Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1619

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50-35 тоотод оршин суух Дарь овогт Даваасүрэнгийн Түвшинжаргалын /РД:ВЮ75051676/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 6Е байрны 74 тоотод оршин суух Харчин овогт Чимэддолгорын Баярсайханд /РД:ЧТ76012779/ холбогдох,

120 700 000 төгрөг гаргуулах, 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 6Е байрны 74 тоотод оршин суух  Харчин овогт Чимэддолгорын Баярсайханы сөрөг нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50-35 тоотод оршин суух Дарь овогт Даваасүрэнгийн Түвшинжаргал холбогдох

2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө 150 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дима /ШТЭҮ-2213/, хариуцагч Ч.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ШТЭҮ-0257/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Түвшинжаргал миний бие 2013 онд Баярсайханаас цувуулж авсаар нийт 150 сая төгрөгийг зээлсэн. Ингээд 2013 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэл нийт 270 700 000 төгрөгийг Баярсайханд эргүүлэн төлсөн. Баярсайханаас 150 00 000 төгрөгийг зээлэхдээ ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд хүү, алдангийг хоёр тал тохирч гарын үсэг зурсан зүйл байхгүй. Иймд Баярсайханд үндэслэлгүйгээр төлсөн 120 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Түвшинжаргал нь 2013 онд Д.Баярсайханаас 150 000 000 төгрөг зээлэхээр амаар тохиролцоо хийсэн юм. Ингэхдээ мөнгийг бөөнөөр аваагүй ба Баярсайхан мөнгийг зээлдүүлэхдээ 5 удаагийн гүйлгээгээр өгсөн байдаг. Харин Д.Түвшинжаргал нь 2013 оны 10 сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд Баярсайханд нийт 271 700 000 төгрөгийг буцаан дараах байдлаар өгсөн. 2013 онд 5 000 000 төгрөг, 2014 онд 30 200 000 төгрөг, 2015 онд 48 000 000 төгрөг, 2016 онд 173 000 000 төгрөг, бэлнээр 15 500 000 төгрөг, бүгд 271 700 000 төгрөг болно. Гэтэл Баярсайхан нь 2015 оны 1 сард Түвшинжаргалаас зээлийн 150 000 000 төгрөг нэхэж шахалтанд оруулж хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ үед Баярсайхан Түвшинжаргалд 93 400 000 төгрөг цувуулж зээлээр өгсөн байсан ба Түвшинжаргалд 31 000 000 төгрөгийг Баярсайханд буцаан төлсөн байсан. Баярсайхан Түвшинжаргалд 150 000 000 төгрөг зээлдүүлэхээр тохиролцохдоо зээлийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн хүү тохироогүй юм. Ийм учраас энэхүү зээлээ халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж үзэж байна. Мөнгө зээлүүлж эхэлснээс хойш 2 жилийн дараа хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү 150 000 000 төгрөг нь хамтран ажиллах гэрээний үндсэн хөрөнгө оруулалт биш юм. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул ямар нэгэн хүүний асуудал яригдахгүй ярих хуулийн үндэслэл байхгүй юм. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр Д.Түвшинжаргал, Ч.Баярсайхан нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал би Ч.Баярсайханаас 120 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Уг шаардлагадаа Баярсайхантай бичгээр байгуулсан гэрээгүйгээр амаар ярьж тохиролцож, 150 000 000 төгрөг зээлсэн гэж бичсэн. Баярсайхан мөнгийг зээлдүүлэхдээ бөөнөөр нь өгөөгүй ба 5 удаагийн гүйлгээгээр 2013 оны 7 дугаар сарын 22-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 25-нд 800 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 06-нд 600 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 09-нд 10 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 25-нд 87 000 000 төгрөг, нийт 103 400 000 төгрөг өгсөн. Ч.Баярсайханы сөрөг нэхэмжлэлтэй танилцаж, бүх баримтаа шүүж үзэхэд, Ч.Баярсайханаас 150 000 000 төгрөг биш, 103 400 000 төгрөг авсан байна. Энэ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Бид өөр ямар нэгэн мөнгө Баярсайханаас аваагүй. Мөн 4 удаагийн гүйлгээгээр Баярсайханд 271 700 000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнд: 2013 онд 5 000 000 төгрөг, 2014 онд 30 200 000 төгрөг, 2015 онд 48 000 000 төгрөг, 2016 онд 173 000 000 төгрөг, бэлнээр 15 500 000 төгрөг болно. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нийт 5 удаагийн гүйлгээгээр 103 400 000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хүү тохиролцоогүй байж зээлийн гэрээний үүрэгт 270 700 000 төгрөгийг хүүнд тооцон, мөн хамтран ажиллах гэрээний ашиг гэж тооцон авсан. Хамтран ажиллах гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, тодорхой үр дүнд хүрэх зорилго байгаагүй, энэ гэрээ хэрэгжээгүй, зөвхөн зээл өгсөн байсан болохоороо энэ гэрээг байгуулна гээд айсандаа л дүр үзүүлсэн хуурамч гэрээ хийсэн байдаг. Тиймээс хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан. Хэдийгээр баримтаараа үзэхэд 103 400 000 төгрөгийг зээлсэн боловч 150 000 000 төгрөг авсан гэж нэхэмжлэл гаргасан маргахгүй. Мөн Бат-Өрнөхөд өгөх ёстой 42 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзахгүй. Иймд нэхэмжлэлийн

шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Түвшинжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.Баярсайхан би 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “ХАС” банкнаас 126 000 ам долларыг жилд 13,20 хувийн хүүтэйгээр 5 жил буюу 60 сарын хугацаатай зээлж авсан байсан бөгөөд намайг мөнгөтэй байгааг мэдээд Д.Түвшинжаргал нь 150 000 000 төгрөгийг 2013 он 7 дугаар сараас эхлэн зээлж авахдаа би авто засварын газар ажиллуулдаг, тиймээс найдвартай төлнө, би засварын газраа өргөтгөнө, гаднаас машин оруулж ирнэ, хамтран ажиллаж ашгаа хуваасан ч болно гэж зээлж авсан юм. Ингээд би түүний явуулж байгаа үйл ажиллагааг нь мэдэж байсан учир итгээд 150 000 000 төгрөг өгсөн. Гэтэл Түвшинжаргал нь алдаг оног миний данс руу мөнгө хийдэг байсан. Гэтэл 2 жил болоход зөвхөн 25 000 000 төгрөг өгсөн. Би банкнаас өндөр хүүтэй долларын зээл авсан байсан тул зээлийн хүүгээ ч төлж чадахгүй болсон тул Түвшинжаргалтай уулзаж тооцоо нийлээд чиний өгсөн мөнгө чинь миний банкинд төлсөн хүүнд ч хүрэхгүй байна. Тиймээс би одоо чамаас үндсэн мөнгөө авъяа гэхэд би таниас авсан мөнгөө одоо өгч чадахгүй нь хоёулаа хамтран ажиллая гэж гуйгаад 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Тус гэрээний 1.1 гэрээний талууд: Автомашин авто сэлбэг захиалга, кузов агрегат засварын чиглэлээр хамтран ажиллах, 1.2-т Хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг талууд дараах байдлаар хариуцан гаргана. А тал 2013 оны 8 дугаар сарын 01-нд 150 000 000 төгрөг хөрөнгө оруулах, Б тал өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт хийх, 1.4-т Гэрээний хугацаа 2 жил гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болно гэж заасан.

Мөн гэрээний 3.1-д Хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал олсон орлого, өр авлага, бусад зүйлс нь талуудын дараах өмчлөлд байна. Б талаас А талд цэвэр ашгийн 30 хувийг олгоно гэж заасан.

Тиймээс уг “Хамтран ажиллах гэрээ” нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд хугацаа нь дуусаагүй байгаа. Харин Түвшинжаргал нь надаар дамжуулан Должин гэх хүнээс 80 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд Түвшинжаргал нь надад өгсөн мөнгөө Должинд өгсөн гэж цагдаад худал мэдүүлэг өгөн гүтгэж байсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа надаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо гэрээ хийж итгэл төрүүлэн залилан мэхлэж байсан байна гэж үзэж байна. Тиймээс Түвшинжаргал нь надаас мөнгө нэхэмжлэх биш харин би түүнээс мөнгө авах ёстой. Өнөөдрийн байдлаар 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан 150 000 000 төгрөгийг төлөөгүй, мөн гэрээний 3.1-д зааснаар цэвэр ашгийн 30 хувийг төлж байснаа мартсан бололтой. Тиймээс миний бие нь хамтран ажиллах гэрээний дагуу  шүүхэд нэхэмжлэл гаргах болохоо мэдэгдье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нэхэмжлэгчид 150 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч бид хоорондоо хүү төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Учир нь тухайн үед банкнаас зээл авсан байсан юм. Мөн нэхэмжлэгч өөрөө л хамтран ажиллая гаалийн татваргүй оруулж ирнэ гэхээр нь бизнесийг нь дэмжиж тус болохоор тохиролцоод хамтран ажиллах гэрээ байгуулсан, түүний төлж байсан мөнгө нь зээлийн гэрээний хүү болон хамтран ажиллах гэрээний ашиг юм. Тиймээс гэрээний ашиг гэж өгсөн мөнгөө буцаан шаардах үндэслэлгүй. Тэгээд ч энэ надад өгсөн гэсэн мөнгөнөөс нь Бат-Өнөрт өгөх ёстой 40 298 000 төгрөгийг нь шилжүүлсэн, 270 700 000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хүүнд 25 500 000 төгрөг, хамтран ажиллах гэрээний ашиг 145 202 000 төгрөг, нийт 170 702 000 төгрөгийг төлсөн. 2014 оны 6 сараас 2015 оны 1 сар хүртэл хүүнд 25 000 000 төгрөгийг л төлсөн. 2015 оны 1 сараас 2016 оны 10 сарыг хүртлэх хугацаанд төлсөн мөнгө бол хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 30 хувийн ашиг юм. Тиймээс нэхэмжлэгчид миний хувьд буцаан өгөх мөнгө байхгүй. Харин ч өөрөө мөнгө нэхэмжлэх ёстой, хохирсон учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Баярсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Ч.Баярсайхан би 2013 он 6 дугаар сарын 20-ны өдөр “ХАС” банкнаас 126 000 ам.долларыг жилд 13,20 хувийн хүүтэйгээр 5 жил буюу 60 сарын хугацаатай зээлж авсан байсан бөгөөд намайг мөнгөтэй байгааг мэдээд Д.Түвшинжаргал нь 150 000 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сараас эхлэн зээлж авсан. Уг мөнгийг зээлж авахдаа сайхан амлаж, би авто засварын газар ажиллуулдаг тиймээс найдвартай төлнө, би засварын газраа өргөтгөнө, гаднаас машин оруулж ирнэ, хамтран ажиллаж ашгаа хуваая гэж уран сайхан үгээр итгүүлэн 150 000 000 төгрөгийг зээлж авсан. Би тухайн үед түүнд итгэн ямар ч гэрээ хийлгүйгээр өгсөн. Гэтэл 2 жил болоход зөвхөн 25 000 000 төгрөг өгсөн байсан. Д.Түвшинжаргал нь 2014 оны сүүлчээр ирж уулзан хоёулаа тооцоогоо нийлье миний төлсөн мөнгийг хүүндээ тооц, харин одоо эхнээс нь хоёулаа хамтран ажиллах гэрээ хийе гээд би 150 000 000 төгрөгөнд чинь сард 30 хувийн ашиг өгье гэж гуйсан. Ингээд би түүний бизнесийг нь үнэлж, мөн тодорхой хэмжээгээр хийж байгаа ажлыг нь дэмжиж байсан учраас түүнд итгэн түүний хүсэлтийг хүлээн авч 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, нотариатаар баталгаажуулсан.

Иймээс уг “Хамтран ажиллах гэрээ” нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд гэрээний хугацаа нь дуусаагүй байгаа. Харин Д.Түвшинжаргал нь үндсэн хөрөнгө оруулалт хийлгэсэн 150 000 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа тул 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан 150 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулсан. Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж хөрөнгө оруулалт болох 150 000 000 төгрөгийг оруулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу 7 500 000 төгрөгийг ашиг гэж шилжүүлж байсан. Тиймээс хамтран ажиллах гэрээ бол хүчин төгөлдөр хэлцэл. Зээлийн гэрээ дуусгавар болсон, 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд төлсөн 145 202 000 төгрөг хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн, гэрээний ашигт тооцогдох тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хөрөнгө оруулалт болох 150 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 онд Д.Түвшинжаргал нь Баярсайхантай ямар нэг гэрээгүйгээр амаар тохиролцоо хийж 150 000 000 төгрөгийг зээлж авахаар болсон. Д.Түвшинжаргал 2013 оны 7 дугаар сарын 22-ноос 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртлэх хугацаанд Баярсайханаас 103 400 000 төгрөгийг тохиролцооныхоо дагуу цувуулж авсан. Мөн 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл нийт 271 700 000 төгрөгийг Баярсайханд буцаан төлсөн. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Нэгэнт бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү төлөх асуудал байхгүй. Харин Баярсайханд илүү төлсөн 120 700 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Д.Түвшинжаргал, Ч.Баярсайхан нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” нь урьд бичгээр байгуулаагүй зээлийн гэрээгээ халхавчилж хийсэн гэрээ гэж үзэж байна. Баярсайхан нь 150 000 000 төгрөгийг гэрээний хөрөнгө оруулалтад оруулсан мөнгө гэжээ. Гэтэл хамтран ажиллах гэрээ нь 2015 оны 1 дүгээр сарын 30-нд байгуулсан гэрээ юм. Энэ гэрээ байгуулагдах үед Түвшинжаргал амаар тохиролцсон мөнгөнөөс 93 000 000 төгрөгийг Баярсайханаас авсан байсан ба эргүүлээд Баярсайханд 31 000 000 төгрөгийг буцаан төлчихсөн байсан. Иймд Баярсайханд 150 000 000 төгрөг төлөх ямар ч хуулийн үндэслэл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээг байгуулсан, зээлийн мөнгийг шилжүүлж авсны дараа хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн. Уг гэрээ хэрэгжээгүй тул ашиг орлого хуваах асуудал яригдахгүй. Тиймээс төлсөн 270 700 000 төгрөгийг зээлийн гэрээний хүү болон хамтран ажиллах гэрээний ашиг гэж үзэх үндэслэл байхгүй тул 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал нь хариуцагч Ч.Баярсайханд холбогдуулан 120 700 000 төгрөг гаргуулах, 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ч.Баярсайхан нь нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд холбогдуулан 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө 150 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Баярсайханаас 2013 оны 7 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын 09-ний хүртлэх хугацаанд нийт 103 400 000 төгрөг зээлж, зээлийн гэрээний үүрэгт 270 700 000 төгрөгийг буцаан төлсөн боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй, мөн хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул ашиг гэж тооцохгүй, үндэслэлгүйгээр төлсөн 120 700 000 төгрөгийг буцаан гаргуулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд 150 000 000 төгрөгийг хүү тооцохоор харилцан тохиролцож зээлсэн, мөн хамтран ажиллах гэрээ байгуулж, хөрөнгө оруулсан тул зээлийн гэрээний хүү болон хамтран ажиллах гэрээний ашигт тооцож шилжүүлсэн мөнгийг буцаан олгох үндэслэлгүй гэж маргаад хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал нь хариуцагч Ч.Баярсайханаас 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 800 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 600 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 87 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 09-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 103 400 000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ХААН банк болон Хас банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 98-102-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгчид 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 150 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж дүгнэв.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зохигч талууд 150 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний үүрэгт 150 000 000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй байхад 2013 оны 10 дугаар сарын 09-нөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний хооронд 270 700 000 төгрөгийг буцаан өгсөн тул үндэслэлгүй өгсөн 120 700 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж зааснаар сарын 5 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон тул 2014 оны 6 дугаар сарын 02-ноос 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртлэх хугацаанд төлсөн 25 500 000 төгрөгийг хүүнд тооцсон. /2014 оны 6 дугаар сарын 02-нд 3 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-нд 7 500 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-нд 7 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-нд 5 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 02-нд 2 500 000 төгрөг, нийт  25 500 000 төгрөг/

Мөн 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний хүртлэх хугацаанд төлсөн 159 702 000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу ашгийн 30 хувийг төлсөн тул нэхэмжлэгч нь нийт төлсөн 185 202 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж мэтгэлцсэн. /2015 оны 1 дүгээр сарын 31-нд 7 500 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 18-нд 5 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 11-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 23-нд 40 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 08-нд 59 702 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 09-нд 30 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-нд 1 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 22-нд 14 500 000 төгрөг, нийт 159 702 000 төгрөг/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх бөгөөд зохигч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хариуцагч нь хүү авах эрхгүй, нэхэмжлэгчийн буцаан өгсөн мөнгийг зээлийн гэрээний хүүнд тооцсон гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн зохигч талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр хариуцагч Ч.Баярсайхан, нэхэмжлэгч Д.Түвшинжаргал нар нь автомашин авто сэлбэг захиалга худалдаа, кузов агрегат засварын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг А тал буюу Ч.Баярсайхан 2013 оны 8 дугаар сарын 01-нд 150 000 000 төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр, Б тал буюу Д.Түвшинжаргал нь өдөр тутмын үйл ажиллагаагаар хөрөнгө оруулалт хийхээр байгуулжээ. /хэргийн 37-38-р хуудас/

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарлаад уг гэрээ нь хэрэгжээгүй, хариуцагч Ч.Баярсайхан нь 150 000 000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалтаар биш зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн тул хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан.

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан, хүчин төгөлдөр хэлцэл тул гэрээний 3.1-д “Б талаас А талд цэвэр ашгийн 30 хувийг олгоно” гэж зааснаар гэрээний ашгийг шилжүүлсэн гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэдгийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг ойлгоно.

Зохигчийн хооронд 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч талууд уг гэрээнд заасан автомашин, авто сэлбэг захиалга худалдаа, кузов агрегат засварын чиглэлээр хамтран ажилласан эсэх нь нотлогдохгүй байх бөгөөд гэрээний нэг тал болох хариуцагч Ч.Баярсайхан нь 150 000 000 төгрөгний хөрөнгө оруулалтыг 2013 оны 8 дугаар сарын 01-нд оруулсан нь тогтоогдохгүй, хамтын үйл ажиллагааны ашиг, ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтын талаарх нотлох баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бусад тооцохоор шийдвэрлэв.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлбөр бус байх хэлцэлд тооцсон тул хариуцагчийн нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хамтран ажиллах гэрээний ашигт тооцно гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 270 700 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны дансны лавлагаа, орлогын баримтуудаар нотлогдоно гэсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар нийт 230 500 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна гэж үзэв. Үүнд 2013 оны 10 дугаар сарын 09-нд 5 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 02-нд 3 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-нд 7 500 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-нд 7 500 000 төгрөг, 12 дугаар сарын 15-нд 5 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 02-нд 2 500 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 31-нд 7 500 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 18-нд 5 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 11-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 5 сарын 23-нд 40 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 09-нд 130 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 31-нд 1 000 000 төгрөг, мөн 2015 оны 5 дугаар сарын 22-нд Бурмаагаас шилжүүлсэн 14 500 000 төгрөг, нийт 230 500 000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны 5116006619, 5003813994 тоот дансанд төлсөн болох нь ХААН банкны дансны лавлагаа, Хас банкны орлогын маягтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 4, 8-25, 84-р хуудас/

Харин нэхэмжлэгчийн хариуцагчид өгсөн гэх 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4 200 000 төгрөгийн данс нь хариуцагчийн данс эсэх нь эргэлзээтэй, мөн гүйлгээний утга тодорхойгүй, 2015 оны 2 дугаар сарын 25, 26-нд шилжүүлсэн 7 500 000 төгрөг нь хариуцагчийн данс мөн боловч гүйлгээний утгад моторын үнэ гэж бичигдсэн, 2015 оны 8 дугаар сарын 03-ны 3 000 000 төгрөг нь данс нь тодорхойгүй, мөн 2015 онд бэлнээр 15 000 000 төгрөгийг өгсөн гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй, маргасан тул нэхэмжлэгч хариуцагчид буцаан өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 40-75, 77-83-р хуудас/

Иймд зохигч талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг уг гэрээний 1.1.-д заасан үр дүнд хүрэх зорилгоор бус зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ашиг хувиарлах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй, мөн хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү болон хамтран ажиллах гэрээний ашиг гэж үндэслэлгүйгээр төлсөн мөнгийг буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид 230 500 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэг болох 150 000 000 төгрөгийг хасч, үлдэх 80 500 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Гэвч зохигч талууд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Т.Бат-Өрнөхөд төлөх ёстой мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн гэж хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар 40 298 000 төгрөгийг Т.Бат-Өрнөхөд төлсөн байх тул 80 500 000 төгрөгнөөс хариуцагчийн Т.Бат-Өрнөхөд шилжүүлсэн 40 289 000 төгрөгийг хасч, үлдэх 40 202 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80 489 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж зааснаар зохигч талууд 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан Хамтран ажиллах гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 37-38-р хуудас/

Гэвч уг хамтран ажиллах гэрээнд заасан хөрөнгө оруулалт болох 150 000 000 төгрөгийг хариуцагч нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр оруулсан талаараа баримтаар нотлоогүй, уг 150 000 000 төгрөг нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаанд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, талууд хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн эсэх нь нотлогдоогүй болно.

Зохигч талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн хамтран ажиллах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусад тооцсон тул гэрээний хөрөнгө оруулалт болох 150 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, уг 150 000 000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу биш зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн байна гэж үзэв.

Иймд хариуцагч Ч.Баярсайханы нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд холбогдуулан гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Ч.Баярсайханаас 40 202 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80 498 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хариуцагч Ч.Баярсайханы нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд холбогдуулан гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 150 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 669 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баярсайханаас 1 266 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд олгож, хариуцагч Ч.Баярсайханы сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 907 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН