Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 569

 

Ө.Түмэн-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ц.Гансүлд,

ялтан Ө.Түмэн-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, О.Сайнгэрэл,  

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ө.Түмэн-Эрдэнийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Түмэн-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201626010781 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овгийн Өлзийн Түмэн-Эрдэнэ, 1979 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст ахлах мэргэжилтэн ажилтай байсан, одоо тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, Төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-лаа 1 гудамж, 26 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: РЙ 79111814/,

          Ө.Түмэн-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын автомашины зогсоол дээр иргэн Г.Баянмөнхийн автомашины хаалгыг онгойлгосноос үүдэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Түмэн-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ялтан Ө.Түмэн-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Баянмөнхөд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ялтан Ө.Түмэн-Эрдэнэд оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Ө.Түмэн-Эрдэнийн өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл буруу, хийгдэх ажиллагаанууд дутуу хийгдсэн гэж үзэж байсан. Энэ талаар би саналаа хэлж байсан нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хэрэг болох үед ялтан Ө.Түмэн-Эрдэнэ, хохирогч Г.Баянмөнх хоёроос гадна О.Билгүүн гэж хүн байсан. Тэрээр хохирогч Г.Баянмөнхтэй бүлэглэн ялтан Ө.Түмэн-Эрдэнийг зодож танхайрсан асуудал байхад анхан шатны шүүх энэ асуудалд ач холбогдол өгөөгүй. Ялтнаас мөрдөн байцаалтын шатанд тухайн үеийн камерын бичлэгийг шалгуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байхад хангаагүй, ялтан Ө.Түмэн-Эрдэнэд шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, согтолтын зэрэг тогтоолгоогүй, хэт нэг талыг барьж шалгасан гэх зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийг зөрчсөн. Анх зодооныг хохирогч эхлүүлсэн юм. Хэрэгт хохирогч мэдүүлэг өгөхдөө “...намайг 4-5 удаа цохисон” гэж мэдүүлдэг боловч шинжээчийн дүгнэлтэд дээрх мэдүүлэг эргэлзээ төрүүлдэг. Энэ талаар шинжээчээс асууж тодруулсан зүйл байдаггүй. Мөн энэ хэрэг хувийн сэдэлттэй байхад байрны гадаа олон нийтийн газар танхайрсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогчоос зодоон эхлүүлсэн гэдгээ хэлнэ гэж ялтан Ө.Түмэн-Эрдэнээс илүү хохирол төлбөр авсан байдаг. Гэтэл энэ талаараа өнөөдрийг хүртэл ярьж өгөөгүй. Хавтаст хэрэгт хохирогчийн шууд хохирол 650.000 төгрөгийн баримт авагдсан байхад тэрээр ялтан Ө.Түмэн-Эрдэнээс 1.800.000 нэхэмжилж авсан. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт аль гэрчийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлж, ямар үндэслэлээр няцааж байгаа талаар тодорхой дурдаагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

          Ялтан Ө.Түмэн-Эрдэнийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байна. Өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгч би Ө.Түмэн-Эрдэнэд холбогдох  хавтаст хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйл, 319 дүгээр зүйлд заасныг баримтлалгүй зөвхөн тухайн хэрэг гадаа талбайд болж хохирогчийн биед гэмтэл учирсан, хэргийн холбогдогч нар бие биеэ таньдаггүй байсан гэсэн дүгнэлт хийж ялтан Ө.Түмэн-Эрдэнэд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх ба ялтны эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн шийтгэх тогтоолд ялтан Ө.Түмэн-Эрдэнийг догшин авирлаж танхайрсан гэж дүгнэхдээ хэрхэн яаж, ямар гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа талаар дурдаагүй. Гэтэл хуульд танхайрах гэмт хэрэг бусад гэмт хэргээс сэдэлт, санаа зорилгоороо ялгагддаг. Хэрэгт хохирогч Г.Баянмөнхийн “...тухайн үед Ө.Түмэн-Эрдэнэ хамт явж байсан хүүхнээ хайж явахдаа надтай муудалцсан” гэх мэдүүлэг байдаг. Тухайн хэрэг гарах үед баяр ёслолын байдалтай байсан. Ялтан Ө.Түмэн-Эрдэнэ зүгээр нэг гудамжаар сэлгүүцэж явж байгаад хэн нэгэнд гэмтэл учруулаагүй. Ө.Түмэн-Эрдэнэ гэртээ хүргүүлэх зорилгоор хамт явж байсан хүмүүсээ хайж явсныхаа төлөө хэрэгт холбогдож танхайрсан гэж шийтгүүлэх нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхээс “...олон нийтийн газар танхайрсан” гэж дүгнэсэн. Гэтэл тухайн хэрэг  23 цагийн үед гарсан тул гадаа олон нийт байгаагүй. Ө.Түмэн-Эрдэнэтэй хамт явж байсан хүмүүс хүртэл юу болсон талаар мэдээгүй гэж мэдүүлсэн байдаг тул тэрээр нийтийн эмх замбараагүй байдал үүсгээгүй. Тухайн хэрэг гарсан өдөр Ө.Түмэн-Эрдэнэ эрүүлжүүлэхэд хоносон байдаг ба түүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийг мөрдөн байцаагч хэрэгт нотлох баримтаар аваагүй, камерын бичлэгийг шалгаагүй гэх зэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн байхад ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа хэргийн сэдэлтийг анхаарч үзэхийг хүсье. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

          Ялтан Ө.Түмэн-Эрдэнээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

          Прокуророос тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтны өмгөөлөгчдийн зүгээс гэрч О.Билгүүнийг хохирогч Г.Баянмөнхтэй бүлэглэн ялтан Ө.Түмэн-Эрдэнийг зодсон гэж хэллээ. Гэвч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд болон хохирогчийн мэдүүлгээр О.Билгүүн нь Ө.Түмэн-Эрдэнийг зодсон гэх баримт байдаггүй. Харин ч гэрч Алтанцоож мэдүүлэхдээ “...үл таних этгээд Ө.Түмэн-Эрдэнийн араас татаад тэднийг салгаж байгаа харагдсан” гэсэн байдаг. Хэрэг гарсан тэр мөчид хэргийн газар ялтан Ө.Түмэн-Эрдэнэ, хохирогч Г.Баянмөнх нар байсан ба яг хэрэг гарах тухайн үеийн үйл явдлыг харсан гэрч байдаггүй. Ялтан Ө.Түмэн-Эрдэнэ “...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3873 дугаар дүгнэлтээр “...Г.Баянмөнхийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт” бүхий гэмтэл учирсан гэж тодорхой зааж өгсөн учраас шинжээчийг байцаах шаардлагагүй. Тухайн хэрэг Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын авто зогсоол буюу нийтийн эзэмшлийн олон нийтийн газарт үйлдэгдсэн. Ялтан хохирогч нар бие биенээ таньдаггүй байсан ба Ө.Түмэн-Эрдэнэ “эгчийгээ гаргаад ир, эгчийгээ хаана нуусан” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Баянмөнхийн нүүр лүү 4-5 удаа цохиж “үзчих үү, чи ямар овоо юм бэ, гараад ир” гэх зэргээр халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, бусдыг басамжлан доромжилж агсам тавьж, гэнэтийн хэрүүл маргаан үүсгэж танхайрсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогддог. Харин хохирогчийн зүгээс хэрүүл маргаан өдөж ялтан Ө.Түмэн-Эрдэнийг өдөөн турхирсан байдал тогтоогддоггүй. Иймд ялтан Ө.Түмэн-Эрдэнэд оногдуулсан ял шийтгэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

          Ялтан Ө.Түмэн-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын автомашины зогсоол дээр иргэн Г.Баянмөнхийн автомашины хаалгыг онгойлгосноос үүдэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          хохирогч Г.Баянмөнхийн “...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн орой гэрээсээ гараад эхнэр Б.Мөнхтуяаг тосож авах гээд “Содон” хорооллын машины зогсоол дээр машинтайгаа зогсож байсан. Энэ үед ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан. Би машиндаа сууж байхад “Содон” хорооллын “Браун хаус” гэх нэртэй ресторанаас нэг эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүн хоёр согтуу гарч ирсэн. Залуу нь 13-60 гэсэн дугаартай шаргал өнгийн “Икс Трейл” загварын машин дээр ирээд эхлээд өөрөө суусан. Гэтэл нөгөө хамт явсан эмэгтэй нь хажуу талд нь байсан “Тоёота Приус-20” загварын машинд суучихсан юм. Тэгээд би машиндаа сууж байсан чинь нөгөө залуу нь миний машины хаалгыг онгойлгоод юм хайж байснаа хамгийн сүүлд жолооч талын хаалгыг онгойлгоод “Эгчийгээ гаргаад ир, эгч чинь хаачсан бэ, чи хаана нуусан юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би “Ахаа та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “Чи буугаад ир, ахтайгаа үзмээр байна уу” гэхээр нь би машинаасаа холдуулах санаатай буусан. Тэгээд буугаад зогссон чинь намайг заамдаж аваад баруун гараараа миний хамар луу 4-5 удаа цохисон. Тэгээд хамраас цус гараад байсан. Тэгэхээр нь цаашлуулах гээд тонгойж байгаад гараараа сарвалзаад цааш нь түлхсэн. Тэгснээ тэр ах дээгүүрээ өмсчихсөн хувцсаа тайлаад над руу “Ахиад үзье, ямар овоо юм бэ чи” гээд дайраад байсан. ...тэгэхээр нь би О.Билгүүнийг дуудсан чинь О.Билгүүн гарч ирээд цагдаа дуудсан. Ө.Түмэн-Эрдэнэд өөр ямар нэгэн гар хүрсэн хүн байхгүй” /хх 9, 11, 91/,

          гэрч О.Билгүүний “...Манай найз Баянмөнх эхнэр Мөнхтуяаг авах гээд ирж байна гээд 24 цагийн үед ярьсан. Тэгээд бид гарах гээд байж байхад Мөнхтуяа надад Баянмөнх гадаа чамайг дуудаж байна гэхээр нь би гарахад Баянмөнх машиныхаа хажууд хамраа дарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь Баянмөнхийн хамрыг үзсэн чинь хамар нь нэг тал руугаа далийчихсан байсан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгчихсөн юм. Энэ үед Баянмөнхийг цохисон гэх залуу Баянмөнхийн машинаас нэлээд зайтай байсан нэг бага гарын жийп автомашинд сууж, тэгснээ нөгөө залуу намайг цагдаа дуудаж байхад машинаасаа бууж ирээд “Би ч гэсэн цагдаа дуудна” гээд залгаад байх шиг байсан. ...Баянмөнхийг цохьсны дараа би гарч ирсэн болохоор яг ямар шалтгаанаас болж тэр хоёр маргалдаж Баянмөнхийг цохисон талаар мэдэхгүй байна. ...Баянмөнхөөс асуухад “Би цохиогүй наад залуу чинь намайг зүгээр байхад машинаасаа бууж ирэхэд л цохичихлоо” гэж байсан” /хх 13, 14/,

          гэрч  Б.Оюунбилэгийн “...2016 оны 3 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед ажлаа тараад манай ажлын газрын 4 эмэгтэй цэргийн баяр болж байна гээд ажлын                             газрын 2 эрэгтэйгээ баярлуулах санаатай “Содон” хорооллын доод талд байрлах караокед орой 19 цагийн үед орж сууж байгаад 4 цаг гаран дуулж, ус, ундаа, 0.75 граммын 2 шил “Соёрхол” нэртэй архи авч ууж байгаад 23 цагийн үед Баярмаа, Бадамханд хоёр гэртээ харилаа гээд явахаар нь уг кароакед Түмэн-Эрдэнэ, Алтанцоож, Дэлгэр бид дөрөв үлдэж байж байгаад 23 цаг 30 минутын үед уг караокегоос гарсан. ...Удаагүй хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би харсан чинь Түмэн-Эрдэнэ нэг залуутай маргалдаж байсан. ...Түмэн-Эрдэнэ нь “чи юун сүртэй юм бэ” гээд зогсож байсан. ...Түмэн-Эрдэнэ болон нөгөө залуугийн биед ямар нэг гэмтэл харагдаагүй” /хх-17/,

          гэрч Т.Алтанцоожийн “...2016 оны 3 дугаар сарын 17-ны орой 18 цаг өнгөрч байхад манай ажлын газрын хүмүүс нийт 6-лаа “Содон” хороололд байрлах караокед ороод цэргийн баяр тэмдэглэн үйлчлүүлж байгаад 22 цаг өнгөрч байхад байхаа манай ажлын газрын Бадамгарав, Баярмаа хоёр түрүүлээд гэртээ харихаар явсан. Харин дарга Оюунбилэг, Түмэн-Эрдэнэ, Дэлгэр бид дөрөв үлдсэн. Тэгээд бид нар уг газар байж байгаад 23 цаг өнгөрч байхад уг караокегоос гарахад өмнө миний дуудсан байсан төрсөн ах Алтанхуяг нь машинтайгаа ирчихсэн байхаар нь Дэлгэр бид хоёр гараад машинд нь суухад Оюунбилэг дарга нөхөр нь ирж байгаа гээд бие засах өрөө орчихоод гарна гээд Түмэн-Эрдэнэ тэр хоёр үлдсэн. Удаагүй Түмэн-Эрдэнэ гараад ирчихсэн үл таних “Тоёота Приус” автомашинтай залуутай маргалдаад зогсож байхаар нь очиход уг машинаас нь бас нэг залуу гарч ирээд Түмэн-Эрдэнийн араас нь татаад салгах гэж байгаа юм шиг байхаар нь би “юу болсон бэ” гэхэд Түмэн-Эрдэнэ  “машинаа андуураад хаалгыг нь татсан чинь уг залуу намайг мөргөчихлөө” гээд зогсож байсан. Тухайн үед намайг очоод харахад Түмэн-Эрдэнийн биед болон нөгөө залуугийн биед нь ямар нэгэн гэмтэл харагдаагүй, тэр үед “Содон” хорооллын гадаа гэрэлтүүлэгтэй байсан” /хх-н 18/,

          гэрч Н.Дэлгэрийн “...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр цэргийн баяр гээд хэлтсийн ажилтнууд болох Оюунбилэг, Алтанцоож, Баярмаа, Түмэн-Эрдэнэ, Бадамханд бид зургаа “Содон” хорооллын доор байрлах “Браун хаус” нэртэй караокед үйлчлүүлж байгаад 23 цаг өнгөрч байхад Бадамханд, Баярмаа хоёр түрүүлээд явчихсан. ...Дараа нь Алтанцоожийн ах нь машинтайгаа ирэхээр нь бид нар гарах гэхэд Түмэн-Эрдэнэ, Оюунбилэг дарга хоёр бие засах өрөө ороод гарна гэж байсан. Тэр үед Алтанцоож бид хоёр түрүүлж гарч ирээд Алтанцоожийн ахын машинд суугаад байж байхад Оюунбилэг дарга араас гарч ирээд нөхрийнхөө машинд суучихсан. Тэгтэл Түмэн-Эрдэнэ хамгийн сүүлд ганцаараа гарч ирж байх шиг харагдсан. Тэгээд ирэх байх гэж бодоод сууж байхад ирэхгүй нэг залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгтэл хажууд нь байсан хүмүүс болон Оюунбилэг дарга очоод салгаж байх шиг байсан. Тэгэхээр нь Алтанцоож бид хоёр машинаасаа буугаад “яасан  бэ” гэхэд Түмэн-Эрдэнэ зогсож байсан газраасаа орилоод “зүгээрээ би цагдаа дуудчихсан та нар яв” гэхээр нь бид хоёр гайгүй юм байна гэж бодоод яваад өгсөн” /хх-23/, гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Баянмөнхийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-н 25/ гэх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3873 тоот дүгнэлт болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Ялтан Ө.Түмэн-Эрдэнэд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, анхан шатны шүүхээс  Ө.Түмэн-Эрдэнэд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

          Ялтны өмгөөлөгч Т.Урангэрэлээс “...гэмт хэргийг сэдэлтийг тогтоох, О.Билгүүний үйлдлийг шалгуулах, хохирлыг бүрэн тогтоолгох, гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаалгах, шинжээчийг асуулгах, Ө.Түмэн-Эрдэнийг хохирогчоор тогтоолгох зэрэг байцаан шийтгэх ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ялтан Ө.Түмэн-Эрдэнэ нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд, архи ууж согтуурсан үедээ бусдын машины хаалгуудыг татан онгойлгож, амгалан тайван байдлыг нь алдагдуулан, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн, үл ялих зүйлээр шалтаглаж, хохирогч Г.Баянмөнхийг зүй ёсны шаардлага тавихад нь түүнийг санаатайгаар цохиж биед нь гэмтэл учруулж байгаа үйлдэл нь нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, танхайн сэдэлттэй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, түүнчлэн хэргийг дахин шалгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

          Харин анхан шатны шүүхээс ялтан Ө.Түмэн-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учирсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх тайлбар зэргийг харгалзан түүнд оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Иймд ялтны өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ө.Түмэн-Эрдэнийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧИД                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                          Д.ОЮУНЧУЛУУН