Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 568

 

Э.Анхбаяр, М.Мөнхбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор О.Багшбаяр,

ялтан Э.Анхбаярын өмгөөлөгч Ч.Содончимэг,

цагаатгагдсан этгээд М.Мөнхбаярын өмгөөлөгч Т.Багахүү,

хохирогч Б.Төгсчулууны өмгөөлөгч О.Цэвэлмаа,

хохирогч Б.Нямдорж, Ч.Туул, Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Анхбаяр, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын хамтран  гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Анхбаяр, М.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн 2014250008252 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигин овогт Энэбишийн Анхбаяр, 1984 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхэд, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхон 1 дүгээр гудамж, 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: Ш3 84092319/,

Боржигин овогт Мөнбишийн Мөнхбаяр, 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байр, 199 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УП 89062499/,

            Ялтан Э.Анхбаяр нь давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Да хүрээ” зах дээр Б.Төгсчулууны эзэмшлийн 2005 онд үйлдвэрлэсэн “Тоёота Кроун”, 2005 онд үйлдвэрлэсэн “Тоёота Марк икс”, 2009 онд үйлдвэрлэсэн “Тоёота Приус-30”, 2005 онд үйлдвэрлэсэн “Тоёота Марк икс-0” загварын улсын дугаар гэрчилгээ аваагүй 4 ширхэг автомашиныг зарж өгье гэж хуурч мэхлэн залилан мэхлэх аргаар олж авч бусдын эзэмшилд шилжүүлж 62.550.000 /жаран хоёр сая таван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Да хүрээ” зах дээр байсан Б.Нямдоржийн эзэмшлийн “Тоёота Алион” загварын улсын дугаар гэрчилгээ аваагүй автомашиныг залилан мэхлэх аргаар олж авч бусдын эзэмшилд шилжүүлж 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Да хүрээ” зах дээр сэлбэгийн ченж ажилтай Ч.Туулаас 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бэлэн 4.500.000 / дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг хуурч мэхлэх аргаар олж авч, 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батчимэгийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай “Тоёота Прадо” загварын автомашиныг цагаатгагдсан этгээд М.Мөнхбаяраар "...миний машин байгаа юм, эзэн нь би байна" гэж хэлүүлэн Г.Ариунболдод итгэл төрүүлэн, залилан мэхлэж 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийн,

- 2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Да хүрээ” зах дээр иргэн З.Санчирын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй цайвар цэнхэр өнгийн “Тоётоа кроун” загварын автомашиныг зарж өгье гэж хуурч мэхлэн залилан мэхлэх аргаар олж авч, Д.Энхбаатарт өөрийн автомашин гэж хэлж хуурч мэхлэн 5.000.000 /таван сая/ төгрөгийн барьцаанд тавьж З.Санчирт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн, Д.Энхбаатарт 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирол учруулж нийт 6 ширхэг автомашин, бэлэн 37.500.000 төгрөг, 600.000 төгрөгийн автомашины сэлбэг хэрэгсэл зэргийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, бусдад 128.650.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Цагаатгагдсан этгээд М.Мөнхбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ялтан Э.Анхбаярыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батчимэгийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай “Тоёота прадо” загварын автомашиныг Г.Ариунболдод хуурч мэхлэх аргаар зарж залилан мэхлэн 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Ариунболдод “миний машин байгаа юм, эзэн нь би байна” гэж итгэл төрүүлэх зэргээр учрах саадыг арилгаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Анхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, М.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн  148 дугаар  зүйлийн  148.3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Э.Анхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Э.Анхбаяраас 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Анхбаярт оногдуулсан 13 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Анхбаярын урьд цагдан хоригдсон 211 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, М.Мөнхбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Анхбаяраас нийт 116.150.000 төгрөгийг гаргуулж 62.050.000 төгрөгийг хохирогч Б.Төгсчулуунд, 16.000.000 төгрөгийг хохирогч Б.Нямдоржид, 5.100.000 төгрөгийг хохирогч Ч.Туулд, 28.000.000 төгрөгийг хохирогч Г.Ариунболдод, 5.000.000 төгрөгийг хохирогч Д.Энхбаатарт тус тус олгуулж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 32-24 ӨМА улсын дугаартай “Тоёота Марк икс” загварын автомашиныг битүүмжилсэн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч О.Чулуунбатын тогтоолыг хүчингүй болгож, уг автомашиныг хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батзоригт буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалуулж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Анхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “…Э.Анхбаяр миний бие мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд худал мэдүүлэг өгч байгаагүй мөн өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд өөрийн гэм буруугаа ухаарсан. Би анх удаа гэмт хэрэгт шийтгүүлж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Учир нь би хэдэн жилийн өмнө ч гэсэн гарч хохирогчдыг хохиролгүй болгох чин хүсэлтэй байгаа ба би хохирлоо заавал төлөх болно. Мөн миний бие цаашид улс эх орондоо хэрэгтэй зүйл хийх хүсэл тэмүүлэлтэй явдаг” гэжээ. 

Ялтан Э.Анхбаярын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нараас хамтран бичсэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Ч.Содончимэг гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Э.Анхбаярын зарим нэг үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэхээр байдаг бөгөөд энэ нь хохирогч Б.Төгсчулууны цагдаагийн байгууллагад өгч байсан гомдол, тайлбар, мэдүүлгээр нотлогддог. /хх-н 25,39,44/ Хохирогч Б.Төгсчулуун нь “Б.Төгсчулуун би "Да хүрээ" зах дээр автомашин худалдаалдаг юм. Би 2014 оны 11 дүгээр сард БНСУ-руу ажлаар явах болсон тул өөрийн зарах гэж байсан "Тоёота кроун", “Тоёота марк икс" автомашинуудыг Э.Анхбаярт хүлээлгэн өгөөд явсан”, "Анхбаяр гэх "Да хүрээ" зах дээр хүний машин зардаг залуу байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Солонгос улс руу явахдаа 2 машинаа үлдээсэн. Солонгос улсаас ирээд гааль дээрээс машин буугаад “Тоёота Приус-30”, “Тоёота марк икс” загварын 2 машин аваачиж өгсөн”,  "Э.Анхбаяр “Да хүрээ” зах дээр хүний 2014 оны 11 сарын 3-ны өдөр Солонгос улс руу явах гээд уулзахад Э.Анхбаяр надад “Тоёота кроун", “Тоёота марк икс” автомашинуудыг лизингээр хүн авахаар болсон тул гражад тавьсан. Тэд нар урьдчилгаа 500.000 төгрөг өгсөн. Солонгос улс яваад ирэхэд Э.Анхбаяр лизинг бүтээгүй хүмүүс хөөцөлдөж байгаа гэсэн. Дараа нь "Тоёота Приус-30", "Тоёота Марк икс" автомашинуудыг зогсоол дээр тавьсан гэсэн" мэдүүлгүүдийг өгсөн. Энэ мэдүүлгүүд нь хохирогчийн хууль сануулан авахад өгсөн нотлох баримтын шинжтэй мэдүүлгүүд бөгөөд бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан байхад шүүх анхаарч үзсэнгүй.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих зүйлс буюу хохирлын тооцоог бүрэн тодорхойлж гаргаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч гэх Туулын үйлдэл нь иргэний хуульд заасан иргэд хоорондын зээлийн гэрээнээс үүдэлтэй маргаан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч хүүгүй мөнгө зээлдүүлсэн талаар мэдүүлснээр үгүйсгэгддэг.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд М.Мөнхбаярын өмгөөлөгч Т.Багахүүгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. М.Мөнхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ялтан Э.Анхбаяр болон хохирогч Ариунболд нарын хооронд хийгдсэн автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй юм. Харин М.Мөнхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр түүний үеэл ах Э.Анхбаярын гуйлтын дагуу очиж хохирогч Ариунболдод “энэ бол миний автомашин юм” гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ариунболд нь өөрийнх нь худалдан авсан автомашины жинхэнэ өмчлөгч хэн бэ гэдгийг мэдсэн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Туулаас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтны өмгөөлөгчийн зүгээс урьд намайг ялтан Э.Анхбаярт мөнгө зээлдүүлдэг байсан тул энэ нь иргэд хоорондын маргаан юм гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс ялтан Э.Анхбаярын надад учруулсан хохирлоос үндэслэлгүйгээр 600.000 төгрөг хасаж тооцсоныг мөн зөвшөөрөхгүй. Э.Анхбаяр удаа дараа худал хэлж мөнгө, сэлбэг зэргийг авсан. Би тухай бүр түүнд хүүтэй мөнгө зээлж байгааг нь хэлдэг байсан. Гэвч Э.Анхбаяр өгнө гэсэн хугацаандаа өгөөгүй. Иймд би гомдолтой байна” гэв.

Хохирогч Б.Нямдоржоос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтны өмгөөлөгч “Э.Анхбаяр нь өрнөөс өрний хооронд явж байсан тул залилангийн гэмт хэрэг биш гэж” хэллээ. Би урьд энэ хэргийн бүх шүүх хуралдаанд сууж байсан. Ялтан Э.Анхбаяр нь нэг ч хохирогчийн хохирлыг барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.

Хохирогч Д.Энхбаатараас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.

Хохирогч Б.Төгсчулууны өмгөөлөгч О.Цэвэлмаагаас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Ялтан Э.Анхбаяр нь хохирогч Б.Төгсчулуунд нийт 62.550.000 төгрөгийн хохирол учруулсан. Б.Төгсчулуун банкинд зээлтэй байсан тул одоо зээлээ төлөхөөр Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байна. Мөн энэ хэргээс болж түүний ар гэр санхүүгийн хүнд байдалд орсон. Ялтан Э.Анхбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан залилангийн гэмт хэрэг мөн юм. Харин ялтны өмгөөлөгчийн ярьж байгаа шиг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүрэлдэхүүний шинж байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…залилангийн гэмт хэрэг нь хохирогч өөрөө итгээд эд хөрөнгөө бусдад өгдгөөрөө онцлогтой. Хохирогч Б.Төгсчулуун урьд нь ялтан Э.Анхбаяраар автомашинуудаа заруулж байсан боловч сүүлд залилуулсан 4 ширхэг автомашиныг итгэмжлэл өгч заруулаагүй юм. Ялтны өмгөөлөгчийн ярьж байгаа шиг эд хөрөнгөө хадгалуулж итгэмжлэн өгөөгүй тул ялтан Э.Анхбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй. Сая хохирогч Ч.Туул “ялтан Э.Анхбаяр надаас мөнгийг эргүүлж өгнө гэж хэлээд алга болчихсон” гэж хэллээ. Үүнийг иргэний эрх зүйн харилцаа байсан гэж хэлэх үндэслэлгүй. Ялтан Э.Анхбаяр дээрх хохирогчдоос мөнгийг аваад гадаад улс руу эмчилгээнд зарцуулах гэж байсан гэж мэдүүлдэг. Хүний автомашинуудыг зарж мөнгийг нь өөртөө зарцуулж байгаа асуудал нь залилангийн гэмт хэрэг мөн юм. Ялтан Э.Анхбаяр нь хохирогч Ариунболдыг залилсан үйлдэлд М.Мөнхбаярын оролцоо байна гэж прокурорын зүгээс дүгнэж байсан ч анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд Э.Анхбаяр, М.Мөнхбаяр нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэнээс шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж чадаагүй байна гэж үзлээ. 

Энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролын хэмжээг бүрэн зөв тогтоож чадаагүй байна.Тухайлбал прокурорын яллах дүгнэлтэд Э.Анхбаярыг Б.Төгсчулууны 4, Б.Нямдоржийн 1, З.Санчирын 1, Д.Батчимэгийн 1 ширхэг машин нийт 7 ширхэг машин, Туулаас 5.100.000 төгрөгийг тус тус залилан мэхлэн авч бусдад 128.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дурдсан атлаа нийт хохирлыг 6 ширхэг машин, бэлэн 37.500.000 төгрөг, 600.000 төгрөгийн үнэ бүхий автомашины сэлбэг хэрэгсэл зэргийг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэж зөрүүтэй дүгнэсэн нь ойлгомжгүй байна.    

Мөн“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээнд /1-р хх 122/ хохирогч Б.Нямдоржийн “Тоёота Алион” загварын автомашиныг 18.000.000 төгрөгөөр үнэлсэн байхад  16.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэнд тусгаж, түүнд учруулсан хохиролын хэмжээг зөв тогтоогоогүй.                                                                                                   

Түүнчлэн Д.Батчимэг нь “...81-82 УНЛ улсын дугаартай “Тоёота Прадо” загварын автомашиныг Э.Анхбаярт заруулахаар өгсөн боловч надад зээлээр зарсан гэж ойлгуулаад, бусдад зараад мөнгийг нь  бэлнээр авсан байх тул шалгаж  өгнө үү...” гэсэн утга бүхий өргөдөл Цагдаагийн байгуулагад гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байх боловч  түүнийг зөвхөн гэрчээр асуусан, хэдийгээр Д.Батчимэг нь машинаа буцаан авсан байгаа боловч энэ үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нарийвчлан шалгаж тодруулах  шаардлагатай.   

 Энэ хэрэгт прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар Б.Баярсайханыг яллагдагчаар татсан боловч түүнд холбогдох хэргийг “...хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, сонсгосон зүйл анги нь өршөөлд хамрагдах үндэслэлтэй байна...” гэж дүгнэн  2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 68А дугаар прокурорын тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар   хэрэгсэхгүй болгожээ.

 “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан байхад яллагдагч Б.Баярсайхан нь хохирогч Б.Төгсчулуунд хохирлоо төлөх талаар илэрхийлсэн баримт хэрэгт байхгүй байх ба дээрхи хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагч Л.Оюунтунгалаг нь Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэгтээ хайнга хандаж Б.Баярсайханы гуйлтаар Б.Төгсчулууны 2 ширхэг автомашины бичиг баримтыг бусдын нэр дээр шилжүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн, үүний улмаас бусдад хохирол учруулсан    байна.

Гэтэл  2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 69/А дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгүүдэд зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байх бөгөөд Автотээврийн үндэсний төвийн хоёр ажилтны албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутай үйлдлийн улмаас ялтан Э.Анхбаяр нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж  иргэдэд хохирол учирсан байхад тус байгууллагыг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Анхбаяр, М.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Анхбаяр, М.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр тус шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.  

2. Хэрэг прокурорт очтол Э.Анхбаярт урьд авсан цагдан хорих, М.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  1. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                  Д.ОЮУНЧУЛУУН