Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01919

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01919

 

 

 

 

А.Сайнтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01066 дугаар шийдвэртэй, А.Сайнтөгсийн нэхэмжлэлтэй Төрийн банк ХХК, АССЭ ХХК, Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг Төрийн банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх, Төрийн банк ХХК болон АССЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцааны гэрээний Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус орон сууцны өмчлөгчөөр А.Сайнтөгсийг бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч А.Сайнтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: А.Сайнтөгс намайг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00958 дугаар шийдвэрээр Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136-р байр, 29 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон. Гэвч тус байрыг АССЭ ХХК нь Төрийн банктай байгуулсан зээлийн барьцаанд тавьсны улмаас би өөрийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Шүүхээс Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136-р байр, 29 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг нэгэнт тогтоосон тул өмчлөлийн байрыг минь Төрийн банкны барьцаанаас чөлөөлүүлэх, хариуцагч Төрийн банк ХХК болон АССЭ ХХК-нь барьцааны гэрээ байгуулан барьцаалсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар А.Сайнтөгсийн өмчлөх эрхийг зөрчсөн Төрийн банк болон АССЭ ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 3 тоот Барьцааны гэрээний Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7- р хэсэг, 136-р байр 29 тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Сайнтөгсийг бүртгэж өгөхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: АССЭ ХХК 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 980 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлийн 03 тоот гэрээ байгуулан авсан. Төрийн банк ХХК-ийн балансад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 669 639 201 05 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 71 019 916 04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 11 843 513 39 төгрөг буюу нийт 752 502 630 47 төгрөгийг АССЭ ХХК-аас гаргуулах, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг Шүүх 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 тоот захирамж гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 136-р байрны 29 тоот орон сууц Төрийн банк ХХК-ийн зээлийн барьцаанд байсаар байгаа ба зээлдэгч АССЭ ХХК нь зээлийн гэрээний үүрэг, Шүүхийн шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчийн эрх албажин баталгааждаг хууль эрх зүйн орчинд бид албан ёсны буюу АССЭ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэлд дурдсан 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот шийдвэр Төрийн банк ХХК-д ирээгүй, ашиг сонирхол нь хөндөгдөх гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцоогүй юм. Орон сууц худалдан авагч аливаа иргэн учирч болох эрсдэлээ тооцох үүрэг, эрх нь хуулиар нээлттэй. Банкны зүгээс А.Сайнтөгсийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй ба компани зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. А.Сайнтөгс уг асуудлын талаар АССЭ ХХК-тай тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Талуудын хооронд бэлэглэлийн үйл баримт гэрээгээр баталгаажаагүй, мөн хамтран ажиллах гэрээнд 136-29 тоот орон сууцыг огт дурдагдаагүй ба АССЭ ХХК-ийн албан тоотыг үндэслэсэн нь бодитой биш. Түүнчлэн шаардах эрх хэрхэн шилжсэн талаарх үйл баримтыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 12З.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх шилжүүлэх тухай зохицуулахдаа... Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй шаардах эрх эзэмшигч /Сум дундын 9 дүгээр шүүх/ нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэсэн байдаг. Гэтэл эсрэгээр А.Сайнтөгсийн хүсэл зоригоор шаардах эрх шилжсэн бөгөөд гэрээ болон үүргийн мөн чанарт харшилсан нь нотлогдоно. Өмчлөгчөөр тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч А.Сайнтөгсийн нэхэмжлэлтэй энэхүү маргааныг шүүх хянахдаа банкны барьцаа хөрөнгийг түүний оролцоогүй шийдэгдсэн шүүхийн шийдвэрийг үндэс болгон дагаж шийдвэрлэх боломжгүй. А.Сайнтөгсийн эзэмшлийн гэгдэж байгаа уг орон сууцыг банк хурааж авах, худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй бөгөөд АССЭ ХХК зээлийн төлбөрийн үлдэгдэл өрийг хэсэгчлэн болон бүрэн барагдуулсан тохиолдолд уг барьцаа хөрөнгийг суллаж хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх болно. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн арилжааны гэрээнд .... Сум дундын 9 дүгээр шүүхэд АССЭ ХХК-аас үнэгүй олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй 29 тоот 2 өрөө байр нь АССЭ ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа ба барьцаанаас чөлөөлөгдсөн үед А.Сайнтөгс өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авах эрхтэй гэж тодорхой тусгасан. Иймд иргэн А.Сайнтөгсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч АССЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хэргийн гол маргаан нь А.Сайнтөгс болон Төрийн банк ХХК-ийн хооронд байгаа бөгөөд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранцацрал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаартай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг,136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 20, 43, 48 тоот орон сууцны өмчлөгчөөр Ассэ ХХК /5224144/ бүртгэлтэй байх ба 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 2/13606, 2015 оны 2/3023, 2016 оны 3/34552 тоот албан бичгээр тус тус уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана. гэж заасны дагуу 958 дугаартай шүүхийн шийдвэрийг өнөөдрийн байдлаар тус байгууллагад ирүүлээгүй, мөн А.Сайнтөгс нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно, 18 дугаар зүйлийн 18.1.8-д Эрхийн улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд болон төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж тус тус заасны дагуу А.Сайнтөгс нь нэхэмжлэлд дурдсан барьцааны эрхээ шүүхээр шийдвэрлүүлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууц захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээсэн албан тоот болон холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлгээр хандаж, уг орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрыг хамтран хариуцагчаар татаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 29 тоот орон сууцны өмчлөгчөөр АСайнтөгсийг бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: АССЭ ХХК болон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн хооронд 2008 онд Хамтран ажиллах гэрээ байгуулж, тус шүүхэд АССЭ ХХК нь 2 өрөө байр өгөхөөр тохиролцжээ. Гэрээний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 136-р байр, 25 тоот орон сууцыг шүүх өөрийн эзэмшилд авсан байна. Харин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 958 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 136-р байр, 29 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Сайнтөгсийг тогтоожээ. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг АССЭ ХХК нь Төрийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан асуудал нь Хамтран ажиллах гэрээ-ний оролцогч талуудын хооронд үүссэн маргаан байна. Тус гэрээний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх уг байрны 25 тоотыг өөрийн эзэмшилд авч, нэхэмжлэгч 29 тоотын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг Төрийн банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, Төрийн банк ХХК болон АССЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцааны гэрээний Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, тус Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцны өмчлөгчөөр А.Сайнтөгсийг бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч А.Сайнтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Төрийн банк ХХК, АССЭ ХХК, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас 140 400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч А.Сайнтөгсөд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранцацрал давж заалдах гомдолдоо: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан төрийн захиргааны байгууллага билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу тус байгууллагын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх ёстой маргааныг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан заалтыг зөрчсөн. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгч иргэн А.Сайнтөгсийн эрхийг ямар нэгэн үйлдэл, эс үйлдлээр зөрчөөгүй бөгөөд энэ тухай шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл, иргэн А.Сайнтөгс нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхийн тулд Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргах эрхтэй. Ийнхүү мэдүүлэг гаргаснаар иргэн А.Сайнтөгс, Улсын бүртгэлийн байгууллагын хооронд харилцаа үүсэх ёстой билээ. Гэтэл иргэн А.Сайнтөгс нь өмчлөх эрхээ бүртгүүлэхээр тус байгууллагад хандаж, мэдүүлэг гаргаагүй бөгөөд иргэн А.Сайнтөгс, улсын бүртгэлийн байгууллагын хооронд ямар нэгэн харилцаа огт үүсээгүй байхад Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцны өмчлөгчөөр А.Сайнтөгсийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, тус газраас 140 400 төгрөгийн гуравны нэгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, мөн хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн бөгөөд энэ нь улсын бүртгэлийн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар давж заалдах гомдолдоо: Төрийн банк ХХК хариуцагч АССЭ ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 980 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлийн 03 тоот гэрээ байгуулан олгосон. Шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 тоот захирамжаар 752 502 630.47 төгрөгийг АССЭ ХХК-аас гаргуулан Төрийн банк-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 136-р байрны 29 тоот орон сууц Төрийн банкны зээлийн барьцаанд байсаар байгаа ба зээлдэгч АССЭ ХХК зээлийн гэрээний үүрэг, Шүүхийн шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчийн эрх албажин баталгааждаг хууль эрх зүйн орчинд албан ёсны буюу АССЭ ХХК-ний нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.Нэхэмжлэлд дурдсан А.Сайнтөгсийн өмчлөгчөөр тогтоолгох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот шийдвэр Төрийн банк ХХК-д ирээгүй, ашиг сонирхол нь хөндөгдөх гуравдагч этгээдээр шүүхийн процесст татан оролцуулаагүй. Өмчлөгчөөр тогтоолгосон анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад АССЭ ХХК-ийн зүгээс тухайн орон сууц банкны барьцаанд бариулсан байгаа талаар шүүхэд мэдэгдсэн байхад тухайн үед хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч анхаарч үзэлгүйгээр, гуравдагч этгээдийн ашиг сонирхол илт зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. АССЭ ХХК-д холбогдох Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэг, анхан шатны шүүхэд хянагдсан өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэг хоёрын хооронд 800 орчим хоног байх ба орон сууц худалдан авагч тэр тусмаа бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэх гэж байгаа иргэн учирч болох эрсдэлээ тооцох үүрэг, эрх нь хуулиар нээлттэй. Нөгөөтэйгээр талуудын хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, эрхээ хамгаалуулах, эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй байна. А.Сайнтөгс өөрийгөө сайн дураар эрсдэлд оруулж гэм хор учруулсан асуудал нь Төрийн банканд огт холбогдолгүй, нөгөө талаас Дорноговь аймгийн сум дундын 9 дүгээр шүүх арилжааны гэрээ үзэглэхдээ энэ бүх зүйлийг тооцож хэргээр хийсэн үйл ажиллагаа гэж үзэж болно. Банк иргэн А.Сайнтөгсийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба компани зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. Иргэн А.Сайнтөгс асуудлаа АССЭ ХХК-тай тохиролцон шийдвэрлэх боломжтой. Талуудын хооронд буюу АССЭ ХХК, Дорноговь аймгийн сум дундын 9 дүгээр шүүхийн хооронд хийгдсэн гэх "Бэлэглэл"-ийн үйл баримт гэрээгээр баталгаажаагүй "Хамтран ажиллах гэрээ"-байгуулсан байдаг ба энэ гэрээнд яг 136-29 тоот орон сууц огт дурдагдаагүй ба сүүлд АССЭ ХХК-ийн албан тоотыг үндэслэсэн нь бодитой бол нөгөө талаасаа бэлэглэлийн процессын хууль эрх зүйн үр дагавар нь Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэн эрхийн гэрчилгээгээр баталгааждаг. Мөн шаардах эрх хэрхэн шилжсэн талаарх үйл баримтыг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Иргэний хуулийн 123, дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Шаардах эрх шилжүүлэх тухай зохицуулахдаа Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч Дорноговь аймгийн сум дундын 9 дүгээр шүүх/ нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэсэн байдаг. Гэтэл эсрэгээр А.Сайнтөгсын хүсэл зоригоор шаардах эрх шилжсэн бөгөөд гэрээ болон үүргийн мөн чанарт харшилсан нь нотлогдоно. Өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн хүчин төгөлдөр болсон боловч иргэн А.Сайнтөгсийн нэхэмжлэлтэй энэхүү маргааныг шүүх хянахдаа банкны барьцаа хөрөнгийг түүний оролцоогүй шийдэгдсэн шүүхийн шийдвэрийг үндэс болгон хангаж шийдвэрлэх боломжгүй. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Арилжааны гэрээнд ... Сум дундын 9 дүгээр шүүхэд АССЭ ХХК-аас үнэгүй олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй 29 тоот 2 өрөө байр нь АССЭ ХХК-ийн банкны зээлийн барьцаанд байгаа ба барьцаанаас чөлөөлөгдсөн үед А.Сайнтөгс өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авах эрхтэй гэж тодорхой тусгасан байхад шүүх үйл баримтыг дутуу үнэлж өмчлөгчөөр тогтоогдсон гэх шийдвэр, тэрхүү шийдвэрийг гаргасан шүүх илт нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байхад ач холбогдол өгөлгүй түүнийг баримталж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д үр дагаврыг зохицуулсан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 494 дүгээр зүйлийн 494.2.1.1-д заасныг хэрэглэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг хэрэглэхдээ Төрийн банк ХХК, АССЭ ХХК нарын болон барьцааны гэрээний асуудлыг хөндсөн ба А.Сайнтөгсөөс зөвшөөрөл авахгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Гэтэл 136 дугаар байрны 29 тоот орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө анхнаасаа АССЭ ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байж зээлийн барьцаанд бариулсан байдаг. Банк болон АССЭ ХХК нар нь А.Сайнтөгсөөс зөвшөөрөл авч хоорондоо хэлцэл хийх ямар нэгэн иш үндэслэл байхгүй. Мөн чухам хэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь тодорхой бус үйл баримтын он дарааллыг урвуу байдлаар хэрэглэж байгаа нь туйлын учир дутагдалтай юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Сайнтөгс нь хариуцагч Төрийн банк ХХК, АССЭ ХХК, Оюуны Өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг Төрийн банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх, Төрийн банк ХХК болон АССЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцааны гэрээний Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус орон сууцны өмчлөгчөөр А.Сайнтөгсийг бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Төрийн банк ХХК, АССЭ ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 980 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлийн 03 тоот гэрээ байгуулж олгохдоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Дорноговь аймаг, Замын-Үүд, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 15 орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Эдгээр барьцаа хөрөнгийн дотор нэхэмжлэгч А.Сайнтөгсийн өмчлөх эрхтэй болсон 29 тоот орон сууц багтсан нь тогтоогдсон. /хх-ийн 67-69, 70-71 дүгээр тал/

Төрийн банк ХХК болон АССЭ ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг цаг хугацааны хувьд бодит байдалд нийцэхгүйгээр дүгнэж алдаа гаргажээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.

Дээрх барьцааны гэрээ байгуулах үед АССЭ ХХК нь маргааны зүйл болох 136 дугаар байрны 29 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. /хх-ийн 115 дугаар тал/ Орон сууцны өмчлөгч учраас өөрийн өмчийг зээлийн барьцаанд барьцаалуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Төрийн банк ХХК эд хөрөнгийн бүртгэлийг үнэн зөв гэж тооцох эрхтэй, зээл олгохдоо зээлдэгч АССЭ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг барьцаалсан нь хууль зөрчөөгүй бөгөөд барьцааны эрхийг шударгаар олж авсан байх тул хариуцагч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Иймээс ... маргааны зүйл нь АССЭ ХХК-ийн өмчлөлийн байр биш байсан тул ... Төрийн банк ХХК-д барьцаалах эрхгүй байжээ гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Түүнчлэн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулах үед тухайн орон сууцны өмчлөгчөөр АССЭ ХХК бүртгүүлсэн байсан тул өмчлөх эрх олж аваагүй байсан нэхэмжлэгч А.Сайнтөгсөөс зөвшөөрөл аваагүй гэж дүгнэх нь буруу юм.

Нэхэмжлэгчийн хувьд тухайн орон сууцны өмчлөгчөөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 958 дугаар шийдвэрээр тогтоогдсон байх ба уг шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгожээ. Шүүх шүүхийн шийдэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн.

Гэтэл цаг хугацааны хувьд хариуцагч АССЭ ХХК болон Төрийн банк ХХК-ийн хоорондын барьцааны гэрээ байгуулагдсаны дараа өмчлөгчөөр тогтоогдсон, маргааны зүйл болж буй орон сууц нь барьцааны үүрэг ногдуулсан, барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгө болсон байсныг анхаараагүй, шүүх зөвхөн нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоогдсон шийдвэрт үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

Хэдийгээр нэхэмжлэгч зээлийн гэрээ, барьцааны гэрээний тал биш, эдгээр гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй боловч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар орон сууц нь барьцааны үүргийн хамт өмчлөгчид шилждэг учиртай. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байхыг дээрх хуулийн заалтаар зохицуулсныг шүүх анхаарах байжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Төрийн банк ХХК болон АССЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 136 дугаар байрны 29 тоот орон сууцтай холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэх нөхцөлөөр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх учир анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг болон өөрт учирсан хохирлоо арилгуулахаар АССЭ ХХК-аас шаардахад энэхүү магадлал саад болохгүй.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргааныг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь зохигчид барьцааны гэрээ, барьцааны эрхтэй холбоотой маргаж, нэхэмжлэл гаргасан ба шүүх захиргааны байгууллагын шийдвэр, бүртгэлийг хянасан гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчөөгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул А.Сайнтөгсийн Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 136 дугаар байр, 29 тоот орон сууцыг Төрийн банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэх, Төрийн банк ХХК болон АССЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 тоот барьцааны гэрээний дээрх орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус орон сууцны өмчлөгчөөр А.Сайнтөгсийг бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ТУЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ