Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01654

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01654

 

 

О.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17ы өдрийн 104/ШШ2017/00180 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Пүрэвтогоод холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 17 930 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил

Хариуцагч Б.Пүрэвтогоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний талийгаач нөхөр Ж.Баатаржав Б.Пүрэвтогоогоос 57-31 УНЗ улсын дугаартай автомашиныг 30 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 14 930 000 төгрөгийг бэлнээр болон дансаар, Тоёота королла автомашиныг 5 000 000 төгрөгт, Мицубуши пажеро маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт тооцож нийт 27 930 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө цувуулаад өгье гэж Б.Пүрэвтогоотой тохирсон. Гэтэл 2016 оны 12 дугаар сард шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг автомашиныг хурааж авсан бөгөөд Б.Пүрэвтогоогийн өөрийнх нь буруутай үйлдлээс уг автомашин хураагдаж, бид эзэмших эрхгүй болсон тул автомашины үнэд өгсөн мөнгөө буцааж авъя гэж шаардсан. Бид бэлнээр болон дансаар өгсөн 9 930 000 төгрөгийг Тоёото королла автомашиныг өөрийнх нь зөвшөөрөөд байгаа үнэ буюу 3 000 000 төгрөгөөр, Мицубиши пажеро маркийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр тооцоод 27 930 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 17 930 000 төгрөг болгож байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сард иргэн Баатаржав, эхнэр О.Энхжаргалын хамт ирж миний мөнгөний барьцаанд авсан 57-31 УНЗ автомашинаар Жилийн мандал ХХК-д ажил хиймээр байна. Ах нь өөрийн гэсэн машинтай болмоор байна. Сардаа 9 000 000 төгрөгний түрээсэнд явах ажил байна. 6 000 000 төгрөгийн ашиг олно түүнийгээ хувааж авъя, 11 сард машины үнэ болох 35 000 000 төгрөгнөөс 18 000 000 төгрөгийг төлье, урьдчилгаа 9 000 000 төгрөг өгье, үлдсэн төлбөрийг дараа өгнө гэж тохироод 7 830 000 төгрөгийг дансаар, бэлнээр 1 000 000 төгрөг өгсөн. 2014 оны зун ажил нь эхлээгүй, 7 дугаар сард Тоёота кролла машиныг 3 000 000 төгрөгөөр тооцож өгсөн. 2 сар унаад Баатаржав, О.Энхжаргал эгч бид 3 ченжид 1 900 000 төгрөгөөр зарж, мөнгийг би авсан. 2015 оны 01 дүгээр сард би ямар ч унаагүй байсан учраас Баатаржав ахын санал болгосноор 6 000 000 төгрөгт тооцож Пажеро машин аваад 500 000 төгрөгөөр засвар хийсэн. Тэгж байтал Баатаржав ах нас барж, О.Энхжаргал эгч надтай уулзаад Пажеро машиныг завсар хийсэн мөнгийг хасаад 5 500 000 төгрөгөөр тооцохоор, машины үнийг 30 000 000 болгож өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Баатаржав, О.Энхжаргал нарт өгсөн автомашин И.Ганчимэгийн нэр дээр байсан. И.Ганчимэг 10 000 000 төгрөг өгөөд нэрээ шилжүүлж ав авахгүй бол машинаа авна гэж хэлсэн. Үүнийг О.Энхжаргал эгчид дамжуулж хэлсэн. 2016 оны 8 дугаар сард И.Ганчимэг бид хоёрын асуудал шүүхээр орж, 15 000 000 төгрөг дээр эвлэрлийн гэрээ байгуулсан. О.Энхжаргал эгч мөнгөө өгөхгүй байсаар байгаад шийдвэр гүйцэтгэл автомашиныг хурааж авсан. Одоо шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас 17 830 000 төгрөг авсан гэдгийг зөвшөөрч байгаа. Баатаржав, О.Энхжаргал бид гурав ашигаа хуваана гэсэн учраас Жи Энд Юу Голд ХХК-д ажил хийгээд 16 000 000 төгрөгийг дүү нь авсан байсан. Үүний тал хувийг надад өгөх ёстой. Тэр мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг надад өгнө гэж тооцоод миний зөвшөөрөөд байгаа 17 830 000 төгрөгнөөс хасч тооцооч гэж Б.Баярмаагаас гуйж байгаа. Энэ нөхцөлөөр эвлэрэх боломжгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар хариуцагч Бат-Эрдэнийн Пүрэвтогоо /РД:УД84101876/-гоос 17.930.000 /арван долоон сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Очирбатын Энхжаргал /РД:АЮ68032068/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 62.600 /жаран хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Б.Пүрэвтогоогоос 247.600 /хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Энхжаргалд олгосугай.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би О.Энхжаргалаас 8 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр Иргэний хууль зөрчсөн байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж. Баатаржав агсан, О.Энхжаргал нар миний машинаар 2 жил шахам жил хийж орлого олсон. Хариуцагч О.Энхжаргалаас 16 000 000 төгрөгний хагасыг буюу 8 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргааныг зөв шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч О.Энхжаргал нь хариуцагч Б.Пүрэвтогоод холбогдуулж гэрээнээс татгалзсантай холбоотойгоор автомашины үнэд төлсөн 17 930 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Жи Энд Юу Голд ХХК-иас авсан 16 000 000 төгрөгийн ажлын хөлсний 50 хувь 8 000 000 төгрөгийг хасч тооцно гэж маргажээ.

Нэхэмжлэгч О.Энхжаргал, түүний нөхөр Ж.Баатаржав нар нь хариуцагч Б.Пүрэвтогоогоос 2014 оны 02 дугаар сард 57-31 УНЗ улсын дугаартай, Hong Yan CQ 3253MG384 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг 35 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, уг тээврийн хэрэгслийн үнэд 9 930 000 төгрөг, 8 000 000 төгрөгт тооцож, 2 ширхэг автомашин тус тус шилжүүлсэн, нийт үнэ 17 930 000 төгрөгийн үүргийг биелүүлсэн боловч, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч нь хариуцагч Б.Пүрэвтогоо биш, И.Ганчимэгийн нэр дээр эзэмших эрх нь бүртгэлтэй байснаас гадна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба И.Ганчимэгийн төлбөрт хураан авснаар талуудын хоорондох гэрээ цуцлагдсан үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх байдлаар талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарч байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах ёстой тул нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэх юм.

Гэрээний хугацаанд автомашины үнэд нэхэмжлэгч тал нийт 17 930 000 төгрөгийн төлбөрийн үүрэг биелүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсныг хариуцагч маргаагүй ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчаас дээрх байдлыг тодруулахад энэ дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй гэж тайлбарласан болно.

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөгч биш байсан бөгөөд талуудын хооронд хамтран ажиллаж ашгаа хуваах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж байгаа үндэслэл, түүнийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тухайн тохиолдолд түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШШ2017/00180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 493 дугаар зүйлийн 493.2, 495 дугаар зүйлийн 495.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 149 800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ