Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01679

 

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01679

 

 

Г.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02ы өдрийн 181/ШШ2017/01585 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Отгонжаргалд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 466 710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Отгонжаргалтай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 6 603 000 төгрөгийг зээлдүүлсэн. М.Отгонжаргал болон түүний эхнэр Аюушмаа нар надтай найз нөхдийн холбоотой байсан бөгөөд мөнгийг чинь удаахгүй өгнө бидэнд туслаад зээл аваад өгөөч гэхээр нь өөрийн эзэмшлийн хашаа байшингаа барьцаанд тавьж бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлж авч өгсөн боловч зээлсэн мөнгөө төлөхгүй, хэл сураггүй алга болсон. М.Отгонжаргалтай 4 650 000 төгрөгийн хүүг нэмж 6 603 300 төгрөгийг зээлсэн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 1 жилийн дараа 400 000 төгрөг төлсөн. Иймд үндсэн төлбөр 6 603 000 төгрөг, хүү 462 210 төгрөг, алданги 3 301 500 төгрөг нийт 10 366 710 төгрөгийг шаардаж байгаа. Үүнээс хариуцагч 900 000 төгрөг төлсөн тул хасч тооцоод М.Отгонжаргалаас 9 466 710 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Соёл-Эрдэнээс 4 650 000 төгрөг авсан нь үнэн бөгөөд түүний хашаа, байшин барьцаанд байсан бөгөөд хугацаа нь дуусчихсан тул газар нь шүүх рүү шилжүүлэх шатандаа орсон байсан тул надад туслаад зээлэнд тавиад өгөөч гэж удаа дараа манайд ирсэн. Банкны шаардлага хангахгүй, өөрөө зээл авчихсан, хийсэн ажилгүй байсан болохоор хураалгах гэж байсан хашаа байшинг нь чөлөөлүүлж иргэн Лхагваагаас 7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай 12 000 000 төгрөгийн зээл авч өгсөн. Тухайн үед Г.Соёл-Эрдэнэтэй найз нөхдийн холбоотой байсан. 4 650 000 төгрөгийг надад өгсөн тэгээд дахин банк руу хөөцөлдөөд сарын дотор хувь хүнээсээ салгаж банкинд тавьж бага хүүтэй болгохоор тохирсон. Хувь хүнээс авсан 12 000 000 төгрөг нь 25 000 000 төгрөг болсон байсныг гуйж байж 15 000 000 төгрөг болгуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5013011229 дансанд 400 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 4 650 000 төгрөг авсан. 1 300 000 төгрөгийг буцаан өгсөн. Цаашдаа ч бөөн өгчих боломжгүй учир график гаргаж өгнө үү. Мөн нэхэж байгаа мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Отгонжаргалаас нийт 3 675 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 791 210 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхзд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 73758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн гуравдахь шаардлага болох алдангийн асуудлыг огт шийдвэрлээгүй байх ба
ийнхүү шийдвэрлээгүй үндэслэлээ шийдвэртээ огт тусгаагүй байна. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт "Мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно" гэж заасан байдаг боловч мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх гэдгийг заавал бодит байдлаар шилжсэн байхыг ойлгох үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд анх 2016 оны 1 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 4 650 000 төгрөгийг хариуцагч шилжүүлж авсан нь хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдааны үеэр амаар өгсөн тайлбараар нотлогддог. Гэвч хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний үүргээ огт биелүүлж байгаагүй тул 2016 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулахдаа өмнөх зээлийн гэрээгээр хүлээсэн хүү төлөх үүргийн хамт дуусгавар болгосон нь мөн талуудын тайлбараар хангалттай нотлогдож байгаа. Талууд ийнхүү өмнөх үүргийг дуусгавар болгон шинээр зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн тооцсон агуулга бүхий хэлцлийг хийж түүнийгээ бичгээр баталгаажуулсан тул талуудын хооронд мөнгө болон эд хөрөнгө шилжүүлсэнтэй адил нөхцөл байдал үүссэн гэж үзэж болохоор байна. Талуудын хооронд өмнө нь зээлийн гэрээ байгуулагдаж түүнийхээ дагуу хүү тогтоосон болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 236.1.3 дахь хэсэгт заасны дагуу өмнөх үүргийг өөр үүргээр солисон гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд өмнөх үүргийг өөр үүргээр сольсоноор 6 603 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх хэрэг маргааны хууль нийцүүлж шийдвэрлээгүй гэж үзэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн харилцаанаас үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэ нь хариуцагч М.Отгонжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9 466 710 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г.Соёл-Эрдэнэ нь 6 603 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 сарын 20-ныг хүртэлх хугацаатэй, нэг сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч М.Отгонжаргал нь зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон /хх-4/ байх боловч зээлдүүлэгчээс гэрээнд заасан 6 603 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 6 603 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсанд тооцох, зээлийн гэрээний үнийн дүнд хүү багтсан тул хүүгээс хүү тооцох тус тус үндэслэлгүй юм.

 

Харин зохигчдын тайлбараар зээлдүүлэгчээс зээлдэгчид 6 603 000 төгрөгийг бус 4 650 000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байгаа тул дээрх гэрээнд заасан нэг сарын 7 хувийн хүү тооцсон 4 650 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч М.Отгонжаргал нь зээлийн төлбөрөөс 1 300 000 төгрөг төлсөн, хариуцагч нь зээлийн төлбөрөөс ...2017 оны 1 сарын 16-ны өдөр 400 000 төгрөг, 2 сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 3 сарын 25-ны өдөр 400 000 төгрөг төлсөн гэж тус тус тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, 1 300 000 төгрөгийг зээлийн хүүд тооцож авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч нь хүү авах эрхээ алдах бөгөөд зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө хүү тогтоосон зээлийн гэрээ хийгдсэн, уг гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 1 300 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлөх үүргийг 3 675 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэ нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж хариуцагчаас алданги 3 301 500 төгрөг гаргуулахаар шаардсан байхад шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь буруу боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй байна.

 

Учир нь зохигчид зээлийн гэрээ байгуулахдаа алдангийг хэдэн хувиар тооцох талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь алданги төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болох тухай Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан зохицуулалтад гэрээгээр хүлээсэн үүргийг өөр төрлийн үүргээр солих явдал хамаардаг тул уг зохицуулалтыг зээлийн гэрээний үүргийн үнийн дүн, хугацаа, хүү зэрэг нөхцөлүүдийг өөрчилж, дахин гэрээ байгуулсан тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй юм

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 281.1 гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Соёл-Эрдэнэ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ