Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2016/0517/э |
Дугаар | 60 |
Огноо | 2016-07-18 |
Зүйл хэсэг | 148.4., |
Улсын яллагч | О.Багшбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,
иргэдийн төлөөлөгч Г.Баасанцэрэн,
улсын яллагч О.Багшбаяр,
хохирогч Б.Төгсчулууны өмгөөлөгч О.Цэвэлмаа,
хохирогч Г.Ариунболд, Б.Нямдорж,
хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батзориг,
шүүгдэгч Э.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг,
шүүгдэгч М.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Энэбишийн Анхбаярт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Мөнбишийн Мөнхбаярт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 25000 8252 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхон 1-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Энэбишийн Анхбаяр, РД:Ш384092319,
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нябо мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50-199 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Мөнбишийн Мөнхбаяр, РД:УП89062499,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Анхбаяр нь давтан үйлдлээр 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Да хүрээ зах дээр Б.Төгсчулууны эзэмшлийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун /Тоуоta Crown/, 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х /Тоуоta Mагк-Х/, 2009 онд үйлдвэрлэсэн Приус-30 /Prius-30/, 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х-О /Тоуоta Mагк-Х-О/, маркийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй 4 ширхэг автомашиныг зарж өгье гэж хуурч мэхлэн залилан мэхлэх аргаар олж авч бусдын эзэмшилд шилжүүлж 62.550.000 төгрөгийн,
мөн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Да хүрээ зах дээр байсан Б.Нямдоржийн эзэмшлийн Тоёота Алион /Тоуоta Alion/ маркийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй автомашиныг залилан мэхлэх аргаар олж авч бусдын эзэмшилд шилжүүлж 16.000.000 төгрөгийн,
мөн 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр сэлбэгийн ченж ажилтай Ч.Туулаас 600.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бэлэн 4.500.000 төгрөг хуурч мэхлэх аргаар олж авч 5.100.000 төгрөгийн,
мөн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батчимэгийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо /Тоуоta Рrado/ маркийн автомашиныг яллагдагч М.Мөнхбаяраар “...миний машин байгаа юм, эзэн нь би байна” гэж хэлүүлэн Г.Ариунболдод итгэл төрүүлэн, залилан мэхлэж 28.000.000 төгрөгийн,
мөн 2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр иргэн З.Санчирын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй цайвар цэнхэр өнгийн Тоёота Кроун /Тоуоta Crown/ маркийн автомашиныг зарж өгье гэж хуурч мэхлэн залилан мэхлэх аргаар олж авч, Д.Энхбаатарт “өөрийн автомашин” гэж хэлж хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьж З.Санчирт 12.000.000 төгрөгийн, Д.Энхбаатарт 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж нийт 6 ширхэг автомашин, бэлэн 37.500.000 төгрөг, 600.000 төгрөгийн автомашины сэлбэг хэрэгсэл зэргийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, бусдад 128.650.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Мөнхбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Э.Анхбаярыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батчимэгийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо /Тоуоta Рrado/ маркийн автомашиныг Г.Ариунболдыг хуурч мэхлэх аргаар зарж залилан мэхлэн 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Ариунболдод “миний машин байгаа юм, эзэн нь би байна” гэж итгэл төрүүлэн учрах саадыг арилгаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эдгээр асуудлууд нь 2014 оны өвөл 10-12 сарын хооронд болсон үйлдэл юм. Төгсчулууны 4 машины хувьд хэлэхэд Төгсчулуун өөрөө надаар заруулахаар өгсөн. Урьд нь ч бас Төгсчулуун итгэмжлэл хийж өгч машинаа надаар заруулдаг байсан. Би түүний машиныг зардаг байсан. Тэрнээс биш би машиныг чинь зараад өгье гэж хэлж аваагүй. Туул гэдэг сэлбэгийн ченжийн хувьд бол 4.500.000 төгрөгийг би түүнээс хүүтэй зээлсэн бөгөөд тэр мөнгөнөөс гадна би түүнээс 600.000 төгрөгийн сэлбэг авсан юм. Батчимэгийн хувьд бол тэр өөрийнхөө машинаа зараад өгөөч гэж надад авчирч өгөхөөр нь би хуучин машины ченж Ариунболд гэгч хүнд зарж 28 сая төгрөгийг нь авсан. Би тэр мөнгийг нь Батчимэгт өгч болох байсан боловч надад цаг хугацааны асуудал гараад мөнгийг нь түүнд өгч чадаагүй. Энхбаатараас 5 сая төгрөг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Нямдоржийн хувьд бол түүний машин зарагдахгүй удаад байсан болохоор нь би тэр Аллион машиныг нь өөрөө авч унъя гэж бодоод авсан. 4 сая төгрөгийг нь түүнд өгөөд үлдсэн мөнгийг нь удалгүй дараа өгье гэж хэлээд нотариатаар гэрчлүүлж гэрээ хийсэн. Ийм л хэрэг болсон гэв.
Шүүгдэгч М.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 13-ны орой би 19 цагаас хойш хүүхдээ хараад гэртээ байж байтал манай аавын төрсөн ахын хүүхэд болох Анхбаяр ах над руу залгаж, удаа дараа мессеж бичээд “хүрээд ир. Ах нь Бөхийн өргөөний хажууд машин зарах гээд байна” гэхээр нь би “очиж амжихгүй” гэдгээ хэлсэн. Гэтэл удаа дараа залгаад “хүрээд ир” гээд байхаар нь аавын маань ахын хүүхэд юм чинь яваад очъё гэж бодоод очиход Анхбаяр миний машины урд суугаад “ах нь машин зарж байгаа юм. Мөнгө төгрөгийг нь би авчихсан. Гэтэл эзнийг нь хармаар байна гээд болохгүй байна. Чи ахынхаа хэлснийг л хэлээд байж байгаарай. Чиний машин мөн үү гэвэл миний машин мөн гэж хэлээд л байж байгаарай” гэж надад хэлсэн. Би Анхбаяр ахын залгасан тэр өдрийн 21 цаг өнгөрөөж эхнэрийнхээ машинтай Бөхийн өргөөний тэнд очсон. Тэр үед Ариунболд эгч нөхөртэйгээ миний машины ард орж ирж суугаад нөхөртэйгээ муудалцаад байсан. Ариунболд эгч тэгэхэд “чам шиг халтар банди ийм машины эзэн байдаггүй юм. Чи эзэн нь биш байна. Анхбаяраа чи намайг залилсан шүү. Би одоо өгдөг газар нь өгнө” гээд Анхбаяртай муудалцаад миний машинаас буугаад явсан. Тэгэхээр нь би Анхбаяр ахад “би одоо явлаа. Манай хүүхэд өвдөөд байгаа” гэхэд тэр “чи дуугай л байж бай. Ах нь бүх үнэнийг хэлээд мөнгийг нь өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр ах Ариунболд эгчийн нөхөртэй миний машинаас буугаад явахаар нь би хөдлөөд явах гэтэл миний урдаас цагдаа ирээд тэд нарыг авч явсан. Тэгэхээр нь би Бөхийн өргөөний уулзвараар хороолол руу явтал цагдаа миний урд зогсоод “за Мөнхбаяраа дагаад цуг явна шүү” гэсэн. Тэгээд цагдаагийн газар руу цуг дагаад явсан. Цагдаагийн хэлтэс рүү Ариунболд эгч нөхөртэйгээ цуг яваад орохоор нь би араас нь орох гэтэл Анхбаяр ах надад “чамаас янз бүрийн юм асуувал сандраад хэрэггүй. Би энэ хүний мөнгийг авчихсан байгаа юм. Чамайг эзэн нь мөн үү гэвэл эзэн нь мөн гэж хэлээд л дуугүй зогсож бай“ гэж хэлээд цуг орсон. Цагдаа юу болсон талаар асуухад Ариунболд эгч “энэ хүмүүс намайг залилсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа хаана хэрэг болсон талаар асуухад Да хүрээ зах дээр наймаа хийсэн талаараа Ариунболд эгч хэлсэн. Би тухайн үед юу болоод байгааг мэдээгүй. Тэд өдрөөс өмнө нь Анхбаяр, Ариунболд эгч нар мөнгө төгрөгөө өгч авалцсан байсан юм байна лээ. Би мөнгө төгрөг өгч авалцсаныг хараагүй. Юу болсоныг мэдээгүй гэв.
Хохирогч Г.Ариунболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Анхбаяраас урьд машин авч түүнтэй танилцаж байсан. 2014 оны 12 дугаар сарын 11-ний Пүрэв гаригт манай нөхөр “Да хүрээ” зах дээр явж байхад нь түүнийг Анхбаяр дуудаад “28 сая төгрөгөөр хамаатанд маань зарах машин байна. Та хоёр авах юм уу. Цааш нь зарвал та нарт ашиг гарна” гэхээр нь нөхөр маань тэр машиныг үзээд над руу ярьсан. Анхбаяр тэгээд бас залгаж надтай яриад “танай нөхөр энэ машиныг үзлээ. Манай хамаатан энэ машиныг ХААН банкинд алдах гээд байна. Та нар авчих” гэж ярьсан. Тэгээд би гэрийнхээ гадна хүлээгээд байж байхад “Прадо” маркийн машиныг тэр унаж ирсэн. Би тэгээд тэр машиныг авахаар болоод гэр рүүгээ орж картаа аваад гараад иртэл тэр машины багажийг сөхчихсөн байсан. Юу болсон юм бол гээд хартал Мөнхбаяр нь 2-3 тортой юм өөрийнхөө цагаан “Аллион” машинд ачиж байсан. “Прадо”-гийн ард үлдсэн зарим зүйлийг нь авахгүй юм уу гэж намайг асуухад “өө наадхаа хаячих” гэж Мөнхбаяр надад хэлж байсан. Тэгээд ХААН банкинд очиж мөнгө аваад өгөхөд Мөнхбаяр бас Анхбаярын хажууд зогсож байсан. Би Анхбаярт 28.000.000 төгрөг тоолж өгөхөд Анхбаяр тэр мөнгийг аваад гарсан. Анхбаяр тэр үед Мөнхбаярыг “манай дүү” гэж хэлж байсан. Тэгээд машин эзэмшигчийнхээ нэрээ нотариатаар шилжүүлье гэхэд Анхбаяр “хүн нь хөдөө явсан байгаа юм. Та надад цахим үнэмлэхээ машиныхаа бичиг баримтаа цуг өгчих” гэхээр нь би өгсөн. Маргааш нь би нөхөртөө “нэрийг нь шилжүүлээд аваад ир” гэхэд ХААН банкны эдийн засагч нар хуралтай байгаа болохоор болсонгүй гэхээр нь би Мөнхбаяр руу залгаад “за тэгвэл наймаагаа буцъя. Би мөнгөө авъя” гэж хэлсэн. Тэгээд би тэр 12-ны оройноос эхлэн шөнөжингөө түүн рүү залгахад тэр утсаа авахгүй байсан. Маргааш нь буюу хагас сайн өдөр би “Да хүрээ” дээр очоод Анхбаяр байж байснаа алга болсон. Би тэгэхээр нь түүний утас руу залгатал “би ажилтай байна. Захаас гараад явчихлаа” гэсэн. Тэр хагас сайн өдрийн буюу 13-ны орой 21 цагийн үед түүнтэй холбогдоход “та Бөхийн өргөөний тэнд хүрээд ир” гэхээр очоод уулзаад мөнгөө нэхтэл “би эзнийг нь дуудчихлаа. Танд мөнгийг чинь удалгүй өгнө” гээд байсан. Тэр үед цагаан “Аллион” машинтай залуу ирээд цонхоо онгойгоод “суучих” гэхээр нь “би суухгүй. Мөнгөө л авмаар байна” гэхэд мөнгийг маань өгөхгүй байсан учир би утсаар цагдаа дуудсан. Тэгэхэд Мөнхбаяр машинаа асаагаад Бөхийн өргөөний сүүдэр талд очиж зогссон. Цагдаа ирээд “нөгөө эзэн нь ХААНа байна” гэхэд Мөнхбаяр алга болсон байсан. Тэгээд бид гурвыг цагдаа машиндаа суулгаад явах гэж байхад Мөнхбаярын машин харагдахаар нь би цагдаад хэлсэн. Тэгэхэд цагдаа эсрэг урсгал руу шахаж ороод түүнийг хааж зогсоох гэтэл хажуу талаас нь машин орж ирээд мөргөөд зогссон. Тэр үед Банзрагч гэдэг цагдаа Мөнхбаярт “чи яагаад зугтааж цагдаагийн машин осолдуулж байгаа юм бэ” гээд бид нартай цуг Сансарын хажуу талын цагдаагийн хэлтэс дээр очсон. Цагдаа дээр очоод би учрыг хэлж байхад Мөнхбаяр “авгай минь дуугүй бай. Би энэ Прадогийн эзэн нь байна. Би тэр 28.000.000 төгрөгийг Анхбаяраас бүрэн бүтэн аваад ХААН банкинд байршуулсан байгаа” гэж цагдаа нарын хажууд хэлж байсан. Цагдаа нар Мөнхбаярт хандаж “чи энэ хүнийг хохиролгүй болго” гэхэд нь тэр “за” гэж хэлээд намайг машиндаа суулгаад 2 цаг гаруй миний мөнгийг өгөх гэж байгаа юм шиг дүр эсгэж авч явж байгаад Анхбаярт хандаж “ах таны тэргүүд гааль дээрээс ирсэн юм чинь энэ авгайг дуугүй болгох баримт байна уу” гэхэд Анхбаяр “за тэгвэл Да хүрээ зах дээр байгаа 4-5 машиныхаа гаалийн бичгийг өгчихье” гээд авч явсан. Очиход харуул нь “шөнийн цагаар зах руу хүн нэвтрүүлэхгүй” гэж хэлэхэд нь Анхбаяр учраа хэлж ороод гарч ирээд надад 4 ширхэг бичиг өгсөн. Би шинэ машины гаалийн бичгийг мэдэхгүй байсан учир “энэ юу юм бэ” гэхэд Мөнхбаяр надад дамжуулан “энэ гаалийн бичиг” гээд Анхбаяраас авч надад өгсөн. Өглөө нь би залгахад надтай холбогдоогүй. Нэмж хэлэхэд би 5 дахь өдөр зөндөө утсаар залгаж байхад Анхбаяр надад “тэр машины мөнгийг чинь эзэнд нь өгчихсөн юм чинь надад одоо мөнгө байхгүй. Би тэгэхээр таныг эзэнтэй нь уулзуулаад тэр мөнгийг чинь аваад таниас өмнө зээлсэн байсан 14.000.000 төгрөгийг хүүтэй нь өгнө” гэж хэлж байсан. Удалгүй Мөнхбаяр над руу утсаар залгаад “би тэр машины эзэн. Та битгий санаа зов. Тэр мөнгө надад байгаа” гэж хэлж байсан. 5 дахь өдрийн 23 цагийн үед 86111666 дугаарын утаснаас над руу эмэгтэй хүн залгаад “би Мөнхбаярын эхнэр нь байна. Та битгий залгаад байгаач, Бид ХААН банкинд тавьсан байгаа” гэж хэлж байсан. Би 28.000.000 төгрөгөөс буцааж нэг ч төгрөг аваагүй. Энэ 28.000.000 төгрөгийг би Мөнхбаяраас нэхэмжилж байна. Учир нь Мөнхбаяр тэр машины эзэн нь гэж хэлж байсан. Харин би тэр машиныг Анхбаяраас худалдаж авсан. Надад мөнгө өгнө гэж Мөнхбаяр нь Анхбаяртай цуг намайг дагуулж явж байсан. Намайг залилсан болох нь хангалттай нотлогдож байгаа гэв.
Хохирогч Б.Нямдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 14-ний бүтэн сайн өдөр болсон асуудал. Би тэр машиныг урьд нь Ганбаяр гэдэг ченжид заруулахаар өгсөн байсан. Тэгээд би тэр 14-ний өдөр Да хүрээ зах руу яваад машин маань юу болж байгааг мэдэхээр очтол Анхбаяр гэдэг залуу сууж байсан. Тэгэхэд тэр “таны машин зарагдахгүй удаж байна шүү. Эсхүл та надад машиныхаа нэрийг шилжүүлээд өгчих юм уу, би он гаргаад мөнгийг чинь өгье” гэж байсан. Тэгэхээр нь би “болох л юм байна” гэж хэлээд явсан. Маргааш нь буюу 15-ны өдөр Анхбаяр өөрөө над руу залгаад “та хүрээд ир. Нэрээ шилжүүлэхээр нотариат оръё” гэхээр нь би Да хүрээ зах дээр яваад очоод “хоёулаа нотариат оръё” гэхэд Анхбаяр “одоогоор жаахан завгүй байна” гэхээр нь би өөрөө нотариат дээр эхэлж очсон. Тэгээд Анхбаярыг дуудаад цуг ороход “танд би бэлэн 5.000.000 төгрөг өгье. Үлдэх мөнгийг чинь 1 дүгээр сарын 20 гэхэд өгье” гэсэн. Тэгээд бид гэрээ хийх гэтэл Анхбаяр “одоо надад яг 4 сая төгрөг байна” гэхээр нь тэр мөнгийг нь авах гэтэл “ахаа байгаа нь 2 сая төгрөг байна. Би өдөр гэхэд 2 сая төгрөгийг танд өгье” гэж хэлэхээр нь итгээд гэрээгээ хийгээд явсан. Орой нь Анхбаяр руу утсаар залгахад холбогдохгүй байсан. Маргааш нөгөөдөр нь бас залгахад мөн л утсаа авахгүй байсан. Тэгтэл Ганбаяр гэдэг ченж над руу утсаар залгаад “машинаа яасан юм бэ” гэхээр нь би түүнд учраа хэлтэл “чи хүрээд ир. Анхбаяр гэдэг тэр залуу залилан хийгээд алга болсон байна” гэхээр би очсон. Тэгээд би цагдаа дээр 12 дугаар сарын 19-нд өргөдөл өгсөн. Би одоо тэр машинаа л олж авмаар байна. Би Анхбаяраас нийт 2 сая төгрөг л авсан. Аваагүй үлдсэн нь 16.000.000 төгрөг юм гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хоёр хүнээс бор саарал өнгийн “Тоёото Марк Х” маркийн машиныг 15.500.000 төгрөгөөр худалдаж аваад нэрээ шилжүүлэхээр Автотээвэр рүү явсан. Тэгэхэд тэнд байсан Анхбаяр гэдэг залуу утсаар тухайн байгууллагын ажилтан эмэгтэйг нэг хүнтэй яриулаад миний нэр дээр уг машиныг шилжүүлж өгсөн. Тэгээд би 2015 оны 01 дүгээр сарын 20-нд машинаа унаад явж байхад цагдаагийн байгууллагаас над руу утсаар ярихаар нь би Чулуунбат гэдэг байцаагч дээр яваад очтол “таны машин хулгайд холбогдсон машин байна” гээд миний машиныг битүүмжилсэн. Тэр машиныг Анхбаяр надад нэр шилжүүлж өгсөн. Би одоо тэр битүүмжлэгдсэн машинаа авмаар байна. Эсхүл мөнгийг нь Анхбаяраас авмаар байна гэв.
Шүүгдэгч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сард Төгсчулуунаас бор өнгийн, “Марк-Х” маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 2014 оны 04 дүгээр сард орж ирсэн, номер аваагүй автомашин нэгийг 158 сая төгрөгөөр зарж өгнө гээд авсан. Цагаан өнгийн, Тоёота Кроун маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн 2014 оны 06 дугаар сард орж ирсэн автомашиныг 16.5 сая төгрөгөөр зарж өгнө гэж авсан. 2014 оны 10 дугаар сард Кара Энхбат гэх хүнд Тоёота Кроуныг 11 сая төгрөгөөр зарсан, бор өнгийн Марк-Х машиныг хуучин машин зардаг Шинээ гэх хүнд 10.2 сая төгрөгөөр зарсан. Тэр хоёрт Төгсчулууны иргэний үнэмлэхний хуулбарыг өгсөн. Тухайн үед Төгсчулуун надаас хоёр машинаа асуухаар нь би “банкны зээлээр өгөх гээд тавиулсан байгаа” гэж хэлсэн. Дараа нь Төгсчулуунаас 2009 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус-30 маркийн мөнгөлөг өнгийн автомашин, хар өнгийн Марк-Х маркийн автомашиныг зарж өгнө гэж авсан. 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баярсайхан гэх таньдаг ахаараа Тоёота Приус автомашиныг Дүүрэнбаяр гэх эмэгтэйн нэр дээр шилжүүлээд хуучин машин авна гэсэн зараар утасдаж танихгүй хүнд 12 сая төгрөгөөр зарсан. Хар өнгийн Марк-Х маркийн автомашиныг Ариунболд гэх машин угаадаг хүүхдийн нэр дээр шилжүүлж, зараар утасдаж байгаад танихгүй хүнд 10 сая төгрөгөөр зарсан. 2014 оны зун машины ченж Ганбаяр гэх залуугийн найз Нямдорж нь 2007 онд үйлдвэрлэсэн 46-75 УБА улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг надаар 17 сая төгрөгөөр заруулахаар тавиулсан. Би Нямдоржтой яриад “чи над руу машинаа шилжүүлчих, одоо 4 сая төгрөг бэлнээр өгье, үлдсэн 13 сая төгрөгийг 2015 оны 01 дүгээр сард өгье” гэж гэрээ хийсэн. Нямдоржийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлээд Халдвартын ард талын авто ломбарданд 11 сая төгрөгөөр зараад худалдаж авсан гэсэн гэрээ хийж өгөөд үлдээсэн. Санчир ахаас 2014 оны 10 дугаар сарын сүүлээр цэнхэр туяатай, 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота кроун маркийн автомашиныг 20 сая төгрөгөөр зарж өгнө гэж аваад Кара Энхбат ах дээр очоод 5 сая төгрөг зээлээд барьцаанд нь Тоёота Кроун машиныг үлдээсэн. Мөнгөө буцааж өгөөд машинаа авна гэж тохирсон. ...2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Батчимэг эгчийн 82-81 УБ гэсэн дугаартай Тоёота Прадо маркийн машин зарж өгнө гэж аваад хуучин машин авдаг Ариунболдод 2014 оны 12 дугаар сарын эхээр 28 сая төгрөгөөр зараад хэд хоногоос нэрийг нь шилжүүлж өгнө гэсэн. Туул гэх сэлбэг зардаг эгчээс 2014 оны 12 дугаар сарын эхээр бэлнээр 4.5 сая төгрөг авсан. 600.000 төгрөгөнд гупер, крыло, гэрэл авсан. Уг мөнгөнөөс 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр Баярхүү ахаас авсан 26 сая төгрөгийн өрийг өгсөн. Ченж Лхагва гэх залууд 2014 оны 12 дугаар сарын эхээр 10 сая төгрөгийн өр өгсөн. Би нийт 120 сая төгрөгийн хохирол учруулсан. Туулаас 5 орчим сая төгрөг, Төгсчулуунаас 4 тооны автомашин зарна гэж авсан бөгөөд энэ нь 60 орчим сая төгрөг, мөн Нямдоржоос нэг Алион маркийн автомашин зарж өгнө гэж хэлээд анх авч байсан юм. Өрний хэмжээ ихсээд ийм асуудалд холбогдсон. Би Оюунтунгалагийг танихгүй. Зүс таньдаг Баярсайханаар автомашин шилжүүлэх талаар гуйж байгаад Төгсчулууны машинуудыг шилжүүлэх гарын үсэг зуруулж Оюунтунгалагаар хар Марк-Х, Приус-30 зэргийг шилжүүлсэн, Баярсайханаар цагаан Кроун, бор Марк-Х машиныг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх 144-149, 2-р хх 34, 103, 183-184 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сард би Анхбаяр ах руу залгаж машины сэлбэг асуусан. Тэгтэл хоёр хоногийн дараа над руу залгаад “ах нь чиний асуугаад байсан сэлбэгийг олчихсон, ирээд авчих” гэсэн. Намайг очтол Анхбаяр ах “нэг Прадо машин зарах гэж байгаа юм, ХААН банкны нэр дээр байдаг машин, чи зүгээр тэр хүнд нь энэ миний машин байгаа юм, би нэг дэх өдөр нэрийг нь шилжүүлээд өгье” гээд хэлээд өгчих гээд Анхбаяр ах миний авах гэж байсан гуперийг надад өгсөн. Тэр машиныг үзэж байсан ах надаас юм асуухаар нь би нэг их юм дуугараагүй байж байгаад явсан. Хэд хоногийн дараа Анхбаяр ах над руу залгаад “Бөхийн өргөөн дээр хүрээд ир ахынхаа аминд ор, Прадо машины хүнтэй уулзах хэрэгтэй байна, энэ хүмүүс намайг цагдаад өгөх гээд байна, ах нь машиных нь нэрийг шилжүүлж амжаагүй юм, чи ахынхаа хэлснээр машины нэрийг шилжүүлж өгнө, асуудалгүй нэг дэх өдөр шилжүүлнэ гэж хэлээрэй, чи өөрийгөө барилгын компанитай, интернэт ажиллуулдаг” гэж хэлээрэй гэж хэлсэн. Би нөгөө машин дээр очтол нэг танихгүй залуу “энэ чиний машин уу” гэхээр нь би “тиймээ, энэ миний машин” гэж хэлээд явсан. Дараа нь Бөхийн өргөөн дээр эмэгтэй, эрэгтэй хоёрт би “ажил ихтэй байна, өнөөдөр нэрийг чинь шилжүүлж чадсангүй” гэтэл нөгөө эмэгтэй шууд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг, /1-р хх 142-143, 2-р хх 24-26, 185-186, 218 дугаар хуудас/
Хохирогч Б.Төгсчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Да хүрээ зах дээр хүний машин зардаг Э.Анхбаяр гэх залуу байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Солонгос улс явах гээд Анхбаяртай уулзахад “Тоёота Кроун, Тоёота Марк-Х маркийн машиныг чинь лизингээр хүн авахаар болсон учир грашид тавьсан байгаа, хоёр машины урьдчилгаа гээд надад 500.000 төгрөг өгсөн. Тэгээд Солонгос яваад ирэхэд Анхбаяр “лизинг бүтээгүй, хүмүүс хөөцөлдөөд яваад байгаа” гэсэн. Дараа нь Приус-30, Марк-Х маркийн машинуудыг би зогсоол дээр тавьсан. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Солонгосоос ирээд Анхбаяртай утсаар яриад “машин тэрэг юу болж байна” гэхэд “банкинд таньдаг эдийн засагчдаа хэлсэн, удахгүй байх аа” гэхээр нь би “надад утсыг нь өгөөдөх” гээд утсыг нь аваад ярихад “удахгүй машины зээл гаргана” гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Анхбаяр миний машиныг бүгдийг нь зарж өөр хүний нэр дээр шилжүүлээд өөрөө зугтаагаад алга болсон байсан. Намайг байхгүйд миний машиныг яаж өөр хүний нэр дээр шилжүүлснийг сайн мэдэхгүй. Анхбаяр хажуугийн зогсоол дээр машин зардаг залуу, би түүнд итгээд орж ирсэн 4 машиныхаа гаалийн бичгийг өгөөд явсан. Гомдолтой байна, алдсан машинаа олж авмаар байна.” гэх мэдүүлэг, /1-р хх 43-45, 2-р хх 73, 209 дүгээр хуудас/
Хохирогч З.Санчирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын эхээр Анхбаяр гэх таньдаг залуу над дээр ирээд “машиныг чинь зараад өгье” гээд 2005 оны Кроун машины гаалийн бичгийг авсан. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ зах дээр Анхбаяраас машинаа асуух гээд очтол “Анхбаяр хүмүүсийн машиныг залилаад гадагшаа гарсан” гэж хүмүүс ярьж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Анхбаяр нь Да хүрээ зах дээр олон жил машин зарж байдгаар нь таньдаг. Би машинаа хүлээж аваад өөр хүнд зарсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /1-р хх 46-47, 2-р хх 180 дугаар хуудас/
Хохирогч Б.Нямдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Анхбаяр “машинаа миний нэр дээр шилжүүлчих, унаж байгаад зараад өгье” гэж хэлсэн. Маргааш нь “та миний нэр дээр шилжүүлээд дугаар авчих” гээд иргэний лавлагаагаа өгөхөөр нь шилжүүлсэн. Дараа нь “надад 2 сая төгрөг байна, үлдэгдэл 16 сая төгрөгийг 01 дүгээр сарын 20-ны дотор өгнө” гэж гэрээ хийсэн юм. Тэр өдрөөс хойш Анхбаяр алга болсон, миний машиныг одоо өөр хүн унаад 46-75 УБА улсын дугаартай явж байна лээ. Би гомдолтой байна, 16 сая төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /1-р хх 48-49, 2-р хх 74, 181 дүгээр хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Да хүрээ зах дээр машин үзэж яваад бор саарал өнгийн 2006 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х маркийн автомашиныг нэг залуугаас 15.5 сая төгрөг бэлэн өгөөд авсан. Анхбаяр гэх залуу утсаар яриад миний машинд 32-24 ӨМА улсын дугаар авч өгсөн, түүнийг огт танихгүй. Би гомдолтой байна, 15.5 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /1-р хх 50-51, 2-р хх 18, 210 дугаар хуудас/
Хохирогч Ч.Туулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Да хүрээ зах дээр сэлбэг зардаг, хажуу талд Анхбаяр гэх залуу 3 жил зогсож байгаа. Тэр залуу 2014 оны 11 дүгээр сарын дундуур “түрээс нэхэгдээд байна” гээд надаас хүүгүй 1.8 сая төгрөг авсан. Дараа нь “банкны барьцаа хийгээд эргүүлээд өгнө” гээд 3 сая төгрөг аваад 1.8 сая төгрөг буцааж өгөөд 3 сая төгрөг үлдсэн. 2014 оны 12 дугаар сард 600.000 төгрөгийн машины сэлбэг зээлээр авсан. Бас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.5 сая төгрөг зээлчих гээд авсан. Тэгтэл Анхбаяр нь хүмүүсээс баахан мөнгө зээлээд алга болсон байсан. Би гомдолтой байна, 5.1 сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /1-р хх 52-53, 2-р хх 19-20 дугаар хуудас/
Хохирогч Г.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Да хүрээ зах дээр Анхбаяр таараад “эгчээ Прадо-120 маркийн автомашин хямдхан худалдаж авахгүй юмуу, 30 сая төгрөгнөөс 28 сая төгрөгөнд зарчихна, мөнгөний хэрэг гараад хурдан зармаар байна” гэхээр нь зөвшөөрч “мөнгийг нь өгөөд нэрээ шилжүүлье” гэсэн. Тэгэхэд Анхбаяр “энэ машиныг ХААН банкинд барьцаанд тавьсан байгаа, та надад 28 сая төгрөгөө иргэний үнэмлэхтэйгээ хамт өгчих би маргааш таны нэр дээр шилжүүлээд аваад ирье” гэхээр нь 28 сая төгрөг өгсөн. Ингээд маргааш нь 12 цагийн үед Анхбаяртай ярихад “та санаа зоволтгүй, би машиныг шилжүүлээд орой тань руу залгая” гээд алга болсон. Намайг залгаж асуухад “эдийн засагч нь хуралтай байна, ажлын цаг тарчихлаа“ гэсэн. Маргааш нь залгаад “би мөнгөө авья машиныг чинь авахаа болъё” гэхэд “юун сүртэй юм, би ажилтай байна” гээд утсаа авахаа больсон. Дараа нь Анхбаяртай Бөхийн өргөөний хажууд уулзахад Анхбаяр надад “одоо машины жинхэнэ эзэн ирнэ, та уулзаадах” гэсэн. Цагийн дараа Прадо машины эзэн гэх Мөнхбаяр ирээд надад хандан “та юундаа сандраад байгаа юм, би Анхбаяраас мөнгөө авчихсан” гэхээр нь би “мөнгөө авъя, машиныг чинь худалдаж авахаа больчихлоо” гэж хэлсэн. Мөнхбаяр “би нэг дэх өдөр шилжүүлээд өгье” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, /1-р хх 54-56, 2-р хх 21-23 дугаар хуудас/
Хохирогч Д.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сард Да хүрээ зах дээр машин зардаг Анхбаяр ирээд “10 сая төгрөг хүүтэй зээлээч, хямдхан машин авах гэсэн юм” гэхээр нь би “10 сая төгрөг байхгүй, барьцаатай бол 5 сая төгрөг зээлж болно” гэсэн. Тэгээд мөнгөлөг цэнхэр өнгийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун маркийн автомашиныг барьцаанд өгч 7 хоногийн хугацаатай 500.000 төгрөгийн хүү өгөхөөр 5 сая төгрөг бэлнээр авсан. 7 хоногийн дараа утасдаж асуухад “дахиад 7 хоног сунгаач” гэсэн, сүүлдээ утас нь холбогдохгүй, ажил дээр нь очиж уулзахад хаана байгаа нь мэдэгдэхгүй, хүмүүс залилаад гадаад явсан сурагтай байсан. Тэр машиныг Анхбаяр нь Санчир гэх хүнээс зарж өгье гэж аваад надад барьцаанд тавьсаныг мэдээгүй. Би гомдолтой байна, 5 сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /1-р хх 57-58, 2-р хх 75 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Х.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын сүүлээр Тоёота Алион маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 46-75 УБА улсын дугаартай машиныг 14.7 сая төгрөгөөр худалдаж авч байсан, уг машиныг интернэтэд зарна гэсэн зар тавьсан байхаар нь очиж үзээд авсан. Надад хэлэхдээ байрны зөрүүнд уг машиныг авсан гэж байсан, Анхбаяр гэх хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг, /2-р хх 182 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч А.Баттүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Ариунсувд нь манай байгууллагад 40 сая төгрөгний зээлтэй байж байгаад барьцаа хөрөнгөө өөрчлүүлнэ гээд 74-40 УБҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг тавьсан. Уг машин нь одоо 38 сая төгрөгийн барьцаанд байгаа, уг зээлийг төлж дуустал 74-40 УБҮ улсын дугаартай автомашин манай өмч байх юм. Г.Ариунсувдын 74-40 УБҮ дугаартай Тоёота Кроун автомашиныг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /2-р хх 126-127 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч П.Сүхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...57-20 УБА улсын дугаартай автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ зах дээрээс Сүхбаатар гэх залуугаас 14 сая төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн. 57-20 УБА дугаартай Тоёота Кроун автомашиныг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /2-р хх 145-146 дугаар хуудас/
Гэрч Д.Батчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 8 хувийн байрны зээлэнд хамрагдах гэтэл банкнаас автомашиныхаа лизинг барагдуулахгүй бол болохгүй гэхээр нь 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо-120 маркийн автомашины зээлийн үлдэгдэл 36 сая төгрөгийг Одончимэг, Жавхлантөгс хоёроос авч төлсөн юм. Гэтэл 2014 оны 12 дугаар сард Одончимэг мөнгөө нэхэхээр нь машинаа зарж төлөхөөр болсон. Тэгээд Анхбаярт машинаа зараад өг гээд 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. Анхбаяр залгаад “машиныг чинь зээлээр өгөх болсон шүү, та машинаа банкинд зээлгүй гэсэн бичиг аваад өг” гэсэн. 12 дугаар сарын 15-ны өдөр нэг эмэгтэй залгаад “би банкин дээр байна нэрээ шилжүүлнэ гэсэн яасан бэ” гэж ярьсан. Би түүнд “өөртэй чинь машиныхаа нэрийг шилжүүлнэ гэж яриагүй“ гэсэн. Анхбаяр 12 дугаар сарын 15-ны шөнө “наад хүндээ машиныхаа нэрийг битгий шилжүүлээрэй, мөнгөө дутуу өгсөн шүү“ гэж хэлсэн. Маргааш нь нөгөө эмэгтэй залгаад “би машиныг чинь авсан хүн байна, олон хоног хүлээлээ, та нар залилан хийгээд байх шиг байна, яг юу болсон юм яриадах” гэхэд нь Анхбаярт машинаа заруулахаар өгсөн талаараа ярьсан. Тэр хүмүүсээс “Анхбаярт хэдэн төгрөг өгсөн юм“ гэхэд “28 сая төгрөг өгсөн” гэж байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх 60-61 дүгээр хуудас/
Гэрч Э.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би орон сууцны зээлд хамрагдаад бэлэн 40 сая төгрөг авчихсан байх үед хадам эгч Батчимэг банкинд давхар зээлтэй, нэг зээлээ дарахгүй бол болохгүй байна гээд 35 сая төгрөг зээлсэн юм. Гэтэл манай захиалсан байр ашиглалтанд орж гэрээ хийх гээд мөнгө нэхэгдсэн. Тэгсэн Батчимэг өөрийн Прадо машинаа заръя гээд зар тавьсан боловч зарагдахгүй байсан юм. Манай эхнэр “танай хамаатан Анхбаяр машин зардаг биз дээ” гээд Анхбаяртай яриад “37 сая төгрөгөөр зараад илүү гарсан мөнгөө өөрөө ав” гэж хэлсэн юм. Анхбаяр зөвшөөрөөд Батчимэг, Одончимэг хоёр Да хүрээ зах дээр Анхбаярт аваачиж өгсөн. Анхбаяр “машиныг чинь зарахаар болсон” гэж хэлсэн. Удалгүй нэг эмэгтэй Батчимэг эгч рүү яриад “машинаа шилжүүлж өг, би мөнгөө өгчихсөн” гэж яриад байна гэж хэлж байсан. Анхбаяр руу залгахад утас нь холбогдохгүй, Батчимэг эгчид “наад хүн чинь мөнгөө дутуу өгсөн, нэрээ битгий шилжүүлээрэй“ гэж мессеж бичсэн байсан. Намайг Анхбаярын аав, ээж рүү залгаж асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн, тэгээд Анхбаярыг залилсан гэж мэдээд Батчимэг эгчийг цагдаад ханд гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг, /1-р хх 62 дугаар хуудас/
Гэрч Д.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Анхбаяртай утсаар яриад “Прадо машин 37 сая төгрөгөөр зараад өг, илүү гарсан мөнгөө чи ав” гэхэд Да хүрээ дээр аваад ир гээд 12 дугаар сарын 07-ны өдөр Батчимэг эгчийн хамт аваачиж өгсөн. 12 дугаар сарын 11-ний өдөр Анхбаяр “машиныг зээлээр өгөхөөр болсон” гэж хэлсэн байсан. Батчимэг эгч рүү эрэгтэй, эмэгтэй хүмүүс залгаад “яг одоо уулзаж машинаа шилжүүлж өг” гэж загнаад байна гэсэн. Анхбаярын утас холбогдохгүй Анхбаярын ээж нь Дүнжингарав худалдааны төв дээр ажилладаг болохоор тэнд очиход машин худалдаж авсан гэх эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирээд бөөн хэрүүл болчихсон. Тэд 28 сая төгрөг Анхбаярт өгч машин авсан гэсэн. Бид нар Анхбаярыг машинаа зээлээр өгсөн, мөнгөө удахгүй авна гэж ойлгоод явж байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх 63-64 дүгээр хуудас/
Гэрч Г.Ариунсувдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...74-40 УБҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг би 2015 оны 03 дугаар сарын үед Да хүрээ зах дээрээс ченж Мягаа гэх залуугаас 15.5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ машин миний нэр дээр байдаг, би залилангийн машин гэдгийг мэдээгүй.” гэх мэдүүлэг, /1-р хх 66 дугаар хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹470 дугаар дүгнэлтэд:
1. Э.Анхбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Э.Анхбаяр нь мэдүүлэг өгөх чадвартай.
3. Э.Анхбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
4. Э.Анхбаяр нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай байсан байна гэсэн дүгнэлт, /1-р хх 96 дугаар хуудас/
КЮ75060672 регистерийн дугаар бүхий бичиг баримттай Доржийн Энхбаатараас улсын дугааргүй, Тоёота Кроун маркийн мөнгөлөг цэнхэр өнгөтэй автомашиныг үзлэг хийхээр хураан авч хохирогч З.Санчирт хүлээлгэн өгсөн тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх 16-17, 23 дугаар хуудас/,
81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Ланд Круйзэр Прадо-20 маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх 18-19 дүгээр хуудас/,
32-24 ӨМА маркийн Марк Х маркийн автомашиныг хураан авч битүүмжилж, битүүмжилсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахаар Н.Батцэцэгт шилжүүлсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх 20-22 хуудас/,
Хохирогч З.Санчирт цэнхэр саарал өнгийн Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 23 дугаар хуудас/,
ХААН банкны Д.Энхбаатарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 1 дүгээр хуудас/,
Хохирлын тооцоо /2-р хх 44,108 дугаар хуудас/,
Хас банкин дахь Энэбишийн Анхбаярын дансны хуулга /1-р хх 248-250 дугаар хуудас/,
Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам /1-р хх 181-187 дугаар хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2006 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х маркийн GRX120-0071547 арлын дугаартай автомашиныг 15.2 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх 98-102 дугаар хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун маркийн GRS180-0021757 арлын дугаартай автомашиныг 16.2 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх 103-107 дугаар хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х маркийн GRX120-0021705 арлын дугаартай автомашиныг 15 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх 108-112 дугаар хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2009 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн ZVW30-1076953 арлын дугаартай автомашиныг 16.15 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх 113-117 дугаар хуудас/,
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2007 онд үйлдвэрлэсэн Тоёота Алион маркийн WZT260-3011629 арлын дугаартай автомашиныг 18 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх 120-132 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Ланд Прадо маркийн VZJ1200010687 арлын дугаартай автомашиныг 30 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2-р хх 77 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун маркийн З.Санчирын эзэмшлийн автомашиныг 12 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2-р хх 88 дугаар хуудас/,
74-40 УБҮ улсын дугаартай Тоёота Короун маркийн автомашиныг битүүмжилж, битүүмжилсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахаар А.Баттүвшинд шилжүүлэн өгсөн тогтоол, тэмдэглэл /2-р хх 128-129 дүгээр хуудас/,
57-20 УБА улсын дугаартай Тоёота Марк Х маркийн автомашиныг битүүмжилж, битүүмжилсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахаар П.Сүхбатад шилжүүлсэн тогтоол, тэмдэглэл /2-р хх 147-148 дугаар хуудас/,
57-20 УБА улсын дугаартай Тоёота Марк Х маркийн автомашин нь Пүрэвдоржийн Сүхбатын эзэмшилд байгаа талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа, /2-р хх 143 дугаар хуудас/
62-95 ОРХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин нь Ёндонсамбуугийн Нансалмаагийн эзэмшилд байгаа талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа, /2-р хх 149 дугаар хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 199, 204 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 208, 209 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Анхбаяр нь давтан үйлдлээр 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Да хүрээ зах дээр Б.Төгсчулууны эзэмшлийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун /Тоуоta Crown/, 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х /Тоуоta Mагк-Х/, 2009 онд үйлдвэрлэсэн Приус-30 /Prius-30/, 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х-О /Тоуоta Mагк-Х-О/ маркийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй 4 ширхэг автомашиныг зарж өгье гэж хуурч мэхлэн залилан мэхлэх аргаар олж авч бусдын эзэмшилд шилжүүлж 62.550.000 төгрөгийн,
мөн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг Да хүрээ зах дээр байсан Б.Нямдоржийн эзэмшлийн Тоёота Алион /Тоуоta Alion/ маркийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй автомашиныг залилан мэхлэх аргаар олж авч бусдын эзэмшилд шилжүүлж 16.000.000 төгрөгийн,
мөн 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр сэлбэгийн ченж ажилтай Ч.Туулаас 600.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бэлэн 4.500.000 төгрөг хуурч мэхлэх аргаар олж авч 5.100.000 төгрөгийн,
мөн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батчимэгийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо /Тоуоta Рrado/ маркийн автомашиныг яллагдагч М.Мөнхбаяраар “...миний машин байгаа юм, эзэн нь би байна” гэж хэлүүлэн Г.Ариунболдод итгэл төрүүлэн, залилан мэхлэж 28.000.000 төгрөгийн,
мөн 2014 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ зах дээр иргэн З.Санчирын эзэмшлийн улсын дугаар, гэрчилгээ аваагүй цайвар цэнхэр өнгийн Тоёота Кроун /Тоуоta Crown/ маркийн автомашиныг зарж өгье гэж хуурч мэхлэн залилан мэхлэх аргаар олж авч, Д.Энхбаатарт “өөрийн автомашин” гэж хэлж хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьж З.Санчирт 12.000.000 төгрөгийн, Д.Энхбаатарт 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж нийт 6 ширхэг автомашин, бэлэн 37.500.000 төгрөг, 600.000 төгрөгийн автомашины сэлбэг хэрэгсэл зэргийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, бусдад 128.650.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Анхбаярын “...Ч.Туул гэх хүнээс 5 сая орчим төгрөг, Б.Төгсчулуунаас 4 тооны автомашин зарна гэж авсан бөгөөд тус 4 тооны автомашин нь 60 сая орчим сая төгрөг, мөн Нямдоржоос нэг Алион маркийн автомашин тус тус зарж өгнө гэж хэлээд анх авч байсан. Тэгээд энэ байдал маань өр болсоор байгаад өрний хэмжээ ихсээд ийм асуудалд холбогдсон, тэрнээс хувьдаа ашигласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх 34 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Мөнхбаярын “...гэрт байж байхад Анхбаяр ах залгаад ахын дүү одоо Бөхийн өргөө дээр хүрээд ир, нөгөө машиныг зарах гээд байна, ирээд ахдаа туслаад өг гээд дуудаад байсан. Тэгээд Бөхийн Өргөөн дээр ирсний дараа Прадо 120 маркийн автомашины эзэн нь байгаа юм гэж хэлчих гээд байсан. Өөр ямар нэг зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх 24-26 дугаар хуудас/, хохирогч Б.Төгсчулууны “...Анхбаяртай уулзахад “Тоёота Кроун, Тоёота Марк-Х маркийн машиныг чинь лизингээр хүн авахаар болсон учир грашид тавьсан байгаа, хоёр машины урьдчилгаа гээд надад 500.000 төгрөг өгсөн. Тэгээд Солонгос явж ирэхэд Анхбаяртай уулзахад “удахгүй машины зээл гаргана” гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Анхбаяр миний машиныг бүгдийг нь зарж өөр хүний нэр дээр шилжүүлээд өөрөө зугтаагаад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 43-45 дугаар хуудас/, хохирогч З.Санчирын “...2014 оны 11 дүгээр сарын эхээр Анхбаяр гэх таньдаг залуу над дээр ирээд “машиныг чинь зараад өгье” гээд 2005 оны Кроун машины гаалийн бичгийг авсан. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ зах дээр Анхбаяраас машинаа асуух гээд очтол “Анхбаяр хүмүүсийн машиныг залилаад гадагшаа гарсан” гэж хүмүүс ярьж байсан. Би машинаа хүлээж аваад өөр хүнд зарсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 46-47, 2-р хх 180 дугаар хуудас/, хохирогч Б.Нямдоржийн “...2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Анхбаяр “машинаа миний нэр дээр шилжүүлчих, унаж байгаад зараад өгье” гэж хэлсэн. Дараа нь “надад 2 сая төгрөг байна, үлдэгдэл 16 сая төгрөгийг 01 дүгээр сарын 20-ны дотор өгнө” гэж гэрээ хийсэн юм. Би гомдолтой байна, 16 сая төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 48-49 дүгээр хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батзоригийн “...Би 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Да хүрээ зах дээр машин үзэж яваад бор саарал өнгийн 2006 онд үйлдвэрлэсэн Тоёота Марк-Х маркийн автомашиныг нэг залуугаас 15.5 сая төгрөг бэлэн өгөөд авсан. Анхбаяр гэх залуу утсаар яриад миний машинд 32-24 ӨМА улсын дугаар авч өгсөн, түүнийг огт танихгүй. Би гомдолтой байна, 15.5 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 50-51 дүгээр хуудас/, хохирогч Ч.Туулын “...Тэр залуу 2014 оны 11 дүгээр сарын дундуур “түрээс нэхэгдээд байна” гээд надаас хүүгүй 1.8 сая төгрөг авсан. Дараа нь “банкны барьцаа хийгээд эргүүлээд өгнө” гээд 3 сая төгрөг аваад 1.8 сая төгрөг буцааж өгөөд 3 сая төгрөг үлдсэн. 2014 оны 12 дугаар сард 600.000 төгрөгийн машины сэлбэг зээлээр авсан. Бас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.5 сая төгрөг зээлчих гээд авсан. Тэгтэл Анхбаяр нь хүмүүсээс баахан мөнгө зээлээд алга болсон байсан. Би гомдолтой байна, 5.1 сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 52-53 дугаар хуудас/, хохирогч Г.Ариунболдын “...Анхбаяр “эгчээ Прадо-120 маркийн автомашин хямдхан худалдаж авахгүй юмуу, 30 сая төгрөгнөөс 28 сая төгрөгөнд зарчихна, мөнгөний хэрэг гараад хурдан зармаар байна” гэхээр нь зөвшөөрч “мөнгийг нь өгөөд нэрээ шилжүүлье” гэсэн. Прадо машины эзэн гэх Мөнхбаяр ирээд надад хандан “та юундаа сандраад байгаа юм, би Анхбаяраас мөнгөө авчихсан” гэхээр нь би “мөнгөө авъя, машиныг чинь худалдаж авахаа больчихлоо” гэж хэлсэн. Мөнхбаяр “би нэг дэх өдөр шилжүүлээд өгье” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 54-56 дугаар хуудас/, хохирогч Д.Энхбаатарын “...Анхбаяр ирээд “10 сая төгрөг хүүтэй зээлээч, хямдхан машин авах гэсэн юм” гэхээр нь би “10 сая төгрөг байхгүй, барьцаатай бол 5 сая төгрөг зээлж болно” гэсэн. Тэгээд мөнгөлөг цэнхэр өнгийн 2005 онд үйлдвэрлэсэн Тоёота Кроун маркийн автомашиныг барьцаанд өгч 7 хоногийн хугацаатай 500.000 төгрөгийн хүү өгөхөөр 5 сая төгрөг бэлнээр авсан. Би гомдолтой байна, 5 сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 57-58 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Баттулгын “...Тоёота Алион маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 46-75 УБА улсын дугаартай машиныг 14.7 сая төгрөгөөр худалдаж авч байсан, уг машиныг интернэтэд зарна гэсэн зар тавьсан байхаар нь очиж үзээд авсан. Надад хэлэхдээ байрны зөрүүнд уг машиныг авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 182 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч А.Баттүвшингийн “...Г.Ариунсувд нь манай байгууллагад 40 сая төгрөгний зээлтэй байж байгаад барьцаа хөрөнгөө өөрчлүүлнэ гээд 74-40 УБҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг тавьсан. Уг машин нь одоо 38 сая төгрөгийн барьцаанд байгаа, уг зээлийг төлж дуустал 74-40 УБҮ улсын дугаартай автомашин манай өмч байх юм. Г.Ариунсувдын 74-40 УБҮ дугаартай Тоёота Кроун автомашиныг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2-р хх 126-127 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Сүхбатын “...57-20 УБА улсын дугаартай автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ зах дээрээс Сүхбаатар гэх залуугаас 14 сая төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн. 57-20 УБА дугаартай Тоёота Кроун автомашиныг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2-р хх 145-146 дугаар хуудас/, гэрч Д.Батчимэгийн “...Анхбаярт машинаа зараад өг гээд 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. Хэд хоногийн дараа нэг эмэгтэй залгаад “би машиныг чинь авсан хүн байна, олон хоног хүлээлээ, та нар залилан хийгээд байх шиг байна, яг юу болсон юм яриадах” гэхэд нь Анхбаярт машинаа заруулахаар өгсөн талаараа ярьсан. Тэр хүмүүсээс “Анхбаярт хэдэн төгрөг өгсөн юм“ гэхэд “28 сая төгрөг өгсөн” гэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 60-61 дүгээр хуудас/, гэрч Э.Жавхлантөгсийн “...Прадо машинаа заръя гээд зар тавьсан боловч зарагдахгүй байсан юм. Анхбаяртай яриад “37 сая төгрөгөөр зараад илүү гарсан мөнгөө өөрөө ав” гэж хэлэхэд Анхбаяр зөвшөөрсөн. Удалгүй нэг эмэгтэй Батчимэг эгч рүү яриад “машинаа шилжүүлж өг, би мөнгөө өгчихсөн” гэж яриад байна гэж хэлж байсан. Тэгээд Анхбаярыг залилсан гэж мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх 62 дугаар хуудас/, гэрч Г.Ариунсувдын “...74-40 УБҮ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг би 2015 оны 03 дугаар сарын үед Да хүрээ зах дээрээс ченж Мягаа гэх залуугаас 15.5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ машин миний нэр дээр байдаг, би залилангийн машин гэдгийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 66 дугаар хуудас/-үүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Анхбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна,
Иймд Э.Анхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүгдэгч М.Мөнхбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Э.Анхбаярыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Батчимэгийн эзэмшлийн 81-82 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо /Тоуоta Рrado/ маркийн автомашиныг Г.Ариунболдод хуурч мэхлэх аргаар зарж залилан мэхлэн 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй байна.
Хохирогч Г.Ариунболд нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Батчимэгийн эзэмшлийн Прадо 120 маркийн машиныг “хямдхан байна, худалдаж авах юм уу, 30 саяас 28 сая төгрөгөд зарчихна, мөнгөний хэрэг гараад хурдан зармаар байна” гэж Анхбаярыг хэлэхэд нь ХААН банкин дээр түүнд 28 сая төгрөг хүлээлгэн өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи зэргээр нотлогдон тогтоогддог. Хохирогч хуурч мэхлэгдэн өөрийн 28 сая төгрөгийг өөрийн сайн дураар Анхбаярт хүлээлгэн өгсөн байх боловч энэ эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн үйлдэлд шүүгдэгч М.Мөнхбаярын үйлдэл оролцоо байгаагүй байна.
Д.Энхбаатараас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор хураан авсан хохирогч З.Санчирын эзэмшлийн Тоёота Кроун маркийн автомашиныг хохирогч З.Санчир /1-р хх 23 дугаар хуудас/-т хүлээлгэн өгсөнийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Анхбаярын цагдан хоригдсон 211 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, М.Мөнхбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Э.Анхбаяраас нийт 116.150.000 төгрөг гаргуулж 62.050.000 төгрөгийг хохирогч Б.Төгсчулуунд, 16.000.000 төгрөгийг хохирогч Б.Нямдоржид, 5.100.000 төгрөгийг хохирогч Ч.Туулд, 28.000.000 төгрөгийг хохирогч Г.Ариунболдод, 5.000.000 төгрөгийг хохирогч Д.Энхбаатарт тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Анхбаяр нь хохирогч Б.Төгсчулуунд 62.550.000 төгрөгийн хохирол учруулсанаас 500.000 төгрөгийг буцаан төлсөн нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр нотлогддог тул нийт хохирлоос хасч тооцсон болно.
Шүүгдэгч Э.Анхбаярын өмгөөлөгч нь “яллах дүгнэлтэд Анхбаяр нь нийт 6 машин залилсан гэх боловч О.Батзоригийн машин энэ тоонд ороогүй байгаа” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргасан боловч Б.Төгсчулуунаас залилан авсан 4 автомашины нэг болох Тоёота Марк Х автомашиныг хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батзориг нь худалдан авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Э.Анхбаярын залилсан гэх автомашины тоонд нэмэгдэхгүй юм.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 32-24 ӨМА маркийн Тоёота Марк Х /Toyota Mark 2/ маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг автомашиныг хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батзоригт буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.