Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01707

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01707

 

 

Ө.Шагдаржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29ий өдрийн 184/ШШ2017/01261 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ө.Шагдаржавын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Баяртогтоход холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 33 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр

Хариуцагч Ш.Баяртогтох

Хариуцагчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Баяртогтохтой зээлийн гэрээ байгуулан 19 сая төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 4-нийг хүртэл хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, мөнгийг хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээнд 2016 оны 3 дугаар сарын 1-нд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг 6 сараар сунгасан бөгөөд энэ хугацаанд хүү авахгүй байхаар тохиролцсон. 2016 оны 3 дугаар 1-нд 22 сая төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн тогтоож, гэрээний нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Үүнээс 2 сая төгрөгийг 2016 оны 9 сард төлсөн, өөр мөнгө өгөөгүй.

Ш.Баяртогтох нь хүүнд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дансаар 1 сая төгрөг, 2015 оны 06 дугаар сард бэлнээр 1 сая төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сард 1 сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1 сая төгрөг тус тус өгсөн. Хариуцагч нь нийт 11.4 сая төгрөгийн хүүг нэхэмжлэгчид өгөх ёстой байсан боловч хугацаанд нь төлдөггүй, 1 жилийн хугацаанд нийт 4,5 сая төгрөгийн хүү өгсөн. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 4 буюу хугацаа хэтэрсэн өдрөөс тооцон гэрээгээр тохиролцсоны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 20 сая төгрөгнөөс хоног тутамд 0,5 хувиар тооцвол нэг хоногт 100 000 төгрөг, төлөөгүй 7 сард тооцвол 21 сая төгрөг байх боловч 50 хувиар тооцон 10 сая төгрөгний алданги нэхэмжилнэ. Иймд хариуцагч Баяртогтохоос үндсэн зээл 19 сая төгрөг, хүү 1 сая төгрөг, алданги 10 сая төгрөг нийт 30 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Баяртогтох үүргээ биелүүлэхгүйгээс би өмгөөллийн хөлс төлж нэмэлт зардал гарган хохирсон тул өмгөөлөгчид төлсөн хөлс 3 сая төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ө.Шагдаржаваас 19 000 000 төгрөг зээлдэж авсан нь үнэн бөгөөд түүнд 2016 оны 9 дүгээр сард 2 000 000 төгрөг төлсөн. Ө.Шагдаржавд одоо 17 000 000 төгрөг төлөх ёстой байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 17 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжлэгчтэй 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулаагүй бөгөөд тус 2 гэрээг нэг өдөр буюу 2016 оны 03 дугаар cap 01-ний өдөр байгуулсан. Тухайн үед би ажилгүй байсан болохоор 19 сая төгрөг авсан нь үнэн гээд уг 2 гэрээг байгуулсан. Ө.Шагдаржав надтай гэрээ байгуулахдаа утсаар яриад байсан нь өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байсан юм байна. Би түүний 19 сая төгрөгөөс 6,5 сая төгрөгийг өгсөн учир 13,5 сая төгрөг үлдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч бид хоёрын амаар тохиролцсон хэлцлээр тус 13,5 сая төгрөгөөс хүү бодоод 17 сая төгрөг үлдсэн байсан. Гэтэл 2016 оны 03 дугаар cap 01-ний өдөр надтай 22 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Иймээс би 13,5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрнө, өмгөөлөгчийн хөлс 3 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дзх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Баяртогтохоос 21,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Шагдаржавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 266,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөр 22 сая төгрөг байна гэсэн тохиролцоог үгүйсгэн энэхүү гэрээ байгуулахаас өмнө зээлдүүлэгчид төлсөн 4,5 сая төгрөгийг анх зээлдүүлсэн 19 сая төгрөгнөөс хасч тооцсон. Мөн энэхүү гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2 сая төгрөгийг мөн үндсэн зээлээс хасаад түүнээс алданги тооцсон нь нэхэмжлэгчийг хохироосон үндэслэлгүй шийдвэр болсон. Талууд тооцоо нийлээд төлөх төлбөр, түүнийг төлөх хугацаа болон бусад нөхцөлийг тохиролцоод гэрээ байгуулсан байхад шүүх талуудын тохиролцоонд хөндлөнгөөс оролцож тохиролцоог өөрчлөн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс Ө.Шагдаржавт өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар өөрийн эдлэх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх нь түүний хүсэл зоригийн асуудал бөгөөд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчид төлсөн мөнгө нь зайлшгүй гарах хохирол төлбөрт хамаарахгүй гэж үзэж байна. Миний бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд ажилгүй тул 3 000 000 төгрөгийг нэмж төлөх үнэхээр хүнд байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 3 000 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Шагдаржав нь хариуцагч Ш.Баяртогтоход холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19 сая төгрөг, хүү 1 сая төгрөг, алданги 10 сая төгрөг, хохиролд 3 000 000 төгрөг, нийт 33 сая төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ө.Шагдаржав нь 19 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ш.Баяртогтох нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-5/

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

 

Зээлийн гэрээний зүйл болох 19 000 000 төгрөгийг зээлдүүлэгч Ө.Шагдаржаваас зээлдэгч Ш.Баяртогтоход 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн /хх-6/ үйл баримт тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид 19 000 000 төгрөгийг зээлдүүлсэн талаар маргаагүй бөгөөд хариуцагч Ш.Баяртогтох зээлийн хүүд 11 400 000 төгрөг төлөхөөс 4 500 000 төгрөг төлж, 6 900 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан боловч 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээний хугацаа сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, дээрх гэрээний хугацааг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 6 сараар сунгаж, сунгасан хугацаанд хүү авахгүй байхаас гадна зээлдэгчийн төлбөл зохих дүнг 22 000 00 төгрөг байхаар тооцоо нийлж тохиролцсон байна. Мөн уг гэрээнд зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй /хх-5/ гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч Ө.Шагдаржав нь зээлийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөгийг, алдангийн хамт хариуцагч Ш.Баяртогтохоос шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг байгуулахдаа өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурсан байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч Ш.Баяртогтох нь 2015 оны 3 сарын 4-ний өдөр гэрээ байгуулаагүй, 19 000 000 төгрөг зээлсэнээс 13 500 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг хүлээн зөвшөөрч байсан гэх агуулгатай тайлбар гаргажээ. /хх-78/

 

Иймд хариуцагч Ш.Баяртогтох нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дууссан байх тул энэ өдрөөс эхлэн хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгээс 0.5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй. Хариуцагчийн төлөх алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч /2016.9.4-нөөс 2017.3.17-ны өдөр хүртэлх 194 хоногийн алдангид 20 000 000 х 0.5%=19 400 000 төгрөг/ байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээг хязгаарлаж, хариуцагч Ш.Баяртогтохоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, алдангид 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Шагдаржавд олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас хохирол гэх өмгөөлөгчид төлсөн 3 000 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд өмгөөлөгчид хөлс төлсөн нь нөгөө талын /зээл төлөх/ үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй тул өмгөөлөгчид төлсөн 3000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/01261 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 21 750 000 гэснийг 30 000 000 гэж, олгож гэсний дараа мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж нэмж, 11 250 000 гэснийг 3 000 000 гэж, 2 дах заалтад 266 700 гэснийг 307 950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 194 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ