү 120 700 000 төгрөгийг төлсөн тул буцаан гаргуулна, Хамтран ажиллах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч ХХХ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ...нэхэмжлэгч ХХХ 230 500 000 төгрөгийг Хамтран ажиллах гэрээний ашигт болон зээлийн хүүд төлсөн гэж тайлбарласан, анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчид зээлийн гэрээг амаар байгуулж, 2013-2016 оны хооронд хариуцагч ХХХ нь нэхэмжлэгч ХХХаас 103 400 000 төгрөгийг хүлээн авсан, 230 500 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банк болон Хас банкны дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 39-87, 98-102 тал/

 

Зохигчид 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний асуудлаар маргаж, нэхэмжлэгч дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж, хариуцагч уг гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ашиг өгч байсан гэсэн зөрүүтэй тайлбарыг тус тус гаргажээ.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ХХХ нь авто засварын газар ажиллуулдаг бөгөөд талууд хамтран авто засварын үйл ажиллагааг эрхлэн явуулсан, орлого, ашиг, алдагдлыг тооцсон, тухайн ажлын талаар бусадтай гэрээ хэлцэл байгуулсан, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлсэн үйл баримт хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч ХХХ Хамтран ажиллах гэрээний дагуу ашиг авах ёстой гэсэн тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч ХХХ нь Хамтран ажиллах гэрээний 3.1-д заасны дагуу 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын цэвэр ашгийн 30 хувийг авсан гэх байдлаа нотлоогүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хууль зүйн үр дагавар үүсгэдэггүй, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хийгддэггүй тул зохигчдын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ-аас илүү төлсөн мөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэн хариуцагч ХХХы Хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө 150 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Хаан банкны депозит болон Хас банкны дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ-аас 103 400 000 төгрөг авсан болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч 150 000 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул шүүх түүний зөвшөөрсөн хэмжээгээр, мөн хариуцагч ХХХы ХХХ-т 40 298 000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч ХХХ хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн төлөх үнийн дүнгээс тус тус хасч тооцсоныг буруутгах боломжгүй юм.

 

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шилжүүлсэн 230 500 000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 150 000 000 төгрөг, хариуцагч Т.ХХХ-д төлсөн гэх 40 298 000 төгрөгийг тус тус хасч тооцон үлдэх 40 202 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...ХХХ-ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангахгүй орхисон, иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжинд талуудын маргааныг буруу бичсэн гэсэн үндэслэл заажээ.

 

Анхан шатны шүүх иргэний хэргийг шүүх хуралдаанаас хэлэлцүүлэх тухай захирамжийн захирамжлах нь хэсэгт гэрлэлт цуцлуулах тухай гэж хэлэлцэхээр тогтоосон байгаа боловч тус захирамжийн удиртгал, тодорхойлох, үндэслэх хэсэгт талуудын маргааны талаар зөв дүгнэж, анхан шатны шүүх хуралдаанаар талуудын хооронд үүссэн уг маргааныг хянан шийдвэрлэсэн байх тул техникийн алдааны улмаас буруу бичигдсэн хэсгийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч ХХХы ХХХ-ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2017/07806 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан байх бөгөөд хариуцагч ХХХы ХХХ-т өгсөн гэх мөнгийг хариуцагчийн төлөх мөнгөнөөс хасч тооцсон байх тул энэ үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХы төлсөн 1 266 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО