Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0232

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ч.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0123 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б-ын давж заалдах гомдлоор, Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0123 дугаар  шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 10 дугаар зүйлийн 10.4, 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.4, Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 30 дугаар зүйлийн 30.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Ж.Б-г ажлаас халах тухай” дугаар Б/98 тоот тушаалыг хүчингүй болгож, Ж.Б-г Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн орлогын эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: “…Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны цалин, хөлсийг нэхэмжлээгүй, харин түүнийг ажлаас халсан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 11 сар, ажлын 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 12379833 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хохирол нэхэмжлээгүй, харин 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлс нэхэмжилсэн мэтээр буруу дүгнэсэн байна.

...анхан шатны шүүх нэхэмжлэгчийг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул түүнд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 11 сар, ажлын 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох шийдвэр гаргах ёстой байсан. ...иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар орлогын тасгийн татварын улсын байцаагч Ж.Б-д орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг хариуцуулахаар шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч Ж.Б нь орлогын эдийн засагчийн ажлыг хүлээж авахаас татгалзаж, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ажил, хөдөлмөр эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь түүнд өөр ажил хариуцуулсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй, орлогын эдийн засагчийн ажлыг хүлээн авахаас татгалзсан атлаа уг акттай маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь тухайн тушаалтай маргаагүй, тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална”, 4.2.1-д “захирах, захирагдах ёс”, 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж зааснаар нэхэмжлэгч нь орлогын эдийн засагчийн ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй, төрийн албанд баримталбал зохих зарчмуудыг зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагч ажил хөдөлмөрөө хуульд нийцүүлэн, хэвийн эрхэлж байхад захиргаа хууль бус үйл ажиллагаагаараа хөдөлмөрлөх эрхэнд нь халдаж, ажлаас чөлөөлсөн тохиолдолд үйлчлэх зохицуулалт юм.

Харин томилогдсон албан тушаалдаа ажиллах үүргээ биелүүлээгүй, ажиллахаас үндэслэлгүйгээр татгалзаж байсан боловч сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний улмаас албан тушаалд эгүүлэн тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.Б-д ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговрыг олгох боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

              

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

     ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН