Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01515

 

Ө.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/01261 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1707 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ө.Ш-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Б-од холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 33 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч Ш.Б-, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.Б-той зээлийн гэрээ байгуулан 19 сая төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 04-нийг хүртэл хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, мөнгийг хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээнд 2016 оны 03 дугаар сарын 01-нд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг 6 сараар сунгасан бөгөөд энэ хугацаанд хүү авахгүй байхаар тохиролцсон. 2016 оны 03 дугаар сарын 01-нд 22 сая төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн тогтоож, гэрээний нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Үүнээс 2 сая төгрөгийг 2016 оны 09 сард төлсөн, өөр мөнгө өгөөгүй.

Ш.Б- нь хүүнд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дансаар 1 сая төгрөг, 2015 оны 06 дугаар сард бэлнээр 1 сая төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сард 1 сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1 сая төгрөг тус тус өгсөн. Хариуцагч нь нийт 11.4 сая төгрөгийн хүүг нэхэмжлэгчид өгөх ёстой байсан боловч хугацаанд нь төлдөггүй, 1 жилийн хугацаанд нийт 4,5 сая төгрөгийн хүү өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 04 буюу хугацаа хэтэрсэн өдрөөс тооцон гэрээгээр тохиролцсоны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 20 сая төгрөгнөөс хоног тутамд 0,5 хувиар тооцвол 21 сая төгрөг байх боловч 50 хувиар тооцон 10 сая төгрөгний алданги нэхэмжилнэ.

Иймд хариуцагч Баяртогтохоос үндсэн зээл 19 сая төгрөг, хүү 1 сая төгрөг, алданги 10 сая төгрөг, нийт 30 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Баяртогтох үүргээ биелүүлэхгүйгээс би өмгөөллийн хөлс төлж нэмэлт зардал гарган хохирсон тул өмгөөлөгчид төлсөн хөлс 3 сая төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Ө.Ш-аас 19 000 000 төгрөг зээлдэж авсан нь үнэн бөгөөд түүнд 2016 оны 09 дүгээр сард 2 000 000 төгрөг төлсөн. Ө.Ш-д одоо 17 000 000 төгрөг төлөх ёстой байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 17 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжлэгчтэй 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулаагүй бөгөөд тус 2 гэрээг нэг өдөр буюу 2016 оны 03 дугаар cap 01-ний өдөр байгуулсан. Тухайн үед би ажилгүй байсан болохоор 19 сая төгрөг авсан нь үнэн гээд уг 2 гэрээг байгуулсан. Ө.Ш- надтай гэрээ байгуулахдаа утсаар яриад байсан нь өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байсан юм байна. Би түүний 19 сая төгрөгөөс 6,5 сая төгрөгийг өгсөн учир 13,5 сая төгрөг үлдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч бид хоёрын амаар тохиролцсон хэлцлээр тус 13,5 сая төгрөгөөс хүү бодоод 17 сая төгрөг үлдсэн байсан. Гэтэл 2016 оны 03 дугаар cap 01-ний өдөр надтай 22 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Иймээс би 13,5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрнө, өмгөөлөгчийн хөлс 3 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/01261 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Б-оос 21 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ш-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 266 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1707 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/01261 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “21 750 000” гэснийг “30 000 000” гэж, “олгож” гэсний дараа “мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж, “11 250 000” гэснийг “3 000 000” гэж, 2 дахь заалтад “266 700” гэснийг “307 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 194 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулж, буцаан олгожээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, сүүлд нь нөхөн хийсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу Ө.Ш- зээлийн хүү авах эрхгүй болно. Хариуцагч Ш.Баяртоггох нь 6 500 000 төгрөгийн хүүг нэхэмжлэгч Ө.Ш-д төлсөн тул зээлж авсан 19 000 000 төгрөгөөс үлдсэн 12 500 000 төгрөгийг төлөх юм. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 20 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас эрх зүйн маргаан үүссэн гэж дүгнэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин хоёр шатны шүүх зээлийн гэрээний үүргийн тооцооллыг өөр өөрөөр хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ө.Ш- нь хариуцагч Ш.Б-оос зээлийн гэрээний үүрэг, алданги, хохиролд 33 000 000 төгрөг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлээс 13 500 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй маргажээ.

Зохигчдын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн огноотой зээлийн гэрээ хэрэгт авагджээ. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч Ө.Ш- нь хариуцагч Ш.Б-од 19 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5%-ийн хүүтэй зээлүүлсэн байна. Мөн зохигчид 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч Ө.Ш- нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, сунгасан хугацаанд хариуцагчаас хүү авахгүй байхаар тохирч, харин талууд зээлийн үнийн дүнг 22 000 000 төгрөг болгосон ба зээл төлөх хугацаа хэтрүүлбэл алданги тооцох талаар гэрээнд заажээ.

Дээрх хоёр бичгийн гэрээ хэрэгт авагдсан боловч талуудын тайлбараас үзэхэд 19 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Ш- нь хариуцагч Ш.Б-од 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н.Нандин-Эрдэнийн дансаар дамжуулан шилжүүлж өгсөн боловч гэрээг жилийн дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа сунгасан гэрээний хамт бичгээр нөхөж байгуулсан байна.

Ийнхүү гэрээг нөхөн байгуулсан үйл баримттай холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүх тухайн зээлд хүү тооцох эсэх талаар өөр өөр дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх бичгээр байгуулсан гэрээ байхгүй байх үед буюу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хариуцагчийн хүүд төлсөн 4 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь учир дутагдалтай болжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн   282.3.-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд “энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ. Хүү авах эрхийг зээлдүүлэгч эдэлдэг учир хуулийн дээрх хязгаарлалт зээлдүүлэгчийн шаардах эрхэд хамааралтай болно. Харин бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй боловч хүү төлөхийг зөвшөөрсөн зээлдэгчийн эрхийг дээрх зохицуулалт хязгаарлахгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ш.Б- зээлийн гэрээг бичгээр байгуулах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ө.Ш-т зээлийн хүүд 4 500 000 төгрөг сайн дураар төлснийг буруу гэж үзэх, улмаар уг төлбөрийг үндсэн зээлээс хасах үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх талууд зээлийн гэрээг нөхөж байгуулсан боловч хариуцагчийг 11 400 000 төгрөгийн хүү төлөхөөс 4 500 000 төгрөг төлснөөр 6 900 000 төгрөгийн хүү төлөх  үүрэгтэй байсан гэж дүгнэжээ. Харин 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа сунгаж, гэрээнд нэмэлт,  өөрчлөлт оруулахад зохигчид зээлийн гэрээний үүргийг 22 000 000 төгрөг гэж тохиролцсон тул энэ үнийн дүнгээс тооцоо хийж, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоосон байна. Зээлийн гэрээний хугацааг сунгах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулах үед зээлдүүлэгч нэмж мөнгө зээлдүүлээгүй, зээлдэгч зээлийн хүүд 4 500 000 төгрөг төлсөн байхад зээлийн хүү төлөөгүй гэж заасан, бичгээр байгуулаагүй зээлийн гэрээнд хүү тооцож, зээлийн үнийн дүнг нэмэгдүүлж тусгасан зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Ө.Ш- нь хариуцагч Ш.Б-од 19 000 000 төгрөг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлүүлсэн, ийнхүү зээл шилжүүлэх үед талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй ба нэмэлт гэрээний үнийн дүн болох 22 000 000 төгрөгт хүү багтсан учир хариуцагч Ш.Б-ын хүлээх үүргийн хэмжээг 19 000 000 төгрөгөөс тооцох үндэслэлтэй болно.

Хариуцагч Ш.Б- зээлийн хүүнд сайн дураар төлсөн 4 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлгүй болно. Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн зээлдэгчийн уг үйлдэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан зохицуулалтыг зөрчихгүй юм. Харин хариуцагч Ш.Б- нь нэмэлт гэрээ байгуулснаас хойш төлсөн 2 000 000 төгрөгийг үндсэн зээл 19 000 000 төгрөгөөс хасч, төлбөрийн хугацааг хожимдуулсаны алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д зааснаар  гүйцэтгээгүй үнийн дүн болох 17 000 000 төгрөгийн 50% буюу 8 500 000 төгрөг гэж тооцон, хариуцагчийн хүлээх үүргийг 25 500 000 төгрөг гэж тогтоох үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн  магадлалыг дээрх үндэслэлээр өөрчилж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1707 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “30 000 000” гэснийг “25 500 000” гэж, “3 000 000” гэснийг “7 500 000” гэж, “307 950” гэснийг “285 450” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 260 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН